Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 428

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.Т-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж- овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010010510599 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж- овогт Б-ын Т,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т- нь 2020 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Астра Вилла хотхоны 207 дугаар байрны 19 тоотод иргэн Д.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханы хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд уруул, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүэлг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 17-ны шөнө ...00 цагийн үед Б.Т- ирээд хаалга нүдэхээр нь тайлж өгөөд бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад гэр рүү орсон. Тэгтэл гаднаас Б.Т-ы эхнэр Б.Саруултуяа орж ирээд манай эхнэр бид дөрөв маргалдаад зогсож байхад Б.Т- миний баруун нүд рүү маш хүчтэй цохиж би ухаан алдаад унасан. Би босч ирээд шанагаар хөл рүү нь хоёр удаа цохиход намайг зүүн шанаа, баруун эрүү рүү цохисон...” /хх-ийн 18-20/ гэсэн,

 

Гэрч Б.Саруултуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гэрт ороход Д.Д- сандал дээр, Б.Т- буйдан дээр амнаас нь цус гарч, цамц нь урагдаж хүзүү нь улайсан байдалтай байсан. Би юу болсон бэ гэхэд Д.Д- хаалга онгойлгосноо намайг заамдаж аваад цохилоо гэсэн. Тэгээд тайвшраад сууж байхад Сайнбаяр хулгайч минь чиний машиныг засаж өгөх албатай юу, миний бие өвдөөд би явуулаагүй гэж хэлээд мөр рүү түлхэхэд Б.Т- би гуйсан биздээ гээд уурлаад босоод ирэхээр нь буцааж суулгасан. ...Д.Д- Б.Т-д лалар минь чамд олон удаа тусалсан биз дээ гэхээр нь Б.Т- босч ирээд нүүр рүү нь цохиод авсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Астра Вилла хотхоны 207 дугаар байрны 19 тоотод очиход Д.Д-, эхнэр Б.Сайнбаярын хамтаар зогсож байсан. Тэгээд Д.Д- хаалгаар гарч ирснээ намайг заамдаж авснаа хойш түлхэж, зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь гэр рүү ороод бид хоёр бие биенээ заамдалцахад Б.Сайнбаяр, Саруул хоёр салгасан. Тэр үед би Д.Д-ын нүүр рүү цохисон. ...Дараа нь Д.Д-ын нүүр рүү гараараа цохисрон...” /хх-ийн 23-2634-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №6354 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Д-ын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд ураал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23-25/ гэсэн дүгнэлт,

- Дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3/,

-  Хохирлын баримт /хх-ийн 29/,

- Шүүгдэгч Б.Т-ы иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-ийн 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 42/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 44, 50-65/, эд  хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 43/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, насанд хүрээгүй хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т- нь нь 2020 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Астра Вилла хотхоны 207 дугаар байрны 19 тоотод иргэн Д.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж түүнийг гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханы хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд уруул, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Д-ын “...2020 оны 5 дугаар сарын 17-ны шөнө ...00 цагийн үед Б.Т- ирээд хаалга нүдэхээр нь тайлж өгөөд бид хоёр нэг нэгнээ заамдаж аваад гэр рүү орсон. Тэгтэл гаднаас Б.Т-ы эхнэр Б.Саруултуяа орж ирээд манай эхнэр бид дөрөв маргалдаад зогсож байхад Б.Т- миний баруун нүд рүү маш хүчтэй цохиж би ухаан алдаад унасан. Би босч ирээд шанагаар хөл рүү нь хоёр удаа цохиход намайг зүүн шанаа, баруун эрүү рүү цохисон...” /хх-ийн 18-20/ гэсэн, гэрч Б.Саруултуяагийн “...Д.Д- Б.Т-д лалар минь чамд олон удаа тусалсан биз дээ гэхээр нь Б.Т- босч ирээд нүүр рүү нь цохиод авсан...” /хх-ийн 12-13/ гэсэн, шүүгдэгч Б.Т-ы “...2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хоро, Зайсан Астра Вилла хотхоны 207 дугаар байрны 19 тоотод очиход Д.Д-, эхнэр Б.Сайнбаярын хамтаар зогсож байсан. Тэгээд Д.Д- хаалгаар гарч ирснээ намайг заамдаад хойш түлхэж, зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь гэр рүү ороод бид хоёр бие биенээ заамдалцахад Сайнбаяр, Б.Саруул хоёр салгасан. Тэр үед би Д.Д-ын нүүр рүү цохисон. ...Дараа нь Д.Д-ын нүүр рүү гараараа цохисон...” /хх-ийн 23-2634-37/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №6354 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Д.Д-ын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд ураал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23-25/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Д.Д-ын биед учирсан “...баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд ураал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Т-ы түүнийг цохисноос үүүсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Т- хохирогч Д.Д-ын биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн хацарт зулгаралт, дээд ураал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт, зулай, дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрсэн, хохирогч Д.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул /хх-ийн 19-20/ энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлөх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Т- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010010510599 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж- овогт Б-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ мянган төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010010510599 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР