| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0501/Э |
| Дугаар | 537 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 537
2020 07 03 2020/ШЦТ/537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч О.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлгэрэх овогт Оргийн Од холбогдох эрүүгийн 2011 00489 0501 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод түр оршин суух хаягтай, /Баруун баян уулын 4 дүгээр гудамжны 17 тоотод оршин суух албан ёсны хаягтай/,
урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1980 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 333 дугаартай магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Дэлгэрэх овогт Оргийн О /РД: ______/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 08 дугаар сараас 11 сарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дээрээс Ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод орших гэртээ хадгалсан, улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Төв” шуудангийн урд бусдад худалдах зорилгоор биедээ авч яван тээвэрлэж, байгаль экологид 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлээд нэг хүн надруу та надад зарчих гээд байнга яриад байсан. Чи ээж шигээ хүнийг хорлох гэж байгаа юм биш биз? Над шиг ээжтэй биздээ гэсэн. Тэгэхэд тэр хүн тийм зүйл байхгүй гэж хэлэхээр нь чамд хэрэгтэй зүйл байвал ав ав гээд уулзсан. Уулзаад за эгчийгээ хорлохгүй биздээ гэсэн чинь намайг хорлохгүй биздээ гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд ийм зүйл болсон....” гэв
Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” зах дээр 2012 оноос хойш бөөгийн эд хэрэглэл худалдаалж амьдардаг. 2020 оны 02 дугаар сарын эхээр “Нарантуул” зах дээр байх үед 2 үл таних залуу ирээд “баавгайны сарвуу байна уу гэж асуухаар байгаа” талаараа хэлсэн. Энэ сарвуу нь хүрэн баавгайны сарвуу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр мэдлээ. “Нарантуул зах” дээр 2018 оны 08 билүү 11 дүгээр сард байхаа үл таних эмэгтэй хүн “миний орчим насны эмэгтэй байсан” ирээд сарвуу худалдаж авах уу гэхээр нь 3 ширхэг энэ сарвуунуудыг нэгийг нь 100,000 төгрөгөөр, нийт 300,000 төгрөгөөр бэлнээр мөнгийг нь өгч худалдаж авсан ба дараа нь дээрх сарвуунуудыг өөрийнхөө гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 466 тоотод байрлах хөлдөөгчний ёроолд хийж хадгалсан. Би бөөгийн удган хүн ба 2011 онд онгоддоо буулгасан. Бөөгийн зан үйлд хэрэглэх зорилгоор 3 ширхэг сарвууг худалдаж авсан ч дээрх сарвуунуудыг хэрэглэж чадахгүй хадгалж байсан. Намайг “Нарантуул зах” дээр байхад нэг залуу ирээд “өмнө нь таниас сарвуу асуугаад явсан хүн байнаа, сарвуу байгаа юу, надад сарвуу хэрэгтэй байна, Солонгос улс руу явуулах гэж байгаа юмаа, нэгийг нь 400,000 төгрөгөөр нийт 1,200,000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлэхээр нь” би одоо надад энд сарвуу байхгүй, гэрт маань байгаа гэдгээ хэлсэн. Ингээд тэр эрэгтэй өөрийнхөө 89995390 дугаарын утаснаас миний 88671010 дугаарын утас руу залгаад улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Төв шуудангийн урд талд нэг залуу ирээд сарвууг худалдаж авахаар болоод сарвууг цүнхээсээ гаргаж харуулсан. Сарвууг худалдаж авна гэж хэлж утсаар ярьж байсан болон сарвууг ирж үзсэн залуучууд нь Экологийн цагдаагийн албаны алба хаагч нар байсан. Би огт ховор ан амьтны эд эрхтэн худалдаж байгаагүй. Ховор ан амьтны эд эрхтэнийг худалдаж болохгүй гэдгийг мэднэ. Тухайн үед надад мөнгөний шаардлага гараад сарвууг зарах гэж байсан. Миний Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 4-17 тоотод байрлах 420 мкв бүхий хашаа маань газарт орсоноос болоод Буянт Ухаа-2 цогцолборын 2 өрөө байранд орох гэсэн чинь байрны зөрүү мөнгө 600,000 төгрөг, мөн Хас банкинд бизнесийн зээлтэй байсан болохоор зээлээ төлөх зэрэг мөнгөний шаардлага гарсан юм. Тэр Экологийн цагдаагийн албаны ажилчид надтай энгийн хувцастай уулзаад сарвуу авах гэж байгаа мэтээр жүжиглэж, над руу олон удаа залгаж ярьсан ба тухайн үед тэр залуучуудыг цагдаагийн алба хаагч нар гэдгийг мэдээгүй. Тэр залуучуудад үнэхээрийн их итгэж байсан. Арай ч настай хүн намайг ингэж хуурч авчираад сарвууг хурааж авсан. Би өөрөө сарвууны Экологи эдийн засгийн үнэлгээний төлбөр болох 310,000 төгрөгийг төлсөн. Одоо учирсан гэх 7,500,000 төгрөгийг яаж төлнө гэж бодож байна....” гэх /хх-ийн 96-97х/,
Хохирогч Г.Цэрэнноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар дээрх эм хүрэн баавгайн сарвуу нэг бодгальд хамаарах 3 ширхэг сарвуу учраас 7,500,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн дээрх шинжээчийн экологи-эдийн засгийн үнэлгээгээр 7,500,000 төгрөгөөр үнэлсэн болно. Мөн Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон /дээрх хэмжээ болох 7,500,000 төгрөгийг/ амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоохоор заасан байгаа. Иймд нийт хохирол нь 15,000,000 төгрөгийн хохирол учирсан байна. Хохирлын төлбөрийг Нийслэлийн Байгаль орчны газрын Төрийн сангийн данс 100200000906 дугаартай хүү, торгуулийн нөхөн төлбөрийн данс руу тушаах ёстой байгаа...” гэх /хх-ийн 24х/,
Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Гантулгын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн гурван ширхэг эд эрхтэн нь Хүрэн баавгайн /ursus arctos/ нэг бодгальд хамаарах гурван сарвуу болохыг тодорхойлов...Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эм бодгаль 7,500,000 төгрөг...Шинжилгээнд ирүүлсэн сарвуунаас агнасан байдлыг тогтоох боломжгүй...Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн...” гэх /хх-ийн 31х/,
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хуулбар /хх-ийн 73-75х/,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын хуулбар /хх-ийн 78х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Оыг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 08 дугаар сараас 11 сарын хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төв дээрээс Ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хорооллын 466 тоотод орших гэртээ хадгалсан, улмаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Төв” шуудангийн урд бусдад худалдах зорилгоор биедээ авч яван тээвэрлэж, байгаль экологид 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй байх ба шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх ба нөхөн төлөхөө илэрхийлээгүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эхлэв.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-Эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эм бодгаль 7,500,000 төгрөг,
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар /Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно/ гэх,
Шүүгдэгч О.О нь 20/15 дугаартай нэхэмжлэлийн дагуу шинжилгээний төлбөр болох 310,000 төгрөгийг төлсөн,
2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд төрийн сангийн 100200000906 дансанд Нийслэлийн Байгаль орчны газарт хүү торгуулийн орлого нийт 110,000 төгрөг тушаасан байх тул шүүгдэгч О.Ооос нийт 14,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Нийслэлийн Байгаль Орчны газарт олгуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Чингэлтэй дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгай /ursus arctos/ гэх амьтны хөлийн сарвуу 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторт шилжүүлж,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэлгэрэх овогт Оргийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр ховор амьтан болох Хүрэн баавгайн эм бодгальд хамаарах түүхий эдийн зүйл болох 3 ширхэг сарвууг худалдан авч, хадгалсан, бусдад худалдах зорилгоор тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн баавгай /ursus arctos/ гэх амьтны хөлийн сарвуу 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторт шилжүүлж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ооос нийт 14,580,000 /арван дөрвөн сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Нийслэлийн Байгаль Орчны газарт олгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД