Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 565

 

Н.Лувсанбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01626 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Лувсанбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Сувд-Эрдэнэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Х.Сувд-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Лувсанбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Лувсанбат нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр, мөн дахин 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэйгээр 1 000 000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулж зээлдүүлсэн. Нийт 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд дандаа бэлнээр өгч байсан. Х.Сувд-Эрдэнэ ч мөн бэлнээр хүлээн авч зээлж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Х.Сувд-Эрдэнэ нь зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 1 900 000 төгрөгийг төлсөн. Үүнээс 2 удаагийн зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой хүү 500 000 төгрөгийг хасвал үндсэн төлбөрөөс 1 400 000 төгрөгийг төлж, 1 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой хүүгээ ч цаг тухайд нь төлж байгаагүй. Гэрээний дагуу хугацаа дуусмагц үндсэн төлбөрүүдийг бүрэн төлсөн байх ёстой боловч одоо болтол төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байгаа. Төлбөрөө төлөхдөө бага багаар, бараг жил гаран хугацааны туршид цувуулж төлж байсан. Энэ хооронд нэг төлөлтөөс дараагийн төлөлт хоорондох хугацааны алдангийг тооцвол даруй үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн байгаа. Иймээс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болон 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээнүүдийн дагуу Х.Сувд-Эрдэнийн төлөх ёстой үндсэн төлбөр 1 600 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөгийг Х.Сувд-Эрдэнэ бүрэн хариуцаж, буцаан төлөх үндэслэлтэй байна. Иймд Х.Сувд-Эрдэнээс 3 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алдангийг 3 000 000 төгрөгийн 50 хувиар бодсон гэжээ.

 

Хариуцагч Х.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Лувсанбатын гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нь уг зээлийг их өндөр хүүтэй авсан байдаг. Өнөөгийн банкны хүүгээс сарын хүү өндөр байна. 2 зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 3 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ 2 гэрээний үүрэгт нийтдээ 1 900 000 төгрөгийг төлсөн. Уг зээлийн гэрээнүүдийн хүү өндөр байх ба нэг талын эрх ашгийг хамгаалж 2012 оноос 2015 оны хооронд мөнгөний ханш унаж байгаа энэ үед 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн нь хариуцагчид сөргөөр нөлөөлж байна. Мөн алданги 1 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу анз тооцох эрхтэй хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал шүүх багасгаж болохоор заасан байгаа. Иймд 1 500 000 төгрөгийн алдангийг хасаж өгөөч. Одоо уг зээлийн гэрээний үүрэгт 1 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ үлдэгдлээс хүүг тооцон хуульд зааснаар 50 хувиар багасгаж өгнө үү. Нэхэмжлэгч 3 000 000 төгрөгийг зээлээд 45 хувиар өсгөн авах боломжтой байна. Алданги, хүү л өндөр байна, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Сувд-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 3 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, нэхэмжлэгч Н.Лувсанбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Х.Сувд-Эрдэнээс 53 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Лувсанбатад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01626 тоот шийдвэрийг эс өвшөөрч энэхүү гомдлоо гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчаас гаргасан нотлох баримтыг дутуу үнэлсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй ба хариуцагчид илт хохиролтой шийдвэрийг гаргасан байна.

Учир нь Х.Сувд-Эрдэнэ би нэхэмжлэгч Н.Лувсанбатаас зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 10 дугаар сарын 20-нд 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн ба тодорхой хугацаанд бүрэн хэмжээгээр хүүтэй нь төлж барагдуулсан. Мөн 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлж нийт 3 000 000 төгрөгийг 4 810 000 төгрөг болгож төлсөөр байтал нэхэмжлэгч нь нэмж ор үндэслэлгүйгээр үндсэн мөнгө болох 3 100 000 төгрөг нэхэмжилж, дээр дурдсан шүүхийн шйдвэрээр хариуцагч надаас 2 400 000 гаргуулахаар шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна.

Мөн тус шүүхээс товлосон 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг Х.Сувд-Эрдэнэ надад мэдэгдээгүй, намайг хүндэтгэх шалтгаантай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд тус шүүхийн шүүгчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 ,168.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд буцаах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Н.Лувсанбат нь хариуцагч Х.Сувд-Эрдэнэд холбогдуулан гаргасныг тэрээр зээлийн хүү, алдангийг хэмжээ их байна гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 1 000 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд байгуулагдсан ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, хариуцагч нь 2 зээлийн гэрээний төлбөрт 1 900 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй байна. /хэргийн 5, 6, 35 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Түүнчлэн дээрх гэрээнүүдэд зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгийн хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2 зээлийн гэрээний үүрэг болох 3 500 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 900 000 төгрөгийг зээл, хүүд тооцон хасч, үлдэгдэл зээл 1 600 000 төгрөг, алданги 800 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Х.Сувд-Эрдэнэд хэргийн материал танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдаагүй байх боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ талаар хариуцагчаас тодруулахад хэргийн материалтай танилцсан гэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

 

Мөн шүүх 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Х.Сувд-Эрдэнийн оршин суудаг Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 12 дугаар гудамж, 151 тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлснийг н.Ганхуяг гэгч авсан нь түүний нөхөр болохыг хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх тул 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Э.ЗОЛЗАЯА   

 

                                      ШҮҮГЧИД                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                       

                                                                                                              С.ЭНХТӨР