Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

иргэдийн төлөөлөгч А.Э,

хохирогч А.М,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баячууд овогт Цэдэндоржийн Ад холбогдох эрүүгийн 2017000000034 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Цийн А /РД: /, Улаанбаатар хотод 1974 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, хөлсөөр мал малладаг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ц.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Үзүүр холбоо” гэх газар иргэн А.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож түүний зүүн гар болон цээжин тус газар төмөр лоомоор цохиж зодон цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Үзүүр холбоо” гэх газар иргэн А.Бтай маргалдан улмаар түүнийг газарт унасан байхад нь нурууны зүүн хэсэгт нь төмөр лоомоор цохиж цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э гэх айлд 2014 оноос хойш малчнаар ажиллаад 7 жил болж байна. Талийгаачтай 2016 оноос хойш цуг мал малласан. Би сувиа мал, харин Б эм мал малладаг байсан. Бид хоёр тусдаа амьдардаг. Талийгаач 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хөдөө ирэхдээ согтуу байсан. Э гадаа буулгаж өгөөд гэр лүүгээ явахад нь би вагончикт байсан. Талийгаач би төв ороод атаман хийж зодоон хийж байгаад ирлээ, одоо чамайг гүйцээнэ гэж хэлсэн. Тэгээд зурагт яасан юм гэж асуухаар нь би үхэр тогоог нь хөдөлгөсөн би гаргаж чадаагүй гэж хэлээд чанаж байсан цайгаа авч тавиад гарах гэтэл намайг гаргахгүй байсан. Тэгээд галын хайчаар хоёр удаа миний нуруу луу цохисон. Вагончикт байхад хохирогчийг цохиж зодсон асуудал байхгүй. Баруун тийшээ болоход нь би зугтаагаад гарахад миний араас намайг дараад баруун талаараа вагончикны шатнаас унасан. Лоом шатны хажууд газарт байхаар нь би аваад лоомоор талийгаачийн зүүн гар талд нь 2 удаа цохисон. Намайг бариад авчихлаа гэж санаад айсандаа цохисон. Тухайн үед гадаа харанхуй байсан. Гэхдээ вагончикны цонхоор гэрэл тусаж байсан. Тэгээд би морио унаад Эын гэрт очоод нөгөөх чинь унаад өгсөн, би өргөж дийлэхгүй байна, одоо бараг наашаа ирж байгаа байх замдаа харж яваарай гэж хэлсэн. Тэгэхэд миний бие салгалаад байсан. Би эрүүл байсан. Талийгаач өмнө нь намайг 2017 онд зодож байсан. Мөн 2019 онд муудахад Б салгаж байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

1.2. Хохирогч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач бид нарын ганц ах байсан. Би шүүгдэгчийн талаар хүмүүсээс асуухад их ааш муутай, хүнтэй таардаггүй гэж байсан. Талийгаач 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед манай ажил дээр ирээд Б эгч, Э ах хоёртой явсан. Замдаа Э ахаар нэг шил архи авахуулсан байсан. Манай ах их цэвэрч Э ахын гэрийн бүх зүйлийг хийдэг байсан. Тиймээс Э ах явуулах дургүй байдаг. Тэр өдөр зүүн нүд нь хөхөрсөн байсан. Би Э ахад Б ах нүдээ хөх болгосон байна гэхэд одоо Бг наашаа явуулахгүй гэсэн. Тэгсэн ах би хоёр сарын дараа ирнэ, одоо дүүд урьдчилгаа мөнгө өгчих гээд надад 1 000 000 төгрөг өгөөд явсан. Орой нь 10 цаг 50 минутад Б эгч над руу яриад Баагий ах нь вагончикны шат руу уначихсан нуруу нь их сонин байна, амьсгалж чадахгүй байна гэхээр нь би та наашаа аваад ирээ гэж хэлсэн. Тэгсэн Б эгч гэрийнх нь гадаа очоод залгая гэж хэлсэн. Тэгээд би ээжид Б ах шатнаас уначихсан амьсгаа нь сонин болоод байна гэнээ гэж хэлээд удаагүй байхад Б эгч дахиад залгаад гэрийнх нь гадаа очиж чадахгүй юм байна. Түргэн аваад өөдөөс гараад ир гэж хэлсэн. Тэгээд бид нар түргэн аваад өөдөөс нь очиход эмч амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Бид нар ахыгаа алдсандаа их гомдолтой байгаа гэв.

 

1.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Талийгаач Чойроос гарахдаа Чандмань дэлгүүрээс Сэржим нэртэй 750 граммын архи аваад замдаа ганцаараа ууж яваад манай гэрт ирэхэд архи нь доороосоо 3-4 хуруу орчим үлдсэн байсан. Манай нөхөр талийгаачийг худгийн ард талд байх гэрт нь хүргэж өгөхөөр яваад нэг их удалгүй талийгаачийг Атай хамт үлдээгээд ирлээ гэсэн. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд буюу талийгаачийг хүргэж өгсөнөөс 1 цаг 30 минутын дараа /багцаагаар/ гаднаас А ганцаараа орж ирээд нөгөө согтуу чинь вагончикноос уначихаад босч чадахгүй байна, очиж ав, амьсгаатай л байна лээ гэж хэлээд аяганд цай хийж уугаад гараад явсан. Нөхөр бид хоёр машинтайгаа худгийн ард байх талийгаачийн гэрт яваад очиход вагончикныхоо шатны баруун талд толгой хэсэг баруун хойш харсан, баруун мөрөө дарж хажуу талаараа унасан байсан. Тэгээд очоод босоорой гээд суулгахад талийгаачийн зүүн гарны буглага хэсэгтээ шархтай, уг шархнаас цус гоожсон байсан. Тэгтэл манай нөхөр түргэн хурдан ирэхгүй шууд эмнэлэг аваад явъя гэж хэлээд талийгаачийг Акуа машины урд суудал дээр сандалыг нь хойшоо хэвтүүлж байгаад хөнжлийг нь тавиад хэвтүүлэхэд ёолж байсан. Тэгээд наашаа яваад Аийн гэрт очиж Аг чи яасан юм бэ үнэнээ хэл гэж хэлтэл А ямар нэгэн юм яриагүй дуугарахгүй байсан. Гэртээ ирээд жижиг машин донсолгоо ихтэй байсан болохоор Ланд Крузер-100 маркийн тээврийн хэрэгсэлийн хойд суудал дээр хэвтүүлээд Чойрын эмнэлэг рүү хөдлөхөд манай нөхөр Бг дуудаад юм яриад яв гэж хэлсэн. Би замдаа нэрийг нь дуудаад явахад талийгаач ёолж машины ард суудал дээр босч хэвтээд явж байгаад Чойр орохоос 20 орчим километрийн зайд гэнэт дуугарахаа больсон. Тэгээд манай нөхөр зогсоод Бг харсанаа ухаангүй болчих шиг боллоо гээд Чойрын эмнэлэг рүү явсан. Би талийгаачийн дүү Цээгийтэй утсаар яриад эмнэлгээс эмч аваад урдаас яваарай гэж хэлсэн. Тэгээд бараг Чойр луу орж байхад урдаас эмнэлгийн машинтай талийгаачийн хамаатнууд гарч ирж зогсоод эмч манай машинд орж ирээд талийгаач Бг барьж үзсэнээ шууд эмнэлэг рүү гэж хэлсэн. Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үүдэнд ирээд эмч Бг өнгөрчихлөө, нас бараад 20 орчим минут болсон байна гэж хэлсэн. Талийгаачийг Чойроос очиж авахад баруун нүд нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шарх байхгүй байсан. Талийгаачийг гэр лүү нь хүргэж өгөхөд ухаанаа алдталаа уугаагүй согтоогүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-42 хуудас/

 

1.4. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 29-ний орой талийгаач, манай эхнэр Б бид 3 хөдөө гэр лүү Бонго-3 маркийн машинтай яваад орой 20 цаг өнгөрч байх үед талийгаачийн амьдардаг цагаан өнгийн вагончикт ирэхэд манай малчин А байсан. Тэгээд талийгаачийг орхиод хөдөө гэр лүүгээ явсан. Талийгаач Чойроос ирэхдээ согтуу байсан бөгөөд гартаа Сэржим нэртэй талаас арай доогуур хэмжээтэй архитай явж байсан. Орой 23 цагийн үед А манай гэрт морьтой ирээд Б согтуу вагончикны шатны руу унаад босохгүй байна, би өргөж даахгүй байна гэж хэлэхээр нь би эхнэр Бтэй өөрийн Акуа маркийн машинтайгаа талийгаачийн байсан вагончик дээр иртэл талийгаач нь вагончикны шатны баруун доод талд нь газарт шороон дээр баруун талаараа хэвтэж байсан бөгөөд яаая, яаая гэж ёолоод байсан. Эхнэр бид хоёр өргөж босгоод сонин ёолоод байхаар нь би талийгаач Бгийн төрсөн дүү рүү нь залгаад ах чинь шатнаас унаад сонин болчихлоо гэж хэлээд талийгаачийг машиндаа суулгаад Чойр луу явсан. Тухайн үед талийгаач нь машины арын суудал дээр доошоо харж хэвтээд нэг бол босоод дээрээс нь яаая яаая гэж ёолоод явж байсан. Чойр луу нилээн дөхөөд Өгөөмөр гэх газрын ойролцоо ирэхэд Б гэж дуудсан чинь ерөөсөө хариу өгөхгүй байсан. Тэгээд ухаан алдчихлаа гэж бодоод сандраад дүү рүү нь залгаад эмч аваад өөдөөс яваарай гэж хэлээд нилээн хурдтай Чойр руу явсан. Эмнэлгийн үүдэнд ирж зогсоод эмч нар үзэхэд нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийг намайг Чойроос авах үед нилээн согтуу байсан. Баруун нүд нь хөхөрсөн байсан. Бие нь өвдөж зовиурласан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-49 хуудас/

 

1.5. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны үед дэнжийн Андуудын дэргэд явж байтал талийгаач Б согтуу намайг таниад дуудсан. Тухайн үед би цэвэр усны саванд хугас шил архи хийгээд энгэртээ нуучихсан явж байсан бөгөөд тэрийг хараад надаас нэхэхээр нь би өгөхгүй гэхэд тэр надаас авна гээд дайрсан. Тэгэхээр нь би түлхээд унагаасан их согтуу байсан болохоор нүүрээрээ газар харуулдаж унаад нүүрээ шалбалчихсан. Хацар дух хэсгээс нь бага зэргийн цус гарч байсан. Тэгээд босч ирээд мөн л над руу дайраад агсраад намайг заамдаад авахаар нь би зөрүүлж заамдаад баруун нүдэнд нэг удаа толгойгоороо мөргөтөл арагшаа газарт суугаад унаад өгсөн. Түүний маргааш билүү нөгөөдөр нь Чандмань дэлгүүрийн тэнд талийгаач Бтай таараад чи надтай таараад архи, тамхи нэхээд агсам тавиад байсан шүү гэхэд харин тэгсэн байна лээ уучлаарай бүдэг бадаг санаад байгаа юм гэж хэлж байсан. Чи миний нүдийг мөргөчихсөн байна лээ шүү гэж хэлж байсан. Тэнд таарахад түүний баруун нүд нь хөхөрчихсөн дух, хацар нь шалбарсан харагдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52  хуудас/

 

1.6. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар дүгнэлтэнд: А.Бгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, зүүн талын 2,3,4,5,6,7,8,9,10,11 дүгээр хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн нэг болон хоёрлосон хугарал, хавирга завсрын зөөлөн эдийн няцрал урагдал, зүүн уушигны нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх 200 мл цус хуралдалт, дэлүүний няцрал, урагдал, зүүн бөөрний няцрал, урагдал, дэлүү, нойр булчирхай, зүүн бөөр орчмын эдийн цус хуралт, дотор эрхтэний цус эргэлтийн хямрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн бугалганд 2 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун мөрөнд, баруун бугалганд, нурууны зүүн талаар тархмал, зүүн бугалганд тархмал, зүүн шуунд, цээжинд баруун эгмийн дунд шугамаар 2 дугаар хавирганы түвшинд, баруун гуянд, баруун шилбэнд цус хуралт, цээжинд арьсан доорх тархмал хий хуралдалт, баруун нүдний зовхинд хуучин цус хуралт, баруун хацарт, духанд хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, зүүн талын 2,3,4,5,6,7,8,9,10,11 дүгээр хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн нэг болон хоёрлосон хугарал, хавирга завсрын зөөлөн эдийн няцрал урагдал, зүүн уушигны нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх 200 мл цус хуралдалт, дэлүүний няцрал, урагдал, зүүн бөөрний няцрал, урагдал, дэлүү, нойр булчирхай, зүүн бөөрний орчмын эдийн цус хуралт гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд байна. Баруун нүдний зовхины цус хуралт, баруун хацарт, духны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлээр 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. А.Бгийн биед шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,4 промиль этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь В/III/ бүлгийн харъяалалтай цустай байна. А.Б нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Ж гэжээ. /х.х-ийн 61-69 хуудас/

          

1.7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 504 дугаартай дүгнэлтэнд: Ц.А нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд F70.0. Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байсан байна. Ц.А нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна. Ц.А нь одоо сэтгэцийн хувьд F70.0. Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Ц.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч С.Баатаржав, сэтгэцийн эмч Ш.Сугармаа, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга гэжээ. /х.х-ийн 74-76 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2618 дугаар дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр илрүүлж, хураан авсан газрын хөрс гэх дээжнээс цус илэрсэн. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж, хураан авсан газрын хөрс гэх дээжнээс илэрсэн цус нь талийгаач А.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /х.х-ийн 82-83 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2620 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн алчуур дээр цус илэрсэн. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн алчуур дээр илэрсэн цус нь талийгаач А.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /х.х-ийн 85-86 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2619 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн лоом дээр цус илэрсэн. Лоомон дээр илэрсэн цуснаас арчдас авч шинжлэхэд ДНХ илэрсэнгүй. Талийгаач А.Бгийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /х.х-ийн 88-89 хуудас/

 

1.11. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 2-9 хуудас/

 

1.12. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 10 хуудас/

 

1.13. Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 12-32 хуудас/

 

1.14. Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, цогцос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-ийн 56-58, 59,60 хуудас/

 

1.15. Талийгаач А.Бгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 122 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Аг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Агийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь талийгаач А.Б нь архидан согтуурч, агсам согтуу тавьсан үйлдэл болон урьдын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохиролд хэрэгт өгсөн баримтаар 3 551 047 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

2.2. Гэрч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “А нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, багаасаа хөдөө мал дээр мал маллаж өссөн. Толгой тархи, үе мөч нь их өвддөг, группэд байж байгаад сүүлийн хэдэн жил өөрөө очоогүй учир хасагдсан гэсэн. Амьдрал зохиож байгаагүй, өөрийн гэсэн гэр орон гэх зүйлгүй, түүнийг гэх хүн бараг байхгүй. Мөн цагаахан сэтгэлтэй, хүнд их тусархуу зантай, хар ажил төрөлд маш сайн хүн. Уурлаж уцаарлаад элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53 хуудас/

 

2.3. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “А нь сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй, багаасаа хөдөө мал дээр мал маллаж өссөн. Уушги болон мэдрэлийн өвчнөөр группэд байдаг байсан. Уушгины хагалгаанд орж уушгиа тайруулж байсан. Ер нь бага байхын мэдрэлийн өвчтэй, эрүүл биш хүүхэд байсан. Энэ нь том болоод ч засраагүй, яг цоо эрүүл хүн биш. Амьдрал зохиож байгаагүй, өөрийн гэсэн гэр орон гэх зүйлгүй. А нь цагаахан сэтгэлтэй, хүнд их тусархуу зантай, хар ажил төрөл, мал маллахдаа сайн. Ийм хэрэг хийсэн гэхэд итгэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54 хуудас/

 

2.4. Оршуулахтай холбоотой хохирлын зардлын баримтууд /х.х-ийн 125-134 хуудас/

 

2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 113 хуудас/  

 

2.6. Шүүгдэгч Ц.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримтууд /97-109 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Аг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг шүүгдэгч Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн, хувийн байдлын хувьд уушгиа тайруулж байсан, дээр нь мэдрэлийн өвчтэй болох нь тогтоогдсон зэргийг тус тус харгалзан үзээд тухайн зүйл ангийн хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах хүсэлт тус тус гаргажээ.

           

Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна. 

 

Хохирлын тооцоо: Хохирогч А.М нь оршуулахтай холбоотой гарсан зардалд 3 551 047  төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 125-134 дүгээр хуудсанд оршуулахтай холбоотой гарсан зардлын нотлох баримтууд авагдсанаас

- 127-р хуудсанд: 15 900, 92 106, 27 750, 11 000, 21 200, 1 960, 20 980, 18 000,     7 500 төгрөг,127-р хуудасны ар: 17 700, 29 300, 70 000, 22 200, 10 550, 28 700, 26 000, 17 688, 1 600 төгрөг,

- 128-р хуудсанд: 11 000, 51 050, 12 700, 53 327, 37 447, 30 000 төгрөг, 128-р хуудасны ар: 37 000, 9 471, 2 500, 2 600, 37 700, 38 000, 430 000 төгрөг,

- 129-р хуудсанд: 14 600, 23 000 төгрөг, 129-р хуудасны ар: 216 600, 216 600 төгрөг,      

- 130-р хуудсанд: 61 000 төгрөг, 130-р хуудасны ар: 127 600 төгрөг,

- 131-р хуудасны ар: 236 000 төгрөг,

- 132-р хуудсанд: 61 200 төгрөг, 132-р хуудасны ар: 45 000 төгрөг,

- 133-р хуудсанд: 36 000 төгрөг, 134-р хуудасны ар: 648 900 төгрөг,

нийт 2 662 829 төгрөгийг оршуулахтай холбоотой гарсан зардал нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Агээс гаргуулж хохирогч А.Мт олгож, үлдэх 888 218 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,29 см урттай, 4,5 кг жинтэй төмөр лоом, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрын хөрс, улаан хүрэн өнгийн бариултай 26 см урттай хайч, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн алчуурыг тус тус устгаж, “Гэрч Ц.А мэдүүлэгт хавсаргах” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгч Ц.Агийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Аг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1,29 см урттай, 4,5 кг жинтэй төмөр лоом, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрын хөрс, улаан хүрэн өнгийн бариултай 26 см урттай хайч, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн алчуурыг тус тус устгаж, “Гэрч Ц.А мэдүүлэгт хавсаргах” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Агээс 2 662 829 /хоёр сая зургаан зуун жаран хоёр мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 7-102 тоотод оршин суух хохирогч А.Мт олгож, оршуулахтай холбоотой зардалд 888 218 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧИД                                Б.БАТТУЛГА

                                                                                                          Т.ЭНХМАНДАХ