Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/51

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

иргэдийн төлөөлөгч А.А,

шинжээч Б.Сэргэлэн,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар, Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сарнайн Лд холбогдох эрүүгийн 2017000000024 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт С Л /РД: /, Улаанбаатар хотод 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, У хот С дүүргийн ....тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 8, эх, дүү, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2014 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Билүү Түлүү” гэх газар иргэн А.Дтой Улаанбаатар хот руу орой явна, өглөө явна гэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдож түүний толгойн тус газар гараараа цохиж гавал тархины хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч С.Л нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Билүү Түлүү” гэх газар А.Дтой маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гараараа цохиж гавал тархины хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө ямаа самнаж мөнгө олох зорилгоор Т, Д, Т бид дөрөв Бгийнд ирсэн. Маргааш нь ямаагаа самная гэхэд ямаа хөөрөөгүй байна гэхээр нь би тэгвэл буцацгаая гэхэд Б найзууд ирээд байхад яаж зүгээр байхав, найз нь төв ороод ирье гээд талийгаач, Т гурав төв рүү хонь авч явсан. Ирэхдээ архи, пиво авч ирэхээр нь бөөнөөрөө гэрийн гадаа 1 шил архи, том пиво тойруулж ууж суусан. Би уухгүй гээд ганц, хоёр хундага татсан. Тэгээд гэрт ороод пиво задлаад сууж байхад талийгаач гэнэт уурлаад агсраад байсан. Талийгаач одоо хот явъя гэхээр нь би шөнө орой яваад яах юм, эхнэрийн санаа зовно гэхэд найз минь ойлгоод суусан. Намайг пиво тойруулж байхад толгой дээр нэг зүйл тас гэсэн. Тэгээд би гараад зугтаахдаа муу хөлөндөө тээглээд унасан. Тухайн үед миний гар гэмтсэн сойлттой байсан гэдгийг гэрч нар бүгд мэднэ. Найз минь над руу эхэлж дайраад гадаа гарч ирэхээр нь түлхэтэл эргээд гэр лүү ороод эргэж гарч ирэхдээ Ттай хамт гарч ирсэн. Тэгэхдээ одоо би чамайг ална гээд над руу агсраад байсан. Би их гайхсан. Талийгаач урьд нь над руу тэгж дайрч байгаагүй. Тэгээд над руу дайрахдаа гартаа гялтганасан зүйл барьсан байхаар нь би түүнийг нь хутга байна гэж бодсон. Тыг би наадах чинь гартаа юм барьсан байна аваач гэж хэлэхэд тоохгүй байсан, хэн ч ойртож чадахгүй байсан. Тэгээд над руу дайрахаар нь би зүүн гараараа цаашаа түлхсэн. Намайг цохих гээд эргээд дайрахаар нь би доошоо суугаад зүүн гараараа цохиод гэрт нуугдахаар ороход Т, Б нар амьсгалахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Бг надтай хамт гараад талийгаачийг гэрт оруулж ирье гэж хэлсэн. Би ганцаараа гар муу учир өргөж дийлэхгүй байсан. Гэрт оруулж ирээд уруул, цээжин дээр нь дараад нойтон алчуур толгой дээр нь тавихад босож ирэхгүй байсан. Би Бг сүлжээтэй газар очоод түргэн дуудаад өгөөч гээд Портер машиныг асаагаад явуулсан. Тэгээд цагдаа нэг цагийн дараа ирэхэд би найзынхаа хажууд сууж байсан. Цагдаа хоолойнд нь дарж үзээд өнгөрсөн байна, хэн алсан бэ гэхэд нь би надтай маргалдсан гэхэд намайг баривчилж авч явсан. Талийгаач бид хоёр багаасаа найзалсан, бие биедээ муу санаж алахаар найзууд биш. Бие биеийнхээ ээжийг ээжээ гэж дууддаг найзууд байсан. Би ийм хэрэг гарсанд үнэхээр их харамсаж байна. Найзынхаа ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би найзыгаа санаатай алаагүй. Прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

1.2. Хохирогч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 07-ны орой унтаж байтал бага охин ах явах гээд байна гэж сэрээсэн. Тэгэхээр нь би ах чинь хэзээ ирсэн юм гэхэд Л ахтай хамт сая орж ирээд явах гээд байна гэсэн. Хаашаа явах гэж байгаа юм гэхэд хөдөө явна гэхээр нь Л нь талийгаачтай багаасаа найзалсан тул би юм бодоогүй явуулсан. Хаашаа явж байгаа юм гэхэд талийгаач ээжээ удахгүй ирнэ гэсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнийн 01 цагийн үед Лгийн ээжийнх нь дүү Зоригоо гэх хүн над руу залгаж танд нэг юм хэлэх гэсэн юм Ж өнгөрсөн юм шиг байна гээд одоо тань руу нэг хүн залгах байх та хамт Чойр яваарай гэж хэлсэн. Би гайхаад ямар ч мөнгөгүй Бгийн ээжтэй нь хамт ирсэн. Өглөө 06 цаг 10 минутад би Цагдаагийн газар ирээд энэ хүмүүстэй уулзсан. Би эмнэлгээс очиж асуухад үүрээр 04 цагийн үед 23 настай Д гэх эрэгтэй хүний цогцос ирсэн гэж эмч хэлсэн. Би түүнийг сонсоод ухаан алдсан. Би бүтэн өдөр Говьсүмбэр аймагт ганцаараа байж байгаад хүүхдийнхээ цогцсыг аваад явсан. Эх хүнд хүний нутгаас хүүхдийнхээ цогцсыг тэврээд явах маш хэцүү байсан. Л нь надад оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол төлбөр бүрэн төлөөгүй. Миний ганц орлогын минь эх үүсвэр болсон үр минь байхгүй болсонд одоо хүртэл итгэхгүй, хэцүү байна. Би өөрөө хэзээ үхэхээ мэдэхгүй 80 хувь группэд байдаг. Хавтаст хэрэгтэй танилцахад миний хүүхэд өндөр согтолттой байсан гэсэн. Бусад хүмүүс нь гайгүй байсан гэж харагддаг. Хээр талд харанхуй болсон байхад нэг жалганд очоод яагаад нуугдаж болоогүй вэ, ядаж хөл гарыг нь хугалчихгүй яасан бэ, үүнийг ойлгохгүй байна. Миний хүү эрүүл саруул хүүхэд байсан. Ганц цохилтоор нас барахаар хүн биш гэв.

 

1.3. Шинжээч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гавал тархины битүү гэмтэл нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад хэдэн ч удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Нэг удаа цохих үед ч үүсэх боломжтой. Хохирогчийн ходоодонд 6 промилл спиртын агууламж илэрсэн гэдэг нь ходоодонд байх спирт нь бүдүүн нарийн гэдсээрээ шингээгүй буюу архи уугаад удаагүй байсан гэсэн үг. Талийгаачийн тархинд үүсэх цус харвалтаас харахад маш их цус хурсан байсан. Хүний тархины хатуу хальсан дор 100-150 мл цус хурахад хүнийг аврах боломжгүй болдог. Талийгаачийн хатуу хальсан доороос 150 мл цус авсан учир амь насыг аврах боломжгүй байсан. Шүүгдэгчийн биед үзлэг хийхэд духны орой хэсэгт 2 см хэмжээтэй ил харагдах шархтай байсан. Тэр шархыг хэрэг гарахад архины шилээр цохиулсан гэж хэлсэн. Баруун гар нь хөдөлдөггүй гэсэн. Түүнийг үзээд хадаас хийлгэсэн байна гэдгийг үзсэн. Мөн хөлд байгаа гэмтлийг бичиж дүгнэлт гаргасан ч дүгнэлтэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэв.

 

1.4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүмбэр сум 6 дугаар баг Билүү түлүү гэх газарт байх манай хөдөө гэрт Улаанбаатар хотоос найз Л, Т, Т, талийгаач Д дөрөв ямаа самнах зорилготой Лгийн Акуа маркийн машинтай ирсэн. 04 дүгээр сарын 09-нд би өөрийн хониноос нэг хонь хийгээд гэдэсийг нь чанаж тэд нарт өгөөд, хонины махыг Баянтал суманд очиж зараад 0,75 литрийн савалгаатай Ерөөл нэртэй 2 шил архи, Нийслэл нэртэй 2,5 литрийн савалгаатай пиво 5 ширхэгийг аваад 17 цагийн үед гэртээ очоод гэрийн зүүн талд хургатай хонио услангаа Л, Т, Т, талийгаач Д бид тав нэг пивыг, гэрт очоод дахиад 1 пивыг хувааж уусан. Тэгээд гадаа малаа хашаад 20 цаг болж байхад гэр лүү орж 1 шил архийг задалж хувааж уугаад үргэлжлүүлээд дахиад 1 шил архийг уусан. Би уг архийг талд нь орж байхад нэг их согтоогүй маргааш өглөө эрт ажилтай гэж бодоод унтсан. Манай дүү Н намайг сэрээхэд тэр маш их сандарсан Д гадаа ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь би тоглож байгаа байх гэж бодоод нэг их тоогоогүй буцаад унтаж байтал дахиад хүн сэрээхээр нь харахад Л зогсож байсан бөгөөд надад Д гадаа ухаан алдаад уначихлаа гээд сандарчихсан байдалтай зогсож байсан. Би босоод цаг харахад 22 цаг өнгөрч байсан ба гэрээс гарахад гэрийн чанх зүүн талд Д газарт дээшээ хараад толгой нь хойд зүг рүү харчихсан хэвтэж байсан. Нөгөө хэд сандралдаад тойроод зогссон байсан. Гадаа сарны гэрэлтэй байсан болохоор бүх зүйл тод харагдаж байсан. Тэгэхээр нь би ухаан алдчихсан байх гэж бодоод түүнийг Лагвасүрэн Н нартай дамжлаад гэрт оруулаад зуухны зүүн талд хэвтүүлээд гэрэлд харахад нүүр нь хөхөрчихсөн, ямар ч хөдөлгөөн байхгүй амьсгалахгүй байсан. Дотроо нас барчихаж гэж бодоод эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Юу болсон талаар асуухад архи уугаад их согтсон. Тэгээд Л рүү агсам тавиад дайраад байсан. Л тэр хоёр маргалдаад Л түүнийг цохиход унаад дахиж босч ирээгүй гэж ярьцгааж байсан. Мөн тэр хэд Д газарт унаад босч ирэхгүй болохоор тоглоод байна гэж ойлгоод нэг их тоогоогүй гэсэн. Тэгээд босч ирэхгүй болохоор нь сэрээх гэж хиймэл амьсгаа хийсэн, ус цацсан, алгадсан гэж ярьцгааж байсан. Би бүр эмнэлэг, цагдаад дуудлага өгснийхөө дараа ирээд Лгээс юу болсон талаар нь асуухад намайг ална гээд дайраад байхаар нь гараараа нэг л цохисон гэж хэлсэн. Талийгаачийн найзуудынх нь ярианаас сонсож байхад архи уухаараа тавьтиргүй, агсам тавьдаг, өөрийгөө хүртэл согтоод хутгаар сийчэж байсан гэж байсан болохоор нь би дүүгээрээ хутгаа нуулгаж байсан юм. Намайг унтах гэж байхад талийгаач нөгөө хэдээсээ арай илүү согтсон харагдаж байсан. Бусад нь бол гайгүй л байх шиг байсан. Л намайг сэрээхэд нүүр нь цус болсон духнаас нь доошоо цус урссан байдалтай байсан. Намайг гэрээс гарч очиход талийгаачийн ойр орчимд ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл, гал тогооны хэрэгсэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26, 27, 28-29 хуудас/

 

1.5. Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 07-08 цагийн үед талийгаач Д, Л, манай найз охин Т нар хөдөө Бгийн гэрт очсон. Маргааш өглөө нь Б 1 хонь гаргаад Б, Д, манай найз Т нар махаа зарахаар Баянтал сум руу яваад үдээш хойш 17 цагийн алдад 2 шил 750 граммын Ерөөл архи, 5 том 2,5 литрийн пивотой ирсэн. Бид нар бөөндөө хонио услахдаа 1 пиво хувааж уусан. Ямаа тавьж дууссаны дараа Н бид хоёр гэрээс нь нилээн зайтай явж 1 том пивоо уусан. Энэ үед Л, Д, Б, Т нар 1 шил 0,75 литрийн Ерөөл архиа уусан байсан. Гэрийн гадаа бид нар бөөндөө суугаад 1 шил архиа хувааж уусан. Тэр архиа ууж дууссаны дараа би тасрах маягтай болоод байхаар нь Бгийн гэр лүү найз охины хамт ороод унтаж байтал Т хайраа гадаа нөгөө хоёр чинь зодолдоод байна гэхээр нь би дээл өмсөөд гарсан. Манай найз охин Т Бг сэрээх гээд үлдсэн. Намайг гэрээс гарч очиход Л талийгаач Дыг түлхээд унагаж байгаа харагдсан. Мөн тэр хоёр дээр хүрч очихоос өмнө Л, Доржготоын нүүр хавьд нь 1 удаа гараараа цохиж байсан. Лг цохих үед талийгаач Д ухаангүй юм шиг хамаг бие нь сул хойшоо яг гэдэргээ уначихсан. Унасан хойно нь Л түүний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би очиж Лг цааш нь түлхээд Нг ахын дүү наад Лг ав гэж хэлсэн. Н Лг аваад цааш явсан. Би талийгаачийг дуудаад сэргээх гэж тэврээд сууж байсан. Ус аваад ир гэж хашгирсан чинь Т, Б хоёр данхтай цай барьж гарч ирсэн. Би цайнаас нь балгаад талийгаачийн нүүр лүү нь цацаж сэрээх гэсэн боловч болж өгөхгүй болохоор нь хиймэл амьсгаа хийж, цээжин дээр нь дарсан. Цээжин дээр нь дарж байхад талийгаач хол хол зайтай гурван удаа уртаар амьсгаа авсан. Б өнгөрчихөж байгаа юм биш биз дээ гээд гэрэл тусгасан. Тэгтэл талийгаачийн нүүр, уруул нь хөхөрсөн байсан. Би уйлаад хажуу тийшээ болсон чинь Л чи тоглоод байгаа юм уу гээд талийгаачийг 2-3 удаа татсан боловч ухаан ороогүй. Тэгэхлээр нь би найз охиноо айлаа гэж бодоод дагуулаад гэр лүү орсон. Л, Н, Б нар талийгаачийг өргөж гэрт оруулж ирсэн. Тухайн үед Д өнгөрчихсөн байсан тул бид нар сэрэхгүй гэдгийг мэдэрсэн. Том хүнд хэлье, түргэн цагдаа дуудъя гээд Б Н хоёр явсан. Нгийн яриагаар болохоор Д эхлээд Л рүү одоо чамайг ална хядна гэж дайрсан юм шиг байна лээ. Би Л, Д нарыг гэрийн гадаа маргалдаж байхад хамгийн түрүүнд гэрээс гарсан. Намайг сэрэх үед Д гэрт орж ирээд зүүн урд хэсгээс юм авах шиг болоод амандаа одоо чамайг ална гэж хэлээд гарахаар нь би араас нь дээл нөмрөөд гарсан. 10-20 секунд л болсон байх. Гэрийн гадна талийгаачийн ойр орчимд ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл болон гал тогооны эд зүйл байгаагүй. Лгийн баруун гар нь өмнө нь хугарсан гээд зовиуртай байсан бөгөөд хотоос өөрөө машинаа жолоодоод ирсэн. Гар нь хугархай гэмтэлтэй, боолттой байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-33 хуудас/

 

1.6. Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Гэрт орж ирээд Бадмаа ганц, хоёр татаад гэрийн зүүн орон дээр унтаад өгсөн. Манай найз залуу Т ууж чадахгүй байна гээд баруун талын орон дээр хэвтэж байгаад унтаад өгсөн. Тэгтэл Д, Л хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд Лгийн толгойноос цус гойжиж байсан. Миний санаж байгаагаар Н тэр хоёрыг гэрт муудалцахгүй гарч муудалц гэж хэлж байсан. Л, Д нар гэрээс муудалцаад гарсан. Тэгэхээр нь би араас нь гарах гээд хаалгаар шагайхаад харанхуй байсан болохоор айгаад гаралгүй буцаад баруун орон дээр очоод Тыг сэрээх үед Д гаднаас гүйж орж ирээд гал тогооны хэсгээс юм аваад л гарах шиг болсон. Тэгэхээр нь би араас нь гарахад тэр хоёр гэрийн зүүн талд хоорондоо муудалцаад нэгнийгээ ална тална гээд хараагаад байхаар нь гэрт орж ирээд Тыг сэрээгээд гаргасан. Тэгээд араас нь гараад ирэхэд Д ухаан алдчихсан байдалтай газарт хэвтэж байсан. Д Лгээс өөр муудсан хүн байхгүй. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Гэрээс хамгийн түрүүнд Т, түүний араас Н гарсан. Би Бг зүүн орон дээр унтаж байхад нь босоорой гэж хэлээд тэр хоёрын араас гарсан. Л талийгаач Дыг хаана нь, юугаар, хэдэн удаа цохисныг хараагүй. Намайг гэрээс гараад ирэхэд талийгаач ухаан алдчихсан газарт хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35,36-37,38  хуудас/

 

1.7. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос манай ахын найзууд болох Т, Л, Т, Д нар ямаа самнаж мөнгө олох зорилгоор ирсэн. Орой харанхуй болох үед гадаа хонио хашаад бүгдээрээ гэрт орж авч ирсэн архи, пивоо үргэлжлүүлэн уусан. Архи ууж байгаад арай дуусаагүй байхад манай ах Б гэрийн зүүн орон дээр унтахдаа надад чи эрт унтаарай, хутга шөвгөө нуугаарай гэж хэлсэнийх нь дагуу хутгануудаа би нуусан. Уугаад сууж байхад Т баруун талын орон дээр согтоод унтаад өгсөн. Л, Т, Д бид дөрөв үлдээд пивоо хуваагаад уусан. 21 цагийн үед байх Л, Д хоёр хоорондоо маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг нь бол мэдээгүй өчүүхэн зүйлээс болсон байх. Д Лг чи муу алийн болгон ингэж байх юм чамаас айхгүй шүү гээд байсан. Тэгэхэд Л чи хэзээ ингэдэг болчихсон юм бэ, ямар овоо хүүхэд вэ гээд байсан. Тэгтэл Д уусан Ерөөл архиныхаа хоосон шилээр Лг гэрийн зүүн хойд хэсэгт сууж байхад нь толгойны дух хэсэг рүү нь нэг удаа цохиход архины шил хагараад духны орчмоос цус гарахаар нь цусыг нь би нойлын цаасаар арчиж өгсөн. Тэгэхэд Д өмссөн байсан пудволкоо тайлаад цээж нүцгэн, агсраад орилж хашгираад гэрээс гараад Лг хоёулаа үзье гээд байсан. Тэгэхэд Л Дын араас гарсан. Тэгэхээр нь би тэр хоёрын араас Тунгалаг-Эрдэнийг гар гэж хэлээд хагалсан архины шилийг шүүрдээд байж байтал гаднаас Д гүйж орж ирээд маш их уурлачихсан Лг ална гээд хашгираад гэрийн зүүн урд хэсэгт байдаг гал тогооны хэрэгсэл тавьдаг тавиур дээрээс хутга хайгаад онгичоод байсан. Хутгаа нуусан байсан болохоор хутга ололгүй боорцогны шанаган шүүрийг аваад гарсан. Гадаа гараад Л тэр хоёр хоорондоо зодолдоод байгаа чимээ сонсогдоод байсан. Лгийн за муу банди чи миний солгой гарыг ч дийлэхгүй шүү гээд байгаа нь сонсогдож байсан. Т Л чи наадхаа алчихлаа болиоч ээ гээд орилоод Нямкаа гээд намайг дуудхаар нь гараад очиход Д гэрийн зүүн талд дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь хойд зүг рүү харчихсан, хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Түүнийг тоглоод байгаа юм байлгүй эсвэл түр ухаан алдчихаж гэж бодсон. Т Дыг сэрээх гэж оролдсон. Цээжин дээр нь дарсан хиймэл амьсгаа хийгээд, ус нүүр лүү нь цацсан. Тэгээд л ерөөсөө сэргэхгүй байхаар нь бүгд сандарцгаасан. Би гэр лүү орж унтаж байсан ахыгаа сэрээхэд босоогүй тоолгүй унтаад өгсөн. Дараа нь Л орж сэрээгээд аваад гараад ирсэн. Ах Лг чи яачихваа гээд байсан. Манай ах Б талийгаачийг надтай хамт дамжлаад гэрт оруулж ирээд зуухны зүүн хэсэгт газарт хэвтүүлэхэд ямар ч хөдөлгөөнгүй байсан. Манай ах бид хоёр Портер асаагаад урд талд нутагладаг Батбаатар гэдэг айлд очиж эмнэлэг цагдаад дуудлага өгөөд буцаад очиход Л бид хоёрт Д гурван удаа гүнзгий амьсгаа аваад сая өнгөрчихлөө гэж хэлсэн. Л, Д хоёр хоёулаа л архи уусан согтуу байсан. Гэхдээ Л нь арай гайгүй байсан. Тэр дараа нь би найзыгаа цохъё гэж цохиогүй ш дээ, ганц хоёр л цохисон ш дээ гээд уйлаад байсан. Лгээс өөр талийгаачтай муудсан маргалдсан хүн байхгүй. Миний санаж байгаагаар эхлээд тэр хоёрыг гадаа гарсаны дараа Т үүдэнд очоод буцаад баруун орон дээр очиж унтаж байсан Тыг сэрээсэн шиг санаад байгаа юм. Дыг гэрээс юм аваад гарсаны дараа Т араас нь гарсан. Т манай ахыг сэрээх гэсэн боловч сэрээгүй. Тэгээд би Тын араас дагаад гарахад Т надтай хамт зэрэг шахуу гадаа гарсан. Талийгаачийг гэрийн зүүн урд хэсгээс боовны шүүр авч гарлаа гэж бодсон боловч гэрийн гадна ямар нэгэн гал тогооны хэрэгсэл, хутга мэс зэвсгийн чанартай зүйл байгаагүй. Тэгэхээр талийгаач юм авч чадалгүй гарсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-41, 42-43, 44-45 хуудас/

 

1.8. Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 23 цаг өнгөрч байтал Б, Н нар манайд машинтай ирэхдээ уйлчихсан сандарчихсан байдалтай байсан. Манай хоёр найз хоорондоо маргалдаад нэг нь ухаан алдаад уначихлаа манай гэрийн утас болохгүй байна, танайхаас эмнэлэг цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэж хэлээд Б цагдаа эмнэлэг рүү утсаар ярьж холбогдсон. Би тэр хоёрыг явсаны дараа араас нь гэрт нь очиход ухаан орохгүй байгаа гэх хүнийг гэрийн зүүн хэсэгт газарт хэвтүүлсэн байсан. Тэр хүн нь дээгүүрээ цээж нүцгэн байсан бөгөөд ямар ч хөдөлгөөнгүй нас барсан юм шиг байсан. Би дөнгөж орж хараад л гараад явсан. Намайг очиход тэнд Батзаяагийн хоёр хүүхэд, танихгүй хоёр залуу, нэг эмэгтэй тавуулаа байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46 хуудас/

 

1.9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 444 дугаар дүгнэлтэнд: С.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Л нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. С.Л нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. С.Л нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдаж чадаж байсан байна. С.Л нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Л нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. С.Л нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Лд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч С.Баатаржав, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга, сэтгэцийн эмч Я.Ганхүү гэжээ. /х.х-ийн 64-65 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэнд: А.Дын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, хэсэгт тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, хүзүү, зүүн эгэм, баруун мөр, баруун тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчилэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл юм. Талийгаач А.Дын биед учирсан гавал тархины хавсарсан хүнд гэмтэл нь нас барахад шууд нөлөөлжээ. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач А.Д нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ. Талийгаач А.Д нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. А.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 10 минут хийгдсэн цогцосны гадна үзлэгээр гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас бараад 8-10 цаг болсон байна. Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 67-73 хуудас/

 

1.11. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 108 дугаар дүгнэлтэнд: С.Лгийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 60-61 хуудас/

 

1.12. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-7 хуудас/

 

1.13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгт хавсаргах схем зураг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 8-17 хуудас/

 

1.14. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцосны хувцсанд үзлэг хийж, ар гэрт хүлээлгэж өгсөн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-ийн 74-79 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.Лг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь талийгаач А.Д нь архидан согтуурч, агсам согтуу тавьж, шүүгдэгч С.Лгийн толгойн тус газарт шилээр цохиж хагалсан хууль бус үйлдлээс үүдэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч С.Лгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагч Э.Нэргүй шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 09-ний шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг Билүү түлүү гэх газар иргэн Дтой маргалдан улмаар түүнтэй зодолдон толгойн тус газар гараараа цохиж гавал тархины хүнд гэмтэл учруулан амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Б, Т, Т, Н нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна,

хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдсон. Энэ хэрэгт ямар нэгэн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн бусдын хууль бус үйлдлийг нотлоод тодорхой болсон хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзнэ гэж заасан. Л талийгаачийг унасан хойно цохисон, мөн энэ хоёр хүн хоорондоо маргалдаж, харилцан бие, биедээ халдсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй. Гэрч нарын мэдүүлэг нь хууль зөрчөөгүй, тухайн гэрч өөрийн харсан зүйлээ л ярьдаг. Шинжээчид хууль сануулж дүгнэлт гаргуулан шүх хуралдаанд мэдүүлэг авсан. Мөн шүүгдэгч талийгаачийг гартаа юм барьсан байсан гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг учир шүүгдэгчийг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг шүүхээс үндэслэлтэй тул хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч А.А нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтэндээ С.Л нь санаатай амь насыг хохироогоогүй гэсэн боловч шинжилгээний хариу нь толгойд цохисоны улмаас гэсэн дүгнэлт гарсан. Л нь согтолттой байсан учраас хариу үйлдэл үзүүлж өөрийгөө хамгаалж цохисон нь амь насанд хүрсэн гэж үзсэн болохоо илэрхийлсэнийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, Б.Дамба: Улсын яллагчаас зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг гэмт хэрэг тохиолдлын чанартай үйлдэгдсэн ба миний үйлчлүүлэгчид гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа ноцтой нөлөөлсөн. Хохирогч шүүгдэгчийн өөдөөс дайрсан үйлдэл гаргасан. Л сайн дураараа гэрээс зугтааж гарахад араас нь дахин довтолсон. Энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор цохисон. Шүүгдэгч болсон процессыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Дахин довтлоход талийгаачийн гарт гялтганасан зүйл байхыг хараад хутга байна гэж бодоод зүүн гараараа нэг удаа цохисон байдаг. Тиймээс шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Гэрч Т, Т, Н, Б нарын мэдүүлгийг үндэслэж гэмт хэрэг үйлдсэн гэж  яллах дүгнэлт үйлдэл ирүүлсэн. Гэрч нар анхны мэдүүлсэн мэдүүлгүүдээ дараагийн өгсөн мэдүүлгүүдээрээ өөрчилдөг. Гэрчүүдийн мэдүүлгүүд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, гэрч нар хэн нэгний мэдүүлгээр өөрийнхөө мэдүүлгийг өөрчилсөн байдаг. Энэ байдал нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт биш. Эдгээр гэрч нарын мэдүүлгийг хангалттай тал бүрээс нь шалгаж тогтоох шаардлагатай. Гэрч нар мэдүүлгээ дураараа өөрчилж болохгүй. Гэрч үйл баримт болгоныг олон байдлаар мэдүүлсэн байдаг. Үүнээс дүгнэхэд гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн мэт харагддаг. Худал мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мөрдөгч сануулсан ч энэ нь хэрэгжээгүй. Эдгээр гэрч нарын мэдүүлгээс харахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь болгоомжгүйгээр ч юм шиг, санаатай ч юм шиг, аргагүй хамгаалалт ч юм шиг мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд гэрч нарын мэдүүлгийн зөрүү болон өөрчилсөн шалтгаан нөхцлийг тодруулаагүй орхигдуулсан. Хэдийгээр шүүгдэгч ч гэсэн энэ хүний биед учирсан гэмтлүүдийг үнэн зөвөөр тусгах ёстой байтал үзлэгээр тогтоогдсон гэмтэл, урьд нь бэртсэн хөлийн гэмтлийн талаар дүгнэлтэндээ тусгаагүй учир шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь гэрч Т, Т, Н, Б нар хэрэг гарсан гэх цаг хугацаанд тухайн газарт хамт байсан хүмүүс ба өөрсдийн үзсэн харсан, сонссон зүйлсийн талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлсэн мэдүүлгүүдээр тодорхой нотолсон. Хэдийгээр гэрч нар нь удаа дараагийн мэдүүлгүүдэд гэрээс орж гарсан хүмүүсийн дараалал болон бусад зүйлийн талаар өөрчлөлттэйгээр мэдүүлсэн нь ямар учир шалтгаантай гэдгийг тодорхой тайлбарласан. Гэхдээ гэрч нарын ямар хэмжээний архи ууцгаасан, хэрүүл маргаан хэрхэн гарсан, гэрт болон гадаа болсон зүйлс, хэн хэнийг хэрхэн цохисон, үүний дараагаар болсон асуудлыг өөрчлөлтгүйгээр өөрсдийн мэдүүлгийг удаа дараа өгсөн байна. Мөн гэрч нар нь урьд өгсөн мэдүүлгүүдээ эсрэгээр нь өөрчилсөн зүйл тогтоогдохгүй байна. Харин өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж дутуу орхигдуулсан зүйлсийн талаар мэдүүлсэн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэнд шүүгдэгч С.Лгийн хөлөндөө урьд авч байсан гэмтлийн тусгаагүй нь зайлшгүй тогтоох шаардлагатай зүйлд хамаарахгүй. Мөн шинжээч нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Лгийн биед үзлэг хийхэд нүүрэнд гэмтэл тогтоогдоогүй ба духанд нь үүссэн гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах тул дүгнэлт гаргасан гэж мэдүүлсэнийг дурдлаа.    

 

ХОЁР. Шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баримтаар оршуулгын зардалд 8 597 179 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 20 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 31 597 179 төгрөгийг гаргаж өгнө үү. Мөн би хөдөлмөрийн чадваргүй группэд байдаг, ганц тэжээж явдаг хүү минь байхгүй болсон учраас тэтгэмжийн төлбөр нэхэмжилнэ гэв.

 

2.2. Гэрч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Л нь сэргэлэн цовоо, хүн чанар сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн. Хаана ч явсан найз нөхдөө өмгөөлж хамгаалаад л явж байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/

 

2.3. Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Л нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, хүнд их тусархуу, цайлган, цагаахан сэтгэлтэй, сэргэлэн цовоо, хүн чанар сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн. Хаана ч явсан найз нөхдөө өмгөөлж хамгаалаад л явж байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 

2.4. Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний хүү Л нь нийтэч, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын 9 дүгээр сургуульд 9 дүгээр анги төгссөн. Циркид жүжигчнээр сүүлийн хэдэн жил ажиллаж байсан. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 3-5 настай хоёр хүүтэй. Уг нь миний хүү ийм хэрэг хийх хүн биш. Талийгаач Д нь багынх нь сайн найз байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/

 

2.5. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Л нь эхнэр хүүхдүүдийн хамт ээжтэйгээ нэг хашаанд амьдардаг. Хүнд их тусархуу, найрсаг зантай, амьдралын төлөө л гэсэн эрмэлзэлтэй хүн. Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, ийм хэрэг хийх хүн биш, маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48 хуудас/

 

2.6. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Л нь нийтэч, хүнд их тусархуу, найрсаг зантай, амьдралын төлөө л гэсэн эрмэлзэлтэй, Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, өөрийн гэсэн бодолтой өөрийнхөө амьдралыг аваад явдаг залуу. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг Аса циркид акарбатчин хийдэг, архи дарс их хэрэглээд байдаггүй. Ийм хэрэг хийсэнд маш их гайхаж харамсаж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/

 

2.7. Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Л бид хоёр дундаасаа хоёр хүүтэй, 2014 оноос тусдаа гарч 7 жил хамт амьдарч байна. Л нь эхээс зургуулаа бөгөөд айлын том нь, түүнийг бага байхад аав нь өнгөрсөн гэсэн, хэдэн дүү нараа болон ээжийгээ харж хандаж асарч явдаг ганц хүн. Циркид 2016 оноос хойш ажиллаж байна. Циркид акробат жижигчин гэсэн орон тоо нь дээр хамгийн доод суурийн үүрэг гүйцэтгэдэг. Хувийн зан байдлын хувьд гэр бүл хань, үр хүүхэддээ анхаарал халамж сайн тавьдаг, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд их тусархуу найрсаг зантай, хүн юм гуйвал өгч л байдаг, бусдын төлөө л гэсэн сэтгэлтэй хүн. Найзуудаа гэсэн сэтгэлтэй талийгаачтай бол бүр багаасаа найзалж байсан найз нь байгаа юм. Түүнийг ийм хэрэг хийсэн гэдэгт итгэхгүй байна, маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 52-53 хуудас/

 

2.8. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Л нь шударга, хүнд хэлье гэснээ шууд хэлчихдэг, хүн чанар сайтай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, ажилч хичээнгүй, хийж байгаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, гэр бүл, үр хүүхэддээ халамж анхаарал тавьдаг, хүн ялгалгүй нөхөрлөдөг, хүнтэй арга эвээ олохдоо сайн хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54 хуудас/

 

2.9. С.Лд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримтууд /х.х-ийн 96-106, 185-191 хуудас/

 

2.10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 107-120 хуудас/

 

2.11. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, С.Лгийн Монгол улсад тоглож циркий үзүүлбэрийн гэрэл зураг, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар  /х.х-ийн 135-143, 149-151 хуудас/

 

2.12. Оршуулахтай холбоотой гэм хорын зардлын баримтууд  /х.х-ийн 157-179 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Лд хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, Б.Дамба: Шүүгдэгч Л нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ харамсаж байгаа, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг ар гэрийн аргагүй байдлын улмаас төлж чадаагүй байна. Шүүгдэгч нь 0-4 насны 2 хүүхэдтэй, ар гэрээ ажил хийж тэжээж байсан ганц хүн. Шүүгдэгч талийгаач нар нь өс хонзонгийн ямар нэгэн маргаангүй, сайн найзууд байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор түргэн тусламж дуудсаныг, 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан шүүгдэгч нь бие махбодийн эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэнийг, 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар тогтоох,

Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Хохирол төлбөр барагдуулахтай холбоотойгоор шүүх хуралдааныг завсарлуулсан боловч өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл ангийн хорих ялын дээд хэмжээг оногдуулах хүсэлт тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Лд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна. 

 

Хохирлын тооцоо: хохирогч Б.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар нь оршуулахтай холбоотой гарсан зардалд /21, 49 хоногийн зардал, бензины зардал нэмэдсэн/ нийт 8 597 086 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг тогтоолгох гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 157-179 дүгээр хуудсанд оршуулахтай холбоотой гарсан зардлын нийт 7 868 554 төгрөгийн нотлох баримтууд гаргаж өгснөөс

- 159-р хуудсанд: 100 000 төгрөг,

- 164-р хуудсанд: 550 000, 50 000, 18 000, 700 000 төгрөг,

- 166-р хуудсанд: 54 000 төгрөг, хуудасны ар: 278 000 төгрөг,

- 167-р хуудсанд: 131 000 төгрөг, хуудасны ар: 168 000 төгрөг,

- 168-р хуудсанд: 62 600 төгрөг, хуудасны ар: 225 000 төгрөг,     

- 169-р хуудсанд: 217 800 төгрөг, хуудасны ар: 233 500 төгрөг,

- 170-р хуудсанд: 526 500 төгрөг, хуудасны ар: 464 400 төгрөг,

- 171-р хуудсанд: 209 000 төгрөг, хуудасны ар: 339 000 төгрөг,

- 172-р хуудсанд: 38 200 төгрөг,

- 173-р хуудсанд: 9 000, 8 844, 23 000, 6 000, 8 500, 15 000 төгрөг,

- 174-р хуудсанд: 8 000, 1 650, 9 100, 50 800, 35 800, 31 600 төгрөг, хуудасны ар: 60 000, 7 800 төгрөг,

- 175-р хуудсанд: 17 580, 7 800, 16 694, 44 200, 2 300, 300 000, 85 000, 119 250,   5 000, 4 500 төгрөг,

- 177-р хуудсанд: 10 000, 10 000, 7 500, 7 500, 10 000, 30 000, 15 000 төгрөг,

- 178-р хуудсанд: 30 000, 20 000, 20 000, 20 000, 9 000, 20 000 төгрөг,

- 179-р хуудсанд: 9 100, 10 000, 15 000, 20 000, 50 000, 10 500 төгрөг

нийт 5 567 018 төгрөг

- шүүхийн шатанд гаргаж өгсөн нотлох баримтаар: 50 000, 11 100, 398 800, 158 600, 58 231, 50 000 төгрөг, нийт 7 26 731 төгрөг, бүгд 6 293 749 төгрөг болно.

Үүнээс: шүүгдэгчийн талаас гэм хорын хохиролд 1 100 000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул хасаж үлдэх 5 193 749 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Сд олгож, үлдэгдэл 2 303 337 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөлийн үйлчилгээнд төлсөн 3 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С олгох үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заажээ. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1-р хавсралтын 2.6.6-д “төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор зохицуулсан болно. Хохирогч Б.С нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр, өмгөөлөгч О.Баярбаясгаланд 3 000 000 төгрөг төлсөн болох нь тасалбараар тус тус нотлогдож байна.

 

Харин сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Лгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 81 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С Лг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лгийн цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.Лгээс 8 193 749 /найман сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 1-15 тоотод оршин суух хохирогч Б.Сд олгож, оршуулахтай холбоотой зардал 2 303 337 төгрөг, сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадваргүй этгээдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүүг тус тус нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                              Б.БАТТУЛГА

                                                              Т.ЭНХМАНДАХ