Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0722

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо /ШТЭД-2287/,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ШТЭД-0070/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2003 00000 0174 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            .......................................

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 7 дугаар хороо Далан 1 дүгээр гудамжинд “Тоёота Приус-10” маркийн ..... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 3.6-т “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: /давхцахгүй байдлаар/ Хохирогч М.Б-ийн мэдүүлэг /хх17-18/, иргэний нэхэмжлэгч Т.Л-мэдүүлэг /хх22-23/, С.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх78/, техникийн шинжээчийн 258 дугаартаай дүгнэлт /хх97/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-13/, “Хас үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх26-32/, “Виннер Вэй” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан /хх59-61/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4832 дугаартай дүгнэлт /хх43-44/, шүүгдэгч С.Б-гийн цагдаагийн байгууллагын торгуулийн лавлагаа /48-55/, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх57, 58, 66/, талуудаас хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр болон хохирлын талаар эвлэрсэн баримтууд, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Шүүгдэгч С.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-12/,

2. Хохирогч М.Б-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн үед би гэрээсээ гараад урд байдаг дэлгүүр рүү халуун сав өгөхөөр явж байсан. ...осол болсон гудамжаар зүүн талаар нь урд зүгрүү ганцаараа явж байтал гэнэт араас машин ирээд мөргөсөн... би тэр өдрөөс хойш одоог хүртэл эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд тархины хагалгаанд орсон, маргааш хөлний хагалгаанд орно...” гэх мэдүүлэг /хх17-18/,

3. Иргэний нэхэмжлэгч Т.Л-“...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 40 минутын үед намайг гадуур явж байхад манай хашааг машин мөргөн хашаан дотор орж өвлийн байшингийн булан болон амбаарыг мөргөж, зогссон байсан. Би үнэлгээ хийлгэсэн нийт 565.780 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх20/,

4. “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар ................ автомашин мөргөсний улмаас учирсан зардлын хэмжээ 523.780 төгрөг, үнэлгээний хөлс 42.000 төлсөн нийт 565.780 төгрөг” гэсэн дүгнэлт /хх26-34/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4832 дугаартай “...М Б-биед дагз яс, хоёр нүдний ухархайн дээд хана, суурийн бага далавч ясны шугаман хугарал, 2 тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, шулуун синус, дөрөвдүгээр ховдолд цус харвалт, баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх43-44/,

6. "Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны 34090 дугаартай шинжээчийн “...Уг автомашины урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү хэвийн бум ажиллагаатай, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ их, гэрлийн хол, ойрын тусгалын эрчим зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. ...Урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй хойд тэнхлэгийн дугуйн тоормос ажиллахгүй зэрэг гэмтэл нь ашиглалтын үед үүссэн байх ба тухайн автомашины хурдаас хамаарч осол хэрэгт нөлөөлөх боломжтой...” гэх дүгнэлт /хх88/,

7. Техникийн шинжээчийн 258 дуаартай “.......УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 3.6-т “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хх97/,

            8. Шүүгдэгч С.Б-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цаг 00 минутын орчим би уг Тоёота приус-10 маркийн ....УБҮ улсын дугаартай автомашинтай ганцаараа ээжийгээ тосох гээд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны арын гэр хорооллын дундуур явдаг шороон замаар хойноосоо урагшаагаа явж байгаад нэг гудамжаар баруун гар тийш эргэтэл 2 явган зорчигч явж байсан ба би тэр хоёрыг хараад шууд зүүн гар тийшээгээ дараад эсрэг урсгалд орсон. Гэтэл эсрэг урсгалд нэг эмэгтэй явж байсан... тэр эмэгтэйг машиныхаа жолооч тал хэсгээрээ мөргөөд цаашаагаа яваад айлын хашааг мөргөж ороод уг хашаан дотор байсан өвлийн байшинг мөргөөд зогссон...би шууд өөрийнхөө ......... дугаарын утсаар цагдаа болон эмнэлэг дуудлага өгсөн...Анхаарал болгоомжгүй явсан нь миний буруу...” гэх мэдүүлэг /хх79/,

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 18.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 7 дугаар хороо Далан 1 дүгээр гудамжинд “Тоёота Приус-10” маркийн ....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч М.Б-ийг мөргөж, улмаар иргэний нэхэмжлэгч Т.Л-хашааг мөргөн орж, өвлийн байшинг мөргөн зогсжээ.

 

            Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Б-ийн “...осол болсон гудамжаар зүүн талаар нь урд зүгрүү ганцаараа явж байтал гэнэт араас машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Л-“...манай хашааг машин мөргөн хашаан дотор орж өвлийн байшингийн булан болон амбаарыг мөргөж, зогссон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...гэр хорооллын дундуур явдаг шороон замаар хойноосоо урагшаагаа явж байгаад нэг гудамжаар баруун гар тийш эргэтэл 2 явган зорчигч явж байсан ба би тэр хоёрыг хараад шууд зүүн гар тийшээгээ дараад эсрэг урсгалд орсон. Гэтэл эсрэг урсгалд нэг эмэгтэй явж байсан... тэр эмэгтэйг машиныхаа жолооч тал хэсгээрээ мөргөөд цаашаагаа яваад айлын хашааг мөргөж ороод уг хашаан дотор байсан өвлийн байшинг мөргөөд зогссон...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

           

            Зам тээврийн ослын шалтгаан нөцлийг тодорхойлох зорилгоор тусгай мэдлэгийн хүрээнд Тээврийн цагдаагийн газрын мөрдөгч шинжээчийн дүгнэлт байх бөгөөд тус дүгнэлтэд “Тоёота Приус-10” маркийн ....УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 3.6-т “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй  гэж  тодорхойлжээ.

 

            Шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоон, шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөнг үндэслэл бүхий дүгнэсэн нь байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

           

            Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.

           

            Ослын улмаас явган зорчигч хохирогч М.Б-ийн биед “...дагз яс, хоёр нүдний ухархайн дээд хана, суурийн бага далавч ясны шугаман хугарал, 2 тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, шулуун синус, дөрөвдүгээр ховдолд цус харвалт, баруун шагайн гадна, дотор хавчаар ясны далд зөрөөтэй хугарал гэмтэл...” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4832 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Мөн иргэний нэхэмжлэгч Т.Л-эд хөрөнгө болох “...Сонгинохайрхан дүүргийн ............. учирсан зардлын хэмжээ 523.780 төгрөг, үнэлгээний хөлс 42.000 төлсөн нийт 565.780 төгрөг...” хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК үнэлгээний байгууллагын дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдлоо.

 

            Дээр дурдсанаар шүүгдэгч С.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлэлгүй Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин, ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байсан нь зам тээврийн осол гаргахад нөлөөлөн хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

 Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.915.140 төгрөг төлсөн, хохирогч нь шүүх хуралдаанд 1.081.512 төгрөгний хохирол баримтаар нэхэмжилсэнээс 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн үлдэгдэл 81.512 төгрөг байгаа тухай хохирогч, шүүгдэгч нар хуралдаанд гаргасан мэдүүлэг, өмгөөлөгч нарын тайлбараар тооцоо нийлж байгаа гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч С.Б- нь хохирогч М.Б-ийн ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан 10 сарын хугацаанд сар бүр 500.000 төгрөг төлөхөөр эвлэрэн хэлэлцжээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч болон хохирогч нь хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой цалин хөлсний талаар тохиролцсоныг шүүхээс хүлээн авах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-гаас 5.081.512 төгрөг гаргуулж хохирогч М.Б-т олгуулж шийдвэрлэв. Шүүх шийдвэр гаргаж шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо дээр дурдсан шүүгдэгч, хохирогч нарын тохиролцооны үнийн дүнг 5.000.000 төгрөгөөр тооцохыг 10.000.000 төгрөгөөр тооцон буруу уншсанг залруулж байгааг дурдаж байна.

 

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас  учирсан гэм хортой холбоотой буюу цаашид гарах эмчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Т.Л-563.780 төгрөгийг хохиролд төлсөн нь иргэний нэхэмжлэгчийн мөнгө хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт үйлдсэн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтуудад  зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

 

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн хор уршигийг арилгуулах, хохирол төлүүлэх үүднээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтэндээ шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн мөн цаашид гарах хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүний холбогдсон гэмт хэргийн ангилалын хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлт, санал гаргасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, яаралтай түргэн тусламж дуудсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...бусад туслалцаа үзүүлсэн...” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлсөн, цаашид хохирогчид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

           

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б-гийн  В ангиллын .........дугаарын жолооний үнэмлэх 1 ширхгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-гаас 5.081.512 төгрөг гаргуулж хохирогч М.Б-т олгуулан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний ....... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР