Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Халхгол сумын 1-р баг, “Сүмбэр” 36-р байрны 05 тоотод оршин суух, ЖИ76090132 регистрийн дугаартай, Хөвгүүд овогт Нарнаагийн Баатарцогт, ЖД75101462 регистрийн дугаартай, Боржгон овогт Дашнамжилын Дэжидмаа нарт холбогдох,

 “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4201466 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Баатарцогт, хамтран зээлдэгч Д.Дэжидмаа нар нь 2014 оны 02 сарын 17-ны өдрөөс хойш Төрийн банкны Халхгол тооцооны төвөөс 7470000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч Н.Баатарцогт нь зээлийн зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.8 дахь заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 313 хоног хугацаа хэтрээд байгаа бөгөөд үндсэн зээлийн 3396156 төгрөг, хуримтлагдсан хүү 761811 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 43499 төгрөг нийт 4201466 төгрөгийн зээлийн үлдэгтэлтэй байна. Зээлдэгч Н.Баатарцогт нь 2014 оны 07 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч ажилгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 12 сараас зээл төлөлтийг удаа дараа хугацаа хэтрүүлэн төлж, 2016 оны 01 сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлүүлэх бүх талын арга хэмжээг авсан болно. Иймд зээлдэгч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нараас 4201466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2014 оны оны 02 сарын 17-ны өдөр Төрийн банкны Халхгол тооцооны төвөөс анх 7470000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг ажилтай байх хугацаандаа төлж байсан. Би ажлаасаа гарч цалингийн зээлээ төлж чадахгүй болсон. Одоо зээлийн үлдэгдэл 4201466 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй. Одоогоор би ажилгүй байгаа учир ажилд ороод тодорхой хэмжээгээр төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төв нь хариуцагч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4201466 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нар нь нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төвөөс 2014 оны 02 сарын 17-ны өдөр 7470000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан боловч одоо зээлийн үлдэгдэл 4201466 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нар нь нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төвийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 4201466 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төвийн нэхэмжилсэн 4201466 төгрөгийг хариуцагч Нарнаагийн Баатарцогт, Дашнамжилын Дэжидмаа нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 82173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 41087 төгрөг, хариуцагч Н.Баатарцогтоос 20543 төгрөг, Д.Дэжидмаагаас 20543 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Дорнод салбарын Халхгол тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Баатарцогт, Д.Дэжидмаа нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА