Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 0672

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Ц.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ц.Б-холбогдох эрүүгийн 2008 01030 0891 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 57 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, .............. тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт, урьд

.........................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Ц.Б-нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .................................. тоотод оршин суух О- гэгчийн гэрт сууж байсан Ж.С-толгойн тус газарт нь таваг шидэж хагалан биед нь духны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Эргүүлийн офицерийн илтгэх хуудас /хх11/, хохирогч Ж.С-мэдүүлэг /хх30/, Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2639 дугаар дүгнэлт /хх23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх32/, гэрч Б.Б-мэдүүлэг /хх38/, Ц.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх55/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

  Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Ц.Б-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ж.С-“...2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед бүрэнхий болж байхад Эмээлтийн Давааны зөрлөг гэдэг газарт танил О- гэрт очиход согтуу 3 хүн унтаж байсан юм. О- юм яриад сууж байтал унтаж байсан эмэгтэй босч ирээд шууд таваг шидээд толгойн хэсэгт оносон. Би яаж байгаа юм бэ гэж хэлчихээд тэндээс гараад явчихсан. Миний биед учирсан энэ гэмтлийг  Б- гэдэг эмэгтэй тавгаар цохиж учруулсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл шарх эдгэрсэн...” гэх мэдүүлэг /хх30-31/,         

           2. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2639 дугаар дүгнэлтэд “Ж.С-биед духны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх23/,  

           3. Шүүгдэгч Ц.Б-мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Давааны зөрлөгт байдаг О-ын гэрт би ганцаараа очсон юм. Гэрт нь очоод хоносон. Маргааш нь О-, түүний нөхөр Д-бид нар архи уугаад сууж байтал С-орж ирснээ нөхрөө өшиглөөд сонин сонин зан гаргахаар нь би хэвтэж байгаад босч ирээд “С-битгий тэгж бай, айлд орж ирчихээд бид нар танайд орчихоод асуудал үүсгэдэг биш. Танайд орж ч үзээгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд уур хүрээд аяга аваад шидсэн чинь толгойг нь оноод жижигхэн шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх55/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод хохирогч Ж.С-толгойн тус газарт нь таваг шидэж хагалан биед нь гэмтэл учруулжээ.

Энэ нь хохирогчийн “...О- юм яриад сууж байтал унтаж байсан эмэгтэй босч ирээд шууд таваг шидээд толгойн хэсэгт оносон. Миний биед учирсан энэ гэмтлийг  Б- гэдэг эмэгтэй тавгаар цохиж учруулсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, цагдаагийн илтгэх хуудас, хохирогчийн биед гэмтэл учирсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-энэхүү үйлдлийн умлаас хохирогч Ж.С-биед “духны хуйханд шарх” бүхий зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2639 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б-хохирогч Ж.С-эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ         

            Шүүгдэгч Ц.Б-үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

            Шүүгдэгч нь өндөр насны тэтэгэвэрт байдаг, түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

            Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.           

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч  Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР