| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0573/Э |
| Дугаар | 0613 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 0613
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2008 00243 0101 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээлт мэргэжилтэй, ............ажилтан, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн ............оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод байрлах Нийтийн байрны .. тоот өрөөнөөс иргэн Х.Б-эзэмшлийн “Голомт банк”-ны 916.259 төгрөгтэй виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 919.259 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Х.Б-мэдүүлэг /хх7-15/, хохирогч Х.Б- “Голомт банк”-ны 1105281212 тоот дансны хуулга /хх6/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх38-40/, яллагдагчаар Б.О-гийн мэдүүлэг /хх71-75/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 21, 87-89, 109-113/ зэрэг холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.О- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Х.Б-“...Би 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд байдаг “Вест” нэртэй бааранд ганцаараа орсон юм. Тухайн үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан. Бааранд ороод дунд талын ширээн дээр сууж 1 шил Сэнгүр пиво захиалан авч ууж байгаад бүжиглэсэн. Би ширээн дээрээ ганцаараа суусан. Өөр хүн байгаагүй. Тэгээд сууж байхад үл таних миний насны залуу ширээн дээр ирээд “Ширээ байхгүй байна, хамт сууж болох уу” гэж асуухад би зөвшөөрөөд суулгасан. Ингээд бид хоёр танилцаад тэр залуу надад нэрээ хэлж, утасны дугаараа хүртэл өгсөн. ... Утасны дугаарыг нь тухайн үед утсан дээрээ тэмдэглэн авсан ............. Бид хоёр сууж байгаад тэр залуу би нэг эмэгтэй найзыгаа дуудчих уу гээд миний үеийн эмэгтэй ирсэн. Би тэр хоёрт нэг нэг шил Сэнгүр пиво захиалан авч өгөн пивоо ууж дуусгаад бид гурав баарнаас гараад такси барьж замаараа Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг нэрийг нь мэдэхгүй пабаас Хараа архи авч би Голомт банкны картаа тэр эмэгтэйд өгч нууц дугаарыг нь хэлээд уншуулсан. Тэгээд тэндээс шууд миний түр амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар ороонд байрлах Эрчим худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд ирээд би Голомт банкны виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ куртикныхээ халааснаас аваад өөрийн унтдаг орны гудсан доогуур хийж тавьсан. Ингээд бид гурав замаараа авсан нэг шил Хараа архиа ууж юм ярьж суусан, нөгөө залуу гарч бие засъя гээд бид хоёр хамт гарч бие засахад гэрт нөгөө хүүхэн ганцаараа үлдсэн. Бид хоёр бие засчихаад ороход нөгөө хүүхэн бие заслаа гэж хэлээд бид хоёртой зөрөөд гарч яван буцаж орж ирээгүй. Тэгэхээр нь би нөгөө хүүхэн чинь хаачив гээд хамт гараад хайтал гадаа байгаагүй. Гарч байхдаа би гэрийн хаалгаа цоожлоогүй гарсан болохоор буцаж орж хаалгаа цоожлох гээд орчихоод гараад иртэл нөгөө залуу бас явчихсан байсан. Тэгээд би гэртээ ороод шууд унтаад өглөө босч гудсан доогуураа хийсэн банкны карт бичиг баримтаа шалгасан чинь тэр дундаа ганцхан миний картны нууц дугаарыг маань мэдчихээд картыг маань хулгайлаад зутсаныг мэдсэн. Миний Голомт банкны данснаас нийт 915.000 төгрөг уншуулж авсан...” гэсэн мэдүүлэг /хх7-15/,
2. Хохирогч Х.Б-“Голомт банк”-ны 1105281212 тоот дансны хуулгаар “...2019.12.31-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 915.600 төгрөгийн зарлага...” гарсан баримт /хх6/,
3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “голомт банкны картыг 3.000 төгрөг”-өөр үнэлжээ. /хх38-40/,
4. Б.О-гийн яллагдагчаар өгсөн “...АТМ орж хар өнгөтэй виза картыг АТМ машинд хийж үлдэгдлийг нь зүсэн чинь есөн зуун хорин хэдэн мянган төгрөг байсан. Би танихгүй залуугийн виза картны нууц дугаарыг нь архи авах гэж караокед орохдоо нууц дугаараа хэлж байхыг нь сонсоод мэдчихсэн. Тэгээд 915.000 төгрөгийг нь АТМ-ээс уншуулж аваад Цамба руу таксидаад Цамбын арын буудалд очиж хоносон. ...Би түрээсийн мөнгө болон хоол хүнсэнд зарцуулаад мөнгийг нь үрчихсэн. Би ганцаараа уг гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх71-75/,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.О-:
Шүүгдэгч Б.О-, түүний өмгөөлөгч нь гэм буруугаагийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд хохирогч Х.Б-ан нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод байрлах Нийтийн байрны 06 тоотод байрлах өөрийн гэртээ шүүгдэгч Б.О- болон өөр нэг залуугийн хамт очиж согтууруулах ундааны зүйл уусан.
Улмаар шүүгдэгч Б.О- нь хохирогч Х.Б-виза картаараа тооцоо хийхэд нууц дугаарыг мэдсэн, хохирогчийг гэрээсээ гараад буцаж орж ирэх хооронд нь түүний банкны виза картыг авсан болох нь хохирогч Х.Б-“...нийтийн байранд ирээд би Голомт банкны виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ куртикныхээ халааснаас аваад өөрийн унтдаг орны гудсан доогуур хийж тавьсан. Ингээд бид гурав замаараа авсан нэг шил Хараа архиа ууж юм ярьж суусан, нөгөө залуу гарч бие засъя гээд бид хоёр хамт гарч бие засахад гэрт нөгөө хүүхэн ганцаараа үлдсэн. Бид хоёр бие засчихаад ороход нөгөө хүүхэн бие заслаа гэж хэлээд бид хоёртой зөрөөд гарч яван буцаж орж ирээгүй. Тэгэхээр нь би нөгөө хүүхэн чинь хаачив гээд хамт гараад хайтал гадаа байгаагүй. Тэгээд би гэртээ ороод шууд унтаад өглөө босч гудсан доогуураа хийсэн банкны карт бичиг баримтаа шалгасан чинь тэр дундаа ганцхан миний картны нууц дугаарыг маань мэдчихээд картыг маань хулгайлаад зутсаныг мэдсэн. Миний Голомт банкны данснаас нийт 915.000 төгрөг уншуулж авсан ...” мэдүүлэг, хохирогчийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, камерийн бичлэг, мөн шүүгдэгч Б.О-гийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус нотлогдон, тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч Х.Б-картыг 3.000 төгрөгөөр үнэлжээ. Мөн хохирогч Х.Б-“Голомт банк” дахь .......... тоот данснаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 915.000 төгрөгийн зарлага гарсан болох нь түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.
Улсын яллагчаас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг хохирогчийн картанд байсан үнийн дүнгээр тооцсон үндэслэлгүй бөгөөд картнаас авсан үнийн дүнгээр болох 915.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.О-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу хохирогчийн банкны картны нууц дугаарыг мэдсэн, улмаар хохирогчийг гэрээсээ түр гарсан байдлыг далимдуулан картыг нууц далд аргаар авч, улмаар бэлэн мөнгөний тооцооны АТМ-аас мөнгийг авсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй бөгөөд банкны картны үнэ 3.000 төгрөг, картаас авсан 915.000 төгрөг, нийт 918.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Х.Б-анд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ шүүгдэгч нь бага насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон эх, одоогоор хөдөлмөр эрхэлж байгаа, хохирол төлөхөө илэрхийлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Б.О-гийн үйлдэлд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд бага насны 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.
Мөн хуульд заасан ялын сонголтод хэлбэр болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг 8 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах” буюу хохирлыг 8 сарын хугацаанд төлөх үүрэг, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.О-г “гэмт хэргийн хор уршгийг 8 /найм/ сарын хугацаанд арилгах /хохирогчид хохирлыг төлөх/”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гээс 918.000 /есөн зуун арван найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Б-анд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди (хяналтын камерын бичлэгтэй)-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР