Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 334

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Халиун, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч овогт Б-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002000000097 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан системийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дугаар хороо, Хан хилс хотхоны 530 дугаар байрны 601 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Чандман Ламжав овогт Б-ын Д,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д- нь Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна.

7.1.1 Нээлттэй тендер шалгаруулалтын журам,

8 дугаар зүйлийн 8.2 энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.

47.1 бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн компани болох “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК, “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн хооронд байгуулсан “Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 4*12 мвт-н генератор, 2*40 мвт-н трансформаторын өргөтгөлийн тоноглол өндөр хүчдэлийн хэмжилт туршилтыг шалгах ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурж, гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг 2 хувааж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 29,600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15,200,000 төгрөг буюу нийт 44,800,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн компанид олгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг гаргахгүй, улсад хохирол учруулсан гэм буруугаа ойлгож байгаа, хохирогч байгууллагатай хохирол төлөх талаар гэрээ байгуулсан, торгуулийн ял оногдуулах талаар гаргасан саналыг дэмжиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Д- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй үйлдлийг хийж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хамаарал бүхий компани болох “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвтэй байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-г хууль бусаар байгуулж, улмаар өөрийн хамаарал бүхий компани гэдгийг мэдсээр байж гэрээнд гарын үсэг зурснаар 44,8 сая төгрөгийн санхүүжилтийг өөрийн компанид олгуулсны улмаас улсад тийм хэмжээний хохирол учирсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээрх үйлэлд гэм буруутай этгээд болох Б.Д-оос 44,800,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс улсад төлүүлэхийг хууль ёсны хувьд шаардаж байна...” /2-р хх-ийн 95-96/ гэсэн,

 

Гэрч О.Оргилцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Монгол Үндэсний түгээх сүлжээ” ХХК-ийн захирал биш, энэ компани нь манай аав Оюунбаатарын төрсөн дүү болох Цэцэгмаа гэж хүний хүү Данзангийн нэр дээр бүртгэлтэй компани байгаа юм. Дээрх хэлээд байгаа тендерт хичнээн компани оролцсон, манай дүүгийн нэр дээр бүртгэлтэй аж ахуй нэгж ямар шалгуураар шалгарсныг би хэлж мэдэхгүй. ...Манай нөхөр надад энэ яригдаад байгаа гэрээнд чиний нэрийг компанийн захирлаар бичээд би өмнөөс чинь гарын үсэг зурчихсан гэдгээ хэлсэн, би нөхрийнхөө ажилд оролцоод байдаггүй, асуудаагүй, манай нөхөр ч надад яриад байдаггүй...” /1-р хх-ийн 32-33, 2-р хх-ийн 132-133/ гэсэн,

 

Гэрч Х.Галсанхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Эрчим хүчний хөгжлийн төвд Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. ...Би байгууллагын хоёрдугаар гарын үсэг зурдаг хүний хувьд мөнгөн урсгалыг төлөвлөх, санхүүгийн тайлан тэнцлийг хянаж гаргах үүрэгтэй ажилладаг байсан, яг энэ мэргэжлийн чиглэлийн эрчим хүчний тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлын талаар мэдэхгүй. Тухайн үед тендер зохион байгуулагдсан болоод “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байх, мөн тэр утгаараа мөнгө шилжигдсэн гэж бодож байна. ...“Монгол Үндэсний түгээх сүлжээ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг Эрчим хүчний хөгжлийн төв байгуулсан байна, тэгэхээр нь энэ компани ямар шалгуур үзүүлэлтээр шалгараад энэхүү ажил гүйцэтгэх гэрээг байгуулах болсныг нотлох баримт материал заавал бүрдсэн байх ёстой, тэрийг үндэслэж гэрээг байгуулдаг, мөн санхүүжилтийг олгодог. Нэг ёсондоо шалгаруулалтыг тендерийн хуулийн дагуу явуулсан бол аль аргаар нь шалгаруулсан /10 сая төгрөгөөс доош бол шууд худалдан авалт, 50 саяас доош худалдан авалтад харьцуулалтын аргаар, түүнээс дээш худалдан авалт нь нээлттэй сонгон шалгаруулалтаар/ нь баримт болж үлдсэн байх ёстой. ...Ерөнхий инженер Б.Д-ийг эхнэр нь “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК-ийн захирал О.Оргилцэцэг гэдэг хүн байдаг гэдгийг сая л сонсож байна, тэр үед энэ талаар мэдээгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиараа Б.Д- гэр бүлийн хүний нэр дээрх компанитай гэрээ байгуулж, гарын үсэг зурж болохгүй. ...Тухайн цахилгаан, дулаантай холбоотой ажлыг хариуцдаг хэлтэс бий, тэр хэлтсийг дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Д- хариуцдаг, тэр утгаараа над дээр ирээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Зуруулахдаа ажлын үнийн дүнд өөрчлөлт орсон, би захирал руу өөрөө авч ороод танилцуулна гэж хэлж байсан. ...Цаана нь ийм хууль бус зүйл явж байгаагүй мэдээгүй...” /1-р хх-ийн 34-36, 2-р хх-ийн 134-136/ гэсэн

 

Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “.... Ямар нэгэн баримтгүйгээр юуг үндэслэж гэрээ байгуулж байгаа нь тодорхой бус байдлаар гэрээ байгуулагдана гэсэн зүйл огт байхгүй, зарчмын хувьд гэрээ байгууулах гэж байгаа нь компани нь худалдан авалтын аль нэг шалгуураар заавал шалгарсан байх ёстой, тэгэж байж гэрээ байгуулагдах эрх үүснэ.

...Санхүүгийн баримтаас үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дугааргүй гэрээг үндэслэж санхүүжилт олгосон байна. ...Дансны хуулга болон санхүүгийн баримтаас үзэхэд Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн данс руу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 29,600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15,200,000 төгрөгийг тус тус нэг хоногийн зайтай шилжүүлсэн байна...” /1-р хх-ийн 37-40, 81-82/ гэсэн,

 

Гэрч С.Үүрийнбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Худалдан авах ажлыг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо гэж байгуулагдана, тэрний дагуу сонгон шалгаруулалт явагдаад гүйцэтгэгч компанийг тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулсны дараагаар тендерийн баримт бичиг нь над дээр ирдэг, ирүүлсэн тендерийн баримтбичгийг үндэслэж шалгарсан компанитай бараа ажил үйлчилгээг нийлүүлэх гэрээний төслийг миний зүгээс боловсруулж уг гэрээн дээр гарын үсэг зурагдсан албан тушаалтнаар хянагдаад болсон гэж үзсэн тохиолдолд албажуулж гарган гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагддаг. ...Эрчим хүчний хөгжлийн төвөөс 2017 оны 06 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын 4х12мВт-н генератор, 2х40тВА-н трансформаторын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт туршилт хийх тендерт “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК нь шалгарч гэрээ байгуулсан тохиолдолд шалгаруулсан тендерийн баримт бичгийг үндэслээд гэрээ байгуулах ёстой...” /1-р хх-ийн 41-43/ гэсэн,

 

Гэрч Н.Оюундэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Захиргаа удирдлагын хэлтэст хамаардаг гэрээний мэргэжилтэн гэх орон тооны ажилтан байгаа тэр хүн гэрээ болон гэрээ дүгнэсэн актын дугаарыг олгодог...” /1-р хх-ийн 44-45/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхнаран мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 онд зарласан Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын 4х12мВт-н генератор, 2х40тВа-н трансформаторын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт туршилт хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалтай холбогдох бичиг баримтууд нь манай байгууллагын архивт хадгалагдаагүй, учир нь ийм тендер манай дээр зарлагдаагүй байсан, зарлагдсан тохиолдолд тендерийн материал нь манай байгууллагын архивт хадгалаатай байх ёстой...” /1-р хх-ийн 49-50/ гэсэн

 

Гэрч Б.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрдэнэт үйлдвэр ХХК-тай техник хяналтын гэрээний дагуу бол уг ажлыг манай байгууллага хийж гүйцэтгэх ёстой байсан. Энэ “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК-тай ямар үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан тэлээр мэдэхгүй. ...2017 оны Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан техник хяналтын гэрээний дагуу газар дээр нь очиж томилолтоор ажилласан. Харин өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт хийх ажлыг лабораторийн хэлтсийнхэн хийдэг болохоор тэдний хэлтсээс уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоо миний санаж байгаагаар тухайн ажлыг хариуцаж байсан хүн нь Элбэгзаяа инженер байсан...” /51-53/ гэсэн,

 

Гэрч С.Саруулмэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сард манай Эрчим хүчний хөгжлийн төвийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан, энэ ажлын хэсэг нь Эрдэнэт Үйлдвэртэй техник хяналтын гэрээ байгуулахаас өмнө болсон үйл явц, гэрэ байгуулахын өмнө хийгдэх ёстой ажил байсан юм шиг байна лээ, тэгээд манай ажлын хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын трансформаторын өргөтгөлийн тоноглолын ажлыг газар дээр нь үзэх харах, шалгах үүрэгтэйгээр явсан. Манай лабораторын хэлтсээс инженерээр Элбэгзаяа яг өөрийн хэлтсийг хариуцсан чиг үүргийн хүрээнд явсан...” /1-р хх-ийн 54-56/ гэсэн,

 

Гэрч Ц.Элбэгзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжавын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/33 тоот тушаалаар Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн дулааны цахилгаан станцын 4х12мВТ-н өргөтгөлийн төслийн хэрэгжилтийг хангуулах, барилга угсралтын ажилд техникийн хяналт тавих, бичиг баримтын бүрдлийг хангуулах, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар ерөнхий инженер Б.Д-, ажлын хэсгийн даргаас гадна нийт 22 хүн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, тухайн үйлдвэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд томилолтоор ажилласан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр А/33 тоот тушаалын хавсралтаар ажлын хэсгийн гишүүдийн үүргийг нарийвчлан зааж өгсөн. Миний хувьд тухайн шалгалтын хүрээнд тус дулааны цахилгаан станцын угсралтын ажилд ашигласан өндөр, нам хүчдэлийн кабель, изолятор, агаарын шугам, хоёрдогч хэлхээний кабелуудын материалын чанарт туршилт, шинжилгээ хийж баталгаажуулж дэд станцын газардуулгын байгууламжийн эсэргүүцлийг хэмжих ажлыг хийж гүйцэтгэн технкийн дүгнэлтийг баталгаажуулсан. ...Манай байгууллага 2017 онд зөөврийн багаж байгаагүй, ганцхан суурийн багажтай байсан учраас тэрийг шалгалт хийх газар руу авч явах боломжгүй байсан. Тэгэхээр явсан ажлын хэсгийн гишүүүдээс Эрдэнэт үйлвэрийн дулааны цахилгаан станцын 4х12мВт-н генератор, 2х40мВт-н трансформаторын өргөтгөлтийн тоногдлолд өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт хийх ямар ч боломжгүй байсан...” /1-р хх-ийн 57-60/ гэсэн,

 

Гэрч Ш.Шижирбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нарыг очиж шалгах үед дулааны цахилгаан станцын өргөтгөлийн тоноглолын өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт огт хийгдээгүй байсан. Үүний дагуу Эрдэнэт Үйлдвэр ХХК-д зөвлөмжийг хүргүүлсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэх аж ахуй нэгж нь нь лабораторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, нөгөө талдаа хэмжилт, туршилт хийж байгаа багаж нь Стандарт хэмжил зүйн төвөөр баталгаажуулагдсан байх ёстой. ...Бид 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед очиход хийгдээгүй байсан ажлыг 2017 оны 6 дугаар сард хийсэн мэтээр гэрээ байгуулсан нь сонирхолтой байна....” /1-р хх-ийн 61-64/ гэсэн,

 

Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК нь Эрчим хүчний хөгжлийн төвтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс харахад тус компани Эрчим хүчний хөгжлийн төвд бараа нийлүүлэх биш дулааны цахилгаан станцын 4х12 мВт-н генератор, 2х40мВт-ын трансформаторын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт, шалгах ажлыг гүйцэтгэх үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрчим хүчний хөгжлийн төв нь бараа ажил үйлчилгээ нийлүүлэхдээ дээрх хуулийг дагаж мөрдөх ёстой байсан. ...Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-иар 44,800,000 төгрөгийн бараа ажил үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгын газрын 2013 оны “Босго үнэ батлах тухай” 68 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан үйлчилгээний Зөвлөх сонгох бага үнийн арга буюу харьцуулалтын аргын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой байсан. Гэтэл сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй нь Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн байна...” /1-р хх-ийн 65-67/ гэсэн,

 

Гэрч Ч.Саранжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яагаад хоёр өөр үнийн дүнтэй гэрээн дээр гарын үсэг зурах болсныг санахгүй байна. Гэрээний төслийг гэрээний мэргэжилтэн Бямбажаргал боловсруулаад Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий инженерээр хянагдаад орж ирдэг. Гэрээ яагаад хоёр удаа хийгдсэн, яагаад хоёр өөр үнийн дүнтэй байгаа гэдгийг ерөнхий инженер Б.Д- мэдэж байх ёстой. Гэрээнд гарын үсэг зурсан санхүү бүртгэлийн хэлтсийн дарга мөнгө шилжүүлэх үүрэгтэй. Гэрээний мэргэжилтэн нь ерөнхий инженер болон надаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гэрээний төсөл боловсруулдаг. ...Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан баримт нь байгаа юм чинь гэрээг дүгнэсэн баримт болон гэрээний хугацаанд тухайн компанийн хийсэн ажлын тайлан, протокол заавал байх ёстой, хэрэв байхгүй байвал гэрээ байгуулсан боловч тухай ажил хийгдээгүй гэж үзнэ...” /1-р хх-ийн 68-71/ гэсэн,

 

Гэрч Э.Данзан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-д ямар нэгэн хувь эзэмшдэггүй. Манай ээжийн ах Оюунбаатарын охин Оргилцэцэг ...2016 оны 7 эсхүл 8 сард надтай уулзаад манай нөхөр төрийн албанд орж ажиллахаар болсон учир нэр дээр бүртгэлтэй байдаг компанийг шилжүүлэх хэрэгтэй болоод байна, чиний нэр дээр шилжүүлээд, нийгмйин даатгалыг чинь тогтмол төлж байя гэхээр нь би хүлээн зөвшөөрч, тухайн компани 2016 оны 8 дугаар сард миний нэр дээр шилжсэн. Тус компани миний нэр дээр шилжсэн боловч миний зүгээс үйл ажиллагаанд нь огт оролцож байгаагүй, одоо ч ямар нэгэн оролцоогүй явдаг...” /1-р хх-ийн 72-73/ гэсэн,

 

Гэрч Д.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК нь Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын 4х12мВт-н генератор, 2х40тВА-н транформаторын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт туршилт хийх, шалгах ажлаар манай дээр ирж ажлаагүй болно. Тэгэхээр Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-тай холбоотой манай байгууллага дээр ажил гүйцэтгэсэн баримт материал огт байхгүй гэдгийг хэлье...” /1-р хх-ийн 74-75/ гэсэн,

 

Гэрч Д.Бямбажаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ерөнхий инженер Б.Д- намайг дуудаж уулзаад Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт хийх ажлыг “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК гүйцэтгэх гэж байгаа юм, гэрээний төсөл бэлдээдэх гэж хэлсэн. ...Ерөнхий инженер Б.Д- гэрээг надаар бэлдүүлээд авсан, дараа нь эргүүлээд өгсөн. ...ЭХХТ/64/2017 гэсэн дугаар тавигдсан гэрээг нь анхны гэрээ гэж ойлгоход болно. ...2017 оны 6 дугаар 02-ны өдөр гэсэн огноотой гэрээг ерөнхий инженер Б.Д- дарга бэлдүүлсэн байх гэж бодож байна. Ерөнхий инженер надад хэлэхдээ үнийн дүнд өөрчлөлт орчихлоо, дахин гэрээний төсөл бэлдээдэх гэсний дагуу миний зүгээс өөрийн хариуцсан ажлын дагуу гэрээний төслийг бэлдээд өөрийнхөө гарын үсгийг зураад өгдөг. ...ЭХХТ/64/2017 гэсэн дугаартай буюу 29,600,000 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Харин дугаар тавигдаагүй гэрээ нь надаар орж ирээгүй буюу дугаар авагдаагүй байгаа тул хууль бус гэрээ гэж үзэхээр байна...” /1-р хх-ийн 76-78/ гэсэн,

 

Гэрч Г.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд өөрөө санаачлаад мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээний баримтыг үйлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу тэр гүйлгээний баримтыг бичээдэх, эсхүл энэ гүйлгээний баримтыг бичээдэх гэсний дагуу мөнгө шилжүүлэх баримтыг үйлдээд хэлтсийн даргад өгдөг, хэлтсийн дарга өөрөө гарын үсэг зураад дараа нь Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал руу оруулж гарын үсэг зуруулсны дараагаар намайг яваад энэ гүйлгээг хийгээд ир гэдэг. ...Галсанхүү даргын хэлсний дагуу 44,800,000 төгрөг шилжүүлэх гүйлгээний баримтыг үйлдээд өөрт нь өгсөн байхаа...” /1-р хх-ийн 79-80/ гэсэн,

 

Гэрч Б.Баяндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрдэнэт үйлдвэр ХХК-тай техник хяналтын гэрээг 2017 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахаас өмнө 20 гаруйн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын трансформаторын өргөтгөлийн техник, барилга угсралтын ажлыг газар дээр нь очиж шалгасан, миний бие тэр бүрэлдэхүүнд яваагүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ хийгдсэнээс хойш миний бие дээрх дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх ажлын явцад техник хяналтын гэрээний дагуу байнга шахуу газар дээр нь ажилласан. ...Трансформаторын өргөтгөлийн тоноглолд өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт хийх, шалгах ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Цахилгааны цех хийж гүйцэтгэсэн, энэ талаарх мэдээлэл манай байгууллагын архивт хадгалагдаж байгаа, мөн тус өргөтгөлийн өндөр хүчдэлд хэмжилт, туршилт хийсэн нь протоколоор баталгааждаг. ...Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн талаар анх удаа сонсож байна. Ийм нэртэй компани тухайн ажлыг хийгээгүй...” /2-р хх-ийн 97-98/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хамаарал бүхий компани болох Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Дулааны цахилгаан станцын трансформаторын өртгөтгөлийн тоноглолын хэмжилт, туршилт хийх ажлыг хийж гүйцэтгээгүй. Гүйцэтгээгүй ажлын төлбөрт 44,800,000 төгрөг авсан гэж ойлгож болно. ...Энэ үйлдлийн талаар Ч.Саранжав дарга мэдээгүй. Тухайн трансформаторын өргөтгөлийн хүчдэлийн хэмжилт, туршилт хийж гүйцэтгэх ажил бол ажил үүргийн хувьд ерөнхий инженер хариуцах ёстой ажил учраас тэр утгаар нь би Ч.Саранжав даргад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-н Дулааны цахилгаан станцын трансформаторын өргөтгөлийн тоноглолын хэмжилт, туршилт хийх ажлыг туслан гүйцэтгэгч компани оруулж гүйцэтгүүлэх шаардлагатай байна, тэгэхгүй бол манай байгууллагад хэмжилт, туршилт хийх зөөврийн багаж байхгүй байна гэдэг байдлаар танилцуулж ажил гүйцэтгэх гэрээг Ч.Саранжав даргаар батлуулж гарын үсэг зуруулчихсан юм. ...Би өөрөө дэд бөгөөд ерөнхий инженерийн хувьд өөрийнхөө дор ажилладаг хүмүүсээс хууль бус зүйл гуйгаад явах боломжгүй, тэр утгаараа тухайн асуудлыг байгууллага дотор надаас өөр мэдэж байсан хүн байгаагүй. ...Дээрх хоёр ажил гүйцэтгэх гэрээн дээр Оргилцэцэг гэсэн нэрийн өмнө зурагдсан гарын үсгийг би зурсан. ...Манай компанид Эрдэнэжаргал гэх хүн огт ажиллаж байгаагүй, би тухайн үед гэрээнд хүний нэр зохиож бичээд зурчихсан. ...Манай компанийн Голомт банкны данс руу 44,800,000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвөөс шилжүүлсэн байсныг би өөрөө гаргаж авсан. ...Хоёр гэрээ үйлдсэн зүйл байхгүй, сүүлийн дугааргүй гэрээн дээр 29,600,000 төгрөг дээр нэмж 15,2 сая төгрөг олгох талаар тусгаад гэрээг шинэчилж гаргасан. Тэр гэрээнд эхний 29,600,000 төгрөг үнийн дүн бичигдсэн, гэрээний дугаар бичигдэх ёстой байсан...” /1-р хх-ийн 240, 2-р хх-ийн 128-131/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /1-р хх-ийн 1-2/,

- Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 24-25, 26-28, 107-108, 110-112, 140-142, 144, 2-р хх-ийн 43-46, 48-50/,

- Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-н Худалдаа хөгжлийн банк дахь 40608278 тоот дансны хуулга /1-р хх-ийн 83-90, 2-р хх-ийн 46/,

- Эрчим хүчний хөгжлийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/884 тоот албан бичиг, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 92-99/,

- Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 102/,

- Төлбөрийн даалгаварын хуулбар /1-р хх-ийн 105, 146, 2-р хх-ийн 42/,

- Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн нэхэмжлэх /1-р хх-ийн 106, 146/,

- Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрчим хүчний хөгжлийн төвийн хооронд байгуулсан барилгын техник хяналт гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 114-118/,

- Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/33 дугаар тушаал, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 119-125/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 132-134/,

- Сангийн яамны албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 136-137/,

- Б.Д-ийн арилжааны банк дахь дансны хуулгууд /1-р хх-ийн 159-194, 2-р хх-ийн 63-89, 153-164/,

- Эрдэнэт үйлдвэр ХХК-н Дулаан станцыг 48мВт-н хүчин чадалтай дулаан цахилгааны төв болгох барилга угсралтын ажилд техникийн хяналт хийлгэхээр Эрчим хүчний хөгжлийн төвтэй байгуулсан гэрээт ажлын дагуу инженер Ц.Элбэгзаяагийн гаргасан дүгнэлтүүдийн хуулбар /1-р хх-ийн 195-218/,

- Эрчим хүчний хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/1671 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 249/,

- Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-гийн 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан /2-р хх-ийн 3-39/,

- Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбар /2-р хх-ийн 47/,

- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаартай тогтоол, хавсралтын хуулбар /2-р хх-ийн 52-62/,

- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48мВт-н хүчин чадал бүхий турбин генераторыг суурилуулан өргөтгөх төсөл, туршилтын протоколын хуулбар  /2-р хх-ийн 100-108/,

- Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулга /2-р хх-ийн 139/,

- Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл /2-р хх-ийн 142/,

- Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажилд томилох тухай б/85 тушаалын хуулбар /2-р хх-ийн 145-146/,

- Ажлын байрын тодорхойлолт /2-р хх-ийн 147-150/,

-  Төлбөр барагдуулах гэрээ /2-р хх-ийн 173-174/,

- Хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 208/,

- Шүүгдэгч Б.Д-ийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 100/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 109/, иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 110/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.Д- нь Эрчим хүчний яамны харьяа “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан захиалагч бараа, ажил, үйлчилгээний худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна.

7.1.1 Нээлттэй тендер шалгаруулалтын журам,

8.2 Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өргөтэй бараа, ажил үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.

47.1 Бараа, ажил үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна, гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн компани болох “Монголын үндэсний түгээх сүлжээ” ХХК, “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн хооронд байгуулсан “Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгаан станцын 4*12 мвт-н генератор, 2*40 мвт-н трансформаторын өргөтгөлийн тоноглол өндөр хүчдэлийн хэмжилт туршилтыг шалгах ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурж, гэрээнд заасны дагуу ажлын хөлсийг 2 хувааж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 29,600,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 15,000,000 төгрөг буюу нийт 44,800,000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн компанид олгуулж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч О.Оргилцэцэг /1-р хх-ийн 32-33, 2-р хх-ийн 132-133/, гэрч Х.Галсанхүү /1-р хх-ийн 34-36, 2-р хх-ийн 134-136/, Д.Эрдэнчимэг /1-р хх-ийн 37-40, 81-82/, С.Үүрийнбаяр /1-р хх-ийн 41-43/, Н.Оюундэлгэр /1-р хх-ийн 44-45/, Б.Мөнхнаран /1-р хх-ийн 49-50/, Б.Оюун-Эрдэнэ /1-р хх-ийн 51-53/, Ц.Элбэгзаяа /1-р хх-ийн 57-60/, Ш.Шижирбат /1-р хх-ийн 61-64/, Д.Отгонсүрэн /1-р хх-ийн 65-67/, Ч.Саранжав /1-р хх-ийн 68-71/, Э.Данзан /1-р хх-ийн 72-73/, Д.Эрдэнэцогт /1-р хх-ийн 74-75/, Д.Бямбажаргал /1-р хх-ийн 76-78/, Г.Одбаяр /1-р хх-ийн 79-80/, Б.Баяндэлгэр /2-р хх-ийн 97-98/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад /1-р хх-ийн 240, 2-р хх-ийн 128-131/ болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /1-р хх-ийн 1-2/, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 24-25, 26-28, 107-108, 110-112, 140-142, 144, 2-р хх-ийн 43-46, 48-50/, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-н Худалдаа хөгжлийн банк дахь 40608278 тоот дансны хуулга /1-р хх-ийн 83-90, 2-р хх-ийн 46/, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/884 тоот албан бичиг, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 92-99/, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 102/, Төлбөрийн даалгаварын хуулбар /1-р хх-ийн 105, 146, 2-р хх-ийн 42/, Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн нэхэмжлэх /1-р хх-ийн 106, 146/, Эрдэнэт үйлдвэр ХХК, Эрчим хүчний хөгжлийн төвийн хооронд байгуулсан барилгын техник хяналт гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 114-118/, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/33 дугаар тушаал, хавсралтын хуулбар /1-р хх-ийн 119-125/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 132-134/, Сангийн яамны албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 136-137/, Эрдэнэт үйлдвэр ХХК-н Дулаан станцыг 48мВт-н хүчин чадалтай дулаан цахилгааны төв болгох барилга угсралтын ажилд техникийн хяналт хийлгэхээр Эрчим хүчний хөгжлийн төвтэй байгуулсан гэрээт ажлын дагуу инженер Ц.Элбэгзаяагийн гаргасан дүгнэлтүүдийн хуулбар /1-р хх-ийн 195-218/, Эрчим хүчний хөгжлийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн1/1671 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 249/, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-гийн 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан /2-р хх-ийн 3-39/, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбар /2-р хх-ийн 47/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаартай тогтоол, хавсралтын хуулбар /2-р хх-ийн 52-62/, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцад 48мВт-н хүчин чадал бүхий турбин генераторыг суурилуулан өргөтгөх төсөл, туршилтын протоколын хуулбар  /2-р хх-ийн 100-108/, Монголын үндэсний түгээх сүлжээ ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулга /2-р хх-ийн 139/, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2016 оны ажилд томилох тухай б/85 тушаалын хуулбар /2-р хх-ийн 145-146/, ажлын байрын тодорхойлолт /2-р хх-ийн 147-150/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангаллтай нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Эрчим хүчний хөгжлийн төвд 44,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 9,000,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр цаашид хохирлыг төлж барагдуулах талаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЭХХТ/40/2020 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ” /2-р хх-ийн 173-174/ байгуулсныг шүүх буруутгах үндэслэлгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Гэрээнд заасны дагуу шүүгдэгч Б.Д- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хохирогч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ нь хохиролтой холбоотой асуудлаа гэрээний дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нь Б.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид хохирлыг төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

Шүүхийн шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Д-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байх тул шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд прокуророос яллагдагч, түүний өмгөөлөгч нартай тухайн зүйл хэсэгт зааснаар Б.Д-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жил 05 сарын хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял тохирсны дагуу шүүх шүүгдэгч Б.Д-ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд нийтийн албанд томилогдох эрхийг 02 жил 05 сарын хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого, хохирогч байгууллагад тодорхой хугацааны дотор хохирол төлөхөөр заасан гэрээ зэргийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 2002000000097 дугаартай хэрэгт прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1260 дугаартай  прокурорын зөвшөөрлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/3674 тоот албан бичгээр Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038291 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалан-Эко /17120/ Өлзийтийн зам гудамжны 12а тоот хаягт байршилтай хувийн сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлиийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Д-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасаж, 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 5,500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан 5,500,000 төгрөгийн торгуулийн ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашдоногт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жил 05 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь хохирогч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-д 9,000,000 төгрөг төлснийг, шүүгдэгч Б.Д- хохирогч байгууллагатай хохирол төлөх талаар “Төлбөр барагдуулах” гэрээ байгуулсныг, уг гэрээний дагуу хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн 2002000000097 дугаартай хэрэгт прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1260 дугаартай  прокурорын зөвшөөрлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 7/3674 тоот албан бичгээр Б.Д-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206038291 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Жаргалан-Эко /17120/ Өлзийтийн зам гудамжны 12а тоот хаягт байршилтай хувийн сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн 2002000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

           

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР