Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00705

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэр

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0003 дугаар магадлалтай

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

Б.А-д холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8 422 190 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Сэлбэг хэрэгслийн үнэ 8 150 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.А-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.А-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А- нь 2015 оны 9 сард тээвэрт явмаар байна, хийх ажил байхгүй, мөнгө төгрөггүй байна, аль нэг машинаа түр хэрэглүүлээч гэж гуйсан юм. Тухайн үед ар гэрт гачигдал гарсан, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдийг ачаа тээвэрлэлтэд явуулах боломжгүй байсан учраас нэг ч гэсэн айлын амьдралыг бодож, түүний гуйлтыг зөвшөөрч би өөрийн өмчлөлийн 3770 УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг 9467 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт өгч явуулсан. Энэ үед бидний хооронд ямар нэгэн байдлаар худалдах, худалдан авах, өгөх талаар яригдаагүй, мөн би түүнд түрээслүүлээгүй юм. Ингээд Б.А- миний машиныг өөрийн хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2016 оны 12 сард машин, чиргүүлээ авъя гэхэд машины чиргүүлийг төмөрт өгье, илүү сайн чиргүүл оронд нь чамд өгье гэхээр нь зөвшөөрсөн. Түүнээс хойш удаагүй дахиад машин чиргүүл хоёроо авъя гэхэд чиргүүлийг төмөрт өгсөн хирнээ оронд нь өгөх чиргүүлээ надад өгөөгүй, мөн миний машиныг Эрээн хотын засварын газарт 10 000 юань барьцаанд тавьснаа хэлж, чиний машиныг засварлахад зарцуулсан зардал, чи өрөө төлөөд аваарай гээд миний машины түлхүүрийг өгсөн ба энэ үед бидний хооронд үл ойлголцол бий болж тэрээр намайг цагдаадаа өг гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандахад намайг өөрөө зөвшөөрч өгсөн учраас иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Би шат, шатны прокурорт гомдол гаргасан боловч иргэний харилцаа байна гэж үзсэн. Миний бие өөрийн машиныг зөвшөөрч өгсөн нь үнэн, гэхдээ түүнд сайн санаж, амьжиргаагаа түр хугацаанд залгуулж бай гэж өгснөөс биш бусдад худалдан борлуулах, барьцаанд тавих талаар зөвшөөрөл өгөөгүй болохоор түүнээс гэрээний үүрэг шаардахаар шүүхэд хандах ямар ч эрх зүйн үндэслэл үүсэхгүй гэж үзсэн байсан юм. Магадгүй яагаад хүнд машинаа үнэ төлбөргүй ашиглуулаад байгаа талаар гайхаж магадгүй. Тухайн үед гэр бүлд минь уй гашуу тохиолдож, ажлаа хэвийн хийх нөхцөл боломжгүй болсон, түүнчлэн надад энэ мэт 10-аад машин байдаг болохоор Б.А-г гуйгаад ирэхээр нь буян санаж, ар гэрээ тэжээг л гэж бодож нэг машинаа өгч явуулсан. Ингээд би Прокурорын шийдвэрийг авсан даруйд Эрээн хотод засварын газарт очиж тухайн газрыг ажиллуулж байгаа Өвөр монгол иргэнтэй уулзахад чиний машин 10 000 юанийн өрөнд байгаа, гэхдээ энэ өрнөөс чиний машинд 2700 юаньд тооцох өр, бусад өр нь Б.А- болон ахынх нь 2012 оноос хойш тавьсан өр байгаа юм, чи 2 700 юань төлөөд машинаа авч болно гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би 2 700 юань төлж машинаа авсан. Машин аваад урд салхины шил хагарсан, ашиглах боломжгүй байсныг Замын-Үүдэд авчирч Вендо компанид үзүүлж шил солих болон эд анги засварлах зардлыг гаргуулсан. Б.А- надаас худалдан авах талаар ярилцсан, тохиролцсон гэж цагдаагийн байгууллагад эхнэрийн хамт тайлбар гаргасан байдаг юм. Гэтэл тухайн үед бидний хооронд огт тийм яриа, тохиролцоо болоогүй, хэрэв ярьсан гэж байгаа бол 2015 оны 9 сараас 2016 оны 12 сар дуустал надад нэг ч төгрөг өгөөгүй, мөн миний машинд засвар үйлчилгээ хийсэн гэж байгаа бол тэрээр өөрөө унаж, хэрэглэж, орлого олж байх явцдаа эвдрэл гэмтэл учруулж түүнийгээ засварлуулсан. Үүнийхээ хариуцлагыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд өөрийн өмчлөлийн 3770 УНС улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газрын барьцаанаас суллаж авахад зарцуулсан 2 700 юань буюу 944 190 төгрөг, машины урд салхины шил 280 000 төгрөг, урд салхины шилний дээд гадна нарны хаалт 120 000 төгрөг, эд анги солих зардалд 50 000 төгрөг, Вендо ХХК-иар үнэлгээ гаргуулахад зарцуулсан 28000 төгрөг, Б.А-гийн төмөрт өгч мөнгийг нь өөрөө хэрэглэсэн 9467 БЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 7 000 000 төгрөг, нийт 8 422 190 төгрөгийг Б.А-гаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Миний бие 3770 УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг 9467 БЧ улсын дугаартай чиргүүл зэргийг бусдад 2016.12.25-наас эхлэн түрээслүүлэх талаар гэрээ байгуулсан байсан боловч Б.А-гийн үйлдлээс болж энэ гэрээгээр хохирч байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс 3770 улсын дугаартай автомашин авсан нь үнэн. Би машиныг аваад урагшаа гарахад Ч.Б- чи чиргүүлээ солиод зүүчих, миний чиргүүл богинохон учраас ачаа бараа ачих нөхцөл байхгүй гологдоод байдаг. Наад жижиг чиргүүлээ урагшаа төмөрт өгөөд машинаа янзалчих гэж хэлсэн юм. Тэгээд гэрч Сугарбаттай хамт Эрээн гарч засварын газрын Хятад хүн дээр очиж 5000 юаниар зарж, 4800 юаниар машинд нь апуртур тавьсан байгаа. Тэгээд машиныг нь хэрэглэж эхэлсэн. 2016 оны 12 дугаар сард машиныг чинь найз нь засаж сайжруулсан надад зарчих би 5 сард мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд 1 сарын үед тэг тэг гэж байгаад машин үнэтэй болоод ирэхээр Ч.Б эргүүлээд машинаа буцааж авсан. Эрээнд би өөрийнхөө зүүж явсан чиргүүлээ хүнд зарчихаад Ч.Б-гийн урт эвдэрхий чиргүүлийг Эрээнд очиж хятадад очоод машины явах эд ангиудыг янзлуулсан юм. Нэг өдөр Ч.Б- ирээд машинаа авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд засварын газарт байгаа очоод авчих гэж түлхүүрийг нь өгсөн юм. Урьд өмнө тэр Хятад хүнээр машинаа янзлуулж байсан болохоор 10000 юанийн засварын хөлс гарсан байсан юм. Тэр мөнгийг төлөх бодолтой байсан. Сүүлд эвдэрхий чиргүүлийг янзлуулахад гарсан зардал нь 2700 юанийг би мэдээгүй. Өөрөө тэрийгээ төлсөн байгаа гэв.

Хариуцагч Б.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Б- нь надаас 2016 оны 01 сард ставр маркийн авто машины 2532 маркийн моторыг 5 950 000 төгрөгөөр худалдаж аваад одоог хүртэл төлбөрийг нь төлөөгүй, мөн 9 ширхэг 12-ын хэмжээтэй том тэрэгний дугуйг 2 200 000 төгрөгөөр бодож аваад тус тус төлбөрийг нь төлөөгүй байгаа тул түүнийгээ нэхэмжилж байна. Иймд Ч.Б-гээс нийт 8 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь

1. Би Б.А-гаас 2016.01 сард ямар ч мотор аваагүй. Харин 2015 оны 9 сард БНХАУ-ын Эрээн хотод төмөрт 1700 юаниар өгөх гэж байсан Ставр маркийн машины турбин, астачир зэрэг эд ангигүй, кольцо муутай моторыг нь засаж сэлбээд авъя гэж бодож 1 000 000 төгрөгт үнэлэн авч, 1 000 000 төгрөг бэлнээр нь өгсөн. 

2. Би ямар нэг байдлаар Б.А-гаас дугуй зээлээр худалдан авч байгаагүй. Намайг өөрөөс нь хэдэн оны, хэдэн сард, ямар загварын дугуйг хэзээ мөнгийг нь өгнө гэж авсан гэж нэхэмжлээд байгааг огт ойлгохгүй байна. Энэ хүн эд хөрөнгийг минь завшиж, үгүй хийчхээд одоо миний хохирлыг барагдуулахгүй гэсэн арга сэдэж л ийм нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгогдохоор байна. Эхнэр нь жирэмсэн, өөрөө орлого, эх үүсвэргүй, ах дүү нар нь амьдралыг нь дэмжихгүй, туслахгүй байхад би л тусалж байсан. Би Б.А-д 1 жил 3 сарын хугацаанд машинаа хэрэглүүлж ашиглуулчипүүгршхаад машинаа ашиглуулсны хөлс болон машинаа барьцаанаас аваад зөндөө засвар үйлчилгээ хийлгэсний төлбөр гээд нэхэмжлээгүй орхисон зүйлүүд байгаа, түүнчлэн уг машиныг Б.А-гаас аваад нүүрсэнд явуулахаар бусадтай гэрээ байгуулчхаад, хариуцагчийн үйлдлийн улмаас явуулж чадаагүй, олох байсан орлогоо алдсан гээд хохирсон асуудал ч байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорноговь аймгийн замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гаас 478 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 944 190 төгрөгийг, хариуцагч Б.А-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гаас 14 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0003 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаас “...497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1...” гэснийг хасч, заалтад “...342 дугаар зүйлийн 342.2...” гэсний дараа “227 дугаар зүйлийн 227.4” гэж нэмж, заалтын “...478000...” гэснийг “3170690” гэж, “...7944190...” гэснийг “5251500” гэж тус тус өөрчилж,

2 дугаар заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж өөрчилж, “56.2” гэсний дараа “60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж, “...14990...” гэснийг “65681” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142057 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0003 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ч.Б- нь Б.А-д 3770 УНС улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг үнэ төлбөргүй түрээслүүлэхээр хүлээлгэж өгсөн, харин 3770 УНС улсын дугаартай Норд бенз маркийн автомашин нь эвдрэлтэй байсан учир уг машинд 9467 БЧ дугаартай 11 метрийн урттай чиргүүлийг зарж үйлчилгээ хийгээд машиныг ашигла гэж Ч.Б-гийн зөвшөөрлөөр түүний итгэмжлэгдсэн жолооч болох Сугарбаттай хамт БНХАУ-ын Эрээн хотод гарч зарсан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс анх 2015 оны 09 дүгээр сард машинаа өгсөн харин чиргүүлийг миний чиргүүл богино учир ачаа ачих боломжгүй тиймээс зарж машиндаа үйлчилгээ хийж бүрэн бүтэн болгоод ашигла гэдэг зөвшөөрлийг өгснийг гэрч Сугарбатын мэдүүлгээр тогтоогдож байгаа энэ нь анхнаасаа 9467 БЧ чиргүүлийг Б.А-д хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2-т зааснаар хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр зарж эд хөрөнгийг засан сайжруулсан байна. Мөн тус хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.3-т зааснаар 3770 УНС дугаартай автомашиныг хөлслүүлэгчид эргүүлэн өгөхдөө 8 150 000 төгрөгийн засвар үйлчилгээг нэмж хийсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас 2 700 юань буюу 944 190 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд тус 2 700 юань нэхэмжлэгч Ч.Б-гийн өөрийнх нь тусдаа чиргүүлийг 2016 оны 12 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотын засварын газарт Ч.Б-гийн даалгавраар аваачиж өгч янзлуулсан өөр чиргүүлийн засварын хөлс тул үүнийг Б.А- төлөх ямар нэгэн үндэслэлгүй юм. Учир нь уг чиргүүлийг Б.А-д ашиглуулаагүй тус чиргүүл дээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй үүнээс Б.А- ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул сүүлд янзлуулсан чиргүүлийн засварын төлбөрийг төлөх үндэслэлгүй юм.

Иймд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0003 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 137/ШШ2017/00294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б- нь өөрийн эзэмшлийн 3770 УНС дугаартай Норд бенз маркийн автомашиныг 9467 БЧ дугаартай чиргүүлийн хамт Б.А-д үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр 2015 оны 09 дүгээр сард шилжүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сард уг автомашиныг БНХАУ-ын Эрээн хотын засварын газар барьцаалагдсан байсныг 2700 юань төлж аваад, автомашины урд салхины шил хагарсан, ашиглах боломжгүй байсан эвдрэлийг 478 000 төгрөгөөр засуулж, чиргүүлээ буцааж аваагүй үндэслэлээр чиргүүлээ 7 000 000 төгрөгөөр үнэлж, нийт 8 422 190 төгрөгийг хариуцагчаас шаардсан байна.

Хариуцагч Б.А- нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...чиргүүлийг зарж, автомашинд засвар хийлгүүлсэн, автомашин нь засварын үлдэгдэл төлбөрт барьцаалагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаас салхины шилний засвартай холбогдох 478 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрнө, бусдыг нь зөвшөөрөхгүй...” гэж маргасан бөгөөд тус машинд тавьсан сэлбэг хэрэгслийн үнэд 8 150 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.д заасан эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.-д “нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зохицуулсан тул нэхэмжлэгч Б.А- бусдад шилжүүлсэн хөрөнгөө бүрэн бүтэн буцааж аваагүй үндэслэлээр өөрт учирсан хохирлоо шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал: нэхэмжлэгч нь Б.А-д ашиглуулахаар өгсөн автомашинаа БНХАУ-ын Эрээн хотод байрлах засварын газарт барьцаалагдсан байсныг 2700 юань төлж авсан нь баримтаар тогтоогдсон тул дээрх төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4.-т заасан нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөн хариуцагч Б.А- нь авточиргүүлийг зарж, автомашинд засвар үйлчилгээ хийлүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй бөгөөд анх чиргүүлийг хүлээн авсан талаар маргаагүй, Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1.-д зааснаар шилжүүлэн авсан хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд түүнийг биетээр буцаан өгөх боломжгүй тул хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үнээр үнэлж, мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1., 342 дугаар зүйлийн 342.2., 227 дугаар зүйлийн 227.4. дэх заалтад нийцсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.2.1., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хариуцагч Б.А-г сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг нэхэмжлэгч хариуцахгүй, талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдоогүй  гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 202/МА2018/0003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.А-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 033 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД