Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00005

 

 

 

 

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2016/00005

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дугаар багт оршин суух, Т овогт Т Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дүгээр багт оршин суух, Ж овогт М С холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е, хариуцагч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хүү Д.М, Д.Х, охин Д.Р нарыг өөрийн асрамжид авахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Д нь 2002 онд М.Стай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Гэтэл бид хоёр таарамжгүй байдлаас болж хамт амьдрах бололцоогүй болсон учир Сум дундын 2-р шүүхийн 2013 оны 10-р сарын 08-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, бидний 3 хүүхдийг эхнэр Сы асрамжид үлдээж миний бие Дээр 3 хүүхдэд тэтгэлэг төлүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл С нь гэрлэлт цуцалснаас хойш хүүхдүүдийг асран хамгаалж тэжээн тэтгэх үүргээсээ санаатайгаар зайлсхийж хүүхдүүдийг орхигдуулсан учир 3 хүүхдийг аав нь болох миний бие асарч хамгаалан, тэжээн тэтгэх болон хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүргийг гүйцэтгэж ирсэн болохоор хүүхдүүдийг өөрийн асрамжид авч цаашид зөв хүмүүжил олгон төлөвшүүлэх зорилготой шүүхэд асрамж өөрчлүүлэх хүсэлт гаргасан боловч асрамж өөрчлөхөд үндэслэл бүхий нотлох баримт хангалтгүй байна гэсэн үндэслэлээр миний нэхэмжлэлийг Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж иргэний хэргийн давж заалдах шатны 6-р шүүх 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалаар энэхүү шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч магадлалынхаа үндэслэх хэсэгт энэхүү шийдвэрээр 3 хүүхдэд холбогдох эцэг хүний хувьд хэрэгжүүлэх эрх үүргийг хязгаарлаагүйг дурдаж миний бие Гэр бүлийн тухай хуулийн 25-р зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26,4-т зааснаар хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн дахин тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх, шаардах эрхтэйг дурдсан байна. Мөн миний бие шүүхийн шийдвэр гарснаас хойш тус аймгийн засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс-т хүүхдүүдийн эрх хамгаалж өгөхийг хүсэж өргөдөл гаргаснаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс-ийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хүүхдийн эрх зөрчигдсөн байдлыг тогтоох тухай 56 дугаар дүгнэлт болон бусад холбогдох баримтуудыг тус хэлтсээс гаргаж өгснөөр уг дүгнэлтийг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцон дахин хянаж өгөхийг хүсэж давж заалдах шатны 6-р шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүхийн шатанд энэхүү нотлох баримт болох дүгнэлтийг хүсэлт гаргах журмаар гаргуулах боломжтой байсан учир шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзаж харин энэхүү нотлох баримтуудыг үндэслэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан байна. Иймд доорх байдлаар миний хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх хангалттай үндэслэл байгаа гэж үзэж байна. 2013 оны гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрээр тогтоон өгсөн З хүүхдийн тэтгэмжийг миний ажиллаж буй сургуулийн санхүү миний цалингаас суутган авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдэх хуудсанд заасан холбогдох дансанд шилжүүлэн өгдөг байсан. Тухайн үед миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хоёр хүүхэд байнгын миний асрамжид байгааг мэдэгдэж хүүхдүүдийн тэтгэмж төлөх ажиллагааг түдгэлзүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргаж байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ньтэтгэмжийн мөнгө одоогоор шийдвэр гүйцэтгэлийн дансанд байгаа хэнд ч олгогдоогүй гэж амаар хариу өгч хүсэлтийг хүлээж аваагүй юм. Гэтэл эхнэр С нь хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас өөрийн хувийн харилцах дансандаа шилжүүлэн авч зориулалтын дагуу хүүхдүүддээ зарцуулахгүйгээр зөвхөн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсаар байна. Тэтгэлэг авагч хүүхдүүд болох М, Хнар 2013 оноос хойш байнгын миний асрамжид байгаа талаар хавтаст хэрэг цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон бөгөөд Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгагдсан болно. Мөн шүүхийн шийдвэрээр 3-н хүүхдэд оногдсон өмч, хүүхдүүдийн амьдрах байр болох Өлгий сумын 8-р багт байрлах 5-н өрөө байрыг 20 сая төгрөгөөр зарж худалдан мөнгийг нь өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Шүүх нь гэрлэлт цуцлах шийдвэр гаргаж дундын өмч хуваарилахдаа Иргэний хуулийн 129-р зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдэд хуваарилан өгсөн бөгөөд 129.2-т гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасан бөгөөд Өлгий сумын 8 дугаар багт байрлах 5 өрөө өвлийн сууцыг зөвхөн Сы өмчлөлд өгөөгүй бөгөөд миний 3 хүүхдийн хамт өмчилж байхаар хуваарилсан. Гэтэл С нь шүүхийн шийдвэрээр хуваарилан өгсөн хүүхдүүдийн өмчийг тэдний эрх зүйн чадамжгүй байдлыг далимдуулан зарж борлуулан зөвхөн өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулж хүүхдүүдийг орон байргүй болгож байгаа нь хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгаагийн нэг илрэл. Анх гэрлэлтээ цуцлуулахаар өргөдлөө миний бие Д өгсөн бөгөөд гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь тухайн үед эхнэр С нь согтууруулах ундаа хэрэглэдэг байсан учир миний бие хүүхдүүдийн хүмүүжлийг бодож энэхүү шийдэлд хүрсэн юм. Харамсалтай нь миний бие хуулийн бүрэн мэдлэггүйгээс, эмэгтэй хүн, хүүхдүүдийн маань эх гэдэг утгаар шүүхэд энэ талаар бүрэн нотолж чадаагүй учир шүүх 3-н хүүхдийг Сы асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцалснаас хойш шүүхийн шийдвэрээр 3-хүүхэд Сы асрамжид үлдсэн боловч хоёр хүүхэд шөнө оройн цагаар надад зугтаж иргэнийг Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 02 дугаар шийдвэр бүхий иргэний хэрэгт буй гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн 85-р хуудсан 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн хариуцагч Сы бичсэн тайлбарт хүүхдүүд нэгний хойноос нөгөө нь шөнө дунд зугтаж аавд нь очсон байсан би тэдэнтэй аав энэ талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж байхад уулзсан гэж бичсэн явдлаас С өөрөө хүүхдүүддээ хир хайр халамжтай эх байх харагдаж байна. Бага насны хүүхдүүд ямар ч шалтгаангүй шөнө оройн цагаар гэр орноосоо дайжин зугтахгүй нь зүй ёсны явдал юм. Гэтэл хүүхдүүд хүүхдийн байгууллагад өгсөн тайлбартаа ээжийгээ гэртээ найз нөөхдөө цуглуулан архи ууж хүүхдүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж хэрцгий зан авир гаргадаг тул дургүй байдаг талаар тодорхой тайлбар өгсөн байна. Бид хамтдаа амьдарч байхад насанд хүрсэн хүн нөхрөөсөө ичиж зоволгүй согтуурхдаг байсан нь салснаас хойших бага насны хүүхдийг үл тоомсорлодог тодорхой юм. Энэхүү байдлын талаар асрамж өөрчлүүлэх хүсэлт гаргахдаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд амаар тайлбар өгсөн ч хүний эрхэнд халдаж, ялангуяа эмэгтэй хүн хүүхдүүдийн маань төрүүлсэн эх хүний хувьд тагнаж, гадаа согтуу хэвтэж байхад гэртээ оруулж хонуулж байсан гэрчүүд шүүхэд гэрч болохоо хэлж байсан ч Сы энэхүү байдлыг нотлох баримт болгож өгөх нь миний ёс суртахуунд нийцээгүй. Гэтэл миний шүүхэд нотолгоо болгож гаргаж өгөөгүй нотлох баримтаар үнэлүүлэхийг хүсээгүй асуудлыг бага насны /насанд хүрээгүй/ ялангуяа өөрийнх нь хүүхдүүд гэрчилж байгааг анхаарахаас өөр аргагүй гэж үзнэ. Гэрлэлт цуцлуулах шүүхийн шийдвэрээр хүү М, Х, Р нарыг Сы асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн хэдий ч хүү М, Хнар нь ээжтэйгээ амьдрах дургүй эцэг нь болох надтай хамт амьдрахыг хүсдэг С нь хүүхдүүдээ гэсэн эх хүний сэтгэлгүй, одоогоор Д миний байнгын миний асрамжид байдгийг давхар нотлохоос гадна хүүхдүүдийн гэр орныг зарж борлуулан орох оронгүй болгож байшингийн үнэ болон хүүхдүүдэд төрөөс олгогдох 20 мянга, миний цалингаас хүүхдийн тэтгэлэг нэрээр суутгуулан авсан мөнгөнөөс хүүхдүүддээ нэг ч төгрөг зарцуулалгүй зөвхөн С өөрөө авч хувьдаа захиран зарцуулдаг учраас миний цалингаас хүүхдүүдийн тэтгэлэг суутгаснаас үлдсэн цалин 2 хүүхэдтэйгээ хамт амьдрах орон байр худалдаж авахад хүрэлцэхгүй зөвхөн 2-хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд арай ядан хүрэлцдэгийг дүгнэлтдээ тодорхой дурдсан байна. Гэвч миний бие одоогоор энэхүү хүнд байдалд байгаа хэдий ч эцэг хүний ёсоор хүүхдүүдээ бодон өөрийнхөө эцэг эхийн тэтгэврийг зээлдэж, ах дүү нараас хандив цуглуулан тал мөнийг босгож зээлээр Өлгий сумын 2-р багаас 3-н өрөө хашаа байшинг 8000000 төгрөгөөр худалдаж авч байгаа бөгөөд нотлох баримтыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай хүсэлтдээ хавсаргасан болно. 2015 оны 4 дугаар сарын 22-ны өдөр хүү Хнь сургуульд байхад нь хичээлийн цагаар С очиж хүүхдэд хүч хэрэглэн хүчээр авч явахыг оролдож хамт байсан том хүү М хүүхэд багш нарын өмнө зодож хүүхдэд хэрцгийгээр хандсанаар цагдаагийн байгууллагад шалгаж байсан юм. Энэхүү байдлаас үзэхэд хүүхдүүдийн маань эрх ашиг сонирхол нь ноцтой зөрчигдсөн гэж үзэж байгаа бөгөөд Сум дундын 2-р шүүхийн 2014 оны 12-р сарын 22- ны өдрийн 02 дугаар шийдвэр бүхий иргэний хэрэгт буй нотлох баримтуудыг татан авч нотлох баримтаар үнэлүүлэн, шүүхийн журмаар албан ёсоор шинжээч томилуулан дүгнэлт гаргуулж шинээр нотлох баримт гарган өгч хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний энэхүү нэхэмжлэлийг зохих журмын дагуу хүлээн авч хүүхдүүд болох Д.М, Д.Х, Д.Р нар нь эх М.Сы асрамжид байгааг өөрчилж, эцэг Д асрамжид өөрчлөн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тэрнээс хойш одоо хүртэл 2 хүүхэд маань надтай хамт амьдарч байгаа. Хүүхдийн өөрийнх нь саналаар шүүхийн журмаар тэтгэлгийг төлж явсан. Одоо насанд хүрсэн учраас 3-н хүүхдийг өөрийнхөө асрамжид авмаар байна. Бусдыг миний өмгөөлөгч К.Е дэлгэрэнгүй тайлбарлах болно гэв.

Хариуцагч М.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М.С нь 2013 оны 10 сарын 08-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр гэр бүлээсээ салсан. Хүүхдүүд болох Д.М, Д.Х, Д.Р нарыг миний асрамжид үлдээсэн. Гэвч миний бие 3 хүүхдүүдээ бодож үлдээсэн. Гэвч миний бие 3 хүүхдүүдээ бодож 2013 оны 12 сараас 2014 оны 7 сар хүртэл сайн дураараа иргэн Дтэй хамт амьдарсан. Харамсалтай нь иргэн Д нь байнга архи ууж, агсам тавин намайг болон хүүхдүүдийг минь байнга зодон, элдэв хэл амаар доромжилж дарамталдаг байсан учир хамт амьдрах боломжгүй болсон юм. 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 2 дугаар шийдвэрээр Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д М, Х, Р нарын асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Мөн 2015 оны 2 сарын 05-ны өдрийн 17 тоот Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд иргэн Т.Д нэхэмжлэлийн шийдвэр гарчихсан. Миний бие 3 хүүхдийн хамт амьдарч байсан. Иргэн Т.Д нь 2 хүүхдийг минь хүч хэрэглэн айлган сүрдүүлэн намайг зодон авч зугтаасан. Өдий хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хүүхдийг маань өгөхгүй байгаа. Дээр нь янз бүрийн муу үг зааж өгч, өш хонзон санаж тэр хүүхдүүдийг миний эсрэг болгон хүмүүжиж байгаа болно. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2015 оны 2 сарын 24-ний өдрийн 56 дугаар дүгнэлт ямар ч үндэслэлгүй байна. Надтай ерөөсөө уулзаагүй ба намайг ажилгүй, харьцааны соёлгүй гэсэн худлаа дүгнэлт гаргажээ. Миний бие ажилтай, өөрийн гэсэн орон байртай. Иймд уг дүгнэлтийг би үгүйсгэж байна. 3 хүүхдийн тэтгэмжийн мөнгө нь өөр өөрийнх дансанд байгаа ба миний бие авч зарцуулаагүй. Харин өөрийнхөө мөнгөөр хэрэгтэй хувцас хунарыг авч өгч байгаа. Найз нөөхдөө цуглуулан архи уусан явдал ерөөсөө болоогүй намайг гүтгэж байгаа юм. Ямар ч нотлох баримт байхгүй. Шинээр илэрсэн нөхцөл байдал огт байхгүй. 2015 оны 4 сарын 22-ны өдөр иргэн Т.Д нь Цагдаагийн газарт мэдүүлэг өгч намайг цагдаагийн газраас шалгасан. 2015 оны 6 сарын 11-ний өдөр 5/364 тоот прокурорын тогтоолоор хүүхдүүдийг зодсон нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд хүүхдүүдийн маань эрх зөрчигдсөн явдал байхгүй. Харин иргэн Т.Д нь шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй явж байна. Хүүхдүүдэд хэрцгий харьцсан, эх байх эрхээ урвуулан ашигласан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй тул хүүхдүүдийн асрамжийг өөрчилж эцэг нь болох Т.Д асрамжид шилжүүлэх боломжгүй. Иргэн Т.Д нь байнга архи ууж, агсан тавьдаг, хүүхдүүд болон намайг хамаатан ах, дүү нараа зоддог, элдэв хэл амаар доромжилдог, хардалт сэтгэцийн өвчтэй ийм хүн миний 3 хүүхдийг хүмүүжүүлж чадахгүй, өөрийгөө ч зөв авч явж чадахгүй болно. Иймд 3 хүүхдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлж, зөв хүн болгоно гэжээ.

Хариуцагч М.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.С нь Өлгий сумын 01 дүгээр багт амьдардаг. 2002 онд Дтэй гэр бүл болж 3-н хүүхэдтэй болсон. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүү М, Х, охин Р нарыг миний асрамжид үлдээсүгэй гэсэн шийдвэр гаргасан. 3-н хүүхдийн тэтгэлгийг төлж байгаа. 3-н хүүхэд маань надтай хамт амьдрах ёстой байсан боловч Д нь хүү Х, М нарыг хүчээр авч өөртөө байлгаж байгаа билээ. Нэхэмжлэлдээ хүүхдийн асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэл гаргасан байна. Мөн Д нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр эх байх эрхийг хасах, 3-н хүүхдийн асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэл гаргаж байсан. Дараа нь давж заалдаад Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 9 дугаартай магадлалаар анхны шийдвэрийг хүчингүй болгосон тухай шийдвэр гарсан. Дараа нь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн магадлалаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шийдвэр гарсан. Гэвч Д нь Монгол улсын хуулийн дагуу гарсан шийдвэрүүдийг биелүүлдэггүй, хүндэтгэдэггүй. Иргэний ухамсраа ойлгодоггүй. Хүчээр намайг буруутгах зорилготой өдий хүртэл ирсэн юм. Д 3-н удаагийн шүүхийн шийдвэр гарсан байхад худлаа намайг буруутгах зорилгоо болоогүй явдлыг болсон мэтээр тайлбарлаж 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сум дундын 2 дугаар шүүхэд хүү М, Х, охин Р нарын эх Сы асрамжийг өөрчлөх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. Мөн Д нь Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл, хөгжил хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хүүхдийн эрх зөрчигдсөн байдлын тухай 56 дугаар тогтоол гаргасан байсан. Энэ нь шүүхийн шинжээч нарын дүгнэлт гарах ёстой гээд гаргасан 56 дугаар тогтоол нь хүчингүй болсон. Дараа нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1327 захирамжаар дахин шинжээч томилсон. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүл, хөгжил хэлтсийн хүүхдийн эрх хамгаалах асуудал хариуцсан мэргэжилтэн Е, Ж, А нарын хүсэлтээр уг дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэ дүгнэлтэд хүү Мйг Д асрамжид үлдээж, охин Р, хүү Х нарыг миний асрамжид үлдээсэн шийдвэр гарсан. Гэвч уг дүгнэлтийг Д хүсэлтээр хүчингүй болгосон. Дараа нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1559 дүгээр захирамжаар Д хүсэлтийг хангаж шинжээч томилсон. Үүнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн хүүхдийн оролцоо, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Алия, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах байцаагч Арнагүл, Эрүүл мэндийн газрын нийгэм, эрүүл мэндийн асуудал хариуцсан Дауиржан нарын дүгнэлт гарсан бөгөөд Шинжээчийн дүгнэлтийг тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлэх байсан боловч шинжээч нар нь хугацаанд багтааж дүгнэлтээ гаргаагүй ба 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэдхэн цаг ажиллаж үдээс хойш дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй дүгнэлт байсан. Яагаад гэхээр би 3-н хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаагүй, орон байраар дутаагаагүй, хуралд нь, хэрэгцээтэй зүйлсийг нь өгч байсан. Жишээ нь Х нь 1 дүгээр анги төгсөхөд үсгийн баярт 50000 төгрөг хэрэгтэй гэхээр Бейбитгүл багштай очиж уулзаад тэр мөнгийг өгөөд хүү Хтай уулзаад явсан. Гэтэл сургууль дотор сурагчдын дунд намайг хүүхдээ зодсон гэсэн мэдээлэл өгч цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ нь шийдэгдээд прокурорын тогтоол гарсан. Тэр тогтоолыг хэрэгт хавсаргаж өгсөн. Одоо би төрхөмдөө аав, ээжийнхээ хамт амьдардаг. Би ажлын шугамаар явсан ч миний хүүхдүүдийг асран хамгаалж байгаа. Би шалгалтаар хөдөө явахад Рг ээж маань цэцэрлэгт хүргэж өгдөг. Аав маань тэр хоёр хүүхдийг сургууль цэцэрлэгт хүргэж надад хань болж явж байгаа. Д нь авсан ч гэсэн аав, ээжтэйгээ хамт амьдардаггүй. Д аав ээж нь Сагсай суманд амьдардаг. Хүүхдүүдийг асран хамгаалах чадваргүй. Тэр шинжээчийн дүгнэлт нь яагаад буруутай гэж үзэж байна вэ гэхээр хоёр эрэгтэй хүүхдийг авч болох байх. Хамгийн бага охин 4 настай хүүхдийг энэ 3 эрэгтэй хүмүүстэй хамт өгч байгаад нь санал нийлэхгүй байна. Сая гэхэд М 3-н настай хүүхдийг хүчиндсэн хэрэг гараа биз дээ. Тийм хэрэг гарах магадлал маш өндөр байгаа. Тийм учраас бага охиныг шинжээчийн дүгнэлтээр асрамжийг өөрчилсөн нь маш буруу дүгнэлт гарсан гэж бодож байна. Дүгнэж хэлэхэд 3-н хүүхэд маань хамт байх эрхтэй. Бид хоёр хүүхдүүдийг хамт харж байх үүрэгтэй. Тийм учраас гурван хүүхдийг цалингаараа авч явж, сайн хүмүүжүүлж, миний эхийнхээ үүргийг сайн биелүүлж чадна. Ийм учраас 3-н хүүхдийг иргэн Дт өгөх хүсэлгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Д нь хүүхдүүд болох Д.М, Д.Х, Д.Р нарыг эх нь болох М.Сы асрамжид байгааг өөрчилж өөрийнх нь асрамжид шилжүүлж өгөхийг хүсжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаартай шийдвэрээр Т.Д, М.С нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.М, 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Х, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Р нарыг эх нь болох М.Сы асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Д хүсэлтээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийн үндсэн дүгнэлт хэсэгт 1. 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар шүүхийн шийдвэрээр М.Сы асрамжид үлдээсэн 3 хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхээр 1-р багт байрладаг 5 өрөө бүхий өвлийн сууцыг олгосон юм. Д.М, Д.Х, Д.Р нар нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад зааснаар хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүүхдийг хувцас хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслээр санаатай гачигдуулсан нь хүүхдийн эрхийн зөрчигдсөн байдлын үндэслэл юм 2. Т.Д нь 2013 он 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Д.М, Д.Х охин Д.Р нарт сар бүр 293200 төгрөгийн тэтгэлэг төлж байгаа боловч Д.М, Д.Х нар нь 2014 оны 06 дугаар сараас аавтайгаа хамт амьдарч, түүний асрамжид байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй байгаа болно. 3. М.С нь одоо эрхэлсэн ажилгүй, 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 668 дугаар шүүхийн шийдвэрээр үлдээсэн 1-р багт байрлалтай 5 өрөө бүхий өвлийн сууцанд амьдардаггүй тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь заалтыг үндэслэн хүү Д.М, Д.Х нарын саналыг асууж асран хамгаалагчийг дахин тогтоолгохоор шүүхэд хандах бүрэн боломжтой 4. Д.М, Д.Х нарыг эрүүл чийрэг өсгөж, эрүүл мэнд, биеийн болон оюуны хөгжилд сайн анхаарал тавьж хүүгийнхээ хувьд сурах боломжийг бүрэн бүрдүүлж өгдөг, Т.Д нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд авч явах боломжтой талаар дурджээ.

Мөн Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1327 дугаартай захирамжаар шинжээч томилсон бөгөөд шинжээч нарын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд 1. Иргэн Т.Д нь том хүү болох Д.Мйг цаашид асрамжид авч, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх боломжтой, 2. Иргэн М.С нь хүү Д.Х, охин Д.Р нарыг асран хамгаалж халамжлан хүмүүжүүлэх боломжтой гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1559 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч нарын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд: 1 . Иргэн Т.Д нь өөрийн гэсэн гэр оронтой, тодорхой ажилтай, орлоготой бөгөөд том хүү болох Д.М, бага хүү Д.Х нарыг байнга асран хамгаалж, халамжлан хүмүүжүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдруулж байгаа учраас цаашид том хүү болох Д.М, бага хүү Д.Х, охин Д.Р нарыг эцэг болох Т.Д асрамжид шилжүүлэх нь зүйтэй байна. 2. Иргэн М.С нь өөрийн гэсэн тодорхой ажилтай, орлоготой боловч өөрийн гэсэн орон байргүй, бусад шалтгааны улмаас 3 хүүхдийг хүмүүжүүлэх, асран хамгаалах чадваргүй болох нь батлагдаж, хүүхдүүд амьдрах, суралцах аюулгүй орчинд өсөж торних баталгаагүй байна гэжээ.

Т.Д, М.С нарын хүүхдүүд болох Т.М Д.Х нарын саналыг асуухад эцэг Т.Д асрамжид байх талаар мэдүүлсэн байна. Мөн хүүхдүүд болох Т.М, Д.Х нар нь сүүлийн хоёр жилд эцэг нь болох Т.Дтэй хамт байсан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагчийн хүсэлтээр зарим хүмүүсийг гэрчээр асуусан боловч тухайн гэрчүүдийн мэдүүлгийг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчаас хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нотлох баримтгүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн хүүхдүүдийн хадгаламжийн дэвтэрт бичигдсэн мөнгө нь хүний хөгжлийн сангаас хүүхдэд сар бүр олгодог 20000 төгрөгийн хуримтлал болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдлоо.

Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэн, инээж хөөрөн, айх айдасгүй сэргэлэн цовоо өсөх боломжийг анхааран бага насны хүүхдүүд болох Т.М, Д.Х нарын хувьд Т.Дт илүү ээнэгшин дассан байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Т.М, Д.Х нарын одоогийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байх бөгөөд өсөж дассан орчныг нь солих нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломж үүсгэх талтайг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Харин Д.Р нь байнга эхийнхээ хамт байх тул түүний асрамжийг өөрчлөх боломжгүй гэж үзэж, Т.Д охин Д.Рг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.М, 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Х нарын асрамжийг өөрчилж Т.Д асрамжид шилжүүлж, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Ргийн асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч М.Саас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Дт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.М, 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Д.Х нарын асрамжийг өөрчилж Т.Д асрамжид шилжүүлж, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Д.Р-гийн асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Дт олгосугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК