Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/48

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Мд холбогдох эрүүгийн 2017000790050 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 11-нд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 22 настай, бүрэн бус дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2 дугаар баг Баянбулагийн ........  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Г-ийг М /РД:.............0/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.М нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Андууд дэлгүүрийн орчим иргэн Г.Дтай маргалдан улмаар Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-401 тоот хашаан дотор байхад нь түүнрүү чулуу шидэж нүүрэн тус газар нь баруун хөмсгөнд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Андууд дэлгүүрийн орчим иргэн Г.Дтай маргалдан улмаар Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-401 тоот хашаан дотор байхад нь түүнрүү чулуу шидэж нүүрэн тус газар нь баруун хөмсгөнд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би эгч Г, ах Г нартай 3 том пиво гэртээ  уучихаад замын баруун талд байдаг эгчийндээ очих гээд дэнжийн Андууд дэлгүүрийн трансформаторын хажууд явж байтал манай ахыг нэг залуу хавираад унагаасан. Би буцаж очоод А гэдэг ахыг түлхээд унагаасан чинь Д ах хажуунаас орж ирээд тэгээд зодолдсон. Тэгээд Д ахыг найзууд нь гэрлүү нь аваад орсон чинь Г эгч Г ах нар олуулаа нийлж хүн зодлоо гээд хашааных нь хаалгыг цохиод байхаар нь би буцаж очоод тэр хоёрыг авч явах гэж байтал Д ах гэрээсээ гараад ирэхээр нь би газраас чулуу аваад шидсэн. Хохирогчид хохирол төлбөр гэж 300 000 төгрөг өгсөн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ Би Шивээговь сумаас эхнэрийнхээ хамт 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь манай эхнэр хот яваад би Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 4-401 тоотод найз Тын гэрт үлдсэн юм. Тэгээд манай найз Т бид 2 нийлээд 14 цагийн орчим 0,75 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд тэндээ байж байтал манай эхнэр орой 20 цагийн үед Улаанбаатараас ирсэн. Би Шивээговь сумруу гэрийн эд зүйл ачих байсан болохоор Г гэдэг хүнийг ачааны машинтай хүрээд ирээч гээд Шивээговь сумаас дуудсан байсан. Тэгээд орой 21 цагийн үед Гантулга ирэхдээ манай найз болох Б, А, Д нарыг аваад ирсэн байсан. Тэгээд тэд нарыг ирээд байж байхад нь Улаанбаатараас ирэх ачаагаа сураглатал хотоос гарч байна гэсэн. Тэгэхээр нь тэд нарыг Тын гэрт орхичихоод Б гэдэг айлд оччихоод буцаад Бтай хамт Тынхруу явж байтал Тын хашааны гадаа трансформаторын хажууд манай найз Б, А нар үл таних 3 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би яваад очтол намайг хажуугаас нэг хүн зүүн шанаа орчим  гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний шанаа орчим нэг удаа цохисон. Тэгээд салцгаагаад Тын хашааруу Б, А, Д бид нар бүгд ороод шууд гэрлүү нь орсон. Тэгээд байж байтал гадаа байсан нөгөө залуучуудын жижиг биетэй залуу нь хашааны хаалга чанга чанга балбаж цохиод орилоод байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны хаалгаруу алхаж байтал хашааны гадна талаас М гэдэг залуу чулуу шидсэн. Тэр чулуу миний баруун нүдийг оноод миний нүднээс цус гарсан. Тэгтэл манай эхнэр намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр залуу надад учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэсэн болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

 Гэрч В.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хамтран амьдрагч Гын хамт Чандмань дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Боргио нэртэй пиво аваад дэнжид байдаг Гын хамаатны дүү Мө-ий гэрт очсон юм. Тэнд М ганцаараа байсан. М бид 3 авч очсон пивоо ууж дуусчихаад дахиад М гарч 2,5 литрийн Боргио пиво авчирч ууцгаасан. Тэгээд харанхуй болсон хойно бид 3 гараад Гын гэрт очихоор алхаж байгаад Андууд дэлгүүрийн хажууд явж байтал транспорматорын хажууд үл таних 3 залуу сууж байснаа миний хөлд хөлөө тээглүүлэхээр нь би ойчсон. Тэгээд босч ирээд цэнхэр дээлтэй залуугийн хажууд байсан улаан дээлтэй залуутай барьцалдаж аваад зогсож байтал түүний хажууд зогсож байсан залууг М түлхээд газар унагаасан. Тэгээд байж байтал хаанаас гарч ирсэнийг нь мэдэхгүй 2 залуу гарч ирсэнээ арай махлаг залуутай М зодолдоод байсан. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаа ирчихсэн байсан. Би ер нь юу болсон  сайн санахгүй байгаа юм.../хх-ийн 27-28-р тал/

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Дыг гарсны дараа нэг их удалгүй Гантулга хүнтэй уулзаад ирье гээд машинаа унаад явчихсан. Тэгэхээр нь Д, Б бид 3 хөзөр тоглож сууж байгаад тэд нарыг ирэхгүй болохоор нь гараад хашааны зүүн талд байрлах трансформаторын хажууд очоод тамхи татаад сууж байтал бидний хажуугаар үл таних 3 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс архи уучихсан байдалтай том том юм яриад хажуугаар өнгөрөх үед би жижиг биетэй залуугийн хөлд дэгээ тавиад дэгээдээд унагаасан юм. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан туранхай залуу намайг хөлөөрөө миний хөлийг хавсраад газар унагаасан. Тэгтэл Д ирж таараад намайг түлхэж унагаасан залуутай зодолдоод хашааны үүдрүү явсан. Тэгээд Б бид 2 Дыг нөгөө туранхай залуугаас салгаж аваад шууд хашааруу нь авч ороод гэрлүү нь оруулсан. Тэгтэл нөгөө залуучууд хашааны хаалга чанга чанга нүдээд байсан. Тэгтэд Д энэ яв гээд байхад яагаад хаалга нүдээд байгаа юм бэ гээд гэрээс ганцаараа гарсан. Тэгтэл Дын гэрт байсан үл таних эмэгтэй гаднаас орж ирэхдээ Д ах гадаа уначихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Дын эхнэр нь гарч Дыг оруулж ирэхэд Дын нүүрний зүүн тал нь битүү цус болчихсон орж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

 

 Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд тэр залуу босч ирээд намайг заамдаад хавирч унагаах гээд байсан боловч би унаагүй. Тэр  үед М гэдэг залуу Аыг түлхээд газар унагаасан. Тэр үед Д ирж таараад М гэдэг залуутай зодолдоод хашааны үүдрүү явсан. Тэгээд Дыг тэр залуугаас салгаж аваад шууд гэрлүү нь оруулсан. Тэгтэл нөгөө залуучууд хашааны хаалга  нүдээд байхаар нь Д гэрээс ганцаараа гараад явсан. Удалгүй Д буцаж орж ирэхдээ нүүрнийх нь зүүн тал битүү цус болчихсон орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

 

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тэгээд оройны 21 цаг өнгөрч байхад бид 3 харих гээд дэнжийн Андууд дэлгүүрийн хажуугаар явж байтал трансформаторын хажууд үл таних 3 залуу сууж байснаа цэнхэр дээлтэй залуу нь манай нөхөр Гийн хөлд хөлөө тээглүүлэхэд нь манай нөхөр газар ойчсон. Тэгээд манай нөхөр босч ирээд тэр залуутай зууралдаад зогсож байтал  манай дүү М цэнхэр дээлтэй залууг нь түлхээд газар унагааж байгаа харагдсан. Тэгтэл цаанаас бас 2 залуу гарч ирээд арай махлаг залуутай нь манай дүү М зодолдоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... /хх-ийн 34-р тал/

 

Гэрч Ү.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр би архи уусан болохоор санахгүй байна. Манай хүү М хүмүүстэй муудалцаад байхаар нь би хажууд нь явж байсан гэсэн. Би өөрөө юм санахгүй байгаа. Манай хүү М-ий хувьд илүү дутуу зан байхгүй, дөлгөөхөн хүүхэд байгаа юм. Урд нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хүнтэй эвсэг харилцаатай, өөрийн хариуцсан ажлыг сайн хийдэг. Аав ээж дүү нартаа анхаарал халамж сайн тавьдаг. Ер нь бол гэр бүлдээ ямар нэг төвөг учруулдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/

 

Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Тухайн өдөр би гадуур явж байтал 22 цагийн үед манай хамаатны Г гэх эмэгтэй надруу яриад 4-5 хүн дүүрүү чинь дайраад дүү М чинь чулуу авч шидээд нэгийг нь оночихлоо гэж хэлсэн. Би аймгийн эмнэлэг дээр очиход Д гэх хүн хүлээн авахын орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Дын эхнэртэй нь хамт байж байгаад үүрээр 04 цагийн үед гайгүй болохоор нь гэрлүүгээ явсан. М-ий хувьд даруухан, урд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, гэрээс барагтай бол гараад дэмий тэнээд байдаггүй. Авто засварчин, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  • Г.Дын биед баруун хөмсгөнд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 36-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Д, гэрч Б.Б, Д.А, В.Г, Д.Г нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №123 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000790050 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Г-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ