| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 182/2017/02203/И |
| Дугаар | 001/ХТ2018/00701 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2018/00701
Б.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэр
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлалтай
Б.А-гийн нэхэмжлэлтэй
Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн боловсролын газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А- нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 31-ний Б/16 тоот тушаалаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны Б/11 тоот захирамжаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлаар томилогдон идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байна. Гэтэл намайг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл амраад эргээд ажилдаа орж, бие муудаад өвчтэй байж байхад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Баярмаа утсаар холбогдож Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна, таны ажлыг 10 цагт хүлээлцэнэ гэж дуудахад нь би өвчтэй байна гэдгээ хэлсэн. Үүний дараагаар тамгын газрын дарга н.Баттүшиг өрөөндөө ир гэж дуудахад нь очиход Таныг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан захирамж гарсан байна гэж Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны Б/123 тоот захирамжийг хальт үзүүлээд, нэг хувийг нь авъя гэхэд өгөхгүйгээр шууд ажлаа хүлээлц, комисс очно, ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа ав гэж тулган шаардсан. Сургуулийн заал түрээслэсэн, заах аргач багшийн зэргийн нэмэгдлийг хууль бусаар авсан гэж үзсэн байсан. Манайх заал түрээслэж орлого олоогүй, харин ганц нэг байгууллагатай хамтран ажиллах гэрээгээр зааландаа тэмцээн зохиолгож, тэд манай хүүхдүүдийг уралдаан тэмцээнд ороход нь тусалж байсан. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийн хувьд, би өөр нэмэгдэл авдаггүй, би 2016 оны 9-12 сар, 2017 оны 01 дүгээр сард нэмэгдлээ авсан. Заах аргач мэргэжлийн зэргийн хугацаа 5 жил бөгөөд сургуулийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалаар надад заах аргач мэргэжлийн зэрэг олгосон ба үнэмлэхийг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон. Би 2017 оны 01 дүгээр сараас хойш аваагүй. Нэмэгдлийг олго гэсэн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал байдаг. Би дур мэдэж нэмэгдлийг аваагүй. Ажлаас халсныг хууль бус гэж үзэж байх тул Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 8071 дугаартай захирамжийн дагуу Б.А- нь ажил үүргээ зохих хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа боловч хариуцагчаас шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн нэхэмжлэгчийн ажлын байранд хууль бусаар нэвтрэх, тамга тэмдэг зөвшөөрөлгүй авч явах, ажлын цагт бодогдох үндсэн цалинг олгохгүй байх зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргаж байх тул шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны үндсэн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны Б/11 дүгээр захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар Б.А-г томилсон. Нийслэлийн Боловсролын газрын 4 дүгээр сарын 27-ны өдрийн удирдамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургууль, Боловсрол цогцолбор сургууль, Гүн галуутай цогцолбор сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан. Уг ажлын хэсгийн шалгалтын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн дотоод аудитын газар, Нийслэлийн Боловсролын газрын төлөөлөл багтсан шалгалтаар сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасныг зөрчсөн, мөн захирал нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр 2016 оны 09-12 сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356 900 төгрөгийн заах аргач мэргэжлийн зэргийн нэмэгдэл өөртөө авч сургуулийн дотоод журмын 2 дугаар хэсгийн 2.5.2, 2.5.4, 2.5.5-д заасныг тус тус зөрчсөн. Б.А-гийн гаргасан зөрчил нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, тэр хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.12-т заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсгийн 7.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний 01/700 дугаар албан бичгээр Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирал Б.А-г ажлаас халах саналыг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 тоот сахилгын шийтгэл ногдуулах захирамжийг гаргасан. Сургуулийг захирал удирдах бөгөөд захирлын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих, төсвийн шууд захирагч болохын хувьд төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй. Иймд Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.А-г Нийслэлийн Багануур дүүрэг дэх ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн боловсролын газрыг хариуцлагаас чөлөөлж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 125 дугаар сургуулиас 2 044 545 төгрөгийг гаргуулж Б.А-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 47 663 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэлийн боловсролын газрыг хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг “хариуцагч Нийслэлийн боловсролын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.А-гийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлалд дараах заалдах гомдлыг гаргаж байна.
1. Нийслэлийн Боловсролын газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 дугаар тушаал нь “Цалин шинэчлэн тогтоох тухай” бөгөөд уг тушаалын хавсралтын 26 дугаарт Б.А-гийн цалингийн зэрэглэл ТҮБД-7, авах шатлал нь 4 байхаар тогтоосон байна. Уг тушаалын 2 дугаар хэсэгт нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу олгохыг сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч нарт даалгасан. Өөрөөр хэлбэл Б.А-гийн цалингийн зэрэглэл ТҮБД-7, авах шатлал нь 3 байсныг 4 болгон өөрчилж нэмэгдсэн нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу олгохыг сургуулийн нягтлан бодогч нарт даалгасныг анхан шатны шүүх буруу тайлбарласан гэж үзэж байна. Сургуулийн захирал нь “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг захирал өөртөө ажил олгогчийн шийдвэргүйгээр авах эрхгүй байтал анхан шатны шүүх “Б.А “заах аргач багш” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 9-12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356 900 төгрөг авсан нь цалингийн баримтаар тогтоогдож байх бөгөөд цалинг авахдаа авахдаа үнэмлэх олгосон үеэс тооцсон нь буруу биш” гэж дүгнэсэн, давж заалдах шатны шүүх "... Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн нягтлан бодогчийн бодож олгосон “заах аргач багш” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 9-12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356 900 төгрөг авсан нь цалингийн тооцооллын баримтаар нотлогдсон тул хариуцагчийн зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356 900 төгрөгийг авсан нь ... хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан эрх мэдлээ хэтрүүлсэн, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.2, 16.5.5-д заасныг тус тус зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна “гэсэн нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, захирлын албан тушаалд томилсон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан үеэс эхэлж, хууль тогтоомжоор сургуулийн захиралд эрх, үүрэг үүсдэг. Захирал нь төсвийн захирагч болохын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан эрхийнхээ хүрээнд төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
2. “Б.А- нь хамтран ажиллах гэрээний дагуу зарцуулсан мөнгө төрийн сангаар дамжсан эсэхэд хяналт тавиагүй буруутай боловч энэ нь тушаалын үндэслэл болоогүй тэгээд ч энэ нь захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.” дүгнэсэн. Энэ нь чухам ямар тушаалын талаар хэлж байгаа нь ойлгомжгүй байх ба захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна гэсэн нь Б.А-г зөрчил гаргасан гэж дүгнэсэн гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-д “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” гэж заасан.
3. “Ажил олгогч ажилтны ээлжийн амралтыг эдлүүлэлгүй, ээлжийн амралтыг эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн ба гэсэн атал Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/520 дугаар тушаалаар 125 дугаар захирал гэж Б.А-д урамшил олгосон нь ойлгомжгүй байна.” гэсэн Нийслэлийн Засаг дарга тушаалаар урамшил олгосон зүйл байхгүй бөгөөд нийслэлийн Засаг дарга тушаал гаргадаггүй захирамж гаргадаг. Нийслэлийн Засаг даргын Б/123 дугаар захирамж 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд Б.А- нь ээлжийн амралтын хуваарийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлж байсантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 17-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар ажил хүлээлцүүлэх комисс мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн тайлбар бусад баримтаар тогтоогдсоор байхад амралтыг эдлүүлэлгүй, ээлжийн амралтыг эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүх нь “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирал нь Төрийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Иймээс анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.А- нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн боловсролын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.
Б.А- нь 2015 оны 01 дүгээр сараас Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн, Нийслэлийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 захирамжаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа “Сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн орлого олж, зарцуулсан нь Боловсролын тухай хуулийн 42.5., Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг, зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356 900 төгрөгийг өөртөө авсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1., 16.5.2., 16.5.5.-д заасныг тус тус зөрчсөн” гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн байна.
Захирамжид заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1. дэх зохицуулалтууд нь ажил олгогчийн тушаал шийдвэр гаргах эрх зүйн байдлыг тодорхойлсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3. дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд ногдуулах сахилгын шийтгэлийн нэг хэлбэр болохыг заажээ.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалт нь “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан байх бөгөөд хариуцагч хариу тайлбартаа ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажилтныг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхаар зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд хариуцлага тооцсон зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тухайлан зохицуулаагүй байх тул ажил олгогчийн шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх боловч шүүхийн шийдвэрт хамтран хариуцагч Нийслэлийн боловсролын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг буруу шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байна.
Б.А- сургуулийн спорт заалыг бусдад түрээслэж ашиг олсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” Б/58 тушаалыг үндэслэж авсан болох нь нотлогдсон тул “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 235 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД