Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 10

 

2018       07          30                                            10

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн байрны тоотод оршин суух П-н Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүйгээр олгогдоогүй 658200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, хариуцагч Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Э түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн Б/20 тоот тушаалаар баталгаажуулалтын шинжээчийн ажлаас чөлөөлсөн. 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн тушаалыг хүчингүйд тооцуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, 2018 оны 03-р сарын 15-ны өдрийн 24-р тогтоолоор Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын Б/20 тоот тушаалыг хууль эрх зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргасан. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэлтсийн даргад өргөдлийн хамт өгсөн боловч миний өргөдлийн хариуг өгөөгүй, хүлээн авахаас татгалзсан учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хууль эрх зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн  Б/20 тоот тушаалыг хүчингүйд тооцуулах,  нэмэгдүүлсэн шаардлагадаа  2017 оны  09 сард Улаанбаатар хотод шинжээчийн эрх сунгуулах сургалтад хамрагдсан томилолтын зардал 238200 төгрөг, хөдөө томилолтоор ажилласан унааны зардал 120000 төгрөг, төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөг,нийт  658200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ талаар дээд газарт хандсан боловч олгогдох ёстой гэсэн хариуг өгсөн. ...2017 оны эцэс болж байсан учир томилолтоо нягталж, дутуу томилолт байвал шүүлгэж ав гэсний дагуу томилолтоо шүүлгэж байгаад Мийн томилолтыг санаандгүй харсан. Надад сургалтын томилолт өгөхгүй гэсэн мөртлөө, ...3 хоногийн сургалтад хамрагдсан Мт 14 хоногийн томилолт олгосон байснаас болж маргаж, арга хэмжээ авахуулах тушаал гаргасан. Би урьд нь энэ хүнийг ашиг сонирхлын зөрчлөөр хоёр ч удаа Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Манай баталгаажуулалтын шинжээч нар стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр тохирлын гэрчилгээг олгодог. 2015 оноос эхлээд тусгай зөвшөөрөл авахын тулд бүрдүүлэх материалд тохирлын гэрчилгээ ордог болсон. Гэтэл шаардлага хангахгүй газарт тохирлын гэрчилгээ олгуулах, танил тал найз нөхөд, хүмүүстээ тохирлын гэрчилгээг бичиж өгүүлнэ, ...арга хэмжээ авна гэх мэтээр дарамталдаг болсон.   ...хамгийн сүүлд Хөлөнбуйр суманд томилолтоор ажиллаж, “Батхаан сувд” ХХК дээр үнэлгээ хийхэд үйл ажиллагаа явуулж буй байрны талбай нь 18м2 байсан тул хүнсний мухлаг гэж дүгнэн гэрчилгээг олгож амжилгүй ажлаас халагдсаны дараа...  хүнсний дэлгүүр гээд тохирлын гэрчилгээг бичиж олгосон байна.  Намайг халснаас хойш миний оронд томилсон албан ёсны шинжээч байхгүй байгаа учраас  өөрийн дураар тохирлын гэрчилгээг бич гэсний дагуу тэр хүмүүс нь тохирлын гэрчилгээг бичиж олгоод ажиллаж байна...

Дараагийн шаардлагын тухайд,  2017 онд  төрөөс олгогдсон  300000 төгрөгийг арга хэмжээ авагдсан гэдгээр надад олгоогүй. Улаанбаатар хотод албан ёсны баталгаажуулалтын шинжээч нарын сургалт болоход томилолт олгохгүй гэсэн.  Мөн хөдөө сумдад томилолтоор ажилласан унааны зардлыг анхан шатны баримт байхгүй байна гээд олгоогүй.

Тухайн үед Төрийн албаны зөвлөлийн хариу ирсний дараа Н.Э даргатай уулзаж, ...он гарсны дараа Улаанбаатар хот шилжинэ,  та буцаагаад ажилд аваач гэсэн саналыг тавьж байсан. Одоогоор гэрээрээ Улаанбаатар хот руу шилжээд байна.   ...хууль шинээр батлагдаж, 07-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлж байгаа учраас хуулийн дагуу мэргэжлийн байгууллагад орж ажиллах хүсэлтэй байгаа. Ямар ч  байсан эхний хугацаанд  хувийн  байгууллагад ч болов  ажилтай байж байгаад, ... шилжин ажиллах боломжоор хангаж тушаалыг хүчингүй болгож,  ... 658200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга .Н.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн, төрийн албаны  ёс зүйн хэм хэмжээ, захирах захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, төрийн байгууллагын соёл,  дэг журмыг сахиагүй, төрийн албаны шалгалтад ороогүй зэргийг харгалзан П.Бг баталгаажуулалтын шинжээчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Гэтэл Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолд миний  гаргасан тушаалыг хууль эрх зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсанд  хүндэтгэлтэй хандаж хариу тайлбар, мэдээллийг тус зөвлөлд хүргүүлсэн... Миний бие 2015 оны 09 дүгээр сард тус хэлтсийн даргаар томилогдсоноос эхлээд П.Бтай хамтран ажиллаж байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэдэг зүйлийг удаа дараа зөрчсөн. Жишээ хэлэхэд, байгууллагын ажилтан Д, М нарыг баталгаажуулалтын шинжээчийн сургалтад явахад  араас нь байнга дарамталж байсан. Шадар сайдын манай орон тоог баталсан тушаалын дагуу  шинжээчийн орон тоо гурав  байгаа юм.  Намайг  ажилд ороход П.Б ганцаараа шинжээчийн эрхтэй ажиллаж байсан. Д, М  нар нь шинжээчийн эрх авсан байгаа, одоогоор 2 шинжээч нь  хоёулаа хүүхэд асрах чөлөөтэй байгаа учир төрийн ажлыг цалгардуулахгүй байх үүднээс дээд газартайгаа зөвлөөд ажилтан  Гийг сургалтад явуулж, түр ажиллуулах шийдвэрийг гаргасан юм.

Томилолтын тухайд хэлэхэд анхан шатны баримтууд байгаа бол томилолтын мөнгийг олгох боломжтой. П.Бгийн хувьд Улаанбаатар хот шилжих бодолтой байгаа юм байна. Үүнийгээ ч өмнө нь хэлж  танилцуулж байсан. Тухайн  үед Төрийн албаны зөвлөлд хандаад хариу ирээгүй байсан учир тодорхой хариу өгөөгүй юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалаа хүчингүй болгож, ...шилжих хүртэлх хугацаанд ажилд нь түр авч, баримтад үндэслэн 658200 төгрөгийг олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагчийн  өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчтэй  арга замаа тодорхойлж, тохиролцоод  хүлээн зөвшөөрч болно гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие урьд нь энэ талаар нэхэмжлэгчид ...санал хэлж байсан шүү дээ. Нэхэмжлэлийн  хоёр дахь шаардлагын тухайд хариуцагч хүлээн зөвшөөрсөн, ...нотлох баримтууд нь байгаа юм байна.

Иймд  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  даргын П.Бг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож,  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч болно гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,  ...658200 төгрөгийг гаргуулах шаардлагыг нэмэгдүүлсэн  болно.

            Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нь  нэхэмжлэгчийг  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.2,17.3, 26 дугаар зүйлийн 26.1.3, 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг үндэслэн баталгаажуулалтын шинжээчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрээр төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, захирах захирагдах ёсыг удаа дараалан зөрчсөн, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиагүй, төрийн албаны шалгалтад ороогүй зэргийг үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасны дагуу, холбогдох маргааныг нь хянан шалгаж, салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд 2018 оны 03 дугаар сарын15-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор, ...Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн  Б/20 дугаар тушаал нь ...хууль эрх зүйн үндэслэлийг буруу хэрэглэсэн дүгнэлтийг гаргажээ.  

         Нэхэмжлэгч П.Бгийн, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, .. ...томилолтын зардал 238200 төгрөг, хөдөө томилолтоор ажилласан унааны зардал 120000 төгрөг, төрийн албан хаагчдад олгосон 300000 төгрөг, нийт  658200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  шүүхэд ирүүлсэн нотлох баримт зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Пүрэвийн Бгийн, Дорнод аймгийн  Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргад холбогдох, хэлтсийн даргын  2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүйгээр олгогдоогүй 658200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Бд олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн  69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй  бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОЮУН