Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 357

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Э.С-, нарийн бичгийн дарга Б.Мичидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж овогт Э-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005730306 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 120-ын Наяд ресторанд зөөгч ажилтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамж, 142 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт Э-гийн С.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.С- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 702 дугаар байрны 1 давхарт орцонд О.У-г “доромжилсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

 

Шүүгдэгч Э.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ялыг багаар оногдуулж өгнө үү...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед би хамтран амьдрагч Э.С-гийн хамт түүний найз Мөнхбаярын гэрт очсон. Тэгээд Э.Мөнхбаяр, түүний эхнэр Ичко нарын хамтаар хөзөр тоглонгоо 2,5 литрийн 3 пиво хувааж уусан. Хөзөр тоглох явцад Э.С- намайг доошоо хийгээд байхаар нь миний уур хүрч тамхилах гээд гарахад Э.С- араас гарч ирээд хэрэлдээд байсан. Тэгээд тухайн байрны 1 давхарын орцонд С- намайг ханатай хавсарч 2 удаа алгадахаар нь би доошоо суухад зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.  Энэ үед орц руу нэг эгч орж ирэхээр нь би тэр хүнд хандаж цагдаа дуудаад өгөөч...” /хх-ийн 25-27/ гэсэн,

                                                   

Гэрч Э.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед манай найз Э.С- найз бүсгүй О.У-гийн хамт ирсэн. Бид хоол идэж, пиво уунгаа хөзөр тоглоцгоосон. Тэгээд байж байхад Э.С- тоглож хасагдчихаад О.У-д хандан чамтай юм яримааргүй байна гэхэд О.У- уурлаад гэрээс гараад явсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Гэрч Э.Ууганзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...ээж Амаржаргал над руу залгаж Э.С- чинь О.У-гаа зодчихсон юм шиг байна, О.У-гийн ээж нь над руу утсаар яриад байна, чи хурдхан гэр рүүгээ оч гэж хэлсэн. Гэртээ очиход дүү Мөнхсайхан хувцсаа өмсчихсөн гарах гэж байсан бөгөөд бид хоёр гараад явж байхад өөдөөс дүү Э.С-, О.У- нар ирж байсан. ...Тэр хоёр хоёулаа халамцуу байсан...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч Ч.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед над руу танихгүй хүн залгаад “охин чинь залгаад өгөөч гэсэн, охиныг чинь найз залуу нь Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 701 дүгээр байрны гадаа зодоод байна” гэхээр нь 102-т дуудлага өгчихөөд нөхрийн хамт гэрээсээ гарч хэлсэн газар очиход байхгүй байсан. Тэгэхээр нь Э.С-гийн гэрт очиход дүү нь байсан бөгөөд гэрээс нь гарч тэр орчмоор хайж байгаад О.У-тай уулзсан. ...Уулзахад баруун дух хавдсан, өвдөг нь хөхөрсөн байсан...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...найз Э.Мөнхбаярын гэрт очиж хоол идэж хөзөр тоглонгооо 2,5 литрийн 3 пиво хувааж уусан. Тэгтэл О.У- бид хоёр хөзөрөөс болж маргалдаад би О.У-д “чамтай юм яримааргүй байна” гэхэд тэрээр уурлаад гэрээс гарч явсан. Би түүний араас гарахад тэрээр надтай хэрэлдээд намайг хоёр удаа алгадаж, гичийний зулбасга гэхээр нь миний уур хүрч түүнийг нэг удаа алгадахад тэрээр доошоо суухаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөчихсөн...” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №3162 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.У-гийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 22/,

- Хохирол төлсөн баримт  /хх-ийн 52/,

- Шүүгдэгч Э.С-гийн хувийн байдалтай холбоотой гэрч  Ц.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 37-38/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.С- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 702 дугаар байрны 1 давхарт орцонд О.У-г “доромжилсон” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.У-гийн “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн үед би хамтран амьдрагч Э.С-гийн хамт түүний найз Э.Мөнхбаярын гэрт очсон. Тэгээд Э.Мөнхбаяр, түүний эхнэр Ичко нарын хамтаар хөзөр тоглонгоо 2,5 литрийн 3 пиво хувааж уусан. Хөзөр тоглох явцад Э.С- намайг доошоо хийгээд байхаар нь миний уур хүрч тамхилах гээд гарахад Э.С- араас гарч ирээд хэрэлдээд байсан. Тэгээд тухайн байрны 1 давхарын орцонд С- намайг ханатай хавсарч 2 удаа алгадахаар нь би доошоо суухад зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 25-27/ гэсэн, гэрч Э.Ууганзаяагийн “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...ээж Амаржаргал над руу залгаж Э.С- чинь О.У-гаа зодчихсон юм шиг байна, О.У-гийн ээж нь над руу утсаар яриад байна, чи хурдхан гэр рүүгээ оч гэж хэлсэн...” /хх-ийн 33-34/ гэсэн, гэрч Ч.Оюунтуяагийн “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед над руу танихгүй хүн залгаад “охин чинь залгаад өгөөч гэсэн, охиныг чинь найз залуу нь Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын 701 дүгээр байрны гадаа зодоод байна” гэхээр нь ...Э.С-гийн гэрт очиход дүү нь байсан бөгөөд гэрээс нь гарч тэр орчмоор хайж байгаад У-тай уулзсан. ...Уулзахад баруун дух хавдсан, өвдөг нь хөхөрсөн байсан...” /хх-ийн 35-36/ гэсэн, шүүгдэгч Э.С-гийн “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ...би түүний араас гарахад тэрээр надтай хэрэлдээд намайг хоёр удаа алгадаж, гичийний зулбасага гэхээр нь миний уур хүрч түүнийг нэг удаа алгадахад тэрээр доошоо суухаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөчихсөн...” /хх-ийн 44-45/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №3162 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. О.У-гийн биед тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч О.У-гийн биед учирсан “...тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.С-гийн түүнийг ханатай хавсрах, өшиглөх зэргээр үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.С-гийн хохирогч О.У-гийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.У-гийн эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 128,000 төгрөг /хх-ийн 22/ нэхэмжилснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь төлж барагдуулсан /хх-ийн 52/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.С- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж, уг ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзаж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010005730306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.У- гомдолгүй гэснийг тус тус дурдав.  

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Э-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-гийн С-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.С-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010005730306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.С- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.У- гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР