| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0367/Э |
| Дугаар | 355 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 355
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ч.Б-, шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М- овогт Ш-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000890110 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М- овогт Ш-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам буюу Шинэ тэрэг плазагийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5.1 ...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалт бүхий Тоёота Приус-20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Х-г мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ш.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, би 2002 онд жолооч болоод түүнээс хойш тасралтгүй машин барьж байсан, өмнө нь зам тээврийн осолд холбогдож байгаагүй, гэм буруугаа зөвшөөрч байгаа. Хохирогчийн оршуулгын болон бусад зардалд 40 сая төгрөгийг төлж барагдуусан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, өөрийн болгоомжгүйгээс болж хүний амь нас хохироосонд харамсаж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд төрсөн дүү Д.Х- ажилдаа явахаар ...гэрээсээ гараад Дүнжингарав хороолол орохоор явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Нарны зам буюу Шинэ-Тэрэг плазагийн хойд талын замд зам тээврийн осолд орж нас барсан...” /хх-ийн 33-34/ гэсэн,
Шүүгдэгч Ш.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 06 цаг 35 минутын орчим ...Тоёота Приус 20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай автомашиныг би өөрөө жолоодон Нарны замаар явж 50-53 км/цагийн хурдтай явж байгаад Соёолж дэлгүүр өнгөрөөд засмал замаар баруунаас зүүн чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр зүүн талын нүхэн гарц өнгөрөөд явж байхад баруун гар талаас нүдний үзүүрт бараан юм сүүтэгнээд явчихсан. Тэгээд миний жолоодож явсан автомашины урд салхины шил хагарч, би сандраад тоормос гишгээд зогсолт хийхэд цааш явж зогссон. Тэгээд би автомашинаасаа бууж өөрийнхөө гар утсаар 103 руу дуудлага, мэдээлэл өгсөн. ...Тухайн үед 50-53 орчим км/цаг хурдтай, хамт ажилладаг хүн Ж.Түмэнжаргалын хамт явж байсан...” /хх-ийн 120-122/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг: “...Зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нарны зам буюу Шинэ тэрэг плазагийн хойд замд үйлдэгдсэн, уг зорчих хэсгийн өргөн 27.0 м болон 7.20 м, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлагч зурвастай, 4 эгнээтэй, уулзвар дээр явган хүний гарцтай, зохицуулагддаггүй явган хүний замтай, хальтиргаатай, шулуун, тэгш, хатуу хучилттай асфальтан хайстай, хашлагатай зорчих хэсэгтэй байна...” /хх-ийн 4-16/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №347 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Д.Х-гийн цогцост их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун шаант тахилзуур ясны хугарал, шилбэний урд дээд гадаргуун шарх, баруун эгэм, баруун 1-7-р хавирга, зүүн шаант ясны хугарал, зүүн өвдөгний үений мултрал, хэвлийн урд болон зүүн хажуу хэсгийн зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдсөнөөс үүсэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун шаант тахилзуур ясны ил хугарал, шилбэний урд дээд гадаргуун шарх гэмтэл нь амь насанд аюултай, Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүснэ.
...4. Талийгаач нь их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаач нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 4-5 цаг орчим болсон байжээ.
6. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна.
7. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй ба талийгаач нь нас барах согтолтгүй байжээ...” /хх-ийн 51-54, 55-60/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистийн шинжилгээний газрын мөр судлалын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №1091 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн 36 хэсгийн “1+2+3+4Б+4А” гэж дугаарласан хэсгүүд “19+14+8Б+10+11+8В+18” гэж дугаарласан хэсгүүд, “12+16+13” гэж дугаарласан хэсгүүдийн нэг бүхэлийг үүсгэж байна. Ямар автомашины ямар эд ангийн хэсэг болохыг тогтоох боложгүй байна. 8-А гэж дугаарласан эд зүйл нь Тоёота маркийн автомашины урд бамбааны салхивчны сээтэгний хагархай байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн бусад 20 хэсэг эд зүйл өөр хоорондоо тохирч нэг бүхэлийг үүсгэхгүй байна. Харьцуулах загвар ирүүслэн тохиолдолд ямар автомашины аль хэсгийн эд ангийн хагархай болохыг тогтоох боломжтой...” /хх-ийн 89-97/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн дүрс бичлэгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №1087 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд хадгалагдаж байх came12_2020-01-21_06-30-00_06-59-59_CAM12.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилж буй came12_2020-01-21_06-30-00_06-59-59_CAM12.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт дэлгэцийн цагаар 06:35:40 секундэд явган хүний гарч /хэвтээ тэмдэглэгээ бүхий/ байх боломжтой газраар явган зорчигч зам хөндлөн гарч байгаад суудлын автомашинд мөргөгдөн шидэгдэж байна.
3. Шинжилж буй came12_2020-01-21_06-30-00_06-59-59_CAM12.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгт дүрслэгдэх автомашины зорчих хэсэг нь хяналтын камерийн тусгалын зайнаас алсад дүрслэгдсэн, хяналтын камерийн өнцгийн гажилт ихтэй, үл хөдлөх цэгийн байршил тодорхойлж болохгүй байх тул явган зорчигчийг мөргөж буй суудлын автомашины хурдыг тогтоох боломжгүй...” /хх-ийн 101-104/ гэсэн,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №4157 дугаартай дүгнэлтэд: “...1. Тоёота Приус 20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, дуут дохио, эргэх дохионы гэрэл, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь урд салхины шил цөмөрч хагарсан, копуд хонхойсон, урд буфер гол хэсэгтээ тасарч хагарсан, хөргөлтийн шингэний радиатор савны дээд талын бэхэлгээний хөндлөн рам тахийсан, баруун гар талын доод хормой хонхойсон, хойд буфер зүүн гар талын булангийн дээд, доод хэсэгтаа цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын тоормосны гэрэл асахгүй, зүүн болон баруун гар талын ойрын их гэрлийн тусгалын чадал, дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Уг автотээврийн хэрэгсэл нь урд салхины шил цөмөрч хагарсан, копуд хонхойсон урд буфер гол хэсэгтээ тасарч хагарсан, хөргөлтийн шингэний радиатор савны дээд талын бэхэлгээний хөндлөн рам тахийсан, баруун гар талын доод хормой хонхойсон, хойд буфер зүүн гар талын булангийн дээд, доод хэсэгтээ цуурч хагарсан сэвтэй, баруун гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй зүүн болон баруун гар талын ойрын тусгалын чадал бүдэг, дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
3. Урд салхины шил цөмөрч хагарсан, копуд хонхойсон, урд буфер гол хэсэгтээ тасарч хагарсан, хөргөлтийн шингэний радиатор савны дээд талын бэхэлгээний хөндлөн рам тахийсан зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. ...Зүүн болон баруун гар талын их гэрлийн ойрын тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлж болох хэдий ч тухайн зам орчны гэрэлтүүлгийн байдал, автомашины хурд зэргээс хамаарч осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь зам дугуйн барьцалт муудах байдлаар нөлөөлөх ба замын гадаргуугийн нөхцөл автомашины хурд зэргээс шалтгаалах тул осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.
4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн ажлын тоормос болон зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай байна.
5. Тоормосны систем нь хийн хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин АВS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг...”
6. Уг автотээврийн хэрэгслийн хурд хэмжүүр спидометр хэвийн ажиллаж байна...” /хх-ийн 66-75/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №173 тоот дүгнэлтэд: “...1. Тоёота Приус 20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоч Ш- овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх: 16.1 явган хүний зохицуулдаггүй гар руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх-ийн 109-110/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-16/,
- Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 17-22/,
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 24/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-31/,
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 76-77/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-84/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 161-199/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 25/,
- Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 211-216/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 224/,
- Шүүгдэгч Ш.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч Д.Энхтуяа, Т.Нямбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 45-46, 48/, гэрлэлтийн бүртгэлийн лавлгаа /хх-ийн 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 124/, иргэний үнэмлэхний лавлгаа /хх-ийн 126/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 127/, жолоочийн лавлгаа /хх-ийн 128/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130/, эд хөрөнгөтэй эсэх хураангай лавлагаа /хх-ийн 131/, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132/, өр төлбөргүй тухай тодорхойлолт /хх-ийн 133/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 134/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөөний 06 цаг 50 минутын орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам буюу Шинэ тэрэг плазагийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, хавсралтын 5.1-д ...гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй” гэх хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалт бүхий Тоёота приус-20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Х-г мөргөсний улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлийн “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 06 цаг 40 минутын орчимд төрсөн дүү Д.Х- ажилдаа явахаар ...гэрээсээ гараад Дүнжингарав хороолол орохоор явж байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Нарны зам буюу Шинэ-Тэрэг плазагийн хойд талын замд зам тээврийн осолд орж нас барсан...” /хх-ийн 33-34/ гэсэн, шүүгдэгч Ш.Б-ын “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 06 цаг 35 минутын орчим ...Тоёота Приус маркийн 08-30 УНХ улсын дугаартай автомашиныг би өөрөө жолоодон Нарны замаар явж байгаад Соёолж дэлгүүр өнгөрөөд засмал замаар баруунаас зүүн чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр зүүн талын нүхэн гарц өнгөрөөд явж байхад баруун гар талаас нүдний үзүүрт бараан юм сүүтэгнээд явчихсан. Тэгээд миний жолоодож явсан автомашины урд салхины шил хагарч, би сандраад тоормос гишгээд зогсолт хийхэд цааш явж зогссон. Тэгээд би автомашинаасаа бууж өөрийнхөө гар утсаар 103 руу дуудлага өгсөн. ...Тухайн үед 50-53 орчим км/цаг хурдтай, хамт ажилладаг хүн Ж.Түмэнжаргалын хамт явж байсан...” /хх-ийн 120-122/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №347 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаач Д.Х-гийн цогцост их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун шаант тахилзуур ясны хугарал, шилбэний урд дээд гадаргуун шарх, баруун эгэм, баруун 1-7-р хавирга, зүүн шаант ясны хугарал, зүүн өвдөгний үений мултрал, хэвлийн урд болон зүүн хажуу хэсгийн зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдсөнөөс үүсэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун уушгины няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, баруун шаант тахилзуур ясны ил хугарал, шилбэний урд дээд гадаргуун шарх гэмтэл нь амь насанд аюултай, Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүснэ. Талийгаач нь их ба бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй ба талийгаач нь нас барах согтолтгүй байжээ...” /хх-ийн 51-54/ гэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистийн шинжилгээний газрын мөр судлалын 2020 оны №1091, №1087 дугаартай дугаартай /хх-ийн 89-97, 101-104/ дүгнэлтүүд болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2020 оны №4157 дугаартай /хх-ийн 66-75/ дүгнэлт,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны №173 дугаартай дүгнэлтэд: “...1. Тоёота Приус 20 маркийн 08-30 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоч Ш.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а. энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, хавсралтын 5.1 ...Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухай хэрэгслийн хийцэд тохироогүй. дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Д.Х- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” /хх-ийн 109-110/ гэсэн дүгнэлтүүд, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-16/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-22/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 24/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 27-31/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 76-77/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 83-84/, хохирлын баримтууд /хх-ийн 161-199/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 211-216/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд явган зорчигч Д.Х-гийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүх дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас Д.Х-гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэлээс амь хохирогчийн оршуулгын зардалд 19,089,505.20 төгрөгийн хохирол нэхэмжилсэн /хх-ийн 161-199/-ийг шүүгдэгч Ш.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад 40,000,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэл цаашид гомдол саналгүй /хх-ийн 224/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ш.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч Ш.Б- хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал, ар гэрийн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн 2003000890110 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэл гомдолгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогт Ш-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ын Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Ш.Б-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2003000890110 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ш.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунгэрэл гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР