Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 9

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: Д.Сын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: СБ-ЗДд холбогдох

 

 Гуравдагч этгээд: иргэн Б.М

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн А/247 тоот захирамж нь миний хууль ёсны эрх, ашгийг хохироож байх тул уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Са, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч Д.Са шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

     1. Иргэн Д.Са миний бие тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” зоогийн газрын зэргэлдээ зүүн урд талын / хаяа залгаа/ газрыг эзэмшдэг бөгөөд 1995 оноос хойш уг газар дахь байшинг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглан үйл ажиллагаа явуулж байсан юм. Харин уг газар дахь байшинг хүү С.Өгийн өмчлөлд 2005 онд шилжүүлсэн, газар нь миний нэр дээр байгаа юм. 

    2. 2006 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр өөрийн эзэмших газрын баруун талын /байшингийн өмнөх газар/ буюу “Х” зоогийн урд талын газрыг эзэмшихээр тус аймгийн газрын албанд /хуучнаар/ хүсэлт гаргаж байсан боловч газрын даамал Б.С уг газар нийтийн хэрэгцээний гудамж талбайд хамаарах тул олгох боломжгүй гэж өргөдлийг хүлээн авалгүй буцааж байсан болно. 

    3. Гэтэл уг газрыг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 6 сарын 9-ний өдрийн А/247 тоот захирамжаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 хорооны иргэнд Б.М гэгчид хууль бусаар олгосныг Х зоогийн газрын эзэн Р.Мээс 2018 оны 3 сард мэдэж энэ өргөдлийг гаргаж байна. 

    4. СБ-ЗД нь 2016 оны 6 сарын 9-ний өдрийн А/247 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21.3.2, 33.1.2-ыг үндэслэсэн ба аймгийн Засаг дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ямар шийдвэрийг үндэслэсэн шийдвэр гаргасан нь тодорхойгүй, үүнийг захирамждаа огт тусгаагүй бөгөөд мөн тус сумын Засаг даргын саналыг авсан эсэх нь ч тодорхойгүй байна. 

    5. 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад дээрх шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 33.4-т аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчжээ. 

    6. Газрын тухай хуулийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан бөгөөд дээрх хуульд заасан дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтыг огт явуулалгүйгээр газрыг бусдад эзэмшүүлсэн нь өөрөө хууль бус үйлдэл юм. Учир нь хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах үйл ажиллагаа явуулсан бол миний бие оролцох байсан ба үүнийг явуулалгүй газрыг бусдад шууд олгож байгаа нь дээр дурдсан Үндсэн хуулийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших... эрхтэй гэсэн зарчимд ч харшилж байна. 

     7. Иргэн Б.М нь тухайн газрыг газар чигээр нь ашиглахгүй нь тодорхой бөгөөд уг газарт байшин, барилга барих болбол энэ нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироох бөгөөд үүнийг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглоно нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.2 “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж хамгаалсан байна. Энэ нь ч мөн иргэн Б.Мад хохиролтой байдал үүсгэх юм.

     8. Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 9-ний өдрийн А/247 тоот захирамж нь миний хууль ёсны эрх, ашгийг хохироож байх тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

 9. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/247 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Мад “7 дугаар багийн нутаг Х зоогийн газрын урд талд 200 мкв газрыг олгож, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, иргэний газар эзэмших, аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхэд халдсан, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

     10. Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:             Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... иргэн миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрх болон Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн ...” гэжээ. Иргэн миний бие Монгол Улсын иргэний хувьд нэхэмжлэгчийн нэгэн адил газар эзэмших, ашиглах, өмчлөх тэгш эрхтэй билээ. Ийнхүү зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа нь нэхэмжлэгчийн ямар нэг эрх ашгийг хөндөөгүй. Нөгөө талаас нэхэмжлэгч тал өнөөг хүртэл өөрийн эзэмшлийн газраа эзэмшиж байгаа мөн түүний хүү үл хөдлөх эд хөрөнгөө өмчилж байгаа гэдгээ нэхэмжлэлдээ тодорхой дурджээ.

  Энэхүү хуулинд заасан эрхийг нь захиргааны байгууллага болон иргэн миний зүгээс хөндсөн, ямарваа нэг байдлаар саад хийсэн зүйл байхгүй болно. 

  11. Өмнө нь орон нутгийн захиргааны байгууллагаас тавьсан шаардлагыг хүндэтгэлтэй хүлээн авч зохих журмын дагуу газар эзэмших шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Нөгөө талаас хариуцагч тал ямар учраас нэг иргэний эрхийг нөгөөгөөс нь дээгүүрт тавьж, иргэн миний эрхийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн нь ойлгомжгүй байна. 

  12. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  13. Нэхэмжлэгч Д.Са нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/247 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

  14. Нэхэмжлэгч Д.Са нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 518 м.кв газар эзэмшиж, уг газарт үл хөдлөх эд хөрөнгө  байрладаг ба гуравдагч этгээд Б.Мад Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/247 тоот захирамжаар “Х” зоогийн газрын урд талд байрлалтай “Худалдаа, үйлчилгээ”-ний зориулалтаар олгосон 200 м.кв эзэмшил газар нь  Д.Сын эзэмшил газрын баруун талд хил залгаа байрлалтай болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

 

   15. Нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор эзэмшил газраа Б.Мад олгосон газар луу сунгах  талаар өмнө нь сумын газрын даамалд хандаж сонирхлоо илэрхийлж байсан нь нэхэмжлэгчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмших хүсэлтэй байгаа нь түүний нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт илэрхийлэгдэж байх тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзлээ.

 

   16.  Уг газрыг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/247 тоот захирамжаар гуравдагч этгээд Б.Мын эзэмшилд олгосныг “Х” зоогийн газрын эзэн Р.Мээс хүү С.Өд хэлснийг 2018 оны 3 дугаар сард мэдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     

   17. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хуульд заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах үйл ажиллагаа явуулсан бол миний бие оролцох байсан ...” гэж тодорхойлсон бөгөөд уг газрыг аймгийн Засаг даргаас аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаагүй байхад, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүй Б.Мад эзэмшүүлсэн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17-04-019/84 тоот “Газар эзэмших эрх хүчингүй болгуулах тухай” дүгнэлтээр тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим зөрчигдсөн байна гэж үзлээ.   

            

    18. Д.Сын эзэмшил газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгө буюу барилга нь “Х” зоогийн газрын зүүн урд талд, Ардчилсан намын байрны зүүн хойд талд буюу энэ хоёрын дунд байрлаж төв зам руугаа харсан хоёр хаалгатай байх ба гуравдагч этгээд Б.М нь газраа эзэмшиж, ашиглаагүй байгаа бөгөөд зориулалтын дагуу газраа ашиглан шинээр барилга барьсан тохиолдолд нэхэмжлэгч Д.Сын эзэмшил газар дээр байрлах барилга /үл хөдлөх хөрөнгө/-ийн орж гардаг хоёр хаалганд маш ойрхон баригдахаар байгаа нь  нэхэмжлэгчийн тайлбар, хэмжилт хийсэн схем зураг, газарт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.

 

      19. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0076200 дугаар бүхий гэрчилгээгээр №1213000886 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд  хөрөнгө нь Монгол улсын иргэн Сэрдамбын Өнөрөөгийн өмч болох нь тогтоогдож байх тул Д.Сын нэхэмжлэлдээ “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/247 тоот захирамж иргэн миний Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд ноцтой халдсан ...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

      

     20. Түүнчлэн уг газрыг Сүхбаатар аймгийн  2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй байхад, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр олгосон болох нь Сүхбаатар аймгийн  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/105 тоот албан бичгээр  тогтоогдсон тул гуравдагч этгээдэд худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “... аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

 

    21. Газрын тухай хуулийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” ... гэж заасныг мөн зөрчсөн байна. 

 

    22.  Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

    23. Шүүхээс Б.Мын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба өмнө нь зарласан 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн хүсэлтээр хойшлуулж, түүнд шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган уншин танилцуулж хэргийг шийдвэрлэсэн болно.

      

   24. Иймд дээрх үндэслэлээр Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/247 тоот “Газар эзэмшүүлэх тухай”  захирамж нь хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

 

   25. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг” байхаар тогтоосон бөгөөд нэхэмжлэгч Д.Са нь 72000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тушаасан байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан 1800 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.Сад буцаан олгохоор, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ. 

 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/247 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгөөс 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 1800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ