Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 114/2021/0007/З |
Дугаар | 221/МА2021/0653 |
Огноо | 2021-12-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0653
2021 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 221/МА2021/0653 | Улаанбаатар хот |
“Ш.Ү.Х.Х” ГҮТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Ч нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-ын “Дархан-Уул аймаг Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах “К.С.И” ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, “К.С.И” ТББ-ын газар ашиглах эрхийг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан гомдолдоо: “ “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. “Эс үйлдэхүйг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх буруу шийдвэрлэсэн тухайд.
“... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гомдлыг хүлээн аваад 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ковид-19 халдварт өвчин тархаж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор шийдвэрлэх хугацааг сунгасан тухай 312 дугаар албан бичгийг хүргүүлснийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хийжээ.
“Эс үйлдэхүй” гэдэг нь тухайн захиргааны байгууллага хуулийн дагуу шийдвэрлэх, хийх боломжтой шийдвэр, үйл ажиллагаагаа зохих ёсоор гаргахгүй, хийхгүй, хэрэгжих боломжгүй нөхцөл зааж газар эзэмших эрхийг шилжүүлэхээс зайлсхийж, дуудлага худалдааны анхны үнэ гэх их хэмжээний мөнгийг нэхэмжлэгч байгууллагаас нэхэж, тус мөнгийг өгвөл газар ашиглах эрхийг, эзэмших эрхтэйгээр шилжүүлэх боломжтой мэт албан бичиг өгч байгаа өргөн утгаар авч үзнэ.
Хариуцагч нар шүүхэд бичгээр болон, шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа “...ашиглах эрхтэй газрын эрхийг шилжүүлэх боломжтой” гэх тайлбар өгч байгаа нь хариуцагч нарт хуулийн зохицуулалт бус дуудлага худалдааны анхны үнэд төлүүлэхийг хүсэж буй 93 сая төгрөг чухал байгааг тод харуулж байна.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, эрхийг нь зөрчиж буй захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйн тухай ойлголтыг хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өргөн утгаар авч үзэхийн оронд хугацаа сунгах, нэхэмжлэгчид горьдлого найдвар төрүүлэх төдий аман болон албан бичиг хариу зэргийг үндэслэн эс үйлдэхүйг тогтоох боломжгүй мэт дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй тухайд.
Нэхэмжлэгч “Ш.Ү.Х.Х” ГҮТББ нь хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тус маргаан бүхий газар дээр 552 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан. Тухайн үл хөдлөх хөрөнгө, маргаан бүхий газар дээр нийгмийн зорилтод бүлгийн иргэд төрөөс халамж, үйлчилгээ хүсэхгүйгээр нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн хүчээр санхүүгийн зөв амьдралын сахилга батад суралцаж, өөрсдийгөө бие даан хөгжүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хорт зуршлаас салах зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн олон зуун иргэдийг хамруулж байгаа байгууллага юм.
Тус байгууллагад хариуцагч нараас шаардаад буй дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх хууль бус шаардлагыг биелүүлэх ямар ч боломжгүй байхгүй нь шүүхээр хийлгүүлсэн үзлэгийн болон шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримтуудаар тогтоогддог боловч шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй, мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2019 оноос хойш газраа шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг удаа дараа гаргаж, тэмдэгтийн хураамжуудыг тэдний зааврын дагуу төлж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд тус баримтаар захиргааны байгууллага, албан тушаалтан нэхэмжлэгч байгууллагад итгэл төрүүлж, өргөдөл хүсэлтийг нь удаан хугацаанд шийдвэрлэхгүй чирэгдэл учруулж, эс үйлдэхүй үйлдсэн байгааг нотлох дээрх баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ш.Ү.Х.Х” ГҮТББ “Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах “К.С.И” ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбай бүхий газрыг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, “К.С.И” ТББ-ын газар ашиглах эрхийг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус ойлгохоор заасан.
1. “К.С.И” ТББ-ын төлөөлөгчийн газраас маргаан бүхий Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах 000346526 дугаар бүхий гэрчилгээтэй 2289 м.кв газрыг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирч 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан, мөн өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Дархан-Уул аймаг, Дархан сумын, 4 дүгээр багт байрлах 552 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр тохирчээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дээрх гэрээний дагуу 552 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ авчээ.
Харин дээрх гэрээний дагуу газар ашиглах эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасны дагуу тус газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 210 дугаар албан бичгээр “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу газар эзэмших асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх боломжтой” гэх хариуг өгсөн байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдах хуулийн зохицуулалттай. Мөн тус хуулийн 44 дүгээр зүйлд газар ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд гадаадын хуулийн этгээдэд Монгол Улсад газар ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрх олгогдоогүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “К.С.И” ТББ-ын төлөөлөгчийн газар нь Америкийн нэгдсэн улсад төвтэй “К.С.И” ТББ-ын зорилго, чиг үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, түүний нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл хийх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг төлөөллийн үйл ажиллагаа явуулах төлөөлөгчийн газар буюу гадаад улсын хуулийн этгээд байна. Тиймээс “К.С.И” ТББ-ын төлөөлөгчийн газраас “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д газар ашиглах эрхээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирч байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу газар ашиглах эрхийг шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Маргаан бүхий 2289 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга дуудлага худалдаа эсхүл төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... дуудлага худалдааны анхны үнийн дүн нь 91 орчим сая төгрөг болж үнэлэгдсэн бөгөөд уг үнийн тодорхой хувь дээр санал нийлбэл эвлэрэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээний агуулгаас үзвэл талууд дуудлага худалдаа явуулж маргаан бүхий газрыг эзэмших тухай үйл баримттай маргаагүй байна.
Нэхэмжлэгч “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д “К.С.И” ТББ-ын төлөөлөгчийн газрын ашиглах эрхийг эзэмшүүлэх эрхтэйгээр дуудлага худалдаа явуулахгүйгээр шилжүүлэх боломжгүй байна. Тодруулбал, нэгэнт тухайн газрыг дуудлага худалдаа явуулж эзэмшүүлж, ашиглуулахаар заасан, мөн хэн нэг этгээдэд давуу байдал бий болгож, газар ашиглах, эзэмших эрхийг олгох нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна.
Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 21 дүгээр хороололд байрлах “К.С.И” ТББ-ын ашиглалтад байгаа газар ашиглах эрхийн 000346526 дугаар гэрчилгээтэй 2289 м.кв талбайтай газрыг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д шилжүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх бөгөөд шүүх дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчиж “К.С.И” ТББ-ын газар ашиглах эрхийг “Ш.Ү.Х.Х” ГҮТББ-д эзэмшүүлэх эрхтэйгээр шилжүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгах үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч нь уг газрын дуудлага худалдаанд оролцож, зохих хуульд заасан журмын дагуу газар эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу талууд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зурж шүүхэд ирүүлжээ.
Хэргийн оролцогчдод олгосон итгэмжлэлүүдээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Ч, Б.Б, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарт хуульд зааснаар эвлэрэх эрх олгогдсон байх боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталснаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр нөхцөл байдал бий болохоор байх тул эвлэрлийн гэрээг батлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН