Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0641

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй, Б.С-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.С-ийг урьд эрхэлж байсан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож”,

“Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 144 хоногийн олговор 8.327.774 /найман сая гурван зуун хорин долоон мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Б.С-ийг сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.4, 45 дугаар зүйлийн 45.1.1, аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/101 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн ажлаас халсан.

Учир нь нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг зөрчиж албан үүргээ гүйцэтгэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн зэргээр хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн байдаг.

Төрийн албан хаагч албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрт хамааралтай болон хамаарал бүхий этгээдэд холбогдуулсан шийдвэр гаргах нь төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйгээс эхлээд холбогдох бусад хуулийг зөрчсөн үйлдэл мөн.

Төрийн жинхэнэ албан хаагч төрийн хууль ёсыг хүндэтгэн, эрхэлсэн ажлаа шударгаар гүйцэтгэхээр төрд тангараг өргөдөг.

Гэтэл төсвийн шууд захирагчийн хувьд өөрийн хамаарал бүхий компани болох нөхрийнхөө компаниар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил, үйлчилгээг бараа материалаа аваагүй байж 90 хувийн санхүүжилтийг олгосон гэх зэрэг төсвийн шууд захирагчийн хувьд зөрчил дутагдал, гаргасан бөгөөд үүнийг шүүх үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.

Алтай сумын төвийн тохижилтын ажлыг гүйцэтгэх ажлын 40.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг ямар ч тендер сонгон шалгаруулалтгүй аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/396 дугаар захирамжийг хэрэгжүүлээгүй, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж нэр төдий баримт бичгийг бүрдүүлж өөрийн нөхөр Я.О-ын “Бүрдмэл-Алтай” ХХК-ийг сонгож ажлын санхүүжилт болох төсвийг шилжүүлсэн.

Алтай сумын орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх 1000.000 төгрөгийг төсөвт өртөг бүхий ажлын гэрээг сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний ажилтан Б.Н-ын нэр дээр хийж дээрх мөнгийг өөрийн нөхөр Я.Ойнбаярын дансанд хаягжуулалтын төсөв болох 1000.000 төгрөгийг шилжүүлэн авснаар дээрх ажил одоо хүртэл хийгдээгүй.

Сум хөгжүүлэх сангийн иргэн Я.О нь нүүрс худалдаа, мужаан, авто засвар үйлчилгээний эрхлэх зориулалтаар 2019 оны 12 дугаар сард 20.000.000 төгрөгийг эхнэр, нөхөр хоёр хамтарч төслийн баримт бүрдүүлэн зээл авсан боловч зээлийн хуваарьт мөнгийг хугацаандаа эргэн төлөөгүй, зээлийг  зориулалтын бусаар ашигласан.

2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 50 ковш худалдан авах гэрээг “У м х” ХХК-тай байгуулсан санхүүжилтийн 20 хувиар олгохоор батлуулсан ч мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн гарын үсэггүйгээр 90 хувийн санхүүжилт олгосон.

Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх арга хэмжээг зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсныг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа болно.

Ийм маргаан бүхий эрх зүйн акт, гэрээний их үндэслэлийг тавих нөхцөл боломжийг өөртөө болон өөрийн гэр бүлдээ бусдаас давуу байдал илт бүрдүүлж төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө санхүү тасгийн албаны даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа, зээл тусламжийн хэрэгжилт, биелэлт, гүйцэтгэл үр дүнг тооцох, дотоод хяналт аудит хийх ажил, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, ханган ажиллах, төсөв хөтөлбөрт арга хэмжээний төсвийн зарцуулалтад хяналт тавьж дүн шинжилгээ хийх үндсэн чиг үүрэгт ажлаа орхигдуулж Засаг даргатайгаа садан төрлийн холбоо сүлжээгээ далимдуулж төрийн ба төсвийн, татварын мөнгийг үнэгүйдүүлж, үр дүнгүй болгож, сум орны нийтлэг эрх ашгийг хохироож ажилласан байдлыг үндэслэж ажлаас чөлөөлсөн юм.

Энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэх нь цаашид сум орон нутагт төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарах, бусад албан хаагч нарт буруу үлгэр дууриалал үзүүлэх хөр уршигтай тул сумын Засаг даргын зүгээс холбогдох шийдвэрийг гаргасан бөгөөд ач холбогдлын хувьд агуулгаараа ихээхэн чухал юм.

Би өөрийн гаргасан эрх зүйн актынхаа үндэслэл бөгөөд бодит нөхцөл байдлыг олон түмнийхээ өмнө үнэн зөв гэдэгт илтгэлтэй байна.

Иймд нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С-ээс “Алтай сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, Алтай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгчийг “албан үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх биелүүлэхийг шаардсан, хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчийн ажлаас халах үндэслэлд дурдсан “Ковш худалдан авах” гэрээ[2], “Алтай сумын Хаягжуулалтын гэрээ”[3] зэргийг тус тус нэхэмжлэгч Б.С байгуулаагүй, түүнд гэрээ байгуулах, гэрээний биелэлтийн хангах эрх, үүрэг олгогдоогүй, уг гэрээ байгуулах болон гүйцэтгэлийг хангах эрх, үүргийг Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргад олгосон.

Иймээс нэхэмжлэгчийг “уг гэрээг тендер сонгон шалгаруулалтгүй, олон нийтийн худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж, өөрийн нөхрийн компанийг сонгож, санхүүжилт шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүнийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлд хамааралгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолт болон чиг үүрэгт хариуцагчийн маргаж буй “тендер сонгон шалгаруулах, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн  биелэлтийг хангах” зэрэг эрх, үүргийн нэхэмжлэгчид хүлээлгээгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 229 дүгээр тогтоол[4], 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоол[5], нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч  Б.С-ийг буруутгаж буй “албан үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх биелүүлэхийг шаардсан” зэрэг зөрчил гаргасан бодит нөхцөл байдлыг шалган тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй  гэдэг нь тогтоогджээ.

 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”, 45 дугаар зүйлийн 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж , мөн хуулийн 48 дугаар зүйлийн  48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална.” гэж зохицуулсан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /шалгагч/ шалган тогтооно.”, 2.4-т “Энэ журмын 2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараахь ажиллагааг гүйцэтгэнэ: 2.4.1. гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах, 24.4.2.шаардлагатай бол гомдол гаргагчтай уулзаж тайлбар, тодруулга авах, 2.4.3.шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, 2.4.4.гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, 2.4.5.цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.

Эдгээр хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагчаас “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан зөрчил гарган албан үүргээ биелүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөх биелүүлэхийг шаардсан, хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн” зэрэг  зөрчлийг нэхэмжлэгч гаргасан бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчээс тайлбар аваагүй, мөн уг зөрчлийг шалган тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий актад дурдсан сахилгын зөрчлийг гаргасан гэдгийг хариуцагч өөрөө хуульд заасан журмын дагуу шалган тогтоогоогүй, мөн эрх бүхий этгээдээс сахилгын зөрчилд буруутгаж байгаа үйлдлийг нэхэмжлэгч үйлдсэн гэдгийг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй бөгөөд маргаан бүхий Б/09 дүгээр актын улмаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах, төрийн албанаас хууль бусаар халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул маргаан бүхий Б/09 дүгээр актыг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 6 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 163-164 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 142-143 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 210-219 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 207-209 дахь тал