Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 114/2021/0013/З |
Дугаар | 221/МА2021/0678 |
Огноо | 2021-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0678
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг,
4 дүгээр хороолол, 4 дүгээр байрын оршин суугчдын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрын оршин суугчдын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” 01-А/228 дугаар захирамжийн 1000 м.кв газраас төлөвлөж байгаа 10 давхар 40 айлын орон сууцанд хамаарах 411м.кв газар”-ыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болоод Засаг даргын 01-А/228 дугаар захирамжийн манай компанид эзэмшүүлсэн 1000 м.кв газраас 411 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлсэн нь тодорхойгүй байгаагаараа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж байна.
Гуравдагч этгээд газрыг зохих шаардлагыг бүрэн хангаж зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг жил бүр төлж, газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн. Аливаа иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг хөндөөгүй, орц гарц хаасан зөрчилгүй.
Шүүхээс нэхэмжлэгч нар нь барихаар төлөвлөгдсөн барилга хоорондын зайтай буюу барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай маргах гээд байна уу, барилга баригдсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гээд байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Манай компани эзэмшил бүхий газартаа Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт барилгын норм ба дүрэмд заасан шаардлагуудыг хангаж, 1000 м.кв газрынхаа 338 м.кв газарт 40 айлын орон сууц барихаар төлөвлөсөн барилгын зураг төсөл эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгаварт нийцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10-07-002/69 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Нэхэмжлэгч нар нь манай компанийн эзэмшил газар дээрээ барихаар төлөвлөсөн барилгын зураг төсөл, техникийн баримт бичигт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/38 дугаар удирдамжийн дагуу хяналтын шалгалтаар тогтоосон дээрх үйл баримттай маргаагүй, үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байтал ямар үндэслэлээр шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн талаар тайлбарлаагүй.
Хавтаст хэрэгт авагдсан барилгын баталгаажсан дэвсгэр зургаар манай компани эзэмшил 1000 м.кв газрынхаа зохион байгуулалтыг тодорхой тусгаж батлуулсан бөгөөд 204.1 м.кв талбай барилгажих талбайд тооцогдохгүй байтал шүүхээс уг нөхцөл байдлыг анхаараагүй. Кадастрын зургийг өөрчилсөн нь хуульд нийцээгүй гэх дүгнэлт нь маргааны үйл баримттай хэрхэн хамааралтай нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн байна.
Хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй атал шүүхээс ямар үндэслэлээр хугацааг сунгасан нь буруу гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Манай компанид төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчиж газар олгосон, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан зүйл байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байхад огт хамааралгүй хуулийн зүйл заалтаар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дахь заалт нь хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тавигдах шаардлага, 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалт нь барилгын зураг төсөлд тавигдах шаардлага, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт нь хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах шаардлага байна.
Шүүхээс ямар үндэслэлээр захиргааны актыг буюу 01-А/228 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж байгаа, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн, нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн уялдаа холбоог тодорхойлоогүй шийдвэр гаргаж гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны нэр бүхий оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/228 дугаар захирамжаас шинээр баригдах 2 дугаар блокийн газарт хамаарах хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ “... уг барилгыг барьснаар тухайн барилга нь бидний цонхыг сүүдэрлэж нарны тусгал муудах, орчин халхлахаар хэтэрхий ойрхон баригдах гэж байгаа зэргээр бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. ... уг барилгын сүүдэр зуны цагт оройн цагаар хүүхдүүд тоглох үеэр одоо байгаа хүүхдийн тоглоомын талбай дээр тусахаар байна” хэмээн тайлбарлан маргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас болж өөрийн зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах ба ингэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх учиртай.
Нэхэмжлэгч иргэдийн маргаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/228 дугаар захирамжаар “М п” ХХК-д 9 дүгээр багийн 4 дүгээр хороололд нийтийн орон сууцны зориулалтаар олгосон 1000 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл, уг захирамжийн шинээр баригдах 2 дугаар блокийн газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлээ нарны тусгал муудах, барилгын зай хоорондын хэмжээ хэт ойртохтой холбон тайлбарлаж маргасан байх бөгөөд маргаан бүхий газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийн улмаас нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн ямар эрхээ, хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр хоорондоо зөрүүтэй, Газрын тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, зөрүүг арилгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Тодруулбал, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийн үндэслэлийг хянах хүрээнд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарын тусгалын /ээвэрлэлтийн/ хангамжийн тухай БНбд-23-04-07, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбд 31-01-10 барилгын норм, дүрэм, Хот байгуулалтын хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой эсэх, нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдийн барихаар төлөвлөж буй барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавартай маргаж буй эсэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/228 дугаар захирамжийн шинээр баригдах 2 дугаар блокийн газарт хамаарах хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгосноор уг газрыг хэн эзэмших эрхтэй гэж маргаж байгаа болох зэргийг тодруулж, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай.
Ийнхүү гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх ... газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн” талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан-Уул сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 4 дүгээр байрны оршин суугчдаас итгэмжлэл олгосны үндсэн дээр Ц.Б, Д.Ж нараас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх хэдий боловч Ц.Б итгэмжлэл олгосон Б.У[1], Б.Н[2], Л.Б[3] нар тус байршлаас өөр газарт оршин суух хаягтай, уг байранд оршин суудаг эсэх нь тодорхойгүйн дээр нэхэмжлэгч иргэдийн оршин суудаг байрны цонх гуравдагч этгээдийн барихаар төлөвлөж буй барилга руу харж байгаа эсэх нь тодорхойгүй байх тул тухайн барилга баригдсанаар нэхэмжлэгч тус бүрийн оршин суух байрны нарны ээвэрлэлтийн болон бусад нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөхийг тогтоож, нэхэмжлэгч иргэн тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж болзошгүй байгаа болохыг дүгнэх шаардлагатай.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН