| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1155 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 1155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Б.Мөнхзул,
шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө.Б холбогдох эрүүгийн 1906 07355 0992 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ө.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны орчимд иргэн Б.Мөнхзултай маргалдан улмаар түүнийг унагаж, гэдэс, цээж хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай танил “хамт яваад өгөөч” гэхээр нь хамт явсан. Хэрэг болсон газрын орцны үүдэнд хананд шахаад машинаа тавиад уулзах ёстой хүнтэйгээ уулзчихаад гарах болсон чинь ардаас Ланд 200 машин ирээд гарц хаагаад зогссон. Тэгээд би буугаад жолоочийг нь орц руу орох үед нь “гарах гэсэн юм аа, удах уу” гээд асуусан чинь юм дуугарахгүй орц руу орсон. Тэгээд буцаад гараад ирэхээр нь асуусан чинь намайг “юун сүртэй юм бэ” гэхээр нь би “гарах гэсэн юм аа, чи ямар хаашаа юм бэ, ухарчих, солигдоё” гээд машиндаа суусан. Миний машинтай зэргэлдээ зогсож байсан хүн надад “наад хүн чинь гарна гэсэн үү” гэхээр нь би тэр хүнд “мэдэхгүй ээ, гарах байлгүй, Ланд 200 унасан иймэрхүү хүмүүс байдаг шүү дээ, хүнээс илүү юм унасан юм шиг далдганасан юм” гээд тэр хүнтэй ярьж байсан чинь хохирогч машинаасаа бууж ирээд миний машин руу өшиглөөд “юу гээд байгаа юм, чинийх минийхээс дээрдсэн юм уу чиний наад лаазыг чинь яасан ч яадаг юм бэ” гээд доромжлоод эхэлсэн. Тэгээд би бууж ирээд “чи яагаад байгаа юм бэ, би чамтай юм яриагүй” гээд би маргалдсан. Маргалдахад би хохирогчийг цохиж зодоогүй. Хохирогч “хүн дуудна” гэхээр нь би “чи хүнээ дууд” гээд машинаа цоожлоод сууж байсан. Удалгүй цагдаа ирээд цагдаад хэлж байхад хохирогчийн эхнэр гэх хүн ирсэн. Тухайн үед миний хажууд гарах гээд зогсож байсан жолооч, хохирогч, бид 3 байсан. Гэрч гэх эхнэр нь тэнд байгаагүй байж намайг гүтгээд, худлаа яриад байна. Би хохирогчийг унагаагаад цээж дээр нь дэвсээгүй. Гэхдээ миний тавьсан шаардлага бол буруу шаардлага бол биш гэж бодож байна. Нотлох баримтаар цугларсан зүйлийг үгүйсгээд өг гэж хэлээгүй. Хохирогч энэ хэргээс хойш өөрөө өөрийгөө гэмтээсэн эсэх талаар маршруутыг тогтоох хэрэгтэй. Би үнэхээр буруугүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхзул мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр хүүхдүүдээ эмнэлэгт үзүүлээд би өөрийн 6 хүүхэдтэйгээ хамт явж байсан. Тэгээд хүүхдүүдээ зөөж байгаад 3 дахь хүүхдээ зөөх гээд гарч ирсэн чинь шүүгдэгч “200 унасан хулгайч нарыг ална” гээд орилоод байхаар нь би “яасан бэ” гэсэн чинь шүүгдэгч “гаръя” гэхээр нь би “за” гэсэн. Шүүгдэгч “би энэ машиныг заавал дэлбэлнэ, хэний хүүхэд гэдгээ нотлоно” гэхээр нь би “чи Ланд 200 унасан гээд байх юм, ах нь энэ машиныг зээлээр авсан, би тахир дутуу” гээд хэлсэн чинь “чи надаас ах уу” гэхэд цуг явж байсан залуу нь араас бариад шүүгдэгч боож унагаасан. Тухайн үед миний 9 настай хүүхэд намайг хараад зогсож байсан. Намайг газар унагаачихаад 2-3 удаа чирээд “тахир дутуу хулгайч, нөгөө гарыг чинь хугалнаа” цээж рүү 2 удаа өшиглөөд, суга руу 1 өшиглөөд хавирга хугарсан. Тэгээд би дуугарч чадахгүй байсан чинь манай эхнэр намайг хэвтэж байхад татаж босгоод шүүгдэгч Ө.Б “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь “танай нөхөрт би ажил олж өгнө, эмнэлгээр явдаг ажил олж өгнө” гээд орилоод, дайраад байсан. Би ойртох л юм бол дайраад байсан. Тэгэхээр нь би утсаа машинаасаа аваад цагдаа дуудсан. Цагдаа ирсэн чинь Ө.Б гэдэг хүн цагдаа руу дайраад над руу бас дайрахаар нь би “чи надаас хол бай” гээд түлхэсэн. Тэгээд цагдаа “та нар зөрчил гаргаад байвал баривчлах арга хэмжээ авна” гэсэн чинь шүүгдэгч Ө.Б “чи ялалдаг нь юм уу” гээд цагдаа руу дайраад байсан. Би тэгээд явахдаа “чи яагаад намайг үр хүүхдийн минь хажууд намайг ингээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тахир дутуу ч гэсэн манай хүүхэд, эхнэр маань надаар маш их бахархадаг. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Би эмнэлгээр явж ажлаа алдсан. Би барилгын туслах, гагнуур бас наймаа хийдэг. Надад мөнгөөр нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч нь маш их буруутай. Тахир дутуу хүнийг ингээд дээрэлхээд байж болохгүй. Хүн хийсэн зүйлээ хүлээх ёстой. Шүүгдэгч нь “манай машиныг шатаана” гээд байсан. Манай хүүхдүүд маш их айдастай байна. Шүүгдэгч нь манай машин, гэрийн гадаа эргэж тойроод байна. Маш их гомдолтой байна. Дахиж битгий тахир дутуу хүнийг дээрэлхээрэй гэж хэлмээр байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Э.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ж.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13378 дугаартай дүгнэлт /хх-28/, гэрч О.Чинбишрэлтийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч Ө.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны орчимд иргэн Б.Мөнхзултай маргалдан улмаар түүнийг унагаж, гэдэс, цээж хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхзулын өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой өөрийн 1-9 насны 4 хүүхдийн хамт гадуур явж байгаад гэр рүүгээ орох гэхэд “Шөнийн зах” худалдааны төвийн авто зогсоол дээр үл таних хар хөх өнгийн 19-32 УАЕ улсын дугаартай машинтай залуу над руу “жиптэй лаларууд том байх юм аа” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм вэ, би чамайг яасан юм” гэсэн. Тэгээд жолооны хүрдэн дээр сууж байсан залуу .”..ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би ах нь бие муутай, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан хүн” гэж хэлэхэд нөгөө жолооны хүрдэн дээрээс бууж ирсэн залуу “өө муу хүний сүг” гэж хэлээд энгэрээс заамдаж авахад хамт бууж ирсэн залуу миний хоёр гарыг тэвэрч авахад жолооны хүрдэн дээрээс бууж ирсэн залуу энгэрээс бариад сэгсрэхэд би газар унасан. Тэгэхэд нөгөө залуу миний зүүн талын хавирга руу өшиглөж зодсон. Тэгээд би газраас босож ирэхэд “чиний машиныг чинь заавал дэлбэлнэ, яасан олон гөлөгтэй юм” гэж хэл амаар доромжилсон. Миний зүүн хавирга хугарсан. Зүүн талын өвдөг шалбарсан. Дээд уруул язарсан, үүдний нэг хиймэл шүд хугарсан. Миний биед учирсан гэмтлийг жолооны хүрдэн дээрээс бууж ирсэн залуу учруулсан. Би маш их гомдолтой байна. Тухайн залуу намайг “тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон гөлөгтэй” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би маш их гомдолтой байна. Мөн миний биед халдаж зодсон тул эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Миний үүдэн шүдийг 2019 онд Бүгд Найрамдах Хятад улсын Бээжин хотод 3.750.000 төгрөгөөр алтажсан монетоор хийлгүүлж байсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төгөлдөрийн өгсөн: “...Тухайн дуудлагаар очиход Ланд 200 маркийн машинтай залуу болон хар хөх өнгийн Кровн маркийн машинтай хоёр залуутай маргалдсан байсан. Тэгэхэд гар муутай хөгжлийн бэрхшээлтэй залуу “энэ залуу намайг зодлоо” гэж хэлж байсан.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажилгаанд гэрч Ж.Мөнхцэцэгийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний орой би нөхөр, хүүхдийнхээ хамтаар гадуур явж байгаад 21 цагийн үед гэртээ ирээд нөхөр өөрийн 03-57 УБЦ улсын дугаартай Ланд 200 маркийн хар өнгийн машинаа байрны үүдэнд тавиад хүүхдүүдээ аваад нөхөр бид нарыг байрны лифтэнд суулгасан. Тэгэхэд удалгүй манай хүү М.Тэмүүжин /11 настай/ ирж “аавыг гадна хүмүүс зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиход нөхрийг машиных нь ард орцны үүдэнд газар унагасан цээж рүү нь өшиглөөд байхаар нь очиход өшиглөхөө больсон. Тэгээд нөхөр босож ирээд Б.Мөнхзул, зодсон залуу нар хоорондоо маргаад хэрүүл болж байхад цагдаа нар ирсэн. Манай нөхрийг газар унагаагаад цээж рүү нь өшиглөж байсан залуу цагдаа нарыг ирээд явсны дараа 19-32 УАЕ улсын дугаартай хар өнгийн Тоёота кровн маркийн машин жолоодоод цонхоороо толгойгоо гаргаад нөхөр рүү “тахир дутуу, хулгайч минь ажилтай болгоноо, машиныг чинь шатаана” гэх мэтээр хэл амаар доромжлоод инээгээд найзуудтайгаа явсан. Тухайн үед бага зэрэг цээжээр өвдөөд байна гэсэн боловч маргааш нь өвчин нь ихэссэн тул шүүх эмнэлэгт үзүүлсэн. Бусдаар тухайн үед гадна ил харагдах гэмтэл байгаагүй.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13378 дугаартай:
1. Мөнхзулын биед зүүн 6-р хавирганы хугарал, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” /хх-28/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “...Тухайн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх байх боломжтой.” /хх-25/ гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-11/,
Шүүгдэгч Ө.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-44/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б гаргасан: “...Би энэ хүнийг зодоогүй.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхзулын өгсөн: “...Тэгэхэд нөгөө залуу миний зүүн талын хавирга руу өшиглөж зодсон. Тэгээд би газраас босож ирэхэд “чиний машиныг чинь заавал дэлбэлнэ, яасан олон гөлөгтэй юм” гэж хэл амаар доромжилсон. Миний зүүн хавирга хугарсан. Зүүн талын өвдөг шалбарсан. Дээд уруул язарсан, үүдний нэг хиймэл шүд хугарсан. Миний биед учирсан гэмтлийг жолооны хүрдэн дээрээс бууж ирсэн залуу учруулсан. Би маш их гомдолтой байна. Тухайн залуу намайг “тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, олон гөлөгтэй” гэх мэтээр хэл амаар доромжилсон.” /хх-14-15/ гэх мэдүүлэг, гэрч Ж.Мөнхцэцэгийн өгсөн: “...Тэгэхээр нь би гараад очиход нөхрийг машиных нь ард орцны үүдэнд газар унагасан цээж рүү нь өшиглөөд байхаар нь очиход өшиглөхөө больсон. Тэгээд нөхөр босож ирээд Б.Мөнхзул, зодсон залуу нар хоорондоо маргаад хэрүүл болж байхад цагдаа нар ирсэн.” /хх-23-24/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 13378 дугаартай дүгнэлтэд: “...Б.Мөнхзулын биед зүүн 6-р хавирганы хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл.” гэх дүгнэлт, шинжээч эмч Б.Ганзоригийн өгсөн: “...Тухайн 6 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх байх боломжтой.” /хх-25/ гэх мэдүүлэг болон бусад хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баяраагийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гаргасан татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 дүгээр байрны орчимд иргэн Б.Мөнхзултай маргалдан улмаар түүнийг унагаж, гэдэс, цээж хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Мөнхзул нь мөрдөн шалгах ажиллагаанд 3.750.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтгүй мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ө.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ө.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ө.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д Ө.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС