Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 429

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч А.Г- нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010010500588 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “МБ прожект” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, охины хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овгийн А-ын Г-  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн гадна Д.Т-т “газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 8,000,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч А.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, гэм буруугаа ойлгож байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай хадам ах чамтай нэг хүн уулзана иргэний үнэмлэхээ наад хүндээ өгөөд явуулаарай гэсэн бөгөөд иргэний үнэмлэхийг авах гэж ирсэн хүн нь А.Г- гэх эмэгтэй байсан. Надад Хан-Уул дүүргийн Кувейтын аманд хоёр айлын газар байна, танд хэрэгтэй юу гэхээр нь би ямар учиртай газар вэ гэхэд Хан-Уул дүүргийн газрын албанаас шууд таны нэр дээр гаргаад өгчихье, 10 хоногийн дотор шийдэгдэнэ, асуудалгүй гэсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны үед Энхтуяа гэх хүнтэй хамт газрыг нь очиж үзсэн. Тухайн газрын кадастрын зургийг А.Г- мессенжерээр явуулсны дагуу очсон. ...Маргаашнаас нь А.Г- над руу байнга залгаад наад газар чинь шийдэгдэх гээд байна, та урьдчилгаа хурдан өгчих гээд 10,000,000 төгрөг нэхэж эхэлсэн. Тэгэхэд нь би эхлээд 8,000,000 байна гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн харилцдаг Хас банкнаас 10,000,000 төгрөгийн зээл аваад 8,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл Экспо төвийн гадаа А.Г-тай уулзаж, түүний Хаан банкны 5018194295 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь газраа авах гэж хөөцөлдсөн, надтай ч уулзаагүй, сүүлдээ бүр утсаа салгаад алга болсон. Тэр газар нь ямар ч гэрчилгээ, бичиг баримтгүй газар байсан, намайг хуурсан болохыг дараа нь би ойлгосон...” /хх-ийн 14-16, 17-18/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Т-аас 8,000,000 төгрөг авсан нь үнэн, тухайн үед газрыг нь бүтээж өгөхөөр явж байсан боловч газар бүтэхээргүй болоод 8,000,000 төгрөгийг би өөрөө хувьдаа зарцуулсан юм...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 4/,

- Хас банкны цахим төлбөрийн баримт /хх-ийн 6-8/,

- Д.Т-ын Хас банкны дансны хуулга /хх-ийн 9/,

- Хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

- Шүүгдэгч А.Г-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Г-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч А.Г- нь Д.Т-т “газар зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн гадна 8,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны данс руу шилжүүлсэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Т-ын “...2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай хадам ах чамтай нэг хүн уулзана, иргэний үнэмлэхээ наад хүндээ өгөөд явуулаарай гэсэн бөгөөд иргэний үнэмлэхийг авах гэж ирсэн хүн нь А.Г- гэх эмэгтэй байсан. Надад Хан-Уул дүүргийн Кувейтын аманд хоёр айлын газар байна, танд хэрэгтэй юу гэхээр нь би ямар учиртай газар вэ гэхэд Хан-Уул дүүргийн газрын албанаас шууд таны нэрээр гаргаад өгчихье, 10 хоногийн дотор шийдэгдэнэ, асуудалгүй гэсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 03-ны үед Энхтуяа гэх хүнтэй хамт газрыг нь очиж үзсэн. Тухайн газрын кадастрын зургийг Г- мессенжерээр явуулсны дагуу очсон. ...Маргаашнаас нь А.Г- над руу байнга залгаад наад газар чинь шийдэгдэх гээд байна, та урьдчилгаагаа хурдан өгчих гээд 10,000,000 төгрөг нэхэж эхэлсэн. Тэгэхэд нь би эхлээд 8,000,000 байна гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн харилцдаг Хас банкнаас 10,000,000 төгрөгийн зээл аваад 8,000,000 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Мишээл Экспо төвийн гадаа А.Г-тай уулзаж түүний Хаан банкны 5018194295 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь газраа авах гэж хөөцөлдсөн, надтай уулзаагүй, сүүлдээ бүр утсаа салгаад алга болсон. Тэр газар нь ямар ч гэрчилгээ, бичиг баримтгүй газар байсан, намайг хуурсан болохыг дараа нь би ойлгосон...” /хх-ийн 14-16, 17-18/ гэсэн, шүүгдэгч А.Г-ын “...Д.Т-аас 8,000,000 төгрөг авсан нь үнэн, тухайн үедээ газрыг нь бүтээж өгөхөөр явж байсан, газар бүтэхээргүй болоод 8,000,000 төгрөгийг би өөрөө хувьдаа зарцуулсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд, Хас банкны цахим төлбөрийн баримт /хх-ийн 6-8/, Д.Т-ын Хас банкны дансы хуулга /хх-ийн 9/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч А.Г-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-т 8,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн /хх-ийн 10/, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч А.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Г-ыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Г- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010010500588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б  овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.Г-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Эрүүгийн 2010010500588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Т- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР