| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0102/Э |
| Дугаар | 431 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 431
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т- овогт М-гийн Б-т холбогдох эрүүгийн 1910011510929 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин Холдинг” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 2, ээжийн улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 07 жилийн хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 896 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар тэгшитгэлд орж 03 жил 11 сар 06 хоногийн хорих ял болж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Т- овогт М-гийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монфреш” ХХК-ийн гражид байсан 83-62 УБА улсын дугаартай Старекс маркийн автомашин дотроос тухайн өдрийн орлого болох 2,900,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохиролд 1,100,000 төгрөг төлсөн, бусдыг нь төлөөгүй байгаа. Хийсэн хэрэгтээ харамсаж байна, машинаас мөнгө аваад тушаах бодолтой байсан ч тушаалгүйгээр архи авч уугаад дуусгасан. Хэрэг болдог өдрийн өмнөх өдөр нь би архи уусан байсан учир маргааш нь дотор муу байж таараад дотроо засах гээд мөнгөнөөс нь авсан, тэгээд мөнгө авч архи уусандаа айгаад үлдсэн мөнгийг кассанд тушаалгүйгээр өөртөө хэрэглэсэн. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сард миний ачигчаар М.Б- ажилд ороод 4 сар гаруй хамт ажиллаж байгаад 05 дугаар сарын эхээр түгээлт хийчихээд орой 22 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаж үйлдвэрийн гражид албаны 83-62 УБА улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг оруулж тавьсан. Тухайн үед орлогын мөнгөө тушаах гэсэн боловч нярав ажлаас буучихсан байсан болохоор маргааш нь тушаана гэж тооцоолж бэлнээр 2,900,000 төгрөгийг машиныхаа урд хайрцагт хийгээд үлдээсэн. Би маргааш нь ажилтай байсан учраас эрт ирж чадаагүй, М.Б-ыг орлогын мөнгөө тушаачих гэж хэлэхэд мөнгөө аваад тушаалгүй тэр чигтээ алга болчихсон. ...Автомашиныхаа түлхүүрийг тухайн өдөр сантехникийн слесарь Отгонбаяр гэх хүнд үлдээсэн. Тухайн үед Отгонбаяр ахыг өрөөндөө байхгүй үед ширээн дээрээс машины түлхүүр аваад орлогын мөнгийн авсан байна лээ...” /хх-ийн 19/ гэсэн,
Хохирогч Ж.Тэмүүлэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М.Б- манай Монфреш сүү ХХК-д ачигчаар ажиллаж байсан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр М.Б- түгээлтийн жолооч Г.Б- нар хамт ажиллаж түгээлт хийсэн. ...М.Б- орлогын мөнгийг машиндаа үлдээгээд тэр мөнгийг нь ачигчаар ажиллаж байсан М.Б- авч яваад ажилдаа ирэхгүй алга болсон...” /хх-ийн 57/ гэсэн,
Шүүгдэгч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 3 дугаар сард ...Монфрэш ХХК-д ачигчаар ажилд орсон. 2019 оны 5 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед ажлаас буучихаад борлуулагч нь маргааш ажилтай гээд чөлөө аваад явсан. Г.Б- бид хоёр тэр өдрийнхөө орлогыг тушааж чадаагүй, орлогын бэлэн 2,900,000 төгрөгийг маргааш нь тушаахаар болж гражид борлуулалтын машиндаа үлдээгээд буусан. Манай борлуулагч Г.Б- маргааш нь чөлөө авсан тул намайг орлогоо тушаачих гэж хэлсэн. ...Би 2019 оны 5 дугаар сарын 4-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд машинаас 2,900,000 төгрөгийг аваад нягтлангаа 20 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь өмнөх өдөр нь найз нартайгаа архи уугаад шартчихсан байсан болохоор дэлгүүрээс 0,33 литрийн архи авч ганцаараа уусан. Тэгээд буцаж орох гэснээ согтчихсон учраас тэр чигтээ мөнгөө аваад Драгон руу очиж Дархан яваад тэндээ 7 хоног шахуу буудалд байрлаж мөнгөөрөө архи авч уусан. Тухайн мөнгөнөөс үлдсэн 800,000 төгрөгийг гудамжинд согтуу унтаж байгаад алдсан...” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүгдэгч М.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Ж.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37/, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-64, 67-70/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх дараах үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж шийдвэрлэв.
Хэргийн талаар болсон үйл явдал:
“МонФреш Шүүс” ХХК-ийн жолооч ажилтай Г.Б-, ачигч хийдэг М.Б- нар 2019 ны 5 дугаар сарын 03-ны өдөр компанийн түгээлтийн ажилд хамт гарч ажилласан бөгөөд компанийн орлогын мөнгө болох бэлэн 2,900,000 төгрөгийг тухайн өдрийн орой компанид тушаахаар ажил дээрээ ирэхэд нярав ажлаасаа буусан, ажил дээрээ байхгүй байсан тул Г.Б- тухайн өдрийн орлогын бэлэн мөнгийг маргааш нь компанид тушаахаар албаны 83-62 УБА улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашины урд хайрцаганд үлдээж явсан.
Г.Б- 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ ирэх боломжгүй болж чөлөө авсан, улмаар урьд өдрийн компанийн орлого болох 2,900,000 төгрөгийг ачигчаар хамт ажилласан М.Б-ыг компанид тушаагаарай гэж захисан, зөвшөөрсөн бөгөөд М.Б- нь Г.Б-гийн захиснаар албаны 83-62 УБА улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашины урд хайрцаганд үлдээсэн байсан мөнгийг түүний зөвшөөрлөөр авч компанид тушаалгүйгээр өөртөө ашигласан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна.
Итгэмжлэн хариуцсан этгээд гэж иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд Г.Б- нь “МонФреш Шүүс” ХХК-д тушаах ёстой байсан орлогын бэлэн мөнгийг М.Б-т хариуцуулан үлдээсэн, албаны 83-62 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээс орлогын мөнгийг М.Б- нь Г.Б-гийн зөвшөөрлөөр авч, компанид тушаалгүйгээр өөртөө захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох 2,900,000 төгрөгийг өөртөө завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын эхээр түгээлт хийчихээд орой 22 цаг өнгөрч байхад ажлаа дуусгаж үйлдвэрийн гражид албаны 83-62 УБА улсын дугаартай Хьюндай Старекс маркийн автомашиныг оруулж тавьсан. Тухайн үед орлогын мөнгөө тушаах гэсэн боловч нярав ажлаас буучихсан байсан болохоор маргааш нь тушаана гэж тооцоолж бэлэн 2,900,000 төгрөгийг машиныхаа урд хайрцагт хийгээд үлдээсэн. Би маргааш нь ажилтай байсан учраас эрт ирж чадаагүй, М.Б-ыг орлогын мөнгөө тушаачих гэж хэлэхэд мөнгөө аваад тушаалгүй тэр чигтээ алга болчихсон...” /хх-ийн 19/ гэсэн, шүүгдэгч М.Б-ын “...2019 оны 5 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед ажлаас буучихаад борлуулагч нь маргааш ажилтай гээд чөлөө аваад явсан. Г.Б- бид хоёр тэр өдрийнхөө орлогыг тушааж чадаагүй, 2,900,000 төгрөгийг маргааш нь тушаахаар болж гражид борлуулалтын машиндаа үлдээгээд буусан. Манай борлуулагч Г.Б- маргааш нь чөлөө авсан тул намайг орлогоо тушаачих гэж хэлсэн. ...Би 2019 оны 5 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд машинаас 2,900,000 төгрөгийг аваад нягтлангаа хүлээгээд 20 орчим минут болоод ирэхгүй болхоор нь өмнөх өдөр нь найз нартайгаа архи уугаад шартчихсан байсан болохоор дэлгүүрээс 0,33 литрийн архи авч ганцаараа уусан. Тэгээд буцаж орох гэснээ согтуу учир тэр чигтээ мөнгөө аваад явсан, мөнгөөрөө архи уугаад дууссан...” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-д 2,900,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,100,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж хохирогч Г.Б- хавтаст хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэсэн /хх-ийн 65/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- энэ талаар мэдүүлсэн тул үлдэх 1,800,000 төгрөгийг шүүгдэгч М.Б-аас гаргуулж, хохирогч Г.Б-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын шүүхийн шатанд буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1910011510929 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М-гийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т- овогт М-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-гийн Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- /РД: ФА87051412, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр зам 2-2 тоотод оршин суух хаягтай/-аас 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Б- /РД: ЧК73050935, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Зэрэглээ ХХК-ийн хашаанд оршин суух хаягтай/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1910011510929 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР