Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 426

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч А.А, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О- овогт А-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010000000444 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О- овогт А-ын А,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Степпе Линк” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан 9,040,000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч А.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, гэм буруугаа ойлгож байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.Аыг тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажилд авсан. Туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Тооцооны нягтлан бодогч нь бэлэн мөнгөтэй шууд харьцдаг. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр компанийн кассанд байсан мөнгөнөөс бэлнээр 9,040,000 төгрөгийг А.А авсан, тэгээд 02 дугаар сарын сүүлээр А.А ажилдаа ирэхээ больсон. Яагаад ирэхгүй байгаа талаар асуухад Дарханд карентинд орсон гээд байхаар нь итгэж байсан. Тэгээд 03 дугаар сарын 10-нд ирэхдээ бэлнээр 9,040,000 төгрөг авсан гэдгээ хэлсэн. ...” /хх-ийн 32-34/ гэсэн,

 

Шүүгдэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Степпе Линк” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллахдаа бэлэн мөнгө, касстай харьцдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажилласан. Ажиллах хугацаандаа бэлэн мөнгөнөөс бага багаар авч хэрэглээндээ зарцуулсаар нэг мэдэхэд 9,040,000 төгрөг болсон. Энэ талаар ажлынхан мэдээд ойрын хугацаанд төлж барагдуулахаар болсон байгаа, өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар болсон...” /хх-ийн 25-27/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 2/,

- “Степпе Линк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/,

- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 4-8/,

- Ажилд томилсон тушаал /хх-ийн 9/,

- Анкет /хх-ийн 13-14/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 62/,

-  Шүүгдэгч А.Аын хувийн байдалтай холбоотой гэрч Г.А-, Б.Лхам нарын мэдүүлэг /хх-ийн 36-37, 40-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, гэрэлийн цуцлалт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50-51/ төрөл садангийн лавлагаа /хх-ийн 52-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, боловсролын дипломын хуулбар /хх-ийн 55-58/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Степпе Линк” ХХК-ийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 9,040,000 төгрөгийг   хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-гийн: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А.Аыг тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажилд авсч, туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Тооцооны нягтлан бодогч нь бэлэн мөнгөтэй шууд харьцдаг. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр компанийн кассанд байсан мөнгөнөөс бэлнээр 9,040,000 төгрөг авсан...” /хх-ийн 32-34/ гэсэн, шүүгдэгч А.Аын “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Степпе Линк” ХХК-д тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. Ажиллахдаа бэлэн мөнгө, касстай харьцдаг байсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажилласан. Ажиллах хугацаандаа бэлэн мөнгөнөөс бага багаар авч хэрэглээндээ зарцуулсаар нэг мэдэхэд 9,040,000 төгрөг болсон. Энэ талаар ажлынхан мэдээд ойрын хугацаанд төлж барагдуулахаар болсон байгаа. Өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар болсон...” /хх-ийн 25-27/ гэсэн мэдүүлгүүд, “Степпе Линк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 3/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 4-8/, ажилд томилсон тушаал /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч А.Аын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Аын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “Степпе Линк” ХХК-ийн эд хөрөнгөд 9,040,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч байгууллагад 4,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 4,540,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн /хх-ийн 62/ байх тул гэм буруутай этгээдээс 4,540,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Степпе Линк” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзын, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч О- овогт А-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын А-т хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 02 /хоёр жилийн хугацаанд шүүгдэгч А-ын Ат зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.А нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А -аас 4,540,000 /дөрвөн сая таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч “Степпе Линк” ХХК -д олгосугай.

 

6. Эрүүгийн 2010000000444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР