Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 491

 

Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар,

Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Дэлгэрбалд холбогдох

 

“Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Дэлгэрбал,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Бадамханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол транс” ХХК нь 1991 онд бүрэн бус хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн. Уг бүртгэл болон дүрэмд “Транс ази холдинг” ХХК 19.98 хувь, Ц.Цэрэнноров, Б.Мягмар, Б.Итгэл, Ш.Сүхээ, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Р.Ганбат, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Ч.Чагнаа, Д.Дэлгэрбал нар тус бүр 7.27 хувь буюу 12 хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн. Дээрх хувьцаа эзэмшигчдээс Ш.Сүхээ 2002 онд, Х.Цэвэгжав 2011 онд, Д.Уламбаяр 2003 онд, Ч.Чагнаа 2004 онд, Ц.Цэрэнноров 2007 онд нас барсан бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 531 дүгээр зүйлд заасны дагуу Ш.Сүхээгийн охин С.Болорсүх, Х.Цэвэгжавын хүү Ц.Жаргалсайхан, Д.Уламбаярын охин У.Солонго, Ч.Чагнаагийн охин Ч.Отгонтуяа, Ц.Цэрэнноровын охин Ц.Гэрэл бид өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өв залгамжлагч болж хувьцааг өмчлөх эрхтэй болсон. Гэтэл “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбал нь бусад хувьцаа эзэмшигч бидэнд мэдэгдэлгүй ТУЗ-ийн дарга байхдаа өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2008 оноос хойш “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Ц.Энхбат болоод “Спейшил холдинг лимитед” ХХК нь хууль бусаар шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг ба Нийслэлийн Захиргааны хэргийн 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр “Спейшил холдинг лимитед” ХХК-ийн дээр бүртгэсэн 19.98 хувийн хувьцааны бүртгэлийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2011 оны 586 тоот тогтоолоор Ц.Энхбат болон “Спэйшил холдинг лимитед” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болгон шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д.Дэлгэрбал нь Чингэлтэй дүүргийн шүүхэд “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй болохыг тогтоолгох, дээрх хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан байсан ба 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1731 дүгээр шийдвэрээр Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарыг бусад хувьцаа эзэмшигчийн адил компанийн хувьцааг худалдан авах эрхтэй гэж, харин хувьцааг Б.Норолхоосүрэн, Д.Дэлгэрбал нарт худалдахыг хариуцагчид даалгуулах хэсгийг хангахгүй орхисон ба шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гарган шүүгчийн захирамж гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэрийг буруу тайлбарлан “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Компанийн тухай хууль болон хувьцаа эзэмшигч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин хууль бусаар 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180 000 ам.долларыг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хувьцаатай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар бид мэдээгүй байсан. Энэ талаар хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн өмчлөлийн хувьцаандаа хувь тэнцүүлэн авах хүсэлтэй байгаагаа хувьцаа эзэмшигчдийн хурал дээр илэрхийлдэг байсан бөгөөд Д.Дэлгэрбал тусгайлсан санал хэлдэггүй байсан.

Иймээс хувьцаа эзэмшигчид бид Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/2838 дугаар албан тоотоор “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах талаарх саналаа ирүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн тул хувьцаа эзэмшигчид бид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бүгд 19.98 хувийн хувьцаанаас өөрийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

Тухайн үед Д.Дэлгэрбал нь ТУЗ-ийн дарга байсан бөгөөд хувьцаа эзэмшигчид бидний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлтээ хүргүүлсний дараа “одоо дуудлага худалдаа болохоор бүгд худалдан авч болно” гэж бидэнд хэлсэн. Тиймээс бид ТУЗ-ийн хурлаар 19.98 хувийн хувыдааг хувьцаа эзэмшигчид бүгд худалдан авах саналтай байсан тул компаниас 19.98 хувийн хувьцааны үнэ болон 180 000 ам.долларыг гаргаад хувьцаа эзэмшигчид бүгд жил бүрийн ногдох ашгаас компанидаа буцаан төлөхөөр нэгдсэн саналд хүрч, “Монголтранс” ХХК-иас 180 000 ам.долларыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Лхагвасүрэн нь компанийн данснаас шилжүүлж болохгүй, компанийн зүгээс албан бичгээр мөнгөө буцааж аваад Д.Дэлгэрбалын дансанд шилжүүл гэсэн. Тиймээс компанийн зүгээс албан бичиг өгч 180 000 ам.долларыг буцаан авч Д.Дэлгэрбалын данс руу 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. Д.Дэлгэрбал нь дураараа миний дансанд мөнгө хийлээ гээд буцаагаад компанийн данс руу шилжүүлсэн. Д.Дэлгэрбал нь анхнаасаа хувьцаа эзэмшигч нарт худал хэлэн, шилжүүлсэн мөнгийг буцаан шилжүүлж, бусад хувьцаа эзэмшигч нарын эрхийг зөрчин “Монголтранс” ХХК-ийн хувьцааг өөрөө авах сонирхолтой байсан ба 2014 оны 10 дугаар сарын 15-нд компанийн бүх хувьцаа, эзэмшигчдэд холбогдуулан “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл болохыг тогтоолгох нэхэмжлэлийг ДИХАШ-ны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1387 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Манай компанийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн “Транс ази холдинг” ХХК нь өөрийн эзэмшлийн 19.98 хувийн хувьцааг худалдах тохиолдолд бусад бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваан авах, эсхүл компанийн халаасны хувьцаа болгон авах талаар санал гаргаж байсан бөгөөд улмаар хувьцаа эзэмшигч бүгд хувь тэнцүүлэн авахаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байсан. Хувьцаа эзэмшигчид бид энэ компаниа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэн хамтран авч явах хүмүүс учраас бүгд тэгш эрх, үүрэгтэй оролцох, 19.98 хувийн хувьцааг бүгд тэгш эрхтэйгээр худалдан авах эрхтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэг асуудлыг тодотгон дүгнэсэн байдаг ба хувьцаа эзэмшигчид бүгд “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг хуульд заасан давуу эрхийн дагуу худалдан авах эрхтэй гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй юм. Гэтэл Д.Дэлгэрбал нь ТУЗ-ийн дарга байх үедээ бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн, 19.98 хувийн хувьцаа миний нэр дээр байгаа, бүртгэл хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй гэж хэлэн бусад хувьцаа эзэмшигч нарт шилжүүлэхгүй байгаа нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан эзэмшигчдийн эрхийг зөрчиж байна. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны 675 дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 586 дугаар тогтоол, шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай 2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 310 дугаар захирамж, 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 тоот гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагаанд “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар хуулийн дагуу хувьцаа худалдан авагчаар оролцож 19.98 хувийн хувьцааг 180 000 ам.доллараар худалдаж авсан, уг хувьцааны эзэмшигч /өмчлөгч/ нь юм. Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай Нийслэлийн шийдвэр албаны 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/10946 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэх дууссан тухай гүйцэтгэх захирал Б.Норолхоосүрэнгийн Удирдах Зөвлөлдөө өгсөн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 001/67 тоот албан бичиг, УБЕГ-аас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4.9, 11.5.5-д заасны дагуу миний нэр дээр уг бүртгэл, Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа болно. “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Итгэл, Б.Мягмар, иргэн Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, миний эзэмшлийн /өмчлөлийн/ 19,98 хувийн хувьцааг өөрсөддөө худалдахыг надад шүүхээр үүрэг болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх авч иргэний хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. Энэхүү үйлдлүүд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101.1, 65.1.6 дахь заалтуудыг ноцтой өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байна гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Дэлгэрбалд холбогдох “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, “Монгол транс” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг үндэслэн давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Монголтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Норолхоосүрэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож байгаа талаар тайлбарлахдаа “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон та бүгд компаний хувьцааны асуудлаа хурлаараа шийдвэрлэнэ” гэж хэлсний дагуу бид хувьцаа эзэмшигч нарын хурлыг удаа дараа зарлан компаний 19.98 хувийн хувьцааны талаар, хувьцаа эзэмшигч бүгд өөрсийн өмчлөлийн хувьцаанд хувь тэнцүүлэн авах асуудлыг хэлэлцэж байсан.

Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Дэлгэрбал нь компаний бүх хувьцаа эзэмшигч нарт холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон иргэний хэргийн 3 шатны шүүхийн тогтоолын дараа шүухийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулж дууссан гэсэн үндэслэлээр “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэг асуудлыг тодотгон дүгнэсэн байдаг бөгөөд энэ нь “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигчид бүгд хуульд заасан давуу эрхийн дагуу худалдан авах эрхтэй гэсэн дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл 19.98 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчид бүгд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн худалдан авах эрхтэй юм. Эдгээр иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/01387 шийдвэрээр “Монголтранс” ХХК-ийн дүрмийн 3.3-т хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдаж авах, эзэмшиж буй хувьцаагаа хоорондоо шилжүүлэх асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар 100 хувийн саналын эрхээр шийдвэрлэх, Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцааг компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах, үнийн саналыг тодорхойлох, хувьцааны тоо, худалдан авах хугацаа журмыг тодорхойлохыг компани эдлэх бөгөөд дүрмийн 3.4-т зааснаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хувь хэмжээг өөрчлөх асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, Улсын бүртгэлийн албанд 14 хоногийн дотор мэдэгдэж гэрчилгээнд өөрчлөлт хийлгэхээр компанийн дүрэмд зааж, Компанийн тухай хуулиар зохицуулсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн “шүүхийн 2010 оны 1731 дүгээр шийдвэрийн дагуу хувьцааг худалдан авахыг санал болгох, худалдан авахаар ирүүлсэн саналыг хүлээн авч хувьцааг шилжүүлэх үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэсэн, шийдвэр гүйцэтгэлийн дансанд 19.98 хувийн хувьцааны үнийг төлсөн тул өмчлөгч мөн” гэсэн тайлбар нь хувьцааг худалдах, улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр компанийн дүрэм, хувьцааг худалдах, худалдан авахтай холбогдох хувьцаа эзэмшигчийн эрхийг Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхойлон хуульчилсан, энэ журмыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэсэн гэсэн тайлбар нь хуулийн шаардлагад нийцээгүй тул үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

2. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар магадлалаар “...Д.Дэлгэрбал хувьцааны үнийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг түүний нэр дээр шилжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон Нийслэлийн шүүхийн 2013 оны 655 дугаар магадлал хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзнэ” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон гурван шатны шүүхийн шийдвэрийн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин явуулахад бүх хувьцаа эзэмшигчид 19.98 хувьцаанаас өөрсдийн эзэмшиж буй хувьцаанд хувь тэнцүүлэн авах саналыг гаргасан байсан бөгөөд уг дахин явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.

3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолоор “Маргааны зүйл болсон 19.98 хувийн хувьцааг худалдах ажиллагаа Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т болон тухайн компанийн дүрэмд заасан журмаар зохицуулагдах учиртай. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Монголтранс” ХХК-д хүргүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгийн агуулга, тус компаниас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд хувьцааны төлбөрт 180 000 ам.доллар шилжүүлсэн болон буцаан авсан баримт, маргааны зүйл болсон хувьцааг тэнцүү худалдан авах ойлгох асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээ илэрхийлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж байсан бусад хувьцаа эзэмшигч нарын хүсэлт зэрэг нотлох баритуудыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлж зөв үнэлжээ. Дээрх үйл баримтаас дүгнэхэд хувьцаа худалдах ажиллагаа Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд зааснаар явагдаагүйгээс хувьцаа худалдан авахаас хариуцагч нар татгалзсан гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон, энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна” гэж дүгнэсэн.

Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвтгөн явуулсан гэх ажиллагааны талаар болон Д.Дэлгэрбалын “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг өмчлөх, эзэмших эрхийн асуудал дээр шүүхээс дүгнэлт өгсөн байгаа юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвтгөн явуулсан гэх ажиллагаа болон “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбал нь эзэмших, өмчлөх эрхгүй гэдгийг дүгнэн, тогтоон шийдвэрлэсэн асуудал дээр дахин дүгнэлт гаргаж Д.Дэлгэрбалыг “Монголтранс" ХХК-ийн 19.98 хувийн хувьцааны эзэмшигч гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хувьцааг худалдах, худалдан авахыг зохицуулсан журмын дагуу хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа энэ хуулийн зохицуулалтаар хуврцааны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх байна” гэжээ.

Манай компанийн хувьцаа эзэмшигчид бид 2008 оноос эхлэн “Транс ази холдинг” ХХК нь өөрийн эзэмшлийн 19.98 хувийн хувьцааг худалдах тохиолдолд бусад бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүүлэн хуваан авах, эсхүл компаний халаасны хувьцаа болгон авах талаар санал гаргаж байсан бөгөөд улмаар хувьцаа эзэмшигч бүгд хувь тэнцүүлэн авахаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байсан.

Хувьцаа эзэмшигчид бид энэ компаниа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэн хамтран авч явах хүмүүс учраас бүгд тэгш эрх, үүрэгтэй оролцох, 19.98 хувийн хувьцааг бүгд тэгш эрхтэйгээр худалдан авах эрхтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

Гэтэл Д.Дэлгэрбал нь ТУЗ-ийн дарга байх үедээ бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн, 19.98 хувийн хувыдаа миний нэр дээр байгаа, бүртгэл хүчин төгөлдөр, хууль зөрчөөгүй гэж хэлэн бусад хувыдаа эзэмшигч нарт шилжүүлэхгүй өөрийн өмч мэтээр тайлбарлаж байгаа хувыдаа эзэмшигч бидний хуульд заасан эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5, 3.2, 5 дугаар зүйлийн 5.3, “Монголтранс” ХХК-ийн дүрмийн 3.3, 3.7.8-д заасны дагуу дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалын өмчлөл биш болохыг тогтоочихоод байхад өөрийн өмч мэтээр тайлбарлан хувьцаа эзэмшигч бидэн шилжүүлэхгүй байгаа нь бидэний зрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа тул өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан билээ. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бид 19.98 хувийн хувьцааг өөрийн өмчлөлийн хувьцаанд хувь тэнцүүлэн авах хүсэлтэй байгаа болон уг хувьцааны үнэ болон 180 000 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс, мөн хариуцагч Д.Дэлгэрбалын дансанд шилжүүлсэн үйл баримт тодорхой нотлогдож байгаа болно.

Гэтэл шүүхээс хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хувьцааны үнэ болон 180 000 ам.долларыг хувьцаа эзэмшигчид биднийг шилжүүлж байгаагүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Гурав. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/01387 шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоол, “Монголтранс” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар албан бичиг, Д.Дэлгэрбалын дансанд 180 000 ам.доллар шилжүүлсэн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 180 000 ам.доллар шилжүүлсэн баримт, “Монголтранс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн уулзалтын тэмдэглэл, 2014 он 02 дугаар сарын 24, Р.Ганбат, У.Солонго, Ц.Жаргалсайхан, Л.Элбэгдаваа, Б.Мягмар, С.Болорсүх, Б.Итгэл, Б.Норолхоосүрэн нарын “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг өөрийн өмчлөлийн хувьцаанд хувь тэнцүүлэн шилжүүлэн авах тухай хүсэлт, 2013 оны 01 дүгээр сарын 28, Р.Ганбат, У.Солонго, Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, Б.Итгэл, Б.Норолхоосүрэн, М.Одхүү нарын “Монголтранс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг өөрийн өмчлөлийн хувьцаанд хувь тэнцүүлэн шилжүүлэн авах тухай хүсэл, 2013 оны 4 дүгээр сарын 29, “Монголтранс” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №001/51 дугаар албан бичиг, Шүүхийн тогтоол 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ШТ2016/00264, “Монголтранс” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №001/94 дугаар албан бичиг, “Монголтранс” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №001/102 дугаар албан бичиг зэргийг шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор дүгнэгдсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн явуулсан гэсэн асуудал дээр дахин дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, зргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Ганбат, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Б.Итгэл, Б.Мягмар, Ц.Жаргалсайхан, У.Солонго, С.Болорсүх, Ч.Отгонтуяа нар нь хариуцагч Д.Дэлгэрбалд холбогдуулан “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд хуульд заасан журмын дагуу худалдахыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувьцаа эзэмшигчид бүгд өөрийн эзэмшлийн хувьцаанд хувь тэнцүүлэн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /хэргийн 129-132 дугаар тал/

 

“Монгол транс” ХХК нь 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гишүүдийн хурлаар дүрэм болон бичиг баримтаа шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, “Транс ази холдинг” ХХК 19.98 хувь, Ц.Цэрэнноров, Б.Мягмар, Б.Итгэл, Ш.Сүхээ, Л.Элбэгдаваа, Б.Норолхоосүрэн, Р.Ганбат, Х.Цэвэгжав, Д.Уламбаяр, Ч.Чагнаа, Д.Дэлгэрбал нар тус бүр 7.27 хувийн хувьаа эзэмшихээр болжээ. /хэргийн 7-17 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт зохичдын тайлбараас үзвэл Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 675 дугаар шийдвэрээр “Эм-Эс-Би” ХХК-иас “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг гаргуулан Ц.Энхбатад олгож, түүнээс 250 000 ам.долларыг гаргуулж “Эм-Эс-Би” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан албадан гүйцэтгэх ажиллагаагаар тус хувьцааг Д.Дэлгэрбалд худалдсаныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Р.Ганбат, Л.Элбэгдаваа, У.Солонго нар гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1261 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 655 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 545 дугаар тогтоолоор өөрчилж, “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг Д.Дэлгэрбалд худалдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг хүчингүй болсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Дэлгэрбал нь маргаан бүхий хувьцааг эзэмшигч болж “Монгол транс” ХХК-ийн 27.25 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.” гэж заасныг зөрчсөн талаар Нийслэлийн шүүхийн 2013 оны 655 дугаартай магадлалд дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

Дээрх магадлал гарснаас хойш уг нөхцөл байдал өөрчлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад буюу нэхэмжлэгч нарын эрхийн зөрчил үргэлжилсээр байхад анхан шатны шүүх хариуцагчийг тус маргаан бүхий хувьцааны өмчлөгч гэж дүгнэсэн нь буруу ба хариуцагч Д.Дэлгэрбал уг маргаан бүхий 19.98 хувийн хувьцааны эзэмшигчээр хуулийн дагуу бүртгүүлсэн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн маргаан бүхий хувьцааны өмчлөгчөөр хариуцагчийг 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, мөн Ц.Энхбатыг 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус бүртгэснийг хүчингүй болгуулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Ц.Жаргалсайхан, С.Болорсүх, У.Солонго нарыг “Монгол транс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, шинэчилсэн дүрмийг бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 267 дугаар тогтоолоор уг хувьцааны өмчлөгчөөр бүртгэсэн үйл ажиллагаанд Улсын бүртгэийн байгууллагын буруу байхгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь захиргааны байгууллагын актыг хянасан болохоос хариуцагч Д.Дэлгэрбалыг дээрх маргаан бүхий 19.98 хувийн хувьцааны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биш юм.

 

Хариуцагч Д.Дэлгэрбалын хувьцааны өмчлөгчөөр тогтоолгох, “Монгол транс” ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 07 тоот Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай тус компанийн хувьцаа эзэмшигч нэр бүхий 10 хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/01387 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 594 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тогтоолуудаар өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Дэлгэрбалыг маргаан бүхий хувьцааны өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх байгууллага үүнтэй холбоотой ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Харин нэхэмжлэгч нар нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар “Монгол транс” ХХК-ийн 19.98 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхтэй боловч Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан бол эд хөрөнгийн дагалдах баримт бичиг буюу үнэт цаасыг шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнд тооцно.” гэж зааснаар уг хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн залруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үндэслэлийн талаар өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01287 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч нар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

                                              С.ЭНХТӨР