| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0048/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/47 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/47
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бийн Цт холбогдох 2017000830051 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бийн Ц /РД:ЕЙ71072716/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1971 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .... тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Цахилгаан холбооны газар жолооч нярав ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Ц нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г аймгийн С сумын ..... тоот гэртээ иргэн Т.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд баруун сарвууны ар талаар цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Г аймгийн С сумын ..... тоот гэртээ иргэн Т.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, түлхэж унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд баруун сарвууны ар талаар цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 01-ний өглөө би найзуудтайгаа архи уугаад амрах гээд 12 цагийн үед гэртээ хариад унтаж байгаад 14 цагийн үед хувцасаа солих гэхэд эхнэрийн дүү Д миний хувцасыг боогоод коридорт тавьсан байсан. Тэгээд миний уур хүрээд Дг хоол хийж байхад нь дух руу нь нэг удаа цохисон. Мөн өмнө нь эхнэр миний хувцасыг гэрээс гаргаж хаясан болохоор уур хүрээд шкафнаас эхнэрийнхээ хувцасыг гаргаж хаяна гээд цонх руу явахад Д надаас булааж авах гэхэд нь би сандал руу түлхсэн. Өмнө нь Дтэй маргаж муудаж байгаагүй. Дгийн биед учирсан гэмтэл миний буруутай үйлдлээс болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал манай хүргэн ах Ц 12 цагийн үед архи уусан байдалтай согтуу орж ирээд чи том болжээ гээд үглэж байгаад жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад 15 цагийн үед сэрсэн. Тухайн үед би гал тогоонд хоол хийх гээд мах хэрчээд зогсож байхад Ц ах хүүхдүүдтэйгээ юм ярьж байгаад гал тогооны өрөөнд орж ирээд надад хандаад чи их том болчихжээ, надад ингэж хандах болоогүй, би чамайг удмаар чинь хараана, нөхөргүй болгоно, хөдөлгөхгүй болтол чинь хутга шааж ална, гэр оронтой чинь шатаана гэх зэргээр элдэв бусаар хэлээд байсан. Тэгээд Ц ах миний ард талд зогсож байгаад толгойн ар хэсэг рүү шүргүүлээд цохиод авахаар нь эргэж хараад яагаад байгаа юм бэ гэсэн чинь шууд үгийн зөрөөгүй хуруундаа бөгжтэй гараараа миний дух хэсэг рүү нэг удаа цохисон. Ц ах манай эгчийн хувцасны шкафыг онгойлгоод цонхоор хувцаснуудыг гаргаж шидэх гээд байхаар нь би эгчийн хувцасыг булааж авсан. Тэгтэл хүүхдийн өрөө рүү ороод миний хувцасыг ухаад байсан. Манай 3 дүү айгаад уйлсан. Ц ах миний баруун буглага хэсгээс гараараа барьж аваад коридорын сандалтай хэсэг рүү түлхэхэд би арагшаа савагдаад коридорын сандал дээр унасан. Тэгээд Ц ах гайгүй болохоор нь би эгч Д рүү яриад Ц ах намайг зодсон талаар хэлсэн. Цагдаа 5 минутын орчмын дараа ирсэн. Миний дух хэсэгт хавдсан, баруун буглага хөхрөөд няцарсан, баруун гарын сарвууны ар хэсгээр хөхөрсөн байсан. Өмнө нь намайг зодож байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/
1.3. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаар дүгнэлтэнд: Т.Дгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд, баруун сарвууны ар талаар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж- гэжээ. /х.х-ийн 18 хуудас/
1.4. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 6 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнийг дахиж ийм асуудал гаргахгүй байгаасай гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/
2.2. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цийн хувьд төлөв даруу зантай, хүнтэй эвсэг, нийтэч харьцаатай, хамт олонсог, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
2.3. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ц нь төлөв даруу зантай, хөдөлмөрч, ажилдаа хичээл зүтгэлтэй ажилсаг залуу байгаа юм. Хамт олонтойгоо эвсэг харьцаатай, нэр хүнд сайтай, нийтэч харьцаатай, хамт олноо манлайлан ажилладаг. Харьцааны соёл, нийгмийн идэвхи оролдлого сайтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 46 хуудас/
2.5. Б.Цийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Холбооны газрын тодорхойлолт / х.х-ийн 41, 43, 57/
2.6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 62-63 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Цийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.Ц нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА