Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 345

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн У.Э.Зд холбогдох эрүүгийн ............дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ..-ны өдөр .....төрсөн, 29 настай, эмэгтэй, ...боловсролтой, .... мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, У.Э.З /РД:...../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...........-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа өөрийн Хаан банкны ........... дугаарын данс руу 27 удаагийн гүйлгээгээр байгууллагын данснаас 29.698.546.38 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 13.299.047.54 төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулан, үлдсэн 16.399.498.54 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

         

Хохирогч У.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........-д 2019 оны 06 дугаар сард Эрдэнэбаатар овогтойЭ.З нь захирлын тушаалаар гэрээт нягтлан бодогчоор ажилд орсон. Ингээд 2019 оны 12 сард ажлаас халах тушаал гарсан бөгөөд энэ ажиллах хугацаандаа өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 16 сая төгрөгийг удаа дараа өрийн данс руугаа шилжүүлэн авсан байсныг дотоод шалгалтаар мэдсэнээр ажлаас нь халсан. Мөн манай СӨХ-д “ТЭД” ХХК-ийн аудитыг оруулж хөндлөнгийн шалгалт хийлгэтэл дээрх зөрчил тогтоогдсон. Одоогийн байдлаар Э.З нь манай байгууллагын данс руу нийт 3.5 сая төгрөг шилжүүлсэн байгаа.” гэжээ /хх-ийн 17-18-р тал/

 

Тэд-Аудит ХХК-ийн аудитын дүгнэлт: “................ С-2 Сөх-ийн гэрээт нягтлан бодогч Э.З нь ажиллах хугацаандаа өөрийн Хаан банкны ........... тоот дансанд байгууллагын хаан банкны 5038018351 тоот дансаас 19.590.733,54 төгрөг, мөн байгууллагын Гомлот банкны 3200000373 тоот дансаас 10.107.812,84 төгрөг, нийт 26.698.546.38 /29.698.546.38/ төгрөгийг төвлөрүүлэн авч уүнээс касс У.Бын хаан банкны 5023184972 тоот дансанд 962.460 төгрөгийг, НДШ-д 7.804.347.54 төгрөгийг, хохиролд 245.000 төгрөгийг, ТУЗ-ын гишүүдийн цалинд 2.186.460 төгрөгийг, байгууллагын Хаан банкны 5038018351 тоот дансанд 2.100.780 төгрөгийг нийт 13.299.047.54 төгрөгийг зардал болон буцаалтаар шилжүүлж, үлдэгдэл болох 16.399.498.84 төгрөгийг завшсан болох нь нотлогдож байна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр 15-ны өдрийн 77 дугаар шинжээчийн: “...1. ............. С-2 Сөх- ийн гэрээт нягтлан бодогч Э.З нь ажиллах хугацаандаа байгууллагын мөнгөнөөс 16.399.498.84 төгрөгний зөрчил дутагдал гаргасан байна.

2. Э.З нь ............. С-2 Сөх-ийн гэрээт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн хаан банкны ........... тоот дансанд байгууллагын Хаан банкны 5038018351 данснаас 19.590.733.54 төгрөг, Голомт банкны 3200000373 данснаас 10.107.812.84 төгрөг нийт 29.698.546.38 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс касс У.Бын хаан банкны 5023184972 дансанд 962.460 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 7.804.347.54 төгрөг, хохиролд 245.000 төгрөг, ТУЗ-ын гишүүдийн цалинд 2.186.460 төгрөг, байгууллагын хаан банкны 5038018351 тоот дансанд 2.100.780 төгрөг, нийт 13.299.047.54 төгрөгийг зардалд болон буцаан шижлүүлж, 16.399.498.84 төгрөгний үлдэгдэл зөрчил дутагдал байна.

Тэд аудит ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн аудитын дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-60-77/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-78-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...........-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа өөрийн Хаан банкны ........... дугаарын данс руу 27 удаагийн гүйлгээгээр байгууллагын данснаас 29.698.546.38 төгрөгийг шилжүүлэн авч, үүнээс 13.299.047.54 төгрөгийг байгууллагын үйл ажиллагааны зардалд зарцуулан, үлдсэн 16.399.498.54 төгрөгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч У.Бын “...“...Манай Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........-д 2019 оны 06 дугаар сард Э.Э.З нь захирлын тушаалаар гэрээт нягтлан бодогчоор ажилд орсон. ...Энэ ажиллах хугацаандаа өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж 16 сая төгрөгийг удаа дараа өрийн данс руугаа шилжүүлэн авсан байсныг дотоод шалгалтаар мэдсэнээр ажлаас нь халсан. Мөн манай СӨХ-д “ТЭД” ХХК-ийн аудитыг оруулж хөндлөнгийн шалгалт хийлгэтэл дээрх зөрчил тогтоогдсон” /хх-ийн 17-18-р тал/ гэх мэдүүлэг, Тэд-Аудит ХХК-ийн аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр 15-ны өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-78-90/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Шүүгдэгч Э.Згийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.4 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн талаар

Хохирогч, шүүгдэгч нар нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохиролоо төлж барагдуулах талаар харилцан тохиролцож бичгээр хүсэлт гаргасан, шүүгдэгч 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорин хохиролд шүүгдэгч Э.Згоос 11.299.498 /арван нэгэн сая хоёр зуун ерин ес дөрвөн зуун ерин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Бт олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У.Э.Зг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг авсугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дугаар зүйлийн 189.4-д зааснаар шүүгдэгч Э.Зг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.Згоос 11.299.498 /арван нэгэн сая хоёр зуун ерин ес дөрвөн зуун ерин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Бт олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ