| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0412/Э |
| Дугаар | 400 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 400
2020 06 16 2020/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.У-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хантайшир овогт Б-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010009820584 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Төрийн банкинд системийн администратор ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны 132 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б- У- /РД: КЮ84020531/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24 дүгээр байрны 132 тоотод хамтран амьдрагч Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холдбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.У-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхэд шинээр нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй, эхнэртэйгээ ярилцаж, эвлэрсэн, хамт амьдарч байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай ээж Сайраа хоёр хүүхдийн хамт байж байсан. Нөхөр Б.У- орой 20 цагийн үед ажлаасаа ирэхэд хоёр хүүхэд аавыгаа харчихаад сахилгагүйтээд байхаар нь хоёр хүүхдээ болиулаач гэж хэлсэн боловч нөхөр Б.У- хүүхдүүдээ өмөөрөөд бид хоёр маргалдсан. Б.У- гартаа барьж байсан удирдлагаараа миний зүүн хөлийн ташаа хэсэгт 2-3 удаа цохиж, нуруу руу нэг удаа цохисон...” /хх-ийн 20-22/ гэсэн,
Гэрч Ч.Сайран мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр би Г.Б-, Б.У- хоёрын хүүхдүүдийг хараад гэрт нь байж байхад охин Г.Б- 18 цагийн үед, хүргэн Б.Ууганбар 20 цагийн үед ирсэн. Г.Б- хоолоо хийж байхад хоёр хүүхэд нь сахилгагүйтээд байсан бөгөөд Г.Б-т Б.У-т хандаж хүүхдүүд чамайг харахаа ерөөсөө үгэнд орохгүй юм гэхэд Б.У- уурлаад тэр хоёр маргалдсан. Тэгэхээр нь би хүүхдүүд чинь та нарын үгэнд орохгүй байна, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ гэхэд танд хамаагүй, хүүхдүүдийг битгий, ингэж болохгүй, тэгэж болохгүй гээд бай гэсэн. Тэгээд Б.У-, Г.Б- хоёрын хооронд нилээн ширүүн маргаан гарч Б.У- гартаа барьж байсан удирдлагаараа Г.Б-ийн нуруу руу нилээн хэдэн удаа цохичихоод би уураа барьж дийлэхгүй байна, та нар бүгд зайлцгаа гэсэн. Удалгүй Б.У- өөрөө гараад явсан...” /хх-ийн 23-25/ гэсэн,
Шүүгдэгч Б.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний орой 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд эхнэр Г.Б-, хадам ээж Ч.Сайран, хүүхдүүд нар байсан. Би Г.Б- аав хагалгаанд орох юм шиг байна лээ, чи нэг хоол унд хийгээд эргэчихээрэй гэхэд Г.Б- би эргэж чадахгүй гэсэн. Би энэ үед юу ч хэлээгүй бөгөөд хоёр хүүхэд сахилгагүйтэж байхад Г.Б- нохойг ирэхээр нь хүүхдүүд хүнээ байчих юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ээж Ч.Сайранд та хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй, танай хүүхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байна гэснээс болж Г.Б- бид хоёр маргалдсан. Би Г.Б-ийн гуя руу барьж байсан зурагтны удирдлагаараа хоёр удаа цохиход Г.Б- намайг барьж аваад бид хоёр хэсэг ноцолдсон. Тэгээд бид хоёр салаад би гэрээсээ гарч яваад тайвширчихаад буцаад гэртээ орсон...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №5898 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Б-ийн биед зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 27-28/ гэсэн дүгнэлт,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 13/,
- Сэтгэцийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн маягт /хх-ийн 14/,
- Шүүгдэгч Б.У-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53, 60/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 63/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 64/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 65-66/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирог, гэрч, шүүгдэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажилалгааны явцад хэргийн оролцогчийг эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломтжой байна.
Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.У- нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хотхоны 24-132 тоотод хамтран амьдрагч Г.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б-ийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...Б.У- гартаа барьж байсан зурагтны удирдлагаараа миний зүүн хөлийн ташаа хэсэгт 2-3 удаа цохиж, нуруу руу нэг удаа цохисон...” /хх-ийн 20-22/ гэсэн, гэрч Ч.Сайрангийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...Б.У-, Г.Б- хоёрын хооронд нилээн ширүүн маргаан гарч Б.У- гартаа барьж байсан удирдлагаараа Г.Б-ийн нуруу руу нилээн хэдэн удаа цохичихоод би уураа барьж дийлэхгүй байна, та нар бүгд зайлцгаа гэсэн. Удалгүй Б.У- өөрөө гараад явсан...” /хх-ийн 23-25/ гэсэн, шүүгдэгч Б.У-ын “...2020 оны 5 дугаар сарын 14-ний орой ...би Г.Б-ийн гуя руу барьж байсан зурагтны удирдлагаараа хоёр цохиход Г.Б- намайг барьж аваад бид хоёр хэсэг ноцолдсон. Тэгээд бид хоёр салаад би гэрээсээ гарч яваад тайвширчихаад буцаад гэртээ орсон...” /хх-ийн 46-49/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №5898 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт Г.Б-ийн биед зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-28/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Б-ийн биед учирсан “...зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.У-ын түүнийг цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.У-ын хохирогч Г.Б-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлобол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.У- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч хохирогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад эвлэрсэн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлин 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээх шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.У-ыг хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд зүүн дал, бүсэлхий, зүүн ташаа, гуянд цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.У- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2010009820584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б- У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н У-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.У-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010009820584 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР