| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0040/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/45 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/45
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн Өад холбогдох эрүүгийн 2017000750040 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2 дугаар баг, Баянбулагийн .......... тоотод оршин суух,
Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ийн Ө /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чулуут” гэх газраас иргэн Ц.Тийн эзэмшлийн 1 тооны хургатай хонийг мотоцикль ашиглан бэлчээр дээрээс хулгайлж 150.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чулуут” гэх газраас иргэн Ц.Тийн эзэмшлийн 1 тооны хургатай хонийг мотоцикль ашиглан бэлчээр дээрээс хулгайлж 150.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэв.
2. Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сарын 18-нд өглөөнөөс хойш хонь хариулж байгаад өдөр 14 цагийн үед гэртээ ирээд байж байтал манай гэрийн хойгуур мотоцикль дуугарах чимээ гарахаар нь гараад хартал юм харагдахгүй болохоор нь машинтайгаа гэрийнхээ баруун овоон дээр гартал засмал зам чиглээд мотоцикльтой хүн явж байгаад харагдсан. Голдоо юм дүүрсэн юм шиг харагдаж байсан болохоор нь хойноос нь очоод засмал замын зүүн талд машинаа орхиод явганаар яваад очсон чинь засмалын нүхэн гүүр дотор манай хонийг хүлээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь энэ манай хонь байна, гэртээ ирээд цай уух хооронд хонь аваад явчих юмаа гэсэн чинь эгчээ уучлаарай гээд байсан. Хамт явж байсан хүн нь хүний юм аваад хэрэггүй гээд байхад чинь яадаг юм бэ гээд авчихсан гээд загнаад байсан. Тэгээд цагдаа дуудсан, намайг очоод байж байтал манай хажууд нутагладаг Д ирсэн. Би хонио 150.000 төгрөгөөр үнэлж байна. Би хургатай хонио авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дугаар хуудас/
3. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед Ө бид 2 мотоцикльтой Чойр уулан дээр очих санаатай гэрээсээ гарсан юм. Тэгээд засмал замаар явж байгаад шороон замруу салаад 1-2км орчим явж байтал өнөөдөр хургалсан бололтой жижиг хургатай хонь шороон замын хажууд хэвтэж байсан. Тэгтэл Ө бид хоёртой халуун хошуутай мал таарлаа энийг авчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэггүй, эзэн нь харчихвал яах юм бэ гэж хэлэхэд ойр хавьд айл, мал байхгүй байна замд таарч байгаа юм чинь гайгүй байх гээд Ө гүйж очоод хургыг нь өмсөж явсан дээлнийхээ энгэрт хийгээд, хонины урд 2 хөлийг нь мотоциклийн суудал дээр давуулж байгаад өөрөө уг хонины урд талаар сууж мотоциклио асаагаад намайг хонины ар талаар суулгаад Ө бид хоёр хонийг голдоо хийгээд Чойр явах гээд засмал замын хажууд ирээд мотоциклийн дугуй хагарсан. Тэгээд засмал замын ус зайлуулах бетонон хоолойгоор гарч зогсоод Ө хонийг буулгаад уг хонины 3 хөлийг мотоциклийн данхраадаа дээш нь сойж уядаг эрээн өнгийн уяагаар уяаад засмал замын ус зайлуулах бетонон хоолойны дотор хэсэгт хийгээд хагарсан дугуйгаа нөхөж байтал цэнхэр өнгийн машинтай хүн хурга хайж явна гэж ирээд бетонон хоолойн дотор уяатай хэвтэж байсан хонийг харчихсан юм. Тэгээд удалгүй цэнхэр машинтай хүн Ө бид хоёрын авсан хонины эзнийг аваад ирсэн. Тухайн хүн цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 12, 17-18 дугаар хуудас/
4. Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Тэр өдөр манай малнаас нэг хурга алга болчихоод би засмал зам дагуу хургаа хайгаад явж байтал манай тэндхийн нүхэн гүүрний хажууд мотоцикльтой 2 хүн зогсож байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөх гэсэн чинь нүхэн гүүрэн дотор хонь харагдахаар нь тэр 2 хүнтэй уулзахаар очсон, мэнд ус мэдээд хаанаас хаа хүрэх талаар асуутал урд айлд оччихоод явж байна, дугуй хагарчихлаа нөхөөс цавуу байна уу гэж байсан. Тэгээд би байхгүй гэж хэлээд хөдлөөд хургаа хайхаар явсан. Тэр хавиар хайж байгаад буцаад худаг орох гээд явж байтал түрүүний мотоцикльтой хүмүүс дээр саахалт айлын Т ирчихсэн зогсож байсан. Энэ хонь манай гэрийн зүүн хойно байсан юм гэж байсан. Тэгээд би хөдлөөд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
5. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Хг би танихгүй, даруухан зантай хүн шиг санагдсан. Манайх эхээс 6-уулаа Ө нь айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Манай дүү сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, бага наснаасаа аав, ээжийг дагаж мал маллаж амьдарсан. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэд байхгүй. Ээж Ц-гийн хамт Сүмбэр сумын Баянбулагийн 3-8 тоотод амьдардаг. Малд их хайртай, төлөв даруу зантай, бие муутай бөөрний хагалгаанд орж өрөөсөн бөөрөө авахуулж байсан. Одоо давсагны хагалгаанд орох гээд хүлээгдэж байгаа, архи дарс уудаггүй, худлаа хэлж, хулгай хийхээр хүн биш… гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7, 55-57 дугаар хуудас/
7. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сүмбэр сумын Үнэлгээний комиссын 71 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дүгээр хуудас/
8. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сүмбэр сумын Үнэлгээний комиссын 71 дугаартай дүгнэлт /хх-ийн 27 дүгээр хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-60 дүгээр хуудас/
10. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-67 дугаар хуудас/
11. Эмчийн үзлэгийн картын хуулбар, эмчийн магадлагаа /хх-ийн 104-111 дүгээр хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Өын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат: шүүгдэгч нь алдуул малыг авч ашигласан байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: гэмт хэрэг гарахад хамт явсан гэрч Д.Хгийн мэдүүлэгт “...би бусдын малыг аваад хэрэггүй гэж хэлсэн. Чойр аваад явъя гээд байхаар нь би уурлаад тэр хонийг түлхэж буулгасан. Тэгтэл үгэнд орохгүй байсан...”, хохирогч Ц.Тийн мэдүүлэгт “...Тэгэхээр нь энэ манай хонь байна, гэртээ ирээд цай уух хооронд хонь аваад явчих юмаа гэсэн чинь эгчээ уучлаарай гээд байсан. Хамт явж байсан хүн нь хүний юм аваад хэрэггүй гээд байхад чинь яадаг юм бэ гээд авчихсан гээд загнаад байсан...” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Өыг бусдын малыг машин механизм ашиглаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурьдлаа. Ял шийтгэлийг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркын мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож тус тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,5м урттай эрээн өнгийн уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Өын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохыг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Өыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Өыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өад оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,5м урттай эрээн өнгийн уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркын мотоциклийг улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Б.Өын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ