| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 500/2017/0009/Э |
| Дугаар | 3 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 3
М.Х д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор П.Болормаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраа,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1010 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч М.Х д холбогдох 2017 2601 1154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Лувсанчүлтэм овгийн М.Х, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхэд, эх, эцэг, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, махын ажилчдын 8 дугаар байрны 8а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/,
М.Х нь 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн “Голомт” банкны “Цамбагарав” тооцооны төвд теллерээр ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу БНХАУ-ын юанийн болон АНУ-ын ам.долларын данс эзэмшдэг иргэний ашиглаагүй удсан данснаас 20 удаагийн гүйлгээгээр 8 данснаас 85.003.58 юань, 47.693.96 ам доллар завшиж, нийт 121.983.278 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Х гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Х д холбогдох хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр 1 дүгээр хавтаст хэргийн 101-120 дугаар талд авагдсан төлбөрийн баримтууд байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан боловч канондсон хуулбарууд нь уншигдах боломжгүй, 2 дугаар хавтаст хэргийн 1-30 дугаар талд авагдсан баримтууд, яллагдагчийн хувийн байдлын талаарх бичиг баримтууд, дансны хуулга зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй, М.Хувьязаяа нь нийт 20 удаагийн гүйлгээгээр мөнгө завшсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх гүйлгээнүүд хийгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоож, холбогдох өдрүүдийн Монгол банкны ханшийн мэдээллийг бүрэн гүйцэд гаргуулж авах, ам.доллар, юанийн ханшийг “Монгол банк”, “Голомт” банкны алиных нь хэдний өдрийн ханшаар тогтоож хохирлын дүнг монгол төгрөгт шилжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаар талуудаас маргаантай эсэхийг тодруулж, шаардлагатай бол нарийн мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах,
Хохирогчийг тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн, хохирол хүлээсэн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Уг гэмт хэргийн хохирогч нь “Голомт” банк ХХК байхад тус байгууллагын ажилтан Б.Баяраа нарыг хохирогчоор тогтоосон нь буруу бөгөөд зүй нь “Голомт” банк ХХК-г хохирогчоор тогтоож, түүнийг дүрэмд заасны дагуу төлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтанд эрх олгосон шийдвэрийг зохих журмын дагуу гаргуулан авч хуульд заасан эрх, үүргийг танилцуулах ажиллагаа хийгдсэний дараа тус хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнаар төлөөлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцох нь эрх бүхий этгээдийн итгэмжлэлээр тогтоогдоно. Итгэмжлэлд хохирогчийн хуульд заасан эрх, үүргийг бүрэн эдэлж оролцох эсэхийг зааж өгсөн байх ёстой. Иймд дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн зөвтгөх.
Яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт хэргийн товч агуулгад М.Х г “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж бичсэн мөртлөө дээрх үйлдлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, мөн М.Х гийн банкны төлбөрийн баримтууд дахь мэдээллийг өөрөө бичиж, гарын үсгийг дууриалгаж зураад байгаа үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай,
Эрүүгийн хууль нь бүлэг, зүйл, хэсэг, заалт гэсэн бүтэцтэйгээр бичигдсэн байхад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “хэсэг”-ийг орхигдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт гэж бичсэн зэргийг залруулах шаардлагатай гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж ...” шийдвэрлэжээ.
Прокурор П.Болормаа бичсэн эсрэгүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр шүүх хуралдааныг зарласан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчиж хурал эхлэхээс 5 минутын өмнө “урьдчилсан хэлэлцүүлэг” болохыг оролцогч нарт мэдэгдсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
1 дүгээр хавтаст хэргийн 101-120 дугаар хуудсанд авагдсан төлбөрийн баримтуудыг “Голомт” банкнаас үнэн зөвийг баталгаажуулж, хуулбар үнэн тэмдэг дарагдсан ба уншигдах бүрэн боломжтой зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.
2 дугаар хавтаст хэргийн 1-30 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь уншигдах бүрэн боломжтой ба хэрэв шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэж үзсэн бол тухайн 2 дугаар хавтаст хэргийн 1-30 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Учир нь хоёрдугаар хавтаст хэргийн 1-8 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай давхардсан, 9-30 дугаар хуудсанд байгаа баримтууд нь байгууллагын дотоод журам, гүйцэтгэх захирлын тушаал, кассын ажиллагааны журмууд, хөдөлмөрийн дотоод журам зэрэг хуулбарлагдсан ба хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц энэ хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан баримт биш болно.
Яллагдагч М.Х нь нийт 20 удаагийн гүйлгээгээр мөнгө завшсан үйлдэлд Монгол банкнаас 2015 оны 3 дугаар сарын 23-аас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх юань, ам.долларын ханшийн лавлагааг бодит байдлаар гаргуулан, 1 дүгээр хавтаст хэргийн 121-134 дүгээр хуудсанд хавсаргаж, гүйлгээг дээрх ханшийн өөрчлөлтөөр бодож хохирлын тооцоог гаргасан.
Хавтаст хэрэгт “Голомт банк”-ыг төлөөлж иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцож буй Б.Баяраа нь мөрдөн байцаалтын шатанд “... “Голомт” банкнаас 121.983.278 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг тухайн үеийн Монгол банкны ханшаар гаргасан байна. Ханшийн мэдээгээр гаргасан учир зөвшөөрч байна, нийт хохирлын мөнгөнөөс М.Х 40.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байгаа, одоо үлдсэн 81.983.278 төгрөгийг М.Х гаас нэхэмжилж байна ...” /1-р хх-247/ гэж мэдүүлж хохирлын үнэлгээний талаар маргаагүй болно.
“Голомт” банк нь тухайн хэрэгт учирсан хохирлын дүнг 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн дотоодын аудиторын шалгалтаар илрүүлж гаргасан дутагдлын тооцоонд үндэслэн нэхэмжилсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудсан дахь дүгнэлтэд тусгасан.
Мөн яллагдагч М.Х нь дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар “Голомт” банк ХХК-д 121.983.278 төгрөгийн хохирол учирсан нь давхар батлагдаж байна.
“Голомт” банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 07/821 дугаар бүхий гарын үсэг зурагдсан “Итгэмжлэл олгох тухай” албан бичигт “... Эрүүгийн хэрэгт “Голомт” банкийг төлөөлж иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцох эрхийг Б.Баяраа, Б.Эрдэнэбаяр нарт олгож байна” гэсэн нотлох баримт нь 1 дүгээр хавтасны 6 дугаар хуудсанд авагдсан байгаа нь хохирогчийг тогтоох ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 3 дахь хэсэгт хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэсэн хуулийн заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Яллагдагч М.Х гийн үйлдсэн гэмт үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад тусгаж, гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад шүүх яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулгад тусгагдсан дээрх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт багтах Авлигын гэмт хэрэг буюу тус бүлгийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх өөр төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байна гэж дүгнэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.
Яллагдагч М.Х нь банкны төлбөрийн баримтууд дахь мэдээлэлийг өөрөө бичиж, гарын үсгийг дуурайлгаж зураад байгаа үйлдэл мөн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжгүй зөвхөн “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдэх арга нь болж үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа тул захирамжид тусгагдсан дээрх асуудлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
М.Х д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Хэргийн материалыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.
Тухайлбал, прокурор М.Х г “албан тушаалын байдлаа ашиглаж” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагч М.Х нь “Голомт” банкны “Цамбагарав” тооцооны төвд теллерээр ажиллаж байхдаа бусдын ашиглаагүй удсан данснаас юань болон ам.доллар шилжүүлэн авч байгаа нь албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн байх бөгөөд гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозиц буюу гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх нь хуульд нийцнэ. Энэхүү гэм буруугийн хэлбэр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хуульчлагдсан бөгөөд хэргийн нөхцөлд хэрхэн тохирч байгаад хууль зүйн дүгнэлт өгөхөд шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүд гэм бурууд нөлөөлөхүйц ач холбогдолтой гэж үзнэ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон нотлох баримтын шаардлага хангаагүй баримт хэрэгт авагдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Баяраа нь “Голомт” банкинд гэрээгээр ажилладаг талаар тайлбарлаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэв.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1010 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Болормаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч М.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ