Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 427

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч М.Э-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт М-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910029440486 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3,519,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт М-ын Э,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Э- нь Г.Х-гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барйлах Оргил хотхоны 4 дүгээр байрны 03 тоот байрны үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн нотариатаар батлуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч М.Э-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 4-3 тоот амины орон сууцыг найз Г.Х-гийн итгэмжлэлээр 2015 оноос хойш харж хандаж ирсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 19-22 цаг хүртэл хүмүүс хаалгыг чинь онгойлгох гэж ноцолдсон гэдгийг манаач хэлсэн. Тухайн үед цагдаа дуудаад хүмүүсийг нь явуулсан гэж хэлсэн. Ингээд тэр хүмүүс уг байшинг шинээр худалдаж авсан гээд гэрчилгээ үзүүлж явсан талаар мэдээд цагдаагийн утас руу залгаж асуухад тухайн хүмүүс гэрчилгээтэй байсан тул маргааш эзэдтэй нь уулзаад учраа ол гээд явуулсан. Тэгэхээр нь би улсын бүртгэлээс асуухад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж шинэ гэрчилгээг авч удалгүй, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн М.Э- гэдэг хүний нэр дээр нотариат 64 дугаартай гэрчилсэн итгэмжлэлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Уг нотариатын тойрог нь Дархан-Уул аймгийн нотариатч байсан. ...Хан-Уул дүүргийн нотариатч Азжаргал гэх хүн уг байрны нотариатыг хийж байсан бөгөөд өнгөрсөн 5 дахь өдөр надтай уулзаад Г.Х- гэх найзын чинь байр 4-3 гэж явдаг бил үү, ...Энхтөр гэдэг хүнээс Г.Х-гийн нэр рүү буцаагаад бэлэглэлийн гэрээ хийгээд явж байсан. Би сүүлд нь нотариат хийснийхээ дараа саналаа, улсын бүртгэлээс лавлагаа ав, Г.Х- руу бэлэглэлээр шилжсэн байх гэсний дагуу очиж улсын бүртгэлээс лавлагаа авахад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Х-н нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжсэн гэх лавлагаа гарч ирсэн...” /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Гэрч Г.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хоригдож байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 409 дүгээр хорих анги дээрээ хоригдож байсан. ...Би хоригдож байсан тул дээрх гэрээг хийх ямар ч боломжгүй. Иймд дээрх М.Э- нь хуурамч нотлох баримт хүргүүлсэн байна. ...Надаас өөр тухайн байрыг эзэмших эрхтэй хүн байхгүй, би айлын ганц хүүхэд. Би М.Э- гэх хүнийг танихгүй, өс хонзон, өр авлага байхгүй..” /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч И.Энхболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие Дархан-Уул аймгийн нэг цонхны үйлчилгээн дээр сардаа 1-2 удаа суудаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэг цонхны үйлчилгээн дээр байхад иргэн М.Э- болон Г.Х- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон шинэ гэрчилгээг барьж ирсэн. Уг гэрчилгээ нь Ү-2205005890 дугаартай хувийн сууцны гэрчилгээ байсан. Дээрх гэрчилгээн дээр Гантулга овогт Х- /РД: ХГ80110377 дугаартай/ гэх хүний нэртэй байсан. Тэгээд Г.Х- нь М.Э-д худалдах, худалдан авах итгэмжлэл хийлгэнэ гэж хэлснээр би үйлчилгээг үзүүлсэн. М.Э- нь бичиг баримттайгаа байсан. Г.Х- нь иргэний үнэмлэхний лавлагаатай байсан. Г.Х-гаас регистрийн дугаарыг асуухад дугаараа хэлж байсан ба 6 сарын хугацаатай худалдах, худалдан авах гэрээг хийлгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ...Итгэмжлэл хийлгэх үед царай зүсийг нь сайн харсан, иргэний үнэмлэхний лавлагаан дээр байгаа хүнтэй төстэй байхаар нь регистр, овог нэрийг нь асууж байгаад хийж өгсөн...” /хх-ийн 25/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г.Х-тай уулзахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр ангид очиж Г.Х-тай уулзахаар хүсэлт өгсөн боловч уулзаж чадаагүй. 2019 оны 07 дугаар сарын орчим Г.Х-н нэр дээр байдаг гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Оргил хотхоны 4-3 тоот байрыг зарах гэж байгаа талаар сураг сонссон. Миний бие дээрх байранд очиж уулзах гэхээр хүн байдаггүй тул байрыг хамгаалж мөнгөө авах шаардлага гарсан тул нотариатын газар очиж Г.Х-гаас өөртөө итгэмжлэл хийлгүүлээд гэрчилгээг шинээр хийлгүүлж авсан. Гэтэл удалгүй цагаад С- гэх хүн өргөдөл гаргасан байснаар ирж мэдүүлэг өгсөн...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 6-9/

- Итгэмжлэл /хх-ийн 10/,  

- Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 28-29/,

- Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 55-56/,

- Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32, 57/,

- Шүүгдэгч М.Э-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-74/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч М.Э- нь Г.Х-гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил хотхоны 4 дүгээр байрны 03 тоот байрны үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээр 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэн нотариатаар батлуулан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.С-гийн “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 4-3 тоот амины орон сууцыг найз Г.Х-гийн итгэмжлэлээр 2015 оноос хойш харж хандаж ирсэн. Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 19-22 цаг хүртэл хүмүүс хаалгыг чинь онгойлгох гэж ноцолдсон, тухайн үед цагдаа дуудаад хүмүүсийг нь явуулсан гэж манаач хэлсэн. Ингээд тэр хүмүүс уг байшинг шинээр худалдаж авсан хүмүүс гээд гэрчилгээ үзүүлж явсан талаар мэдээд цагдаагийн байгууллага руу залгаж асуухад тухайн хүмүүс гэрчилгээтэй байсан тул маргааш эзэдтэй нь уулзаад учраа ол гээд явуулсан. Тэгэхээр нь би улсын бүртгэлээс асуухад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж шинэ гэрчилгээг авч удалгүй, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн М.Э- гэдэг хүний нэр дээр нотариат 64 дугаартай гэрчилсэн итгэмжлэлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Уг нотариатын тойрог нь Дархан-Уул аймгийн нотариатч байсан. ...Хан-Уул дүүргийн нотариатч Д.Азжаргал гэх хүн уг байрны нотариатыг хийж байсан бөгөөд өнгөрсөн 5 дахь өдөр надтай уулзаад Г.Х- гэх найзын чинь байр 4 дүгээр байрны 3 тоот гэж явдаг бил үү, ...Энхтөр гэдэг хүнээс Г.Х-гийн нэр рүү буцаагаад бэлэглэлийн гэрээ хийгээд явж байсан. Би сүүлд нь нотариат хийснийхээ дараа саналаа, улсын бүртгэлээс лавлагаа ав, Г.Х- руу бэлэглэлээр шилжсэн байх гэсний дагуу очиж улсын бүртгэлээс лавлагаа авахад 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г.Х-н нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжсэн гэх лавлагаа гарч ирсэн...” /хх-ийн 12-14/ гэсэн, гэрч Г.Х-н “...Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 02-ноос хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 409 дүгээр хорих анги дээрээ хоригдож байсан. ...Би хоригдож байсан тул дээрх гэрээг хийх ямар ч боломжгүй. Иймд дээрх М.Э- нь хуурамч нотлох баримт хүргүүлсэн байна...” /хх-ийн 17-18/ гэсэн, гэрч И.Энхболдийн “...Миний бие Дархан-Уул аймгийн нэг цонхны үйлчилгээн дээр сардаа 1-2 удаа суудаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэг цонхны үйлчилгээн дээр байхад иргэн М.Э- болон Г.Х- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр олгосон шинэ гэрчилгээг барьж ирсэн. Уг гэрчилгээ нь Ү-2205005890 дугаартай хувийн сууцны гэрчилгээ байсан. Дээрх гэрчилгээн дээр Гантулга овогт Х- /РД: ХГ80110377 дугаартай/ хүний нэртэй байсан. Тэгээд Г.Х- нь М.Э-д худалдах, худалдан авах итгэмжлэл хийлгэнэ гэж хэлснээр би үйлчилгээг үзүүлсэн. М.Э- нь бичиг баримттайгаа байсан. Г.Х- нь иргэний үнэмлэхний лавлагаатай байсан. Г.Х-гаас регистрийн дугаарыг асуухад дугаараа хэлж байсан, 6 сарын хугацаатай худалдах, худалдан авах гэрээг хийлгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. ...Итгэмжлэл хийлгэх үед царай зүсийг нь сайн харсан, иргэний үнэмлэхний лавлагаан дээрх хүнтэй төстэй байхаар нь регистр, овог нэрийг нь асууж байгаад хийж өгсөн...” /хх-ийн 25/ гэсэн, шүүгдэгч М.Э-ын “...Би Г.Х-тай уулзахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хорих ангид очиж хүсэлт өгсөн боловч уулзаж чадаагүй. 2019 оны 7 дугаар сарын орчим Г.Х-н нэр дээр байдаг гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Оргил хотхоны 4-3 тоот байрыг зарах гэж байгаа талаар сураг сонссон. Миний бие дээрх байранд очиж уулзах гэхээр хүн байдаггүй тул байрыг хамгаалж мөнгөө авах шаардлага гарсан тул миний бие нотариатын газар очиж Г.Х-гаас өөртөө итгэмжлэл хийлгүүлж аваад гэрчилгээг шинээр хийлгүүлж авсан юм. Гэтэл удалгүй цагаад Б.С- гэх хүн өргөдөл гаргасан байснаар ирж мэдүүлэг өгсөн...” /хх-ийн 79-81/ гэсэн мэдүүлгүүд, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 28-29/, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 55-56/, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32, 57/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.Э-ыг хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1910029440486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эдийн болон эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Э-ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Э-д оногдуулсан 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Эрүүгийн 1910029440486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР