Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 422

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ц.Э-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910027000600 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ц-ын Э-

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчин 8-12 тоот хашаанд хамт архи уусан О.Түмэнзаяа, Ц.Оюун нарыг хүргэж өгөхдөө Т.Л-тэй маргалдаж, улмаар түүнийг үсдэж газар унагаан дээрээс нь дэвсэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй, хохирогчтой уулзаж, уучлал гуйсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Малчин 8 дугаар гудамжны 12 тоот гэртээ байх үед гэрийн гадаа машин ирээд хаалга нүдээд байсан. Гараад очиход манай ах О.Түмэнзаяа, бэр эгч Ц.Оюун нар нь согтуу байсан. Найзууд нь машинтай хүргэж ирээд ах, эгч хоёрыг ав гэж хэлэхэд би наад хүмүүс чинь манайд байдаггүй юмаа, гэрт нь хүргэж өг гэж хэлэхэд ...Зуунаа гэх хүний эхнэр намайг үсдээд багалзуурдаад би ухаан алдаад унасан байхад дээрээс дэвсээд байсан...” /хх-ийн 24-28, 29/ гэсэн,

 

Гэрч И.Хүрэлсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед манай эхнэр түрүүлээд гарсан, би гэрээсээ гарсан чинь манай ах Заяа, эгч Оюун нар согтуу машинтай гадаа ирчихсэн, ахыг нэг согтуу хүүхэн газар унагаачихсан хайрган дээр чирч байхаар нь та яаж байгаа юм бэ гээд ахыгаа босгоход нөгөө хүүхэн манай эхнэр дээр очоод хашаанд шахаад үснээс нь зулгаагаад зогссон байхаар нь би ахыгаа орхиод эхнэр дээрээ очсон чинь нөгөө хүүхэн эхнэрийг газар унагаагаад үснээс нь зулгаагаад хэвлий рүү нь өшиглөж байсан, би салгах гээд дийлээгүй, тэр хооронд тэр хоёр хүүхнийнөхөр нь ирээд бас салгах гээд дийлдэхгүй байсан. Тэр хүүхний нөхөр нь арай хийж салгаад нөхөр нь эхнэрээ аваад холдохор нь би эхнэрээ босгоод хашаандаа оруулсан, тэр хүн эхнэрээ машиндаа суулгаад аваад явсан, би цагдаа дуудсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажил дээрээс 15 цагийн орчим гараад ажлын гадаа голын эрэг орчимд ажлынхаа хүмүүстэй архи ууцгаасан. Намайг гэртээ ирэхэд гадаа харанхуй болсон байсан, гэрт байхад Заяа, Оюунаа хоёр манай гэрт согтуу ирсэн. Удалгүй тэр хоёр гэрт хүргээд өг гэхээр нь би тэр хоёрыг хүргэж өгөхөд Л- гэх эмэгтэй намайг Заяа, Оюунаа хоёртой хамт архи уусан гэж ойлгооод надтай хэрүүл маргаан хийсэн. Удалгүй би Л-тэй зодоон хийсэн...” /хх-ийн 49/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13731 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Т.Л-гийн биед зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 34/ гэсэн дүгнэлт,

- Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 10/,

- Шүүгдэгч Ц.Э-ийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчин 8 дугаар гудамжны 12 тоот хашаанд хамт архи уусан О.Түмэнзаяа, Ц.Оюун нарыг хүргэж өгөхдөө Т.Л-тэй маргалдаж, улмаар түүнийг үсдэж газар унагаан дээрээс нь дэвсэн зодож эрүүл мэндэд нь зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Л-гийн “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 30 минутын үед гэртээ байхад гэрийн гадаа машин ирээд хаалга нүдээд байсан. Гараад очиход манай ах О.Түмэнзаяа, бэр эгч Ц.Оюун нар нь согтуу байсан. Найзууд нь машинтай хүргэж ирээд ах, эгч хоёрыг ав гэж хэлэхэд би наад хүмүүс чинь манайд байдаггүй юмаа, гэрт нь хүргэж өг гэхэд ...Зуунаа гэх хүний эхнэр намайг үсдээд багалзуурдаад би ухаан алдаад унасан байхад дээрээс дэвсээд байсан...” /хх-ийн 24-28, 29/ гэсэн, гэрч И.Хүрэлсайханы “...Ахыг нэг согтуу хүүхэн газар унагаачихсан хайрган дээр чирч байхаар нь та яаж байгаа юм бэ гээд ахыгаа босгоход нөгөө хүүхэн манай эхнэр дээр очоод хашаанд шахаад үснээс нь зулгаагаад зогссон байхаар нь би ахыгаа орхиод эхнэр дээрээ очсон чинь нөгөө хүүхэн эхнэрийг газар унагаагаад үснээс нь зулгаагаад хэвлий рүү нь өшиглөж байсан, би салгах гээд дийлээгүй...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Ц.Э-ийн “...Би ажил дээрээс 15 цагийн орчим гараад ажлын гадаа голын эрэг орчимд ажлынхаа хүмүүстэй архи ууцгаасан. Намайг гэртээ ирэхэд гадаа харанхуй болсон байсан, гэрт байхад Заяа, Оюунаа хоёр манай гэрт согтуу ирсэн. Удалгүй тэр хоёр гэрт хүргээд өг гэхээр нь би тэр хоёрыг хүргэж өгөхөд Л- гэх эмэгтэй намайг Заяа, Оюунаа хоёртой хамт архи уусан гэж ойлгооод надтай хэрүүл маргаан хийсэн. Удалгүй би Л-тэй зодоон хийсэн...” /хх-ийн 49/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №13731 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Т.Л-гийн биед зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 34/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Т.Л-гийн биед учирсан “...зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Э-ийн түүнийг цохих, дэвсэх зэргээс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Э-ийн хохирогч Т.Л-гийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Л-гийн эрүүл мэндэд зүүн зулай, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал төлбөр нэхэмжлээгүйн дээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 58/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 1910027000600 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Л- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ын Э-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910027000600 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Л- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР