Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 425

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Н-ийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910000000362 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03  сар 01 хоног баривчлах ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-ийн Б

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн автобусны буудлын эцэст үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрт байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.М-ын “Ай фоне 6 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 472,000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт иргэн Ц.О-гийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 327,500 төгрөгийн хохирол,

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн “Fagor” маркийн шарах шүүгээг хулгайлан авсан, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоот А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн орж “Funai” маркийн зурагт, удирдлага, 2 ширхэг дугуй зэргийг хулгайлан авч 977,298 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...17 цагийн үед ажлаа дуусгаад гэртээ ирэхэд грашны хаалга онгорхой байхаар шалгаж үзэхэд цоож байхгүй, цүүг нь хугалчихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 55 инчийн Funai маркийн зурагт байхгүй, усны тэрэгний хоёр ширхэг дугуй байхгүй байса. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд грашны хаалгай онгорхой дотор нь басан цахилгаан зуух байхгүй болсон байсан...” /1-р хх-ийн 18-19, 249-250, 2-р хх-ийн 163/ гэсэн,

 

Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцсийн буудал дээр байрлах махны дэлгүүрийн дотор байрлах ахуй, гоо сайхны лангуунаас ай фоне-6 эс маркийн гар утсаа алдсан. Махны дэлгүүрийн хяналтын камерт тухайн этгээд бичэгдсэн байсан...” /1-р хх-ийн 90-91, 245-246/ гэсэн,

 

Хохирогч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны үсчингийн газартаа байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Би үсчин дотроо хувцас зардаг бөгөөд тэр залуу нэг цамц авч өмсөөд надад яг таарч байна, эхнэр ирээд мөнгийг нь өгнө гэж хэлээд үсээ будуулна гээд суусан. Тэр үед манай охин Эрдмаа гаднаас орж ирсэн. Тухайн үед миний утас цонхон дээр байсан. Би охинтойгоо ярьж байх зуур нөгөө залуу эхнэр рүүгээ явж мөнгө аваад ирье гээд цамцаа тайлаад орон дээр шидчихээд явсан. Тэгэхээр нь би охиндоо гялс гарчихаад ирье гэж хэлээд утсаа авах гэхэд утас байхгүй болсон байсан. ...Тэгээд ажлаасаа гараад Хархорин зах дээр ирэхэд тэр залуу нэг залуугийн хамтаар паб-н хажууд зогсож байхаар нь би очиж барьж авсан. Энэ үед хамт байсан залуу нь зугтаасан. Тэгээд миний утсыг хулгайлсан залуутай зууралдаж зогсож байгаад 102-т дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 181-182, 247-248/ гэсэн,

 

 

Гэрч А.Баатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...17 цагийн үед гэртээ ирэхэд грашны хаалга нээлттэй байхаар нь орж шалгахад 55 инчийн Funai маркийн зурагт, усны тэрэгний хоёр ширхэг дугуй алдагдсан басан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хулгай орж хар өнгийн цахилгаан зуух алдагдсан байсан...” /1-р хх-ийн 22/ гэсэн,

 

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...14 цагийн үед Б ирсэн намайг гараад ир гэж дуудахаар нь гараад очиход жорлонгийн хажууд хайрцагтай зурагт тавьсан байсан. Б надад хандаж хоёулаа энэ зурагтыг Дээгийн гэрт аваачиж өгөөд нэг шил архи ууя гэхээр нь би урд талын айлын усны тэргийг гуйж аваад зурагтыг ачаад Бгийн хамт Дээгийгийнд очиж зурагтаа өгөөд нэг шил архи авч уусан. ...Би Бгээс зурагтын талаар асуугаагүй, хулгай хийж авсан гэдгийг нь мэдээгүй...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Н.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б, Батцэнгэл нар хар саарал өнгийн Fagor нэртэй цахилгаан зуух авчирч өгөөд Б таньдаг ахын грашнаас авсан ажилдаг эсэхийг мэдэхгүй, та янзлаад авчих гэж хэлээд өгсөн. Түүний маргааш нь Б, Батцэнгэл нар нь тэрэг дээр цаасан хайрцагтай зурагт түрээд авчирч өгсөн. Мөн л таньдаг ахынхаа грашнаас авсан болохоор санаа зоволтгүй гэж хэлээд надад 10,000 төгрөгөөр нийт 20,000 төгрөгөөр дээр хоёр зүйлийг зарчихаад явсан. ...Зурагтын удирдлага байсан эсэхийг шалгаж үзээгүй, надад дугуй зараагүй...” /1-р хх-ийн 26-28, 2-р  хх-ийн 1-2, 164/ гэсэн,

 

Гэрч Э.Цэрмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай хажуу өрөөнд гоо сайхны лангуу түрээслэдэг хүн утсаа алдсан талаар хэлэхээр нь камер шүүж үзэхэд цагаан футболктой, цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй орж ирэхдээ урдаа дүнсэн тамхи барьчихсан орж ирээд буцаад гарахдаа гартаа жижиг хар зүйл аваад халаасандааа хийчихээд гарч байсан...” /1-р хх-ийн 95-97/ гэсэн,

 

Гэрч О.Эрдмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ээжийн ажил руу ороход согтуу юм шиг царайтай, туранхай өндөр хүн ээжийн зарж байсан цамцыг өмсөж байсан. Тэр хүн утсаар ирж байна уу, энэ цамцыг авмаар байна гэх мэтээр яриад байсан. ...Тэгээд ээж миний дүү өмссөн цамцаа тайлчих бид хоёр гадуур гарах ажилтай гээд хувцсаа өмсөж байх хооронд тэр залуу гараад явчихсан. Би түрүүлж гараад машинаа асааж байсан бөгөөд ээж гарч ирээд би утсаа түрүүний залууд алдчихлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 185-186/ гэсэн,

 

Гэрч С.Хүүхнээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайд усны тэрэг байдаг, тэрнийг манай хадам ээж худалдаж авсан одоог хүртэл манай гэрт байгаа. ...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бтэй огт уулзаагүй, би Найрамдалд байрлаад зуслангийн байшин барьж байсан. Насантогтох, Батцэнгэл бид гурав тухайн байшингийн эзэн залуугийн хамтаар тэндээ байрлаж байсан, Бтэй уулзах шалтгаан байгаагүй...” /2-р хх-ийн 179/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ...ганцаараа өмнө орсон хуучин цэргийн ангийн хашааг давж ороод хашааны ертөнцийн зүгээр зүүн урд байх хоёр хаалгатай грашын хаалгыг блокоор дарчихсан байсныг нээж дотогш ороод хар саарал өнгийн цахилгаан зуух байхаар нь авч гараад Дээгий гэх найзынхаа гэрт аваачиж 10,000 төгрөгөөр зарчихсан. ...Түүний дараагаар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед шарах шүүгээ авсан граш руугаа дахин ороод хайрцагтой том зурагт байсныг аваад грашын урд хэсгээр тойрч хашааны завсараар зурагтаа гаргаад 00-н хажууд тавьсан. Зурагтыг өргөөд явахад хүнд байсан учир Батцэнгэлийнх рүү очиж усны тэрэг авахаар явсан. Тэгээд Батцэнгэлийг дуудаж усны тэрэг аваад гараад ир хоёулаа зурагтыг Даваасүрэн эгчийнд хүргэж өгье гэхэд Батцэнгэл урд айлаасаа очиж усны тэргээ авч ирсэн. Батцэнгэл надаас юун зурагт вэ гэхээр нь Даваасүрэн эгчид хүргэж өгөх гэсэн юм гээд тэргийг түрээд Даваасүрэн эгчийнд аваачиж өгсөн. Дэлгэржаргалд зурагтыг өгөөд эсийг шалгаад өгөөч гэхэд асахгүй байхаар нь чи засаад авчих, оронд нь надад 20,000 төгрөг өгчих  гэж хэлсэн. ....2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах махны бөөний дэлгүүр рүү ороод утас ил байгааг харчихаад эхлээд 2 ширхэг оймс худалдаж авья гээд тооцоогоор картаа хийе гэж хэлэхэд карт уншихгүй гэж хэлэхээр нь лангуун дээр байсан утсыг нууцаар аваад картаа уншуулаад ирье гэж хэлээд гарсан. Тухайн утсыг нээж ашиглах гэхэд код нэхээд байсан учир Тэди худалдааны төв дээр явуулын хүнд 30,000 төгрөгөөр худалдсан. ...2019 оны 03 дугаар сарын 05-ны 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар буудлын ойролцоо байдаг үсчингийн газарт орсон. Тухайн газар гаднаа комиссын бараа гэсэн бичиг байхаар нь өөртөө өмсөх цамц авах гэж орсон. Тэгэд тэр газарт ороод цамц өмсөж үзчихээд хүнээс мөнгө аваад ирье гээд буцаад гарсан. Тухайн өдөр би Хүүхнээ ахтай Эмээлтэд барилгын ажил хийх гэж байсан, Хүүхнээ ах залгаад гялс хүрээд ир гэхээр нь цамцаа авахгүй шууд Хархорин зах руу шууд явсан. Тэгээд явж байхад комиссын бараа зардаг хүүхэн шууд араас бариад авсан...” /1-р хх-ийн 117-118, 125, 2-р хх-ийн 21-23, 148-149/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа, тэмдэглэл /1-р хх-ийн 2/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-6, 84-86/,

- Өргөдөл /1-р хх-ийн 8, 83/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-11/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14, 87-88/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 15/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 32-36, 103, 190/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх-ийн 69-70, 158-159/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 241-244/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 166-171/,

- Хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 209-212/,

- Шүүгдэгч Н.Бгийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Н-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 3-4/ төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 131-132/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 133/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 137-143/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Нисэхийн автобусны буудлын эцэст үйл ажиллагаа явуулдаг махны дэлгүүрт байрлах гоо сайхны лангуунаас иргэн Б.М-ын “Ай фоне 6 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 472,000 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг үсчний газарт иргэн Ц.О-гийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 327,500 төгрөгийн хохирол,

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн “Fagor” маркийн шарах шүүгээг авсан, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 01 тоот А.Алтан-Эрдэнийн гражид нэвтрэн орж “Funai” маркийн зурагт, удирдлага, 2 ширхэг дугуй зэргийг авч нийт 977,298 төгрөгийн хохирол учруулж нийт 4 удаа үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.776.798 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Алтан-эрдэнийн “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...17 цагийн үед ажлаа дуусгаад гэртээ ирэхэд грашны хаалга онгорхой байхаар шалгаж үзэхэд цоож байхгүй, цүүг нь хугалчихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 55 инчийн Funai маркийн зурагт байхгүй, усны тэрэгний хоёр ширхэг дугуй байхгүй байса. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд грашны хаалгай онгорхой дотор нь басан цахилгаан зуух байхгүй болсон байсан...” /1-р хх-ийн 18-19, 249-250, 2-р хх-ийн 163/ гэсэн, хохирогч Б.М-ын: “...2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн эцсийн буудал дээр байрлах махны дэлгүүрийн дотор байрлах ахуй, гоо сайхны лангуунаас ай фоне-6 эс маркийн гар утсаа алдсан. Махны дэлгүүрийн хяналтын камерт тухайн этгээдийн бичлэг бичэгдсэн байсан...” /1-р хх-ийн 90-91, 245-246/ гэсэн, хохирогч Ц.О-гийн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны үсчингийн газартаа байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Би үсчин дотроо хувцас зардаг бөгөөд тэр залуу нэг цамц авч өмсөөд надад яг таарч байна, эхнэр ирээд мөнгийг нь өгнө гэж хэлээд үсээ будуулна гээд суусан. ...Би охинтойгоо ярьж байх зуур нөгөө залуу эхнэр рүүгээ явж мөнгө аваад ирье гээд цамцаа тайлаад орон дээр шидчихээд явсан. Тэгэхээр нь би охиндоо гялс гарчихаад ирье гэж хэлээд утсаа авах гэхэд утас байхгүй болсон байсан...” /1-р хх-ийн 181-182, 247-248/ гэсэн, гэрч А.Баатарын: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...17 цагийн үед гэртээ ирэхэд грашны хаалга нээлттэй байхаар нь орж шалгахад 55 инчийн Funai маркийн зурагт, усны тэрэгний хоёр ширхэг дугуй алдагдсан басан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хулгай орж хар өнгийн цахилгаан зуух алдагдсан байсан...” /1-р хх-ийн 22/ гэсэн, гэрч Б.Батцэнгэлийн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны ...14 цагийн үед Б ирсэн намайг гараад ир гэж дуудахаар нь гараад очиход жорлонгийн хажууд хайрцагтай зурагт тавьсан байсан. Б надад хандаж хоёулаа энэ зурагтыг Дээгийгийнд аваачиж өгөөд нэг шил архи ууя гэхээр нь би урд талын айлын усны тэргийг гуйж аваад зурагтыг ачаад Бгийн хамт Дээгийгийнд очиж зурагтаа өгөөд нэг шил архи авч уусан. ...Би Бгээс зурагтын талаар асуугаагүй, хулгай хийж авсан гэдгийг нь мэдээгүй...” /1-р хх-ийн 23-24/ гэсэн, гэрч Н.Даваасүрэнгийн : “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б, Батцэнгэл нар хар саарал өнгийн Fagor нэртэй цахилгаан зуух авчирч өгөөд Б таньдаг ахын грашнаас авсан ажилдаг эсэхийг мэдэхгүй, та янзлаад авчих гэж хэлээд өгсөн. Түүний маргааш нь Б, Батцэнгэл нар нь тэрэг дээр цаасан хайрцагтай зурагт түрээд авчирч өгсөн. Мөн л таньдаг ахынхаа грашнаас авсан болохоор санаа зоволтгүй гэж хэлээд надад 10,000 төгрөгөөр нийт 20,000 төгрөгөөр дээр хоёр зүйлийг зарчихаад явсан. ...Зурагтын удирдлага байсан эсэхийг шалгаж үзээгүй, надад дугуй зараагүй...” /1-р хх-ийн 26-28, 2-р  хх-ийн 1-2, 164/ гэсэн, гэрч Э.Цэрмаагийн: “...2018 оны 06 дугаар сраын 08-ны өдөр манай хажуу өрөөнд гоо сайхны лангуу түрээслэдэг хүн утсаа алдсан талаар хэлэхээр нь камер шүүж үзэхэд цагаан футболктой, цэнхэр жинсэн өмдтэй эрэгтэй орж ирэхдээ урдаа дүнсэн тамхи барьчихсан орж ирээд буцаад гарахдаа гартаа жижиг хар зүйл аваад халаасандааа хийчихээд гарч байсан...” /1-р хх-ийн 95-97/ гэсэн, гэрч О.Эрдмаагийн : “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ээжийн ажил руу ороход согтуу юм шиг царайта, туранхай өндөр хүн ээжийн зарж байсан цамцыг өмсөж байсан. Тэр хүн утсаар ирж байна уу, энэ цамцыг авмаар байна гэх мэтээр яриад байсан. ...Би түрүүлж гараад машинаа асааж байсан бөгөөд ээж гарч ирээд би утсаа түрүүний залууд алдчихлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 185-186/ гэсэн, гэрч С.Хүүхнээгийн: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бтэй огт уулзаагүй, би Найрамдалд байрлаад зуслангийн байшин барьж байсан. Насантогтох, Батцэнгэл бид гурав тухайн байшингийн эзэн залуугийн хамтаар тэндээ байрлаж байсан, Бтэй уулзах шалтгаан байгаагүй...” /2-р хх-ийн 179/ гэсэн, шүүгдэгч Н.Бгийн “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ...ганцаараа өмнө орсон хуучин цэргийн ангийн хашааг давж ороод хашааны ертөнцийн зүгээр зүүн урд байх хоёр хаалгатай грашын хаалгыг блокоор дарчихсан байсныг нээж дотогш ороод хар саарал өнгийн цахилгаан зуух байхаар нь авч гараад Дээгий гэх найзынхаа гэрт аваачиж 10,000 төгрөгөөр зарчихсан.

...Түүний дараагаар 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед шарах шүүгээ авсан граш руугаа дахин ороод хайрцагтой том зурагт байсныг аваад грашын урд хэсгээр тойрч хашааны завсараар зурагтаа гаргаад 00-н хажууд тавьсан. Зурагтыг өргөөд явахад хүнд байсан учир Батцэнгэлийнх рүү очиж усны тэрэг авахаар явсан. Тэгээд Батцэнгэлийг дуудаж усны тэрэг аваад гараад ир хоёулаа зурагтыг Даваасүрэн эгчийнд хүргэж өгье гэхэд Батцэнгэл урд айлаасаа очиж усны тэргээ авч ирсэн. Батцэнгэл надаас юун зурагт вэ гэхээр нь Даваасүрэн эгчид хүргэж өгөх гэсэн юм гээд тэргийг түрээд Даваасүрэн эгчийнд аваачиж өгсөн. Дэлгэржаргалд зурагтыг өгөөд эсийг шалгаад өгөөч гэхэд асахгүй байхаар нь чи засаад авчих, оронд нь надад 20,000 төгрөг өгчих  гэж хэлсэн.

....2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах махны бөөний дэлгүүр рүү ороод утас ил байгааг харчихаад эхлээд 2 ширхэг оймс худалдаж авья гээд тооцоогоор картаа хийе гэж хэлэхэд карт уншихгүй гэж хэлэхээр нь лангуун дээр байсан утсыг нууцаар аваад картаа уншуулаад ирье гэж хэлээд гарсан. Тухайн утсыг нээж ашиглах гэхэд код нэхээд байсан учир Тэди худалдааны төв дээр явуулын хүнд 30,000 төгрөгөөр худалдсан...” /1-р хх-ийн 117-118, 125, 2-р хх-ийн 21-23, 148-149/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-6, 84-86/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 12-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14, 87-88/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 32-36, 103, 190/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 241-244/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 166-171/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах зориулалттай, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, ...агуулахад нэвтэрч” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Бгийн дээрх үйлдлүүд энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасан, шүүгдэгч Н.Бгийн 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэнийг тухайн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.А-д 977,298 /1-р хх-ийн 32-36/ төгрөгийн, хохирогч Б.М-д 472,000 /1-р хх-ийн 103/, төгрөгийн, хохирогч Ц.О-д 327,500 төгрөгийн /1-р хх-ийн 190/ нийт 1,776,798 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч А.А-, Б.М-, Ц.О- нар /2-р хх-ийн 209-212/ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Н.Бг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний  хоёрны нэгээс багагүй буюу 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний /1-р хх-ийн 129, 226, 2-р хх-ийн 25, 29/ өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг /2-р хх-ийн 131/хүртэл цагдан хоригдсон 254 хоног, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс /2-р хх-ийн 205/ өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоног нийт 311 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1910000000362 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.А-, Б.М-, Ц.О- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Б овог Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н-ийн Б-г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 311 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 1910000000362 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.А-, Б.М-, Ц.О- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР