Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 0695

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Д.Л-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л- холбогдох эрүүгийн 2008 01025 0510 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аграномич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух, урьд:

 

....................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Л-нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод унтмаар байна гэж уурлан, агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Э-баруун гарын бугуйг нь дарж цохин зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Э- мэдүүлэг /хх7, 10-11/, гэрч Ц.Б-мэдүүлэг /хх12/, гэрч Р.А-мэдүүлэг /хх23/, Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2669 дугаар дүгнэлт /хх29-30/ болон хохирогч, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Д.Л- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Э- “...Д.Л-буйдан дээр сууж байгаад “би унтмаар байна та хоёр юугаа яриад байгаа юм” гээд агсам тавиад байхаар нь би Л-ын өмнө нь очоод “чи одоо унт л даа” гэж хэлээд Л-аас барих гэсэн чинь миний баруун гарыг барьж аваад миний бугуйг доош дарсан. Тэгээд Л- миний баруун талын хавирганд 1 удаа өшиглөөд авсан...Би Д.Л-ай хамт амьдраад 4 жил болж байна. ...Л-аас эмчилгээний зардал мөнгө болгож 400.000 төгрөг гаргуулж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх7, 10-11/,

2. Гэрч Ц.Б-“...ээжийн хамтран амьдрагч нь 19 цагийн үед согтуу ирсэн байсан ба намайг гэрээс нь усны сав авах гэж 22 цагийн орчим ороход ээжтэй маргалдаад ээжийн баруун гарыг мушгиж газар унагаад баруун гаран дээр нь гараараа цохиж байсан, тэгээд намайг хараад ээжийг тавьсан. ...Би ээжийгээ гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн ба баруун гарын бүдүүн шуумаг нь хугарсан гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх12/,

3. Гэрч Р.А-“...Би Л- ахыг манай ээжийг зодож байхыг харж байгаагүй. Өмнө нь манай ээж Д.Л-д зодуулсан ч гэсэн надаас нуугаад хэлдэггүй байсан. Д.Л-ах ээжийг цохиж зодсон талаар би сүүлийн үед сонсох болсон...” гэх мэдүүлэг /хх23/

4. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2669 дугаар дүгнэлтэд “...Б.Э- биед баруун шуу ясны дистал булуу метафиз хэсгээр зөрөөтэй хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх29-30/

5. Цагдаагийн АСАП сангийн лавлагаанд “2017 оны 12 дугаар сарын 28-нд, ................. тоотод Б.Э-Д.Л-нь зодсон гэх” зөрчил бүртгэгджээ.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Д.Л-, хохирогч Б.Э- нар нь 2016 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Л-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ........... тоотод унтмаар байна гэж уурлан, агсам тавьж хохирогч Б.Э-баруун гарын бугуйг нь дарж, гаран дээр нь цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

 

Энэ нь хохирогчийн “...миний баруун гарыг барьж аваад миний бугуйг доош дарсан. Тэгээд Л- миний баруун талын хавирганд 1 удаа өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-“...22 цагийн орчим ороход ээжтэй маргалдаад ээжийн баруун гарыг мушгиж газар унагаад баруун гаран дээр нь гараараа цохиж байсан, тэгээд намайг хараад ээжийг тавьсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...хохирогчийг хөлөөрөө өшиглөн түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчид хор уршигийг хүсч учруулсан байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  “...баруун шуу ясны дистал булуу метафиз хэсгээр зөрөөтэй хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэнгийн хугарал...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2669 дугаар шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн дүгнэлтэд гэмтлийг мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл гэж тодорхойлсон буюу шүүгдэгчийн хүчний үйлчлэлээр хохирогчийн гар гэмтсэн гэж дүгнэлээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

 

Мөн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчийг урьд нь зодож байсан буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан нь Цагдаагийн АСАП сангийн лавлагаа болон гэрч Р.А-“...Өмнө нь манай ээж Д.Л-д зодуулсан ч гэсэн надаас нуугаад хэлдэггүй байсан. Д.Л-ах ээжийг цохиж зодсон талаар би сүүлийн үед сонсох болсон...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг хохиролд төлсөн, хохирогч Б.Э- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Л- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.                                                                                          

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.800 нэгж буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгуулийг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч Д.Л-нь хохирол нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх ялын сонголтод төрөл болох торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж, дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д. Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Л- 2.700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая, долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР