Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 15

 

                                                          Ц.Э-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Бүрэнжаргал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Ж.Бүрэнжаргалын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Ц.Э-т холбогдох эрүүгийн 1704001150050 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц.Э- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах Хэрлэн гүүрний орчим иргэн Д.Мижиддоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас Ц.Э-ын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг  хянан   шийдвэрлэх   шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 273 тоот дүгнэлтээр “хохирогч Мижиддоржийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, салстын урагдал гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс шалтгаална” гэдгийг тогтоосон, хохирогчоос “мэс засалд орсон” талаар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байхад мэс заслын явц болон түүний дараах эмчилгээ, эдгэрэлтийн байдал, цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх талаар баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй нь эргэлзээ төрүүлж байна.

2.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн зарчмыг зөрчиж тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх “Нямбаяр, Батчулуун, Цагааннохой, Найдансүрэн, Түмэннаст” зэрэг 5 гэрчийн мэдүүлгийг шалгаж хянах ажиллагааг хийлгүй орхигдуулсан байна. Нотлох баримтаас зөвхөн хохирогч, яллагдагчийн мэдүүлгийг шалгаж хянасан нь “яллагдагчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох төдийгүй яллагдагч хэрэгт холбогдох үедээ согтуу /2 бүхэл хэмжээний/, мөн хохирогч согтуу /1,58 бүхэл хэмжээний/ байсан нь цагдаагийн ажилтны тэмдэглэлээр тогтоогджээ.

3. Хохирогч Мижиддорж 13.000.000 төгрөгийг яллагдагчаас авахаар тохирч үүний 4.320.000 төгрөгийг яллагдагч төлсөн, үлдэх 8.680.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж гэрээ хийсэн /хх-ийн 24/ ба хохирогч энэ өдрийн мэдүүлэгтээ “бид хоёр хохирлын тал дээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол саналгүй” гэсэн /хх-ийн 9/ нөхцөл байдлууд тогтоогдсон хэдий ч мөрдөн байцаалтын үе шатанд хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэмжээний талаар ямар нэг баримт авагдаагүй тул прокурор ямар баримтыг үндэслэж хохирол, хор уршиг төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын “мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэснийг, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг тус тус зөрчсөн байна.

Дээрх байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон” гэх нөхцөл байдал хангагдаагүй, мөн зүйлийн 4, 5 дахь заалтын шаардлагыг хуульд заасны дагуу хийгээгүй гэж дүгнэн, Ц.Э-т холбогдох хэргийг прокурорт буцааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийн үндэслэлүүд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хэтэрч дүгнэлт хийсэн.

Мөн тухайн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж хэрэг нотлогдсон байхад хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хэрэгт хийвэл зохих бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн, хэрэг хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

1. Шинжээчийн 273 тоот “Д.Мижиддоржийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, салстын урагдал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, хохирогч М.Мижиддоржийн “бид хоёр маргалдаж түлхэх явцад нүд гэмтсэн” гэсэн мэдүүлгийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Ц.Э-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Ц.Э- нь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Мөн хохирогч Д.Мижиддорж нь шинжээчийн 273 тоот дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт гаргаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэлд “дахин дүгнэлт гаргуулахгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэн байхад заавал дахин дүгнэлт гаргуулах, мэс заслын явц болон түүний дараах эмчилгээ, эдгэрэлтийн байдал, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх талаарх асуудлыг шалгах шаардлагагүй гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх...” гэж хуулийн нэрийг ойлгомжгүй, тодорхой бус бичжээ.

Шүүх яллагдагчийн мэдүүлэг дангаараа яллах талын нотлох баримт болохгүй гэжээ. Гэтэл уг хэрэгт яллагдагч Ц.Э-ын мэдүүлэг нь хохирогч Д.Мижиддоржийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогддог. Тухайлбал:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Мижиддоржид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулж хоёр удаа мэдүүлэг авахад “бид хоёр хоорондоо ажлын талаар маргалдаад хоёр биенээ ганц нэг удаа цохилцсон. Э- намайг араас түлхэхэд би унахдаа сандлын булан мөргөөд уначихсан. Миний нүд гэмтсэн гол шалтгаан нь гэвэл намайг Э- түлхсэнээс болж сандал мөргөж гэмтсэн. Бид хоёр хохирлын тал дээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гомдол байхгүй” гэж мэдүүлдэг бол яллагдагч Ц.Э- “бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад Мижиддоржийн араас нь түлхсэн чинь унахдаа сандлын ирмэг нүдээрээ мөргөөд нүд нь улайчихсан байсан” гэж гэмт хэрэг гарсан байдал, учруулсан хохирлын талаар хэн аль нь зөрүүгүй мэдүүлэг өгсөн, яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хуульд заасны дагуу гаргасан байхад хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хохирогч 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр прокурорын газарт гаргасан хүсэлтдээ "Э- намайг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн, гомдол саналгүй” гэх баримт хэрэгт байгаа болно.

Хохирогч, яллагдагч нар хэрэг гарах үед согтуу байсан нь тогтоогдсон боловч хохирогч, сэжигтэн нарыг согтуу байхад нь мэдүүлэг аваагүй. Энэ нь мэдүүлэг авсан сар, өдрөөр тогтоогдоно.

Хэрэг гарах үед согтуу байсныг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл нотолж байгаа болно. /хх-ийн 4/

3. Хохирогчид учирсан хохирлыг шалгаж тогтоосон. Энэ хэрэгт хохирогчийн нүд нь гэмтэж “хүндэвтэр” хохирол учирсан бөгөөд яллагдагч нь 4.320.000 төгрөгийг бэлнээр, 8.680.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ хийгдсэн. /шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж, эмчилгээний зардал, цаашид гарах зардлыг үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой/.

Шүүх хэргийг прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон” гэх нөхцөл байдал хангагдаагүй, мөн заалтын 4, 5 дахь заалтын шаардлагыг хуульд заасны дагуу хийгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмын дагуу явагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан заалтыг зөрчөөгүй. Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын тухайд: Ц.Э- нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, прокурорын шатанд хохирогч, яллагдагч нарын гаргасан хүсэлт, прокурортой ял тохиролцсон санал, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтын тухайд: Хохирогч, яллагдагч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал”-д Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял дээр тохиролцож хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын тухайд: Дээрх заалтыг зөрчөөгүй. Хэрэгт хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байхад шүүх хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Ц.Э-т холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 273 тоот шинжээчийн дүгнэлтэд “Д.Мижиддоржийн биед баруун нүдний алимны хүнд зэргийн доргилт, салстын урагдал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл бөгөөд хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс шалтгаална” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хохирогчид учирсан гэмтлийн талаар тодорхой заасан ба уг дүгнэлтийг эс зөвшөөрч оролцогчдын хэн аль нь санал, хүсэлт гаргаагүй байна. /хх-ийн 11-13/,

            Шаардлагатай тохиолдолд хохирогч Д.Мижиддоржийг шүүх хуралдаанд оролцуулж түүний биед учирсан гэмтлийн эдгэрэлтийн байдал, эмчилгээний явц зэрэг асуудлыг шалгаж тодруулах боломжтой юм.

            2. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаархи мэдээллийн дагуу Д.Мижиддорж, Ц.Э- нарыг хэргийн газраас цагдаагийн хэлтэст хүргүүлж, тэдгээрийн согтуурлын зэргийг шалгахад Д.Мижиддорж нь 0,158 хувийн, Ц.Э- нь 0,204 хувийн согтолттой байжээ. /хх-ийн 4-5/,

            Хэрэг бүртгэлтийн явцад хохирогч Д.Мижиддоржоос 2017 оны 10 дугаар сарын 12, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд мэдүүлэг авахдаа тухай бүрд нь хууль сануулсан байх бөгөөд тэрээр “бид хоёр хоорондоо ажлын талаар маргалдаад хоёр биенээ ганц нэг удаа цохисон. Э- намайг араас түлхэхэд би унахдаа сандлын булан мөргөж гэмтсэн” гэж /хх-ийн 8-9/, харин Ц.Э-аас 2017 оны 10 дугаар сарын 13, 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахад тэрээр “бид хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад Мижиддоржийн араас нь түлхсэн чинь унахдаа сандлын ирмэг нүдээрээ мөргөөд нүд нь улайчихсан байсан” гэж /хх-ийн 16, 20/ гэмт хэрэг гарсан байдлын талаар тус тус тогтвортой мэдүүлсний гадна, хохирогч Д.Мижиддоржийн биед учирсан гэмтлийн шинж, хэр хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхэд нотлох баримт хангалттай байх тул өөр бусад этгээдээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй юм.

            3. Яллагдагч Ц.Э- нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргажээ. Ингэхдээ хохирогч Д.Мижиддоржийн эрүүл мэндэд учирсан хохирол, түүнтэй холбогдон гарах бусад зардлыг тодорхой хугацаанд нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн талаарх баталгааг хавсаргасан байна. /хх-ийн 24, 30/

            Мөн хохирогч Д.Мижиддорж нь Ц.Э-аас эмчилгээний зардалд 4.320.000 төгрөгийг авснаа дурдаад, үлдэх хохирлын асуудал дээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа илэрхийлжээ.

Прокуророос дээрх байдлыг үндэслэн яллагдагч Ц.Э-ын гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийн зүйлчлэл, хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагч Ц.Э-т танилцуулаад, түүний зөвшөөрлийг баталгаажуулан гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. /хх-ийн 31-34/

Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдсон, яллагдагч Ц.Э-т холбогдох хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.