Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 564

 

“МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07104 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Ариунтуяад холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 395 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 87 дугаар байрны 99 тоотын өмчлөгч Л.Ариунтуяа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 395 400 төгрөг төлөлгүй өнөөг хүрсэн. Төлбөр шаардаж удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч байсан. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн өмчлөгч Л.Ариунтуяагаас 2013 оны 7-12 дугаар сар, 2014 он, 2015 он, 2016 оны 1-10 дугаар сард тус тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал болох 395 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие уг байрыг 2013 оны 7 дугаар сард 106.4 сая төгрөгөөр худалдан авч 31.92 сая төгрөгийн урьдчилгаанд төлж үлдсэн 74.48 сая төгрөгийг Хас банкны зээлээр санхүүжүүлсэн.

1. 2013 оны 7 дугаар сард уг байрыг худалдан авч засвар хийлгэж байхад, ус ихтэй ширүүн бороо орсон. Энэ үед банны өрөөний таазнаас болон агааржуулах сэнсний хэсгээс их хэмжээний ус гоожиж, жижиг өрөөний засвар хийсэн таазны булан болон шинэ наасан обой норж ус гоожиж эхэлсэн. Энэ талаар гайхан дээд айлаас асуухад барилгын дээврийн ус 1-4 давхрын яг манай хэдэн айлд ингэж ус алдаж гоождог гэсэн. Ингээд ус дусаал гоождог айлууд нийлж айл бүрээс 100 000 төгрөг гарган 2015 оны 6 дугаар сард буруу холбосон шугамыг нь шинэ хоолой гарган орцоор дамжуулан дээврийн усыг гадагшлуулдаг болсон.

2. Манай орц маш бохир, орцонд согтуу гудамжны хүн унтдаг байсан ба 2016 оны 7 дугаар сард орцны хаалгаа сольсноор энэ өвөл согтуу хүн орцонд унтаж харагдсангүй.

3. Лифт анх ашиглалтад ороод удаагүй байхад буруу холбосон гээд аваад хаясан тэрнээс хойш ажиллаагүй гэж энэ байранд олон жил амьдарсан хүмүүс ярьдаг.

4. Орц маш хүйтэн паар байдаггүй, 2016 оны 11 дүгээр сарын 21-нд паарнууд тавьсан байсан үүнтэй холбоотой орцны давхар бүр мөстөж халтиргаа үүссэн байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 21-нд гэнэт паарны халаалтын даралтаа хүчтэй нэмснээс болж гэрийн жижиг өрөөний паар задарч ус алдсан. Одоогоор жижиг өрөөний паараа хаалгасан байдалтай амьдарч байна.

5. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт 2 сая төгрөг буюу түүнээс дээш үнэ бүхий хөрөнгүүдтэй сэйф гэрээс өдрийн цагаар алдаж, хулгай орсон. Уг хэрэг шалгагдаж байгаа прокурорт шилжсэн. Жижүүр согтуу байсныг тухайн хэргийг үзэж байсан цагдаа баталж байгаа боловч тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй, прокурорт шилжсэн хэрэг учир тэндээ хэрэг цааш шалгагдана гэсэн.

6. Манай гэр бүл ашигласан тогны мөнгөө төлөөд цахилгаанаа ашигладаг. Гэтэл СӨХ тогийг дур мэдэн тасдсан нь хууль бус үйлдэл.

7. Гэнэт яагаад СӨХ-ны сарын төлбөр нэмэгдүүлэн 20 000 төгрөг болсон бэ үүнийг шалгуулах мөн өнгөрсөн хугацааны тайлантай танилцахыг хүсч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ариунтуягаас 335 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ариунтуяагаас 10 712 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг доорх үндэслэлүүдээр давж заалдах хүсэлтэй байна.

Өөрийн өмчлөлд байгаа сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, ариутгал, хог, цахилгаан холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэвч би энэ байрыг 2013 оны 7 сард худалдан авч амьдарч эхэлснээс хойш орц өмхий, байнга хог хаягдалтай, орцны халаалт байхгүй, орц гэрэлгүй байсаар ирсэн. СӨХ-ны дарга солигдсоноос хойш нөхцөл байдал арай сайжирч эхэлсэн. Энэ өвөл орцонд паар тавьсан. Орц гэрэлтэй байдаг болсон. Тиймээс хийгдээгүй ажил, байгаагүй үйлчилгээний хөлсийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн “МТА Өргөө” СӨХ нь өөрсдийн хариуцсан ажилдаа анхаарал хандуулаагүй, айл өрхүүдэд бороо, цасны ус гоожиж ач байхад холбогдол өгч засаж гүйцэтгээгүй. 2 давхрын айлын хүн 100 000 төгрөг авч өөрөө хүмүүстэй хамт тусдаа шугам тавьж засварласан. Үүнийг уг СӨХ шүүхэд иргэдээс мөнгө аваагүй өөрсдийн зардлаар засаж гүйцэтгэсэн гэж худлаа мэдүүлсэн.

СӨХ нь нийтийн талбайг хариуцан ажилладаг бөгөөд манай байр хашаа хороогүй байсан нь манай гэрт хулгай ороход орцны жижүүр согтуу байсан, цагдаа ирэхэд гэмт хэргийн ул мөрийг арилгаж олон хоног цэвэрлээгүй шалыг угааж эхэлсэн. Энэ хэргийг прокурор шалгаж байгаа.

СӨХ нь өөрсдийн эрхээс давсан шаардлага үйлдлүүд гаргадаг. 2016 оны хавар орц кодтой хаалгатай болсон ба мөнгө төлөөгүй учир код өгөхгүй гэсэн, олон хүмүүс рүү утсаар ярьж байж код авч гэртээ орсон. Миний бие өөрийн ашигласан ашиглалтын төлбөр болон байр тогны мөнгийг цаг тухайд нь төлдөг, тэгэхэд манай гэрийн тогийг СӨХ тасалсан.

Байрны лифт энэ байранд амьдрах хугацаанд огт ажиллаагүй байдаггүй.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх СӨХ-ны төлбөрийг тэглэлээ гэж оршин суугчдад мэдэгдэж манай гэрт мэдэгдэл ирэхдээ 180 000 төгрөгийн нэхэмжлэлийг нэг удаа хаалганд наасан байсан. Одоо төрийн банкнаас СӨХ-ны төлөх ёстой төлбөрийг асуухаар 200 гаран мянган төгрөг байдаг. Тэгэхээр СӨХ-ны нэхэмжлээд байгаа төлбөр зөрүүтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагчийн хаягийг буруу бичсэн байгааг зөвтгөн өөрчлөх боломжтой юм.

 

Дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 395 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Л.Ариунтуяад холбогдуулан нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос гаргасныг тэрээр эс зөвшөөрч маргажээ.

           

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгч буюу хариуцагч Л.Ариунтуяагаас шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Л.Ариунтуяа нь 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй болохыг үгүйсгээгүй тул уг хугацааны төлбөр 335 400 төгрөгийг төлөх үүрэгтэй ба харин 2016 оны 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул шүүх 60 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

            Хариуцагч Л.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь тайлангаа танилцуулдаггүй, тав тухгүй орчинд амьдруулдаг, жижүүр үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гэрт хулгай орж эд зүйл алдагдсан тул тус сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй” гэж тайлбарласнаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэхүү тайлбарт дурдсан үйл баримт Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Харин шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Л.Ариунтуяагийн хаягаас хорооны дугаарыг 5 гэснийг нэхэмжлэлд 15 гэж буруу бичснийг зөвтгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд нөлөөлөх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                            

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07104 дүгээр шийдвэрийн удиртгал хэсгийн “15 дугаар хороо” гэснийг “5 дугаар хороо” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Ариунтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Л.Ариунтуяа гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 712 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                   

                                                                                                              С.ЭНХТӨР