Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 0666

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч В.З-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.З- холбогдох эрүүгийн 1908 06055 0639 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэлийн 1-р баазад жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...............тоотод оршин суудаг, урьд нь

........................................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/      

Шүүгдэгч В.З-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн буудал” нэртэй караоке бааранд иргэн П.Ц-маргалдан, улмаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: шүүгдэгч В.З- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх52-54/, хохирогч П.Ц-мэдүүлэг /хх14-15/, гэрч С.Г-мэдүүлэг /хх18-19/, гэрч Ч.Ч-мэдүүлэг /хх34-35/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14104 дугаар шинжээчийн дүгнэлт /хх37/, В.З- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх46-49/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.З-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч П.Ц-“...2019 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19-20 цагийн үед “Дэн буудал” гэх нэртэй караоке бааранд Чинбат, Б-бид 3 архи уугаад сууж байтал гаднаас З- гэх танил залуу орж ирээд бид гуравтай нийлж суугаад зөөгчийг нь дуудад...Евок 0.75 литрийн архи авчруулсан. Тэгээд бид 4 тухайн архийг хувааж ууж байхдаа би З-д “чи өрөө өг, миний бөгж, зурагтыг өг” гэж хэлтэл З- “би тэрийг чинь өгчихнө, чи юундаа гомдоод байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн З- надад хундаганд архи хийж өгөөд “чи уучих, ууж чадахгүй бол миний өөдөөс асгачих” гэж хэлэхээр нь би уурандаа нүүр рүү нь цацчихсан чинь З- архитай шилээрээ миний толгой хэсэг буюу баруун зулай орчим 2 удаа цохисон юм. Тэр үед миний толгойноос цус гараад нойлын цаасаар цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан юм...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх14-15/,

2. Гэрч С.Г-“...тухайн үед хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн миний нөхрийн толгойнд архины шилээр цохисон гэх В.З-гэдэг хүн байсан бөгөөд эмнэлэг орох талаар ярихад тэр залуу юун сүртэй юм, 2 удаа цохисон гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх18-19/,

3. Гэрч Ч.Ч-“...П.Ц-урд өмнө нь болсон асуудлаа яриад байх шиг байсан... ярьж байснаа З-гийн нүүр рүү аягатай архи цацчихсан юм. Тэгсэн З- ширээн дээр байсан архины шилийг аваад Ц- толгойруу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь Б-бид хоёр болиулсан...” гэх мэдүүлэг /хх34-35/,

4. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14104 дугаар шинжээчийн дүгнэлтэд “П.Ц-биед баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх37/,

5. Шүүгдэгч В.З- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх52-54/,

6. В.З- яллагдагчаар өгсөн “...надтай хэрэлдээд хэрүүл өдөөд миний нүүр рүү архи цацахаар нь уурлаад ширээн дээр байсан архины шилээр толгойруу нь 1 удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх46-49/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч В.З-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

           Хэрэгт авагдсан баримтаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэн буудал” нэртэй караоке бааранд шүүгдэгч В.З-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Ц-маргалдан, нүүр рүү архи цацлаа гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

          Энэ нь хохирогчийн “...би уурандаа нүүр рүү нь цацчихсан чинь З- архитай шилээрээ миний толгой хэсэг буюу баруун зулай орчим 2 удаа цохисон юм. Тэр үед миний толгойноос цус гараад нойлын цаасаар цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч-“...П.Ц-урд өмнө нь болсон асуудлаа яриад байх шиг байсан... ярьж байснаа З-гийн нүүр рүү аягатай архи цацчихсан юм. Тэгсэн З- ширээн дээр байсан архины шилийг аваад Ц- толгойруу хоёр удаа цохисон. Тэгэхээр нь Б-бид хоёр болиулсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Г-мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч В.З- үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Ц-биед “...баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14104 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.З- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч П.Ц-нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч В.З- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч В.З- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.        

Шүүгдэгч В.З-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн шүүгдэгчийн нүүр рүү архи цацсан зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч В.З- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.З- 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР