Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 292

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

 Нарийн бичгийн дарга М.Солонго,

 Улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/,

 Шүүгдэгч, хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,

 Шүүгдэгч, хохирогч О.О, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.О.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ж.Б.Өт Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, …настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сансар худалдааны төвд худалдагч, ам бүл ... хамт, ..........тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, Д.О.О /РД:............/

 

2. Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ....... төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... хамт, .............. тоотод оршин суух,

урьд ..оны ...өдөр .... дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Жантекь овогт Баттогтохын Б.Ө /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ханбилэг” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Отгонсүрэнг “замаа хараад яв” гэж хэллээ гэж түлхэн, хавсарч унагаан биед нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 3-159 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Алтаншагайг өмөөрч иргэн Б.Өлзийбаярын толгойн тус газар нь тогооны тагаар цохиж биед нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Ө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 3-159 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүү Б.Өлзийбаярыг өмөөрч иргэн О.Оийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гэрийн гадаа хашаанд Б.Ө цохьсон. Одоо нэхэмжилэх зүйлгүй.” гэв

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 4 дүгээр хороо Арцатын 3-159 тоотод манай дүү би хүнд дээрэмдүүлчихлээ нээд уйлаад орж ирсэн. Тэгээд ахыгаа дагуулаад дээрэмдсэн гэх Алтаншалайгийнд очоод хаалгыг нь нүдээд гэрт нь ороход Алтаншагай хувцсаа өмсөөд зогсож байсан. Би тухайн болсон явдлын талаар Алтаншагайтай ярилцаад зогсож байтал гаднаас О.О орж ирсэн. Тэгээд О.О уурлаад хогийн шүүх, тогооны таг зэргийг авч шидээд байсан. Манай дүүгийн толгой руу тогооны тагаар цохьсон. Тухайн үед дүүгийн толгойноос цус гараад байхаар нь ах бид хоёр дүүг аваад гэртээ харьсан...” гэв.

 

Хохирогч Г.Отгонсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-1 тоотод байрлах найман нэрийн хүнсний дэлгүүр орох гээд явж байтал үүдэн дээр байрлах явган хүний зам дээр нэрийг мэдэхгүй үл таних охин намайг мөрлөсөн юм. Тэгээд би тухайн охиныг замаа хараад яв гэсэн. Тэр охин миний араас ирээд замаа харахгүй гэсэн хүнийг яадаг юм гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Би тухайн охинтой хэрүүл хийж байтал уг охины миний куртикнзэс заамдаад дэлгүүрийн хашлага руу хүчтэй хэд хэдэн удаа түлхээд намайг татаад хавсараад унагаасан...Би 663 дугаартай дүгнэлттэй танилцсан...Надад учруулсан гэмтлүүдийг тухайн өдөр намайг хавсарч унагаасан гэх охин миний биед учруулсан...” гэжээ /хх-ийн 13-р тал/,

 

Хохирогч Б.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ганзориг ах Алтаншагайд хандан чи дүүг минь яагаад байгаа юм бэ гэхэд тэрээр өөдөөс агсараад байсан. Тэгтэл гаднаас О.О орж ирсэн. Тэгсэнээ О.О над руу нэг юм аваад шидэхэд миний толгойг оносон бөгөөд толгойноос цус гарч байсан...Би дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх гэмтлийг О.О над руу юм шидэж, толгойг минь онож учруулсан...” гэжээ /хх-ийн 62-63-р тал/,

 

Гэрч Б.Алтаншалгай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэд нар намайг зодоод байхаар нь манай эхнэр Өлзийбаярын толгой руу тогооны тагаар нэг удаа цохисон...Намайг харахад О.Оийн баруун нүд рүү Б.Ө нь 1 удаа гараараа цохисон...найз бүсгүй О.О хэлэхдээ Өлзийбаярын толгойг тогооны тагаар цохичихсон гэж хэлсэн...” гэжээ /хх-ийн 76, 78-р тал/,

 

Гэрч Б.Мягмардорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өлзийбаярын толгойноос цус гарчихсан гэрийн гадаа байсан зогсож байсан бөгөөд хэн хагалсаныг нь би мэдэхгүй байна... Ямар ч байсан тэдгээр хүмүүсийг явсны дараа О.Оийн баруун нүд нь жоохон хөхөрсөн харагдсан...” гэжээ /хх-ийн 86-87-р тал/,

 

Гэрч Б.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр хоёрыг салгах гээд байж байтал Алтаншагайгийн эхнэр нь орж ирээд над руу дайрч хогны шүүрээр цохиж мөн над руу гэрийнхээ эд хогшилыг авч шидээд байсан. Тэгсэнээ дүү Өлзийбаяр руу тогооны таг аваад шидэхэд түүний толгойг оносон юм...” гэжээ /хх-ийн 94-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №663 дугаар дүгнэлт “...“....Г.Отгонсүрэнгийн биед тархины доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1159 дугаар дүгнэлт “...Б.Өлзийбаярын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 120-р тал/,

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1189 дугаар дүгнэлт “...О.Оийн биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 114-115-р тал/,

 

Шүүгдэгч О.О, Б.Ө нарын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-165, 170/, ял шалгах хуудас /хх-166, 173/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-52-55/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /56-57/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-58-59/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.13-ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-176-181/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.О, Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

1. Шүүгдэгч О.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Ханбилэг” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Отгонсүрэнг “замаа хараад яв” гэж хэллээ гэж түлхэн, хавсарч унагаан биед нь тархины доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,

Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 3-159 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Алтаншагайг өмөөрч иргэн Б.Өлзийбаярын толгойн тус газар нь тогооны тагаар цохиж биед нь тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт зэргээр,

 

2. Шүүгдэгч Б.Ө нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 3-159 тоотод 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дүү Б.Өлзийбаярыг өмөөрч иргэн О.Оийн нүүрэн тус газар гараараа цохиж биед нь баруун зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.О,  Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө нь хохирогч О.Оийн биед учирсан гэмтлийг би учруулаагүй гэх боловч хавтас хэрэгт авагдсан хохирогч болон гэрч Б.Алтаншагай, Б.Мягмардорж нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднээс авсан мэдүүлгүүд болон хохирогч О.Оийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.О, Б.Ө нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч Б.Өлзийбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулж авсан, хор уршигт нэхэмжилсэн зүйлгүй гэснийг дурьдаж, шүүгдэгч О.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,

Хохирогч О.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, шүүгдэгч Б.Ө бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр ба 42 см-ийн радиустай 0,2 мм-ийн зузаантай “Тогооны таг”-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртлэх нийт цагдан хоригдсон 16 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялд нь оруулан тооцов.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Жантекь овогт Баттогтохын Б.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

             - Шүүгдэгч Доржсамбуу овогт Отгончөдөрийн О.Оийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

 - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын цагдан хоригдсон 16 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хасч, нийт ялыг 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.От оногдуулсан 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- шүүгдэгч Б.Өт оногдуулсан 1.110.000 /нэг сая нэг зуун арван мянга/  төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

6. Шүүгдэгч О.О, Б.Ө нарын торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн төмөр ба 42 см-ийн радиустай 0,2 мм-ийн зузаантай “Тогооны таг”-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ