Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 354

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Л.Г-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Л-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000339 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Л-ын Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нumana хотхоны 24/4 дүгээр байрны 5 тоотод засвар хийж байхдаа 4 ширхэг монетон гинж, 1 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг Swarovski гинж, 1 ширхэг алтан бөгж, хүүхдийн монетон хос ээмэг 3 хос, 1 ширхэг монетон бугуйн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,467,200 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Л.Г-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо төлж барагдуулна, ломбарданд тавьсан байсан хос ээмгийг би өөрөө авсан, хохирогчид өгсөн, одоо алтан бөгжийг төлөөгүй, үнэлгээгээр 800,000 төгрөг гэж гарсан, зөвшөөрч байгаа, энэ мөнгийг ажил хийж байгаад 8 сард төлөхөөр хохирогчтой тохирсон байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай охин Наран-Од нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Humana” хотхоны 24/4 дүгээр байр 5 тоотод оршин суудаг. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охины гэрт засвар хийж байсан хүмүүс ажлаа дуусаад явсан. Гэтэл 4 ширхэг монетон гинж, 1 ширхэг монетон бугуйн гинж, 1 ширхэг цаг, 1 ширхэг Сваровски гинж, 1 ширхэг алтан бөгж, 3 ширхэг хүүхдийн хос монетон ээмэг алдагдсан, хохиролд алдагдсан эд зүйлсээс алтан бөгжнөөс бусдыг нь авсан, алтан бөгжний 800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 7-9, 15-17/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нumana” хотхоны 24/4 дүгээр байр 5 тоот гэх 100м2 хэмжээтэй 4 өрөө байранд дотор заслын ажил хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр засвар хийж байхдаа хүүхдийн жижиг өрөөний хувцасны шилэн гүйдэг хаалгатай шкафны тавиур дээр цаасан хайрцаг дотор ээмэг, зүүлтний улаан өнгийн хайрцаг байсан. Тухайн үед таазыг зүлгэж байхад уг хайрцгийг газар унагаахад дотроос нь баахан алт, монетон эдлэл гараад ирсэн. Тэгэхээр нь би газар унасан хэсгийг нь аваад халаасандаа хийсэн. ...Маргааш нь “Начин Заан” ломбарданд 1,100,000 төгрөгийн барьцаанд тавьж, мөнгийг хэрэглэсэн...” /хх-ийн 67, 18-20/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 38/,

- Барьцаат зээлийн гэрээнүүд /хх-ийн 11-13/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 52/,

- Шүүгдэгч Л.Г-ийн хувийн байдалтай холбоотой гэрч О.Хоролгаравын мэдүүлэг /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-ийн 48/, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хиүмана /Нumana/ хотхоны 24/4 дүгээр байрны 5 тоотод засвар хийж байхдаа 4 ширхэг монетон гинж, 1 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг болор /swarovski/ гинж, 1 ширхэг алтан бөгж, хүүхдийн монетон хос ээмэг 3 хос 1 ширхэг, 1 ширхэг монетон бугуйн гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Д.Э-т 3,467,200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Э-ийн “...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охины гэрт засвар хийж байсан хүмүүс ажлаа дуусаад явсан. Гэтэл 4 ширхэг монетон гинж, 1 ширхэг монетон бугуйн гинж, 1 ширхэг цаг, 1 ширхэг сваровски гинж, 1 ширхэг алтан бөгж, 3 ширхэг хүүхдийн хос монетон ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан, алтан бөгжнөөс бусдыг хүлээж авсан, алтан бөгжний 800,000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 7-9, 15-17/ гэсэн, шүүгдэгч Л.Г-ийн “...2019 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нumana” хотхоны 24/4 дүгээр байр 5 тоот гэх 100м2 хэмжээтэй, 4 өрөө байранд дотор заслын ажил хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр засвар хийж байх үедээ жижиг хүүхдийн өрөөний хувцасны шилэн гүйдэг хаалгатай шкафны тавиур дээр цаасан хайрцаг дотор ээмэг зүүлтний улаан өнгийн хайрцаг байсан. Тухайн үед таазийг зүлгэж байхад уг хайрцагийг газар унагаахад дотроос нь баахан алт, монетон эдлэл гараад ирсэн. Тэгэхээр нь би газар унасан хэсгийг нь аваад халаасандаа хийсэн. ...Маргааш нь ломбарданд 1,100,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх-ийн 67, 18-20/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10, 38/, барьцаат зээлийн гэрээнүүд /хх-ийн 11-13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч  Л.Г-ийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эд хөрөнгөд 3,467,200 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 24-25/ бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн /хх-ийн 10, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, одоо 800,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжний хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Л.Г- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл, хохирлоо нөхөн төлөхөө мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд илэрхийлж буй зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000000339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч Б овогт Л-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-ын Г-т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Л.Г-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Гантөгөдөр нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ээс 800,000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Э-т олгосугай.

 

6. Эрүүгийн 2010000000339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР