Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 0648

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-ид  холбогдох эрүүгийн 1908 05976 0568 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мах импекс” ХХК-д харуул, хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .......... оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

..............

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын хуучин эцсийн буудлын замд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Тоёота приус маркийн ... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хууль сахиулагч, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч С.М-албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “бичиг баримтаа шалгуул, машинаасаа бууна уу” гэх шаардлагыг нь хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцэж, авто машинаар чирж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, кенвүүд загварын гар станц, хар рамтай нүдний шилийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-13/, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хх17/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх18-19/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх23/, хохирогч С.М- мэдүүлэг /хх56/, иргэний нэхэмжлэгч Э.Э-мэдүүлэх /хх61/, гэрч Б.Х-мэдүүлэг /хх65/, гэрч П.Б-мэдүүлэг /хх40/, гэрч А.Д-мэдүүлэг /хх41/, гэрч Ч.Л-мэдүүлэг /хх43/, гэрч А.Б-мэдүүлэг /хх44/, гэрч Л.Г-мэдүүлэг /хх67/, шинжээч эмчийн 13858 дугаар дүгнэлт /хх75/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх81/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх85-87/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх105/, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх108/, Б.Н-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх161/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх68/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх170/, хохирогч С.М-, иргэний нэхэмжлэгч Э.Э-нарын хүсэлт /хх179-180/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Н-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “С.М- намайг согтуу жолооч машинаараа чирж яваад машинтай мөргөлдсөн” гэх /хх4/,

            2. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-13/,

            3. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “Приус 20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н- драйгер багаж ашиглан шалгахад 1.2 хувийн тоон үзүүлэлттэй,  согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэжээ. /хх18-19/,

            4. Хохирогч С.М- “...би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын эцэс дээр цагдаагийн ахлагч Б-хамт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед түүхий нүүрсний хяналт шалгалтыг 1 дүгээр эгнээнд баруунаас зүүн тийш чиглэлд хийгээд зогсож байтал 2 дугаар эгнээнээс приус 20 маркийн машин үргэлжилсэн цагаан шугам даваад эргэх гэж байхаар нь очиж машины бичиг баримтыг нь шалгах гэтэл жолооч нь машиныхаа цонхыг онгойлгохгүй байхаар нь би жолооч талын хаалгыг баруун гараараа татаж онгойлгон жолоочийг машинаас буу гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй шууд машины хурдаа нэмээд би хаалганы бариул, машины дунд баганаас зүүгдэн машинаас 60 метр зайд чирэгдэн явж байгаад машины жолооч нь зүүнээс баруун чиглэлтэй явж байсан цагаан өнгийн машиныг мөргөж, дараа нь цахилгааны төмөр шонг мөргөж зогсоход би машины бариулаас гараа тавьж хажуу тийшээ унасан юм. Миний зүүдэг харааны нүдний шилний баруун шил хагарч алга болсон, албанд хэрэглэдэг хар өнгийн гар станц эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх56/,

            5. Иргэний нэхэмжлэгч Э.Э-“...замын цагдаа манай нөхөр П.Б-бичиг баримтыг шалгаж дуусаад эргээд явах гэтэл саарал өнгийн приус 20 маркийн машинтай хүн ирээд мөргөчихөөд замын хажуугийн шонгийн мод мөргөөд зогссон. ...... УНЗ улсын дугаартай машинд учирсан хохирлыг машин мөргөсөн хүн бүрэн төлж барагдуулсан...миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх61/,

            6. Гэрч Б.Х-“...Н-толгойтод 2 найзтайгаа 2.5 литрийн пиво хувааж уучихаад тэндээс гараад Н- очиж приус 20 машиныг авсан. Толгойтын эцсийн ойролцоо явж байсан чинь замын цагдаа зам дээр машин шалгаад зогсож байсан. Тэгээд буцаж эргэх гэсэн чинь замын цагдаа жолооч талын хаалганы хажууд ирээд бичиг баримтаа шалгуул, машинаас буу гээд машины хаалганаас бариад зогсож байсан чинь Н-машиныхаа хурдыг нэмээд хөдлөөд, хурдтайгаар 60 орчим метр замын цагдааг чирээд, эсрэг урсгалд байсан цагаан өнгийн машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх65/,

            7. Гэрч П.Б-“...би цонхоо онгойлгоод тандагч багаж үлээгээд цааш хөдлөөд Алтан-Овоо руу дохио өгөөд эргэх гэтэл эсрэг урсгалаас нэг машин хурдтай чиглээд ороод ирсэн. Машиных нь жолооч талын хаалга онгорхой нэг ногоон хантаазтай цагдаа чирэгдсэн явж байгаа харагдсан. Манай машины зүүн урд дугуй орчимд мөргөөд цааш замаас гараад бетон шонд тулаад зогссон. Машинд чирэгдсэн цагдаагийн хөл нь доголчихсон зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх40/,

            8. Гэрч А.Б-“...М-2-р эгнээний машинуудыг зогсоогоод шалгаж байсан. ...М-“хөөе, зогсооч” гээд хашгирахад нь юу болов гээд хартал нэг саарал өнгийн приус 20 машины жолооч талын хаалга нь онгорхой, М-жолооч талын хаалганы хажууд дагаад гүйж байснаа хөл алдаад унаад чирэгдсэн. Тэр машин зогсолгүй эсрэг урсгалаар чирж явсаар эсрэг урсгалаар эргэж байсан машиныг машиныг мөргөөд, замаас гараад цаашаа яваад цахилгааны шонгийн тросс мөргөөд зогсох үед М-хойно нь унаж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх44/,

            9. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13858 дугаар дүгнэлтэд “С.М- биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх75/,

Гэм буруугийн дүгнэлт Б.Н-:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй үндэслэлээр мэтгэлцэж оролцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота приус маркийн .... УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын хуучин эцсийн буудлын замд явах үедээ Замын цагдаа нар шалгалт хийж байгааг хараад буцаж эргэн оролдлого хийсэн.

Зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч С.М- шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хажууд очин шаардлага тавьж, хаалгыг онгойлгох үед шүүгдэгч нь шаардлагыг эсэргүүцэн, тээврийн хэрэгслийн хурдыг нэмэн хөдөлж ахлагч С.М-хаалганы бариулаас гараараа бариатай байдлаар чирэн явж унагаан, улмаар эрсэг урсгалд байсан ...... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн цааш гарч зогссон үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч С.М- “...машины бичиг баримтыг нь шалгах гэтэл жолооч нь машиныхаа цонхыг онгойлгохгүй байхаар нь би жолооч талын хаалгыг баруун гараараа татаж онгойлгон жолоочийг машинаас буу гэсэн шаардлага тавихад шаардлага биелүүлэхгүй шууд машины хурдаа нэмээд би хаалганы бариул, машины дунд баганаас зүүгдэн машинаас 60 метр зайд чирэгдэн явж байгаад машины жолооч нь зүүнээс баруун чиглэлтэй явж байсан цагаан өнгийн машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг, үйл явдлыг шууд харсан гэрч Б.Х-, гэрч П.Б-, гэрч А.Б-нарын дээр дурдсан мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Н- нь тухайн үед драйгер багажаар шалгахад 1.2 хувийн согтолттой байсан нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон, эсрэг урсгалд байсан тээврийн хэрэгсэл мөргөсөн үйлдэлдээ Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг санаатайгаар хөдөлгөн зугтаах оролдлого хийж, цагдаа зохицуулагч, хохирогч С.М- шаардлагыг эсэргүүцэн, түүнийг автомашинаар чирч унагаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн гэж үзэх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт” бүхий эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13858 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг давхар хангаж байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуульд заасан хууль тогтоогчийн тайлбарт “хууль сахиулагч” гэдэгт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгохоор заасан бөгөөд хохирогч С.М- нь цагдаагийн ахлагч цолтой, тухайн өдөр хуваарийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан нь ажлын газрын тодорхойлолт, албан тушаалд томилсон шийдвэр, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхаар заасан.

Шүүгдэгч Б.Н-ийн цагдаагийн зохицуулагчийн шаардлагыг эсэргүүцэн, тээврийн хэрэгслийг хөдөлгөн түүнийг зориуд чирэн явж буй үйлдэл нь санаатайгаар хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзнэ. Харин улсын яллагчаас хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэж яллаж буй нь хэргийн нөхцөл байдалд тохироогүй болохыг дурдан, шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогч С.М- нүдний шил, албаны гар станц эдвэрч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Үндэслэлийн тухайд: Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн буюу гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хууль бусаар устгаж байна гэдгээ мэдэж, хүсч хэрэгжүүлсэн байхыг шаарддаг. Дээрх тохиолдолд хохирогчийн биед байсан эд зүйл нь түүнийг чирэгдэх явцад унаж гэмтсэн, эвдэрсэн нь тухайн эрүүл мэндийн эсрэг болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн хор уршигт нэмж тооцох болохоос бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Н- нь нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч С.М-, иргэний нэхэмжлэгч Э.Э-нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, тэдгээр нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Б.Н-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ялыг сонгож доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн  төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3300 нэгж буюу 3.300.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.300.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн хэмжээг 4.000.000 төгрөгөөр тогтоож, торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.Н-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Н- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

3. Шүүгдэгч Б.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3300 нэгж буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгуулийн хэмжээг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР