Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 207

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р баг, Жавартын 239 тоотод оршин суух, НП76072561 регистрийн дугаартай, Харгана овогт Болдбаатарын Батдуламын хүсэлттэй “охин Мишээл, хүү Мөнх-Оргил нарыг бусдын асрамжинд байсныг тогтоолгох, мөн Тунгалагболдтой хамтын амьдаралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Тунгалагболдтой 2014 онд танилцаад 2014 оны 12 сарын 01-нд хамтран амьдарч эхэлсэн. 2015 оны 10 сарын 11-нд анхны хүүгээ төрүүлсэн. 2016 оны 12 сарын 09-нд охиноо төрүүлсэн. Нөхөр Тунгалагболд нь элэгний өвчнөөр удаан хугацаанд өвчилж байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй нөхөр маань 2016 оны 12 сарын 12-нд өвчний учир нас барсан. Хүү Мөнх-Оргил нь аавынхаа нэр дээр овоглосон. Охиноо өөрийнхөө нэрээр овоглон гэрчилгээг авсан. Бид гэрлэлтээ батлуулж чадаагүй учир хүүхдүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авч чадахгүй байна. Иймээс охин Мишээл, хүү Мөнх-Оргил нарыг 2015 оны 10 сарын 11-нээс 2016 оны 12 сарын 12-ныг хүртэл талийгаач Тунгалагболдын асрамжинд байсныг тогтоож өгнө үү. Мөн талийгаач Тунгалагболд бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний охин Батдулам нь 2014 оны 10 сард Тунгалагболдтой танилцан манайд амьдарч байгаад 2015 оны 11 сард тусдаа гэр барьж гарсан юм. Талийгаач Тунгалагболд, Батдулам хоёр нь 2015 оны 10 сарын 11-нд хүүгээ төрүүлж эцгээр нь овоглон гэрчилгээг нь авсан. 2016 оны 12 сарын 09-нд охин Мишээлээ төрүүлсэн боловч эцэг нь 2016 оны 12 сарын 12-нд нас барсан учир эхээрээ овоглон гэрчилгээг авсан байгаа. Одоо эдгээр хүүхдүүдэд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгох гэхэд талийгаач Тунгалагболдын асрамжинд байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн эхнэр Батдуламыг Тунгалагболдтой хамтын амьдралтай байсныг тогтоож ир гэсэн учир шүүхэд хандаж байгаа. Охин маань төрөөд удаагүй байгаа учир би төлөөлж байгаа. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батдуламын нэхэмжлэлтэй “хүү Тунгалагболдын Мөнх-Оргил, охин Батдуламын Мишээл нарыг түүний асрамжинд байсныг тогтоолгох мөн Тунгалагболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Батдулам нь талийгаач Туяагийн Тунгалагболдтой 2014 оны 10 сараас хойш хамт амьдарч байсан бөгөөд хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2015 оны 10 сарын 11-нд хүү Тунгалагболдын Мөнх-Оргил, 2016 оны 12 сарын 09-нд охин Батдуламын Мишээл нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт,  нас барсны гэрчилгээний хуулбар,  гэрч Т.Тунгалагтуул, Д.Отгонхишиг нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар батлагдаж байна.

Иймээс 2015 оны 10 сарын 11-нд төрсөн хүү Тунгалагболдын Мөнх-Оргил, 2016 оны 12 сарын 09-нд төрсөн охин Батдуламын Мишээл нарыг талийгаач Т.Тунгалагболдын  асрамжинд байсан, мөн нэхэмжлэгч Б.Батдулам нь Т.Тунгалагболдтой 2014 оны 10 сараас 2016 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг  тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т зааснаар 2015 оны 10 сарын 11-нд төрсөн хүү Тунгалагболдын Мөнх-Оргил, 2016 оны 12 сарын 09-нд төрсөн охин Батдуламын Мишээл нарыг Т.Тунгалагболдын асрамжинд байсныг, мөн нэхэмжлэгч Болдбаатарын Батдулам, Туяагийн Тунгалагболд нарыг хамтын амьдралтай байсныг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАЙГАЛМАА