Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0664

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

хохирогч Д.Б-,

            шүүгдэгч Б.Д-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д- холбогдох эрүүгийн 2008 01306 0603 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “........” ХХК-д авто замын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух,

........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Д-нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Б-т “Япон улсаас машин оруулж ирж байгаа, урьдчилгаа мөнгө өгөөд машинаа аваарай” гэж утсаар ярьж, мессеэж бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож интернет банкаар 1.400.000 төгрөг шилжүүлсэн авсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /хх36-37/, гэрч Ж.Б-мэдүүлэг /хх39-40/, гэрч Т.З-мэдүүлэг /хх41-42/, гэрч Г.У-мэдүүлэг /хх49/, гэрч О.Э-мэдүүлэг /хх49/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх59-66/, шүүгдэгч Б.Д-гэрч Ж.Б-нарын харилцаж байсан гэх мэссежний зураг /хх71/, Б.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх54-55/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Нэг. Шүүгдэгч Б.Д- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Б-ийн “...Ж.Б-нь миний нөхөр... 2019 оны 9 дүгээр сарын дундуур 15, 16-ны үед манай нөхөр Ж.Б-фэйсбүүк хаягаар Д- гэж залуу би ажлын хажуугаар хүнтэй нийлээд Япон улсаас машин оруулж ирж байгаа 2 харьер маркийн машин орж ирсэн гэж хэлсэн. Манай нөхөртэй утсаар яриад миний оруулж ирж байгаа машинууд дунд 2 харьер маркийн машин байгаа наашаа яг ачигдах гэж байна, ачих зардлын мөнгө хэрэгтэй байна. Монгол ороод ирэх юм бол зарагдчина шүү, урьдчилгаа 4.000.000 төгрөг өгөөд машинаа ирэхээр нь үзэж байгаад аваарай гэсэн. Би нөхөрт чат бичиж байхад нь утсаар ярьж байхад нь хамт байсан бас би хоёр ярилцаж байгаад би жаахан хаширлаад наад хүн чинь найдвартай юм уу гэхэд хамт ажиллаж байсан, эвдрээгүй гайгүй залуу байсан гэж хэлсэн. Би 4 сая төгрөг байхгүй гэж хэл гэхэд манай нөхөр 4 сая төгрөг алга гэж утсаар хэлсэн чинь тэгвэл 1.400.000 төгрөг байвал өгчих, үлдэгдэл мөнгийг нь машинаа орж ирэхээр өгнө биз гэж хэлээд Д- өөрийнхөө ...............тоот дансыг фэйсбүүкийн чатаар явуулахаар би гэртээ байж байхдаа өөрийн интернет банкаа ашиглан гар утаснаасаа 1.400.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Манай нөхөр Д- рүү залгаад мөнгийг чинь шилжүүлчихлээ манай эхнэр машин наашаа ачих гэж байгаа ямар нэгэн баримт байвал зургийг нь дараад явуул гээд байна гэж утсаар ярихад за баримтыг нь явуулна гэж хэлсэн түүнээс хойш ямар ч баримт явуулаагүй. ...хэд хоногийн дараа Говьсүмбэрийн цагдаагийн хэлтсийн нэг дарга нь хүний мөнгө өг гээд Д-д шаардсан боловч өгөхгүй юм байна. Манайхаас халагдсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх36-37/,

2. Гэрч Ж.Б-“...Би Б.Д-тэй 2016-2018 оны хооронд Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт хамт цагдаагаар ажиллаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний гар утас руу Б.Д-залгаад ...та машин тэрэг авах гэж байгаа бол надад урьдчилгаа 4 сая төгрөг өгөөд нар харьер автомашиныг ав зарах үнэ нь 12 сая төгрөг гэсэн. ...Б.Д-мөнгө шилжүүлсэнээс хойш гар утсаа авахгүй таг чиг алга болсон. Тэгтэл сар гаруй хугацаа өнгөрсөний дараа Говьсүмбэр аймагт хамт ажиллаж байсан одоо Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хэсгийн цагдаагаар ажилладаг цагдаагийн ахлагч Т.З-надруу утсаар яриад “та Б.Д- мөнгө өгчихсөн юм уу” гэж асуухаар нь тэгсэн би Д-гээс машин худалдаж авахаар тохирсон юм гэж хэлэхэд З-наад Д- чинь ажлаа таслаад ирэхгүй, хотод таниас мөнгө аваад шоудаад явж байна гэж байна шүү дээ, ямар юмаараа машин тэрэг оруулж ирэх юм. Таныг хулхидаад мөнгө авчихсан байна гэж хэлсэн. ...Тухайн үед надруу 2 харьер автомашины зураг фэйсбүүкээр явуулсан...” мэдүүлэг /хх39-40/,

3. Гэрч О.Э-“...Б- гэдэг хүнээс мөнгө авна гэж манай нөхөр ярьж байсан. Ямар учраас хэдэн төгрөг авсан талаар мэдэхгүй. Д-гийн гар утсыг аваад мессеж мэдээний үйлчилгээг нь үзэхэд 1.400.000 төгрөг орж ирээд 385.000 төгрөгийг нь банкны зээлийн төлбөрт автоматаар татагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх49/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх59-66/, шүүгдэгч Б.Д-гэрч Ж.Б-нарын харилцаж байсан гэх мэссежний зураг /хх71/, Б.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх54-55/,

4. Шүүгдэгч Б.Д-ийн хаанбанк дахь ........... дугаар дансны хуулгаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5171017194 дугаар данснаас 1.400.000 төгрөгний орлого орсон баримт /хх65/,

5. Шүүгдэгч Б.Д-болон Ж.Б-харилцаж байсан гэх мессеж /хх71/,

6. Б.Д-ийн яллагдагчаар өгсөн “...миний буруу, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх55/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Д-:

Шүүгдэгч Б.Д-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Б.Д-нь Япон улсаас автомашин оруулж ирж байгаа гэж зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч хохирогч Д.Б-ээс урьдчилгаа болгон 1.400.000 төгрөг шилжүүлэн авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Б-ийн “...Д- гэж залуу би ажлын хажуугаар хүнтэй нийлээд Япон улсаас машин оруулж ирж байгаа 2 харьер маркийн машин орж ирсэн гэж хэлсэн. ...Би 4 сая төгрөг байхгүй гэж хэл гэхэд манай нөхөр 4 сая төгрөг алга гэж утсаар хэлсэн чинь тэгвэл 1.400.000 төгрөг байвал өгчих, үлдэгдэл мөнгийг нь машинаа орж ирэхээр өгнө биз гэж хэлээд Д- өөрийнхөө ................. тоот дансыг фэйсбүүкийн чатаар явуулахаар би гэртээ байж байхдаа өөрийн интернет банкаа ашиглан гар утаснаасаа 1.400.000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Манай нөхөр Д- рүү залгаад мөнгийг чинь шилжүүлчихлээ манай эхнэр машин наашаа ачих гэж байгаа ямар нэгэн баримт байвал зургийг нь дараад явуул гээд байна гэж утсаар ярихад за баримтыг нь явуулна гэж хэлсэн түүнээс хойш ямар ч баримт явуулаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-“...Б.Д-мөнгө шилжүүлсэнээс хойш гар утсаа авахгүй таг чиг алга болсон. Тэгтэл сар гаруй хугацаа өнгөрсөний дараа Говьсүмбэр аймагт хамт ажиллаж байсан одоо Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хэсгийн цагдаагаар ажилладаг цагдаагийн ахлагч Т.З-надруу утсаар яриад “та Б.Д- мөнгө өгчихсөн юм уу” гэж асуухаар нь тэгсэн би Д-гээс машин худалдаж авахаар тохирсон юм гэж хэлэхэд З-наад Д- чинь ажлаа таслаад ирэхгүй, хотод таниас мөнгө аваад шоудаад явж байна гэж байна шүү дээ, ямар юмаараа машин тэрэг оруулж ирэх юм. Таныг хулхидаад мөнгө авчихсан байна гэж хэлсэн. ...Тухайн үед надруу 2 харьер автомашины зураг фэйсбүүкээр явуулсан ...” гэх мэдүүлэг, гэрч Т.З-, О.Э-нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн Хаанбанк дахь дансны дуулга, шүүгдэгчийн хохирогчийн нөхөртэй бичиж байсан фэйсбүүк чатны зураг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Д-нь тухайн үед автомашины худалдаа эрхэлж байсан үйл баримт тогтоогоогүй, хохирогчийг зориуд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ.  

Шүүгдэгч Б.Д-нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр хохирогчийг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч буйгаа мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзнэ.

            Иймд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Д-нь хохирогч Д.Б-т 850.000 төгрөг төлсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ээс 550.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Б-т олгуулж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 торгох ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан. 

Хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Д-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Д-нь хувийн байдлын хувьд “..........” ХХК-д авто замын туслах ажил хийж байгаа, үлдэгдэл хохирол төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээж байгаа байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ээс 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгуулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР