| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2017/0567/Э |
| Дугаар | 1 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 1
Б.Т ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Оюунжаргал,
Шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Т ид холбогдох эрүүгийн 2017 2400 0396 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Б.Т , 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36в байрны 33 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЦ88111410/,
Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гурван билэг” их дэлгүүрийн хойд замд “Subaru Forester” загварын 36-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Н г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Т ийн эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 58.439.912 төгрөгийн нэхэмжлэлээс оршуулгын зардлаас 2.456.040 төгрөг, зээлээс 1.880.711 төгрөг, Болормаагийн хэрэглэдэг эмний 5 жилийн үнэ 6.840.000 төгрөг, 5 жилийн тарианы үнэ 10.800.000 төгрөг, 5 жил эмнэлгийн үзлэгт ороход 6.200.000 төгрөг, асран хамгаалагчийн зардал 14.400.000 төгрөг, нийт 42.576.751 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, оршуулгын зардал 13.106.240 төгрөг, зээлийн үлдэгдэл 2.756.909 төгрөг /2017.5.19/, нийт 15.863.149 төгрөгийг хангасныг шүүгдэгч Б.Т оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17.200.000 төгрөгийн хохирол төлсөн тул гаргуулах төлбөргүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хангаагүй нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 511353 тоот үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, 1 ширхэг СД бичлэгийг хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Б.Т миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оршуулгын зардал болон бусад зардалд 24.200.000 төгрөгийг хохирогч талд нөхөн төлсөн. Хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр мэдэгдэж байгаа тул дээрх байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөрчлөн, тэнсэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Т ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч байгаа тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:
Б.Т нь анхан шатны хуралд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн оршуулгын зардал 13.106.240 төгрөг болон хохирогчийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 2.756.909 төгрөг, нийт 15.863.149 төгрөгийг баримтаар төлсөн байх боловч 17.200.000 төгрөгийг төлсөн байсан.
Түүнээс гадна гэм хорыг арилгах үүднээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тодорхой хэмжээний мөнгөн тусламж өгөхөөр тохиролцон хэлцэл хийж, энэхүү баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ.
1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”,
1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”,
6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр”,
1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар”,
7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох”-оор зааснаар ял оногдуулах боломжтой байхад хэрэглэсэнгүй гэж үзэж байна.
Б.Т ийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоод хэлцэлд заасан хугацаанд 7.000.000 төгрөг, оршуулгын болон бусад зардалд 24.200.000 төгрөг төлсөн. Хууль ёсны төлөөлөгч нь Б.Т ид холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Б.Т ид оногдуулсан хорих ялыг өөрчлөн тэнсэж өгнө үү ...” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байсан учраас түүнд хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд шүүгдэгч Б.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр ялыг тэнсэж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.
Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Гурван билэг” их дэлгүүрийн хойд замд “Subaru Forester” загварын 36-20 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Н г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болормаагийн мэдүүлсэн “... осол гардаг орой охин Л.Н шөнийн 00 цаг өнгөрч байхад гэрээсээ “удахгүй ирнэ” гээд гарсан. Тэгээд маргааш өглөө нь осол хэрэг гарсан тухай мэдсэн ...” /1-р хх 23-26/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбадоржийн мэдүүлсэн “... 2017 оны 6 дугаар сарын 9-ний орой 21 цагийн орчимд манай 10 жилийн найзууд болох Дашдэлэг, Амартайван, Ганбат бид 4 уулзалдаж Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын зүүн талд байрлах пабад орж сууцгаагаад пиво ууцгаасан. Яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна гаднаас Б.Т орж ирсэн. Б.Т нь машинтай явж байгаа гээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд найзуудтайгаа нэлээн юм ярьж сууж байгаад Ганбат, Амартайван нар түрүүлээд явчихсан харин Дэшдэлэг, Б.Т бид 3 үлдээд шөнийн 02 цагийн үед пабаас гарсан. Тэгээд “Subaru Forester” загварын автомашиныг Б.Т жолоодон жолоочийн хажуугийн урд суудалд би суугаад арын суудал дээр найз Дэшдэлэг суугаад Баянбүрд орох гээд хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй “Гурван билэг” их дэлгүүрийн урд талын замаар зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал 2 дугаар эгнээнд саарал өнгийн автомашин нь арай манай машины урдхан талд явж байсан. Тэгээд тэр машины урдуур нэг хүн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй гэнэт гараад ирэх шиг болсон. Тэгээд манай машин тэр хүнийг машиныхаа баруун урд хэсгээрээ мөргөчихсөн ...” /1-р хх-119/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Даваасамбуугийн мэдүүлсэн “... Л.Н “би замын эсрэг талд байрлах “Хаан” банкны экспресс банкнаас мөнгө авчихаад ирье” гээд ганцаараа түрүүлээд явсан. Харин түүний араас найз Төмөрбаатар нь жолооныхоо үнэмлэхийг үлдээчихээд “би араас нь яваад ирэх үү” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би өөрийнхөө барьж байсан гар утсаа мөн адил үлдээчихээд араас нь явсан. Тэгээд би гар утсаа үлдээчихээд эргэж хараад “Гурван билэг” их дэлгүүрийн хойд талын зайрмагны буфет хавьцаа очиход Л.Н машинд мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Тэгээд би тэр даруй Л.Н дээр очоод тэвэрч аваад газар суусан ...” /1-р хх-121-122/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Төмөрбаатарын мэдүүлсэн “... “Гурван билэг” их дэлгүүрийн булангаар тойроход “түс тас” хийх хүчтэй чимээ сонсогдсон. Тэгээд би зам руу дөхөөд яваад очтол Л.Н нь машинд мөргүүлээд газар уначихсан байсан. Удаагүй манай найз Х.Даваасамбуу гүйж ирээд Л.Н г тэврээд зам дээр сууж байсан ...” /1-р хх-124/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Эгчийн охин Л.Н осолд орсон талаар сүүлд мэдсэн. 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Осол болсон газар тархины үйл ажиллагаа алдагдан газар дээрээ нас барсан тул эмчилгээ байхгүй, зүрх нь ажиллаад байгаа гэж хэлсэн. Тухайн үед хажууд нь машин явж байсан гэдэг. Би тэр орчмын камер байгаа эсэхийг хайж байгаад дэлгүүрийн камерийн бичлэгийг олсон. Тэр бичлэгт хажууд явсан машинууд нь зогссон байхад шүүгдэгч зогсоогүйгээс осол гаргасан. Маш их гомдолтой байна …” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн талын лямбда заадсаас дагзны том нүхний зүүн хажуу чиглэлтэй суурь руу үргэлжилсэн хугарлын дунд хэсгээс баруун тийш дагзны том нүх рүү үргэлжилсэн шугаман дагзны том нүхний баруун тал сэлтэрсэн нийлмэл хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн суурь, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, бага тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн няцрал, дагзны хуйханд цус хуралт, дээд, доод уруул, баруун алга, баруун 3, 5-р хуруу, зүүн шилбэнд зулгаралт, зулайн хуйханд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн өвчний түүхэнд талийгаач нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 20 минутад нас барсан байна, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн өвчний түүхэнд талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна ...” гэсэн 1202 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-128-131, 132/,
Авто тээврийн үндэсний төв, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “... Уг тээврийн хэрэгслийн МNS5011 стандартыг мөрдлөг болгож МNS4598 стандартыг шалгуур болгож үзэхэд тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна, уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулгатай АВS системтэй, АВS систем нь ажиллахгүй, энэ эвдрэл нь ослын үед үгүй бол ашиглалтын явцад эвдэрсэн эсэхийг тодорхойлох боломжгүй, тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед замын нөхцөл байдлаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ, уг тээврийн хэрэгслийн автомашин урд салхины шил хагарсан, баруун талын их гэрэл хагарч асахгүй болсон, урд буфер баруун талдаа хагарсан, баруун урд крило хонхойсон, хажуу гулсалтын хазайлтын хэмжээ тэнхлэг тохиргоо зэрэг эвдрэл гэмтэлтэй байна, дугуйн хээнүүд стандартын шаардлага хангаж байна, уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, баруун талын их гэрэл хагарч асахгүй, урд буфэр баруун талдаа хагарсан, баруун урд крило хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой, эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй ...” гэсэн 47360 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-149-151/,
Замын Цагдаагийн албаны “... “Subaru Forester” загварын 36-20 УНП дугаартай автомашины жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, явган зорчигч Л.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэсэн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-154-155/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-9-11, 13-15/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1-р хх-12/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-16/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-20, 21-22/, хохирлын баримтууд /1-р хх-27-69, 248/, хохирол, төлбөр хүлээлцсэн баримтууд /2-р хх-16/, хохирол барагдуулах хэлцэл /2-р хх-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоогийн гаргасан хүсэлт /2-р хх-19, 32, 33/ шүүгдэгч Б.Т ийн хэргийн талаар яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.
Хэдийгээр гэмт хэрэг гарах үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд прокуророос Б.Т ийн үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т ийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Б.Т ид холбогдох хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Гэвч Б.Т нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зоригоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “... Б.Т оос нийт 24.200.000 төгрөг хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, тэнсэн харгалзах ял оноож өгнө үү ...” гэсэн хүсэлт, тус шүүх хуралдаанд оролцсон прокуророос “... Б.Т ид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй ...” гэсэн тайлбар, дүгнэлт зэргийг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлуудыг тус тус харгалзан үзэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэв.
Энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 468 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
“Шүүгдэгч Боржигон овогт Бүрэнбадралын Туваандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Боржигон овгийн Бүрэнбадралын Туваандоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Б.Т ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэргийн улмаас нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ