| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2015/1155/Э |
| Дугаар | 2 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2
Д.Г , О.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Д.Г /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
Хохирогч С.Б , түүний өмгөөлөгч З.Алтангэрэл,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г , О.Т нарт холбогдох эрүүгийн 2014 2600 06136 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Д.Г, 1979 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, 19-6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруугийн гудамж, 56-53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,
2. Боржигон овгийн О.Т, 1984 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн эрсдлийн удирдлага мэдээллийн тасагт улсын байцаагч ажилтай байсан, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байр, 58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,
Д.Г , О.Т нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56а-42 тоотод байрлах “Инел” ХХК-иас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан виллаже” хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө” хэмээн хуурч мэхлэн С.Б ээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 155.612.000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан ба О.Т нь Д.Г ын гэмт хэрэг үйлдэж олсон орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг нуун далдлах, учрах саадыг арилгах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 43 дугаартай орон сууц захиалга гүйцэтгэх хүчин төгөлдөр бус гэрээ үзүүлж хохирогч С.Б-эд итгэл төрүүлэн хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Г ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, О.Т ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Прокуророос О.Т д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Г од прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Д.Г ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Д.Г ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г ын цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, О.Т нь 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн О.Т ын нэр дээрх “Хаан” банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Г оос 154.012.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б эд олгож, хохирогч нь тавилгатай холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М ыг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний зүгээс үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, биеийн байдал маш хүнд байгаа зэрэг бодит байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Д.Г ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс Д.Г ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
1. Анхан шатны шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулахаар прокурорын хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон өмгөөлөгчийн хэлэлцүүлж, мэтгэлцсэн хөнгөрүүлэх талын нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд Д.Г бусдыг залилан мэхэлсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, харин ч эргэлзээ бүхий нөхцөл байдал, үндэслэлүүд олноор тогтоогдсоор байтал шүүх бүрэлдэхүүн дүгнэлт гаргахдаа хэт нэг талыг буюу зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Д.Г нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан эргэлзээгүй нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин иргэн С.Б ийн зүгээс Төгсжаргалаар дамжуулан орон сууц зах зээлийн үнээс хямдаар худалдан авахуулах зорилгоор итгэмжлэн өгсөн мөнгийг завшсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-т заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал.” мөн зүйлийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх заалтад хамаарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
3. Мөн түүнчлэн дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол.” гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа юм.
Энэ хэрэгт мөрдөн байцаах ажиллагааг зөвхөн яллах талыг барьж явуулсан, мөн зөвхөн яллах талын нотлох баримтад тулгуурлаж анхан шатны шүүх дүгнэсэн гэж үзэж байгаа тул энэ бүхнийг эргэн харж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтын дагуу Д.Г од холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, өөрчилж шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирогчийн дансанд 168.000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгч байна ...” гэв.
Хохирогч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг ойлгосонгүй. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 168.000 төгрөг төлсөн гэдгийг мэдээгүй. Уг байрыг анх авахад ямар байсан тэр хэвээр нь цэвэрлээд гар гэсэн учраас тавилгаа эвдээд авсан. Тавилгаа үлдээгээд танайхаас уг тавилгын мөнгөө нэхэмжилж болох уу гэхэд “тийм боломжгүй” гэсэн учраас тавилгаа эвдээд авсан. Гомдолтой байна ...” гэв.
Хохирогч С.Б ийн өмгөөлөгч З.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Хэргээс харахад шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч гадуур байх хугацаандаа хохирол төлбөрийг барагдуулах талаар ямар нэг санаачлага гаргаагүй. Шүүгдэгчийн хэлээд байгаа орон сууцыг хохиролд тооцуулах талаар хэлээд байдаг. Мөн шүүгдэгчийн эх, өмгөөлөгч нар нь надтай уулзахдаа “байрыг нийт хохирлын хэмжээнд тооцуулж өгнө, хохирогч авахгүй гэвэл өгөхгүй, хорих байгууллагад хорих ялаа эдэлнэ биз” гэсэн байдлаар ханддаг. Одоог хүртэл хохирол төлөөгүй байгаа, төлөхгүй байх гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна ...” гэв.
Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.Г ын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байгаа тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Тухайн хэргийг шалгах ажиллагаа удаан хугацаагаар үргэлжилсэн. Хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд хэрэг прокурорт шилжиж байсан. Өнөөдрийг хүртэл хохирол төлөгдөөгүй байгаа тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал гаргаж байна. Тухайн хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байх тул мөн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.
Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56а-42 тоотод байрлах “Инел” ХХК-иас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан виллаже” хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө” хэмээн хуурч мэхлэн С.Б ээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд нийт 155.612.000 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б ийн “... би байрны урьдчилгаа болох 25.000.000 төгрөгийг аваад О.Т д өгөөд О.Т борлуулалтын албан дээр очин мөнгөө төлсөн. “Би өөрийн нэр дээр байр захиалах гэрээ хийчихлээ, байр ашиглалтад ороод чамайг мөнгөө бүрэн өгсөн үед гэрээгээ шилжүүлээд өгье” гэсэн. Ингээд надад байр захиалгаар бариулах гэрээ, мөнгө тушаасан баримт зэргийг О.Т д өгсөн ба уг баримтыг харахад 20.000.000 төгрөгийн баримт байсан ба харин 5.000.000 төгрөгийг “гаражийн урьдчилгаанд төллөө” гэж хэлээд надад баримтыг өгсөн. Энэ үед дараагийн төлбөрийг хурдан хийх шаардлагатай гэж хэлсэн. Үүний дараа би уг байрны төлбөрийг хурдан төлж дуусгах гэж өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 25 дугаар байрны 10 давхарын 2 өрөө, 51.5 мкв байрыг тухайн үеийн ханшаас хямд буюу 88.000.000 төгрөгт зараад, 2013 оны 6 дугаар сарын үед энэ мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг мөн О.Т ын хамт “Инел” ХХК-ийн борлуулалтын албаны байрны гадна очиж бэлнээр өгсөн ба О.Т уг мөнгийг аваад дотогш орсон. Харин би гадаа хүлээгээд сууж байсан. О.Т “мөнгө өө тушаачихлаа” гээд гараад ирсэн ба баримт нэхэхэд “сая нярав нь алга байна, дараа нь гүйцээгээд авна” гэж хэлээд мөнгө тушаасан баримт надад өгөөгүй. Үүний дараа 2013 оны 8 дугаар сард би О.Т тай уулзаад “Инел” ХХК-ийн Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байх байрны гадаа ирэхэд О.Т ын нөхөр Д.Г хүлээгээд зогсож байсан тул 50.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд оруулсан. Удалгүй Д.Г гарч ирээд “мөнгийг тушаасан” гэж байсан боловч бас л мөнгө тушаасан баримт өгөөгүй. Баримт асуухад “Сарантуяа байна, дараа баримтыг авч өгье” гэж хэлсэн. Үүний дараа 2014 оны 3 дугаар сард шиг санаж байна О.Т над руу яриад 5.000.000 төгрөг зээлээч гээд Сүхбаатар дүүргийн нутаг Япон улсын элчин сайдын яамны орчим байх манай ажил дээр ирээд бэлнээр 5.000.000 төгрөг авсан ба энэ үед мөнгө зээлсэн баримт гэж бид хийгээгүй, харин мөнгөө хэзээ өгөх юм гэхэд байрныхаа төлбөрт оруулаад тооцчих гэж хэлээд мөнгийг аваад явсан. Үүний дараа би мөнгөний хэрэг болоод О.Т аас зээлсэн мөнгөө өгөх боломж байна уу гэхэд 630.000 төгрөгийг буцааж өгсөн. ... 2013 оны 7 дугаар сарын 10-нд Д.Г намайг дуудаад “байрны түлхүүр одоо надад байна, чи үлдэгдэл мөнгөө өгөөд байрны түлхүүрээ ав” гэхээр нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгатад байх нотариатын гадаа уулзаад 46.242.000 төгрөгийг Д.Г од бэлнээр өгөөд бид хоорондоо Д.Г од 155.612.000 төгрөгийг байрны төлбөрт хүлээлгэн өглөө, байрны гэрчилгээ гарсан үед миний нэр дээр шилжүүлэн өгнө” гэсэн баримт үйлдэн батлуулсан ...” /1-р хх-13-15, 74-75, 2-р хх-64, 3-р хх-147-148, 149, 4-р хх-45/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Сарантуяагийн “... О.Т манай ажлын байранд ирээд надтай уулзсан. Тэгээд 3 өрөө байр худалдаж авна, гэхдээ надад урьдчилгаа 20.000.000 төгрөг байна. Та энэ мөнгийг аваад гэрээ хийгээд өгөөч гэхээр нь би О.Т д “20.000.000 төгрөгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ хийх боломжгүй, урьдчилгаа төлбөр чинь хүрэхгүй байна, харин чи мөнгөө тушаагаад, мөнгө төлсөн баримт авч болно” гэхэд О.Т 43 тоот байрыг сонгоод 20.000.000 төгрөг тушаасан. Тэгэхдээ ямар нэг байрны гэрээ хийгээгүй. Үүнээс хойш О.Т манай компанийн байранд ирсэн ба энэ үед 23.000.000 төгрөг бэлнээр тушаах гээд ирсэн. Энэ үед дахин байрны гэрээ хийнэ гэхээр нь “байрны урьдчилгаа төлбөр 30 хувьд хүрэхгүй байна, тийм болохоор байрны гэрээ хийх боломжгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл манай захирал Мөнхбат гар утсаар яриад “Д.Г гуйгаад байна, чи гэрээг зураад нэг хувийг нь О.Т д өгөөд явуулчих” гэхээр нь өгөөд явуулсан. Энэ гэрээн дээр байгууллагын тамга дарагдаагүй юм. Тухайн үед Мөнхбат захирлаас “О.Т , Д.Г нарын захиалж байгаа байрны үлдсэн төлбөрийг яаж төлөх юм бэ” гэхэд наад хүмүүс чинь хуучин байраа зараад үлдсэн мөнгийг нь төлөх гэж байгаа гэсэн. 2014 оны 1 дүгээр сард улсын комисс ажиллаж байх үед өмнө хийсэн бүх гэрээгээ шалгаж үзэхэд 43 тоотын гэрээ байгаагүй. Тэгээд борлуулагч нарыг дуудаад “О.Т ын захиалсан байр яасан юм бэ” гэхэд “О.Т гэрээгээ цуцлаад мөнгөө буцаан авсан” гэсэн. О.Т , Д.Г нар гараж захиалж нэг ч төгрөг төлөөгүй, гараж авах талаар асуугаагүй. Хэрэв гараж захиалсан бол тусдаа гэрээ хийгдэх байсан ...” /1-р хх-16-17, 2-р хх-65/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.М ын “... 2013 оны 3 дугаар сард Д.Г надтай ирж уулзаад “манай компанийн барьж гүйцэтгэж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ Инел Зайсан Виллаже” хотхоны орон сууцны барилгаас байр худалдаж авмаар байна” гэхээр нь би түүнээс “хэнд байр авч байгаа юм бэ” гэхэд “О.Т бид хоёр байр авна, баруун 4 замд байх байраа зараад танай шинэ байрнаас авмаар байна” гэхээр нь би “тэг, тэг чи санхүү дээр очиж мөнгөө тушаагаад байраа захиалчих” гэж хэлсэн. Тэгэхдээ тухайн үед байрны үнийн талаар яриагүй ба тухайн үед манай компанийн орон сууцаа зарж байсан ханшаар Д.Г авах ёстой байсан. Тэгээд Д.Г санхүү дээр очин мөнгө тушааж байр захиалсан байсан. ... Миний хувьд мөнгийг хэн тушаасан гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан Д.Г надаас “байр авна” гэж ярьж байсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сар шиг санаж байна Д.Г надтай хэд хэдэн удаа утсаар яриад “С.М ахаа мөнгөний хэрэг болоод байна, би удахгүй буцаагаад тушаана” гээд байхаар нь Д.Г од “чи мөнгө буцаан авах тухай хүсэлт бичээд ир, тэгээд ав” гэж хэлсэн. Энэ дагуу Д.Г хүсэлт бичээд ирэхээр нь би нягтлан Буянжаргал, Отгонцэцэг нар луу утсаар хэлээд мөнгө авах хүсэлтийг нь цохоод өгөөд явуулсан ...” /1-р хх-18-19, 3-р хх-160, 4-р хх-46-47, 50-51/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Отгонцэцэгийн “... 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр О.Т , Д.Г нар хамт манай байрны төв оффис байх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 56-А байрны, 42 тоот байранд ирж надтай уулзсан ба байр худалдаж авна гэж урьдчилгаа 20.000.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Тухайн үед манай компани байрны урьдчилгаа 30 хувийг төлсөн тохиолдолд байрны гэрээ хийдэг байсан болохоор Д.Г , О.Т нартай байрны гэрээ хийгээгүй. Харин мөнгийг нь хүлээн аваад мөнгө авсан баримт өгөөд явуулсан. Үүний дараа 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр О.Т ганцаар ирээд дахин 23.000.000 төгрөгийг төлсөн ба байр захиалах гэрээ хийнэ гэхэд “манай санхүүгийн албанаас урьдчилгаа төлбөрийн хэмжээ хүрэхгүй тул гэрээг батлахгүй” гэдгийг хэлсэн ба энэ үед О.Т “надад загвар гэрээ өгчих” гээд байхаар нь би нэг загвар гэрээ хийж, нэг хувийг О.Т д өгч явуулсан. ... 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Г “байр захиалсан гэрээний дагуу төлсөн мөнгийг гадаад явах шаардлага гарсан буцаан олгож өгнө үү” гэсэн өргөдөл бичээд энэ өргөдлийг манай захирал С.М олгохыг зөвшөөрч цохолт хийгээд эхний удаад 6.000.000 төгрөг, дараа нь 3.000.000 төгрөг, дахин 30.000.000 төгрөгийг тус тус гаргуулан авсан ба урьдчилгаанд төлсөн 39.000.000 төгрөгийг буцаан авсан ба үлдсэн 4.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Г буцаан авсан ...” /1-р хх-20/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Буянжаргалын “... Д.Г нь хамаатан учир 1 м.кв-ийг 2.200.000 төгрөгөөр бодож нийт 75.34 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 165.748.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод урьдчилгаа болгож 20.000.000 төгрөгийг бэлнээр манай кассанд тушаасан. 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 23.000.000 төгрөгийг дахин манай кассанд бэлнээр тушаасан. Гэтэл 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Г нь гадагшаа явах хойшлуулшгүй ажил гарсан тул байрны урьдчилгаа болгон өгсөн мөнгөнөөс 6.000.000 төгрөгийг нь буцааж өгөхийг хүссэн өргөдөл бичиж орж ирэхэд нь захирал зөвшөөрч цохолт хийлгээд 6.000.000 төгрөгийг нь буцаагаад бэлнээр өгсөн. Түүний дараа дахин 3.000.000 төгрөгийг захирлын зөвшөөрлөөр авсан. Мөн 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манайхаас байр авахаа болилоо гээд 30.000.000 төгрөгийг буцаагаад бэлнээр аваад явсан. Сүүлд 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 4.000.000 төгрөгөө дахин буцааж аваад тооцоо дууссан тул тухайн байрыг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Халиунсүрэн гэх хүнд 173.282.000 төгрөгөөр зарахаар тохирч, урьдчилгааг нь аваад гэрээгээ хийчихсэн байсан. Гэтэл 2014 оны сүүлээр Батсүх гэх эрэгтэй орж ирээд “ би 43 тоот байрны эзэмшигч нь байна” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь бид нар “сүүлд худалдаж авсан Халиунсүрэнгийн нөхөр үү” гэж асуухад “юун Халиунсүрэн, би танихгүй, Д.Г гэж хүнээс 43 тоот байрыг худалдаж авсан” гээд Д.Г той мөнгө хүлээлцсэн баримт болон манай компанийн тамга тэмдэгийг хуурамчаар хийж ашигласан хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зүйл аваад ирсэн ...” /1-р хх-79/ гэх мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Д.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна ...” гэсэн 538 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-229-230/,
2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сандуйжавын Батсүх, Донидын Ганболд нарын хооронд хийгдсэн мөнгө хүлээлцсэн акт /1-р хх-4/, баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-38, 39/, хохирлын баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-77-80/, хохирогч С.Б ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-151-152, 153-158/, эд зүйлийн үнэлгээ /3-р хх-162/, хохирол төлсөн баримт /4-р хх-138, 187, 188/, шүүгдэгч Д.Г ын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Г од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г ын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдыг залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу прокуророос Д.Г ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байгаа бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд “Залилах” гэмт хэрэгт хорих ялын доод, дээд хэмжээ багассан байх тул шүүгдэгч Д.Г од 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
Мөн шүүгдэгч О.Т д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, О.Т ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу бичиж техникийн алдаа гаргасан, тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Д.Г ыг бусдад их хэмжээний хохирол учруулсан байхад ноцтой хохирол учруулсан гэж буруу бичсэн байгааг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г “... үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ялыг оногдуулсан, ял шийтгэл гэм бурууд нь тохирсон байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “Д.Г нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт цугларсан баримтууд зөрүүтэй, эргэлзээтэй” гэсэн агуулгатай гомдол гаргаж байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг няцааж мэтгэлцээгүй тул өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, хэргийг судлан үзэхэд шүүгдэгч Д.Г нь өөрийн мэдлийн бус, ах дүүсийн холбоотой С.М ын эзэмшлийн, “Инел” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Зайсан Виллаже” хотхоны орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө гэж хохирогч С.Б ээс бодит байдлыг нууж, итгэлийг урвуулан төөрөгдүүлж, түүнээс 155.612.000 төгрөгийг авч, үүнээс компанид тушаасан төлбөрийг өргөдөл бичиж буцаан авсан, үлдэгдэл төлбөрийг өөртөө бэлнээр авч өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж хэрэглэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хохирогч С.Б эд учирсан байрны тавилгын үнэ 9.000.000 төгрөгийг нэмж шүүгдэгч Д.Г оос гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г хохиролд баримтаар нийт 1.680.000 төгрөгийг төлсөн байхад /700.000 хх 4-138,+400.000 хх 4-187,+580.000 хх 4-188=1.680.000/ 80.000 төгрөгийг дутуу бодож тооцсон байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт /154.012.000-80.000= 153.932.000+9.000.000=162.932.000/ оруулав.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас хохиролд 168.000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оос 154.012.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б эд олгож, хохирогч нь тавилгатай холбоотой нэхэмжлэлээ баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оос 162.932.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б эд олгосугай.” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Г хохиролд 168.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ