Шүүх | Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаар |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 221/2017/0006/З |
Дугаар | 221/ШШ2018/0008 |
Огноо | 2018-05-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/ШШ2018/0008
2018 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 221/ШШ2018/0008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А, А.Э, Ш.Э
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоол, түүний хавсралт болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам нь Үндсэн хуульд заагдсан иргэний эрх болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоол, түүний хавсралт болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.2, 3.6, 3.7 дахь заалтуудыг хүчингүй болгуулах”,
Нэхэмжлэгч Ш.Э-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Энхжин, нэхэмжлэгч Ш.Э-ийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, иргэдийн төлөөлөгч Д.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нар нэхэмжлэлдээ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 23 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан журам нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 16.12-д заагдсан эрх болох “Төрийн албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргах шийдвэрлүүлэх эрх”, 16.14-д заагдсан “өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрх, шүүхийн шийдвэрийг давж заалдах” зэрэг Үндсэн хуулиар олгогдсон иргэний үндсэн эрхүүдийг ноцтой зөрчсөн журам гаргасан байх тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль зөрчсөн 23 дугаар тогтоол, журмыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заагдсан “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн ...” гэсэн заалтыг удирдлага болгон энэ нэхэмжлэлийг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хууль 2015 онд Улсын Их хурлаар батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бүх нийтээр дагаж мөрдсөн атал Шүүхийн ерөнхий зөвлөл нь шинэ хуулийн хүрээнд “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-аа Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж өөрчлөөгүй байгаа нь иргэн бидний эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь:
1. “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.2, 3.2.1-3.2.3-т заагдсан заалтууд нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй байх бөгөөд иргэний эрхийг зөрчсөн байтал Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдрийг хүртэл журмаа шинэчлээгүй байгаа нь нэхэмжлэгч нарын эрхийг ноцтой хохироосон гэж үзэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 01/156 тоот хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхээс өмнө Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар эрх ашиг нь хөндөгдсөн Ш.Э, А.Э, Ж.А нарыг оролцуулж тайлбар аваагүй байгаа нь “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн журам болох нь харагдана.
Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүүгийн шүүхэд нөлөөлсөн эсэхийг шалгуулахаар шилжүүлэхээс өмнө нэхэмжлэгч нараас ядаж нэг удаа тайлбар авсан бол эрх зөрчигдөхгүй байх байсан төдийгүй нотлох баримтуудыг гүйцэд бүрдүүлж, талуудын тэгш байдлыг хангаж, шүүхэд нотлох баримтаа шилжүүлсэн бол нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөхгүй байсан тул уг тогтоол, журмыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
2. “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.6 дахь заалт мөн л нэхэмжлэгч нарын эрх, ашгийг ноцтой зөрчсөн.
Учир нь уг заалт нь нөлөөлсөн эсэхийг шийдвэрлэх шүүх, шүүгчид шууд нөлөөлсөн заалт гэж үзэж байна.
“Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.6 дахь заалт нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “хориглох” зарчмыг зөрчсөн шүүх, шүүгчид үүрэг ногдуулсан байгаа нь мөн л нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн байх тул уг тогтоол, журмыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
3. “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.7 дахь заалт нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хууль хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 14-д заасан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхэд халдсан заалт болно. Учир нь: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 497 тоот “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж гарсан бөгөөд уг захирамжийн 3 дугаар заалтаар “ ... Ш.Энхжин, А.Э, Ж.А нар нь эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй” болохыг зааж өгсөн байтал Шүүхийн ерөнхий зөвлөл илтэд хууль зөрчсөн журмаа баримтлан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 52 минутад Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сайтад байршуулсан, улмаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан байгаа үйлдэл нь Монгол Улсад ганцхан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байдаг түүний дэр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх огт байдаггүй мэтээр сэтгэгдэл төрөхөөр байна.
Энэ нь хүний гэм бурууг шүүх эцэслэн шийдээгүй байхад гэм буруутай мэтээр олон нийтэд мэдээлж байгаа нь нэхэмжлэгч нарын үндсэн эрхийг ноцтой хохироосон үйлдэл тул 23 дугаар тогтоол, хавсралт “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.
Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 14-д заасан эрх болох “гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн зарчмыг ноцтой зөрчжээ гэж үзэхээр байна.
Ж.А миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн журмаа хүчингүй болгож өгөхийг шаардсан гомдол гаргасан байтал Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.1.6-д заасан “өргөдөл гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж, асуудал бүрийг огт нягтлан шалгалгүй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоол, түүний хавсралт болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын талаар огт дурдаагүй байгаа нь энэхүү журмыг яаралтай хүчингүй болгуулах шаардлага гаргах үндэслэл гэж үзэж байна.
Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоол, түүний хавсралт болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” нь Үндсэн хуульд заасан иргэний эрх болон Захиргааны ерөнхий хууль зөрчсөн буруутай болохыг тогтоолгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоол, түүний хавсралт болох “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.2, 3.6, 3.7 дахь заалтуудыг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн захиргааны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд уг журмыг 2015 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Журмын 3.2 дахь заалт нь нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтанд нөлөөллийн мэдүүлэг болон холбогдох баримтыг шилжүүлсний дараа ажилтны хийж гүйцэтгэх процессыг журамласан.
Журмын 3.2.1-д нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтан “Нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримтыг нягтлан шалгах, тодруулга авах”, мөн 3.2.2-т “Мэдүүлэг хөтлөгч болон бусад этгээдээс шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбар авах”-аар заасан нь иргэдийн эрхийг хангах, тэгш оролцоог хангахад ач холбогдолтой зохицуулалт юм. Харин журамд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой асуудлыг шалгах, нотлох баримт цуглуулахгүй. Энэ үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шилжүүлсэн албан бичиг нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй юм.
Журмын 3.6 дахь заалт нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хуулийн 22.3-т заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан тухайн этгээдийн үйлдэл нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ” гэсний дагуу шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэхээр бол Шүүхийн ерөнхий зөвлөл харьяалах шүүхэд шилжүүлдэг. Харин шүүх нөлөөлсөн эсэх эцсийн шийдвэрийг гаргана.
Журмын 3.7 дахь заалт нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заагдсан “шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхэд халдсан гэжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлнэ” гэсний дагуу уг журмын 3.7-д “3 хоног”-ийн хугацаа тогтоосон.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан. Үүний дагуу шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хянан шийдвэрлэж буй хэрэг маргаантай нь холбогдуулан аливаа этгээдээс нөлөөлөх оролдлого хийвэл нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж, улмаар эрх байгууллага шалгаж, буруутай этгээдэд хариуцлага хүлээх зохицуулалтыг бий болгосон.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эл зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Харин хуульд зааснаар нөлөөлсөн эсэх шийдвэрийг шүүх гаргах бөгөөд анхан шатны шүүхээс “... торгож олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласугай” гэсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл олон нийтэд мэдээлсэн болно.
Иймд журмын дээрх заалтууд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтад нийцүүлэн боловсруулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Э 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүртгүүлсэн эсэх талаар нотлох баримт шаарджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заагдсаны дагуу “Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэсэн байх бөгөөд энэ үүргээ Шүүхийн ерөнхий зөвлөл огт биелүүлээгүй болох нь нотлох баримтаас харагдаж байна.
Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг хангасан байх үндэс нь Захиргааны ерөнхий хууль батлагдсан хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн цаг мөчөөс эхлэн “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д нийцсэн хэмээн үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нэн даруй 64.4-д заагдсанаар бүртгүүлсэн байх үүрэгтэй болох нь харагдаж байна.
Хэрэв энэ хуулийн шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл биелүүлээгүй бол тус хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заагдсанаар “... хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д заагдсанаар “... захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчим үйлчлэхээр байх тул энэ акт бүхэлдээ хүчингүй болох ёстой гэж үзэж байна.
Хууль бус актаас болж миний бие эрүүгийн шүүхийн шийтгүүлж хохирсон болно. Хууль баримтлаагүй, хууль зөрчсөн, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн ерөнхий зөвлөл “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тогтоол баталсан.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам батлан мөрдүүлэх” эрхтэй гэж заасныг үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” нь шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам гэж ойлгогдохоор байна.
Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан байдаг бөгөөд “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” нь “гадагш чиглэсэн” гэсэн үндсэн шинжийг агуулахгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” нь Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 64 дүгээр зүйлийн 64.4-д тус тус заасан үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээхгүй болно.
Иймд нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нарын “Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Д.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нараас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус журам нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан гэсэн үндэслэлээр маргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг журам нь Шүүхийн захиргааны тухай хуульд заасан шүүхийн захиргаа, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон стандарт, дүрэм, журам бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Э-ээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах үндэслэлээ “хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үүргээ биелүүлээгүй, ... хууль баримтлаагүй, хууль зөрчсөн, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон” гэж тодорхойлсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ыг баталжээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, холбогдох баримтыг бүрдүүлэх, шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх, хариуг олон нийтэд мэдээлэх зэрэг харилцааг зохицуулахаар “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам” батлан гаргасан нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болохоос өмнө мөрдөгдөж байсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэж байсан байна.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг байхыг ойлгоно.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-аар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд зохицуулсан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх харилцааг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд журмын холбогдох зарим заалтууд (тухайлбал, нэхэмжлэгч нарын маргаж буй 3.2, 3.6, 3.7 зэрэг) нь хэргийн оролцогч болон сонирхол бүхий этгээдүүдэд эрх зүйн нөлөөлөл үзүүлж, тэдэнд тодорхой үйлдлийг гаргахгүй байхыг үүрэг болгосон шинжээрээ “гадагш чиглэсэн”, нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээний актын шинжийг агуулжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШШ2017/0001 дүгээр шийдвэрээр маргаан бүхий журмын 2.2 дахь заалт нь хэм хэмжээний актын шинжийг агуулсан гэж үзэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улмаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Уг журам нь Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө батлагдсан ч холбогдох зохицуулалтууд нь (Журмын 2.2, 3.2, 3.6, 3.7 гэх мэт) гадагш чиглэсэн, нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй байх тул Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр (2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс) хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь уг актаа тус хуульд нийцүүлэх, улмаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байжээ. Энэ журам нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх харилцааг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй 3.2, 3.6 дахь заалтууд нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасантай ижил зохицуулалттай, шинээр эрх, үүрэг бий болгосон агуулгагүй байна. Тиймээс эдгээр зохицуулалтын улмаас нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухай бүрд нь мэдээлнэ” гэж заажээ. Гэтэл дээрх журмын 3.7-д “Нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ажилтан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хариуг хүлээн авсан даруйд Ерөнхий зөвлөлийн даргад танилцуулж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт заасны дагуу 3 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ” гэж заасан нь гадагш чиглэсэн шинжтэй, эрх бүхий байгууллагын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, тухайн этгээд шүүгчид нөлөөлсөн эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад олон нийтэд мэдээлэхээр зохицуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “... бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг маргаан бүхий актын дээрх зохицуулалт хангаагүй байна.
Учир нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд мөн хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн тохиолдолд хөтлөгдсөн нөлөөллийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэж хариуцлага ногдуулах тохиолдолд эдгээр хуулиудад заасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох, давж заалдах гомдол гаргах хугацааны журмууд хэрэглэгдэхээр байна.
Дээрх зохицуулалтаас үүдэн нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүхэд нөлөөлсөн хэмээн мэдээлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үндэслэл болжээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын үүнд холбогдох хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.7 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8, Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А, А.Э, Ш.Э нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Нөлөөллийн мэдүүлгийг шийдвэрлэх журам”-ын 3.7 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН