| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0713/Э |
| Дугаар | 0732 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 0732
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч С.А-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А- холбогдох эрүүгийн 2003 00269 0175 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, 3, 4 дүгээр хорооллын “...” төвд худалдагч ажилтай, ам бүл 6, эмээ, ээж, 2 дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
........................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А-нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын баруун талын замд “Тоёота Приус” маркийн ........... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4 дэх заалтын “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.О-мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-11/, хохирогч Н.О- мэдүүлэг /хх16/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4093 дугаартай дүгнэлт /хх32-33/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт /хх39-42/, шүүгдэгч С.А- иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх21, 22, 23/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч С.А- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх4-11/
2. Хохирогч Н.О- “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 20 минут орчим Содон хорооллын баруун талд байрлах авто замаар явган хүний гарцаар... зам хөндлөн гарч байхад миний баруун талаас Тоёота приус-20 маркийн машин ирээд мөргөсөн. Тэгээд машины жолооч жаахан өнгөрч зогсоод машинаасаа бууж ирсэн. Би тэгэхэд нь хөлөө бариад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх16-17/,
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4093 дугаартай “...Н.О- биед баруун шагай ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгцэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх32/,
4. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...Тоёота маркийн Приүс загварын .... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд талын гэрлийн тусгалын хүч, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5600cd, хол дээрээ 6200cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500cd, хол дээрээ 8700cd /стандарт 10000-225000cd/ стандартын шаардлага хангахгүй байна... Тээврийн хэрэгслийн урд гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь нөлөөлөх бол жолоочийн үзэгдэх орчин багасгах байдлаар нөлөөлж болно...” гэсэн дүгнэлт /хх39-42/,
5. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...Жолооч С.А-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” 4 дүгээр хавсралт “...Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, мөн хавсралтын 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч Н.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн магадлагаа /хх45/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч С.А-
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьнаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбараас шүүгдэгч С.А-нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын баруун талын замд “Тоёота Приус” маркийн ...... УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч хохирогч Н.О-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэхүү ослын улмаас хохирогч Н.О- эрүүл мэндэд “...баруун шагай ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 4093 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 43 дугаартай болон улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтээр шүүгдэгч С.А-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 4 дүгээр хавсралт “...Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно, мөн хавсралтын 5.1 Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй...” гэснийг зөрчсөн, дүрмийн заалтыг биелүүлж, анхаарал болгоомжтой зорчоогүйн улмаас осол гаргажээ.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Иймд шүүгдэгч С.А-нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1.105.000 төгрөг хүлээн авсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч С.А-нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.А-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлсөн, холбогдсон хэргийн хувьд хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдаж, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С. А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Н.О- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдадөлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР