| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0661/Э |
| Дугаар | 0704 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0704
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч П.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б- холбогдох эрүүгийн 2008 00000 0821 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 08 сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, .................. тоотод оршин суух, урьд нь:
........................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б-нь 2020 оны 04 сарын 26-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................. тоот хашаанд иргэн Э.Х-хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаан улмаар биерүү нь өшиглөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн цуурал, хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний сулрал, хамрын нурууны шарх, зүүн зовхи, дээд уруулын дотор салстын цус хуралт, алимны цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Э.Х- мэдүүлэг /хх27/, гэрч Х.П-мэдүүлэг /хх4-5/, гэрч Г.М-мэдүүлэг /хх8-9/, шүүх эмнэлэгийн шинжээчийн 5066 дугаар дүгнэлт /хх17-19/, П.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх63/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч П.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Э.Х- “...М-, Г- бид нар 2020 оны 04 сарын 25-ны өдрийн 18 цагийн үед дахиад 0.75 литрийн эдэн нэртэй архи хувааж уусан. Бид шөнийн 02 цаг хүртэл юм ярьж сууцгааж байгаад М- “маргааш ажилтай, найз нь явлаа” гээд гэрээс гарсан. Удалгүй надруу танихгүй дугаар залгаад “ална, хядна” гээд орилоод байсан. Би тухайн үед яг юу ярьснаа сайн санахгүй байна. Хэвтэж байтал М- ганцаараа буцаад ороод ирсэн. 5 минут сууж байгаад “найз ирж авч байгаа гаргаад өгчих” гэж хэлээд гараад явчихсан. Би араас нь босож гаргаж өгөх санаатай хашааны хаалганд дөхөхөд өөдөөс танихгүй залуу үгийн зөрүүгүй нүүр рүү гараараа цохиж унагаагаад, унасан хойно дээрээс хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Сүүлд Б-гэгчтэй уулзахад “чи намайг доромжилсон болохоор чинь намайг зодсон” гэж хэлсэн. Тэр залуу “энэ эхний сануулга шүү, зодуулсан биеэ би хэдээр үнэлэх юм” гэж хэлээд гарсан. М-найз залуу гэх Б-намайг гар хөлөөрөө олон удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх27/,
2. Гэрч Х.П-“...2020 оны 04 сарын 26-ны өглөө 10 цагийн үед өөрийн төрсөн хүү Х- гар утас руу залгахад хүү маань утсаа аваад “хүнд зодуулчихлаа, босож чадахгүй, Г- хэвтэж байна" гэж хэлэхээр нь би Г- гэрлүү очсон. Тэгэхэд хүү маань Г- гэрийн зүүн орон дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Нүүр нь зулгарчихсан байсан. Би юу болсон талаар хүүгээсээ асуухад М-, Г- нар архи уусан, архи дуусаад М- гэх эмэгтэй гараад явсан, гараад явсны хойно миний хүүгийн утасруу танихгүй дугаар залгаад “чамайг ална” гээд хэрүүл болсон гэж хэлсэн. “30-40 минутын дараа Мөнх-Эрдэнийг хашааны үүдэнд гаргаж өгөхөд хашааны үүдэнд танихгүй эрэгтэй хүн зодчихлоо” гэж надад хүү маань хэлсэн. Миний хүүг М- гэх бүсгүйн найз эрэгтэй нь зодчихсон...” гэх мэдүүлэг /хх4-5/,
3. Гэрч Г.М-“...би найз залуу болох Б-утсаар дуудсан. Б-удалгүй залгаад “Нарангийн голын энд ирчихлээ” гэж хэлэхээр нь би “чи өөр тийшээ явсан байна, Их нарангийн эцэс дээр” гэж хэлэхэд бид хоёрын ярьж байсныг Х- сонсоод “наад нэг орк пизда чинь хаяг мэддэггүй юм уу” гэж хэлснийг манай найз залуу Б-сонсоод уурласан. Б-“хашааны гадаа ирчихлээ” гэж залгахаар нь би гэрээс гараад хашааны гадаа байсан Баатарцогтын машинд суусан, манай найз залуу зөрөөд шууд буугаад хашааруу орсон. Тэгтэл Г- миний утасруу залгаад “чи ямар хүн авчраад Х-ыг зодуулчихваа” гэж хэлэхээр нь би гэр рүү ортол Х- гэрийн зүүн талын орон дээр дээшээ харчихсан нүүр, ам нь бага зэргийн цус болсон, хамар нь зулгарсан байсан. Би зүгээр үү гэж асуухад “нуруу өвдөөд байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх8-9/,
4. Шүүх эмнэлэгийн шинжээчийн 5066 тоот дүгнэлтэд “...Э.Х- биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн цуурал, хамар ясны хугарал, зүүн дээд 1-4-р шүдний сулрал, хамрын нурууны шарх, зүүн зовхи, дээд уруулын дотор салстын цус хуралт, алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн цуурал, хамар ясны хугарал, зүүн дээд 1-4-р шүдний сулрал, хамрын нурууны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, алимны цус харвалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулын дотор салстын цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх18/,
5. Шүүгдэгч П.Б-яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад манай найз М- надруу залгаад “намайг ирээд аваач, Их наранд байна” гэснийг нь би Нарангийн голд байна гэж ойлгоод шөнө нарангийн гол хавьцаа явж байгаад “яг хаана юм бэ” гэж хэлээд М- рүү залгатал утасны цаанаас “наадах чинь хот мэддэггүй орк юмуу, Их наран гээд байхад чинь” гэж хэлээд доромжлоод байсан. Би тэгээд буцаж яваад Их наран хавьцаа очоод М- рүү залгаад “гараад ир” гэж хэлээд цаана нь ярьж байсан хүнтэй нь би утасны цаанаас маргасан. Тухайн залуу намайг элдвээр доромжлоод бэлэг эрхтнээр дуудаад доромжлоод байсан. Би тэр хэдийн байж байсан гэх айлын хашааруу нь хартал намайг доромжлоод байсан залуу хашааныхаа хаалгыг хаах гээд гарч ирэхээр нь “чи баригдахгүй олон юм хуцаад байгаан” гэж хэлээд би заамдсан. Миний өөдөөс мөн заамдсан. Би тэр залууг нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон. Нүүрээ дараад газарт унахаар нь дээрээс нь нуруунд нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд цамцнаас нь татаж босгож ирээд нүүр рүү нь 1 удаа цохисон. Тухайн залуу тэр үед нохойн үүр налаад суусан...” гэх мэдүүлэг /хх63/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Б-нь 2020 оны 04 сарын 26-ны шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................... тоот хашаанд хохирогч Э.Х-хэл амаар доромжиллоо гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж унагаан, улмаар биерүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хохирогчийн “...Би араас нь босож гаргаж өгөх санаатай хашааны хаалганд дөхөхөд өөдөөс танихгүй залуу үгийн зөрүүгүй нүүр рүү гараараа цохиж унагаагаад, унасан хойно дээрээс хөлөөрөө олон удаа өшиглөсөн. Сүүлд Б-гэгчтэй уулзахад “чи намайг доромжилсон болохоор чинь намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.М-“...би гэрээс гараад хашааны гадаа байсан Баатарцогтын машинд суусан, манай найз залуу зөрөөд шууд буугаад хашааруу орсон. Тэгтэл Г- миний утасруу залгаад “чи ямар хүн авчраад Х-ыг зодуулчихваа...” гэж хэлэхээр нь би гэр рүү ортол Х- гэрийн зүүн талын орон дээр дээшээ харчихсан нүүр, ам нь бага зэргийн цус болсон, хамар нь зулгарсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б-дээрх үйлдлийн улмаас хохирогч Э.Х- эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 5066 тоот дүгнэлтэд “...Э.Х- биед бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн цуурал, хамар ясны хугарал, зүүн дээд 1-4-р шүдний сулрал, хамрын нурууны шарх, зүүн зовхи, дээд уруулын дотор салстын цус хуралт, алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн бүсэлхийн 2-р нугалмын баруун хөндлөн сэртэн гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бүсэлхийн 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн цуурал, хамар ясны хугарал, зүүн дээд 1-4-р шүдний сулрал, хамрын нурууны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, алимны цус харвалт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулын дотор салстын цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрүүл мэндэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хор уршигийг зориуд хүсч учруулсан нь үйл баримтаар тогтоогдлоо.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 1.400.000 төгрөгний хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч П.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу шүүгдэгч П.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П. Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б- 1.000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР