Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 003

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дугаар багт үйл ажиллагаа явуулах, УБД:211001067, РД:2661349, Рысжан ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, РД:БГ81082119, утас:99428805, Уах овогт Хуандыхын Хумырузахад холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Хумырузахаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 457875 төгрөг гаргуулахыг хүсжээ

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ийн захирал Н.Бейбитхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Х.Хумырузах нь манай компанитай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 305250 (185 литр х 1650 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг хүлээж авсан билээ. Зээлийн гэрээний хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Х.Хумырузахаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 405 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (305250 төг х 0,5%=1526,25 х 405 хоног =618131,25 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 152625 төгрөг болж байна. Иймд иргэн Х.Хумырузахаас үндсэн зээл болох 117567 төгрөг, мөн алданги 152625 төгрөг нийт 457875 /дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ийн захирал Н.Бейбитхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х.Хумырузах /РД: бг81082119/-аас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 117567 төгрөг, мөн алданги 152625 төгрөг, нийт 457875 төгрөг гаргуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрөө бүрэн төлж манай компанийг хохиролгүй болгосон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээс татгалзсанаас гарах үр дагаварыг сайн ойлгосон болно. Иймд тус компанийн нэхэмжлэлтэй, Хуандахын Хумырузах-т холбогдох Зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ 117567 төгрөг, мөн алданги 152625 төгрөг, нийт 457875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Рысжан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хумырузахад холбогдох зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 457875 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан шалгах явцад нэхэмжлэгч Рысжан ХХК нь уг нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Рысжан ХХК нь хариуцагч Х.Хумырузахаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 457875 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Рысжан ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14387 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ