Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 16

 

                                                           Л.С-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Л.С-, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 496 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Б.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.С-од холбогдох эрүүгийн 201726020374 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л.С- нь 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд найз Ш.Цэнгэлийг “...хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхлэж 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас Л.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.С-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, Л.С- цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Л.С-оос 31.500.000 төгрөгийг гаргуулан Ш.Цэнгэлд олгож, хохирогч Ш.Цэнгэлийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хүү, өмгөөлөгчийн хөлсийг хэрэгсэхгүй болгож, Л.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Б.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдсан гомдолдоо гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан. Үүнд: “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... хорих ялаас чөлөөлж ... болно.” гэжээ. Л.С- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх явцад хохиролд 2.500.000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 31.500.000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Ш.Цэнгэл нь одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаар хүсэлтээ бичиж, нотариатаар баталгаажуулж шүүхэд ирүүлсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг болон Л.С-ын хувийн байдлыг харгалзан үзэж түүнийг хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Л.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлыг болон миний хувийн байдлыг харгалзан үзэж намайг ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Л.С-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.С- нь 2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сарын хооронд өөрийн найз Ш.Цэнгэлийг “...хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилан мэхлэж 34.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Ш.Цэнгэлийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 40 дүгээр дунд сургуулийг төгссөн бөгөөд ангийн хүүхэд С-той холбоотой байдаг байсан. Тэр 2016 оны 4 дүгээр сараас манай гэрээр орж гардаг болсон. Тухайн үед манай том хүү “Шинэ Монгол” сургуулийг төгсөж байсан ба тухайн жилийн төгсөгчдийн хонхны баярын мөнгө болох 103 хүүхдийн 27.810.000 төгрөг миний дансанд орж ирсэн байсан. Энэ талаар С- мэдсэн. Тэгээд “Манай хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа, Канад улс руу явах гэсэн чинь миний дансаар мөнгө орж гарч байх хэрэгтэй юм байна, би дансандаа байршуулж байгаад өгье” гэхээр нь би өөрийн данснаас С-ын Хаан банкны данс руу 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг, 5 дугаар сарын 28-ны өдөр 11.500.000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 9.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 6.000.000 төгрөгийг бэлнээр авч дансанд нь хийсэн... 6 дугаар сард хүүхдийн хонхны баяр эхлэх болоход С- дээрх мөнгөөр мөрийтэй тоглосон тухайгаа надад хэлсэн... тэгээд “Мөнгийг чинь удахгүй өгнө, чи аргалж бай” гээд л утсаа салгаад алга болсон... би өөрөө банк бус санхүүгийн байгууллагын ажилтан бөгөөд мөнгөө алдчихаж магадгүй гэж бодоод С-той 34.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Үүнээс тусдаа өмнө нь 3.000.000 төгрөг бэлнээр өгснөө зээлийн гэрээнд оруулж тооцоогүй ... уг 3.000.000 төгрөг нь залилуулсан гэх үйлдэлтэй хамааралгүй, би С-од өгсөн мөнгөнөөсөө 2.500.000 төгрөгийг буцааж авсан...”  /1хх-ийн 29, 31, 116-117, 2хх-ийн 91-92, 104, 148/,

- гэрч Г.Мөрөнгийн “...Би “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийг 2016 онд төгссөн. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хонхны баяр болсон. Түүнээс өмнө хонхны баяр тэмдэглэх талаар эцэг, эхийн зөвлөл хуралдаад манай ээж Цэнгэлийг зөвлөлийн даргаар сонгож, хонхны баярыг зохион байгуулж, санхүүг хариуцуулахаар шийдсэн... хонхны баяр болохоос өмнө ээжийн 10 жилийн найз С- нь өөрийн охины гадаад явах бичиг баримтад зориулж, өөрийн дансандаа түр хугацаагаар мөнгө шилжүүлэхийг гуйсан байсан. Ээж тэр тухай надад ярьсан бөгөөд удаагүй, хэдхэн хоног болгоод өгнө гэж ярьж байсан. Тэгээд ээж хонхны баярын мөнгө цуглуулахаар нээсэн данснаасаа мөнгө түр шилжүүлсэн. Ээж С- руу олон удаа ярьж мөнгөө буцааж өгөхийг гуйж байсан. С- утсаа авахгүй алга болж мессежээр хэл амаар доромжилж эхэлсэн. Үүнийх нь дараа би ээжтэйгээ хамт гэрт нь очиж уулзахад “Мөнгөө мөрийтэй тоглоод алдчихсан” гэж байсан... ээж С-оос мөнгөө авч чадаагүй. С- нь өгөх чадваргүй гэдгийг нь мэдсэн...” /1хх-ийн 33-34/,

- гэрч Б.Нямдоржийн “...Цэнгэл захиралтай автомашиныг нь жолоодоод явж байтал С- гудамжинд алхаж явж таарсан. Тэгсэн Цэнгэл захирал автомашины цонхоо онгойлгоод мөнгө өгөөч гээд орилсон... С- хүний хажууд эвгүй байдалд оруулаад гээд Цэнгэл тэр хоёр маргалдах маягтай байсан... сүүлд нь Цэнгэлээс учрыг асуутал “С-од мөнгөө өгөөд алдсан, тэр хүүхдээ гадаадад явуулах гээд дансандаа мөнгө байршуулах гэж авсан” гэж байсан...” /1хх-ийн 32/,

- гэрч Х.Тунгалагтуулын “...Манай охин Номуунзаяа шилдэг 100 их сургуулийн тэтгэлэгээр Канад улс руу суралцахаар 2016 оны 9 дүгээр сард явсан. Өөрөө л шалгалт шүүлэг өгөөд тэнцээд явсан... С-оос бэлэн мөнгө авсан, охиныхоо болон өөрийн дансанд мөнгө хийлгэсэн асуудал огт байхгүй. Канадын элчинд бичиг баримт бүрдүүлж өгөхөд үед л С- 23.000.000 төгрөгтэй дансны хуулгаа өгсөн... сүүлд Цэнгэл гэх эмэгтэй надтай уулзахад нь би С-оос ямар ч мөнгө аваагүй, чиний мөнгөнөөс би ч, хүүхдүүд ч аваагүй гэдгийг хэлсэн... элчинд төлөх мөнгийг би л төлсөн. Би хүүхдээ сургуульд сургах гэж Цэнгэлийн С-од өгсөн гэх мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй. Цэнгэлээс авсан мөнгө хүүхэд тэтгэлэгээр суралцахаар явахад ямар ч хамаагүй учраас хүүхэдтэй маань холбож шалгахгүй баймаар байна...” /1хх-ийн 119-120/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Л.С-ын гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /2хх-ийн 96-97, 108, 147/,

“Хатан Суудал инвест” банк бус санхүүгийн байгууллагын захирал Ш.Цэнгэл болон иргэн Л.С- нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ16/45 дугаартай зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 19-21/,  Л.С-ын Хаан банкны **** дугаартай, хохирогч Ш.Цэнгэлийн Хаан банкны **** дугаартай, Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх-ийн 94-100, 101-107/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.    

Дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Цэнгэлээс удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрд нь хууль сануулсан байх бөгөөд тэрээр Л.С-од өгсөн мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан, энэ нь гэрч Г.Мөрөнгийн мэдүүлэг болон холбогдох мөнгөн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх банкны дансны хуулга зэргээр давхар баталгаажсанаас гадна, шүүгдэгч Л.С- нь хохирогч Ш.Цэнгэлээс авсан мөнгөний тоо хэмжээний талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Л.С- нь өөрийн найз хохирогч Ш.Цэнгэлээс үлэмж хэмжээний мөнгийг авахдаа “...хүүхдээ гадаад улсад сургуульд явуулахад дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна, би дансандаа мөнгийг чинь байршуулж байгаад өгье...” гэж хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй бөгөөд тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө авч нь хэрэглэсэн байдал тогтоогдож байна.   

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Л.С-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс  Л.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгчийн ар гэр, найз нөхдөөс үлдэх хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэх бөгөөд хохирогч Ш.Цэнгэл нь “...шүүгдэгчээс хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, цаашид гомдол саналгүй болсон...” тухай хүсэлтээ тус шүүх хуралдаанд ирүүлсэн тул дээрх байдлыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хор уршиг арилсан гэж дүгнэх боломжтой байна.

Шүүгдэгч Л.С- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.С-ын өмгөөлөгч Б.Энхбаярын “…шүүгдэгчийг ялаас чөлөөлж  өгөхийг…” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.